Үр хурмастын өмнө-1

Гудамжны цасан хоног хоногоор наашилах нарны илчинд хайлж, тэнгэр өөд уур болон дэгдэнэ. Цасны уснаас үүссэн бяцхан горхиуд энд тэндгүй салаалан жирэлзэх агаад хуйсагнуур хаврын араншингаар шөнөдөө жин өвлөөс дутахгүй жихүүцүүлэн хайрна.

Загасных мэт чигчлүүр нарийн хавирганых нь завсар тоолонгоор шургачин жиндүүлэх хайруу салхинд бөмбөлзтөл чичирсээр эхийнхээ халуун цавьpуу шунгаснаа мэдэрсэн тэр өдөр ягаан өнгөтэй бөнжгөр халуун эд эн түрүүнд нүдэнд нь тусжээ. Сайрга тэр юмыг сонирхон, хоншоороо хүргэн үнэрлэвэл зүйрлэшгүй энхрий зөөлөн агаад халуун цагаан зүйл дусахад өөрийн мэдэлгүй ам дүүрэн үмхээд шунаглан сорсон билээ. Мөнөөх ягаахан “товч”-оо нудчин байж ханатлаа хөхөж цадаад, эргэн тойрноо сая сониучирхав. Чөргөр нарийхан шилбэ, бахим том сарвуу, сахлаг шар сүүл, чингээд хамгийн сүүлд, хошуугаараа зөөлөн нударч, өөрийг нь энхрийлэх сэгсгэр том толгойг олж харлаа. Ингэж эхтэйгээ танилцжээ.

Түүний тойрны хар хүрэн зүст ах дүүс нь биенийхээ дээр өрсөж гарцгааж, мөнөөх сайхан амтат ягаа ханруу зүтгэн, жийг жууг дуугаралдан ажээ. Сайрга бол бусад гөлөг  ах  дүүгээсээ түрүүлж, нүдээ нээсэн байв. Анхны өдөр  асар өндөр уулнаа мацах мэт хумсгүй шахам сарвуугаараa eхийнхээ толгойд маажилан зүтгэсээр гарч, тэндээсээ сэрвээн дээгүүр нь явж, хавь тойрныг ажив.

Нүдийг нь сохлох шахам ичгүүргүй хатгах бөндгөр шар гэрлийг нулимсаа дуслуулан, арай чүү ширтэх тэрбээр одоодоо маш муу алхаж байв. Арай дөмөгхөн явдаг болчихвол тэр бөндгөр шарын дээр ч гарчихаж болмоор. Харин бодлыг нь мэдсэн эх доогтой гуумганан дуугараад хоншоороороо түлхэн, сэрвээнээсээ унагаачихав. Бүтэхгүй санаа бололтой. Эх тийн Сайрга болон бусад гөлгөө ажин байгаад хэвтрээс босож, том гэгч нь ангайн эвшээгээд, биеэ шилгээн явж одов.

Сайрга ч даган паацагнасанд гийнах чимээгээр эргэн хараад мөн л хоншоороо өлгөн түлхсээр үүррүү нь оруулаад цааш эргэлээ. Дахиад л шагалзан гарч ирэхэд бүр зэмлэн архирав. Эхийн хурц шүд, улаан буйлтай том ам урьд үзээгүй аймшигтай байснаас бурууг хүлээн, үүрнийхээ дэргэд сүүлээ годогнуулсаар хоцров. Эзгүй хойгуур нь үүгээр түүгээр баахан явж сониучирхав. Дан намхан нурмагар шавар байшинтай нарсан банзан хуучин хашаа л яйжийгаад  байх аж. Үүд тушаа нь содон соньхон үнэр ханхална. Гөлөг хоншоороо хөдөлгөн, тэр содон үнэрийг дагасаар дутуу хаасан хаалганы завсар шагайв. Тэгтэл үүд сэпхийн нээгдэж, алаг эрээн даавуун биетэй ,хоёр хөл дээрээ инээдтэй дэгэнцэн явдаг нэг амьтан гараад ирлээ. Сайрга эх, ах дүүсээсээ ондоо юу ч хараагүй байгаа болохоор цөсөө зайлтал айж, үүррүүгээ хурдлав. Хурдлах ч гэж дээ, дөрвийн дөрвөн хөлөө яаж зөөхөө ч мэдэхгүй, нөгөөх хоёрхон хөлтнөөсөө эгээ дутахгүй гуйвагнажээ. Ядахад нялцгай шалбааг дээр халтирч бөндөгчөөд хонхорхойд тогтсон усруу пүлхийн орчихов.

Өрвийсөн амьтан чичирсээр гарч иртэл нөгөөх даавуун биет гар дээрээ өргөн авав. Их л эелдэг ажээ. Хамар хоншоор, жижигхэн сарвуугаар нь оролдон, жогь жогь гэсэн сонин авиа гаргана. Даавуун биет өхөөрдөж өхөөрдөж, газар тавихад усанд шалба норсондоо дагжин чичрэв. Харин өөрөө мэдэлгүй биеэ хүчтэй сэгсэрчихжээ. Ингэж биеэ сэгсэрээд үсээ хатааж болдогийг мэдэв. Үнэхээр уйдаж байсан болохоор даавуун биеттэй баахан тоглож хөөцөлдөөд ядарч, үүрэндээ очлоо. Ах дүүсийн зарим нь нүдээ нээжээ. Бие биеэ гайхан харж долоолцон танилцав. Нүдээ нээгээгүй нэг нь мөнөөхь ягаахантай андуурч, чих ховдоглон хөхөхөд гижиг хүрч, эгдүү хөдөлгөв. Бусдыг биед нь хүрэхэд эвгүй зарим газар өөрт байдгийг мэдлээ. Сайрга ягааханаа санаж, амтат сүүг нь уухсан гэж тэсэлгүй хүснэ. Харин эх нь ягааханыг  аваад чухам хаачсаныг эс мэдэх билээ. Оройхон түүнийг шогшсоор ирэхэд бяцхан үүрэнд нь бөөн их гэрэл  хамт ороод ирэх шиг. Шургачин хэвтмэгц ах дүүс цөмөөр мөнөөх ягааханруугаа уралдан дайрав.

Өөр өөрийн ягааханыг үмхээд жаргалтай дуугаар эрхлэн гийналдаж байхад зарим нэг нь өөрийнхөөгөө орхиод өөр нэгнийхрүүгээ шунан дайрах ажээ. Сайрга гэдсээ түмбийтэл хөхөөд дулаахан цавинд нь зүүрмэглэн хэвтэж байтал гадна нь түмпэн сав түн танхийж, эх год үсрэн гарлаа. Том сарвуунд гишгүүлж үлдсэн Сайргын хамарт хачин таатай үнэр хүрч, үүрнээсээ гарвал эх нь халиурсан сүүлээ хөдөлгөөд нэгэн зүйлд толгой дүрэн, шал пал хийтэл амтархан байна. Тэр зүг очвол эх мөн л өдрийнх шигээ буйлаа гарган архирав.

“Хоол идэх цаг чинь болоогүй. Хахаж үхэх гээ юу? Энийг би ганцаараа идэхгүй бол ягаахан сүүгүй болж та нар турж үхнэ, мэдэв үү?” гэж загнажээ. Юутай ч энэ сайхан үнэртнээс хүртэх цаг болоогүй юм байна гэдгийг ойлгов. Хооллож дууссаад эх хэл амаа таатайяа долоож, залхууран эргээд үүрэндээ орлоо. Тийн үүррүү очсоны дараа Сайрга идүүр тийш ганц нэг алхаад эхийгээ харвал ер тоосон шинжгүй байсанд зориг орон очив. Түмпэнгийн ёроолд өчүүхэн шавхруу тунаж харагдана. Хүзүү сунган зүтгэсэн авч хүрсэнгүй. Түмпэн хазайсаар дээрээс нь хөмөрчихөв. Харанхуй битүү юманд орчихсондоо айж, тусламж эрэн гийналаа. Хэн ч ирсэнгүй. Амьсгал давчдах агаад ядаж байхад нөгөө дурлаад байсан нялуун үнэр огиудас хүргэнэ. Харин хөмөрсөн пүмпэн нь нэлхийн нээгдэж, том биетэй туранхай даавуун биет муухай хялайн зогсож байв.

Гөлөг анх нүдрүү нь харсангүй, гагц аюулаас аварсанд өлмийг долоон талархвал өөдөөс нь хүчтэй түлхжээ. Тэр даавуун биетийн өлмийгөөс үүрээ хүртэл яаж явсныг бүү мэд. Нэг их хурдтайгаар дөрвөн мөчөө сарвалзуулан дүүлж явснаа л бүүр түүр хожим санадаг юм. Мэдэхнээ нуруу өвдөн шархирч байлаа. Яая гэх вэ? Эхийгээ бараадан халуун хошуунд нь нуруугаа наасанд үсийг нь сөргөөн хэд долоогоод завьжаараа зөөлөн хазахад нугхийн дуугараад хөндүүр арилжээ. Сайрга ягааханаа хөхсөөр  унтаад сэрмэгцээ л үймүүлж эхэллээ. Ах дүү нартайгаа дээр доороо орон ноололдож, бас эх шигээ архирах гэж үзэв. Ээж шигээ хүчтэй биш цаанаа л нэг жонгиносон явуургүй авиа хоолойноос гарна. Шүд гэж бүр авах юмгүй. Хэлээрээ тэмтэрч үзээд эхийнхээ соёоруу харахад урам гутаж орхижээ. Тэвчээргүйтэж, үүрнээсээ гарах гэж үзсэн ч толгойгоо нэг цухуйлгаад л буцав. Ашгүй нөгөө жижигхэн даавуун биетийг ирэхэд баярласандаа хөлөө яаж зөөж тавьж байгаагаа ч анзаарсангүй.

Эх ч тэр бяцхан даавуун биетэд нялууран, энгэр өөд нь үсчин, нүүрийг нь долоон шарвалзах билээ. Үүнээс айх хэрэггүй юм гэж Сайрга ойлгов. Удалгүй эргэн тойрон бүүдийж, дээр байсан бөндгөр шар гэрэл хачирхалтайгаар өнхөрсөөр авай. Төдсөн ч үгүй бүр алга боллоо. Дахиад л дээрээс түмпэн хөмөрчих шиг болоход хэлмэн айж, эхийн цавьруу тэнхээ мэдэн шургав. Бяцхан гөлөг айсаар л. Мөнөөх бөндгөр шар айлуудын гэррүү орчихсон бололтой цонхоор анивалзан  тусна. Гөлөгс хаврын шөнийн жихүүн салхинаас айж, бас даарсандаа дор бүрдээ гангиналдав. Харин эх нь зэмлэн:

-Нохой болж төрчихөөд харанхуйгаас айх хэрэггүй. Харанхуй гэдэг бидний айж ульдаг цаг биш. нүднийхээ хурц, хамрынхаа соргог, дууныхаа хүдрийг шалгадаг жинхэнэ цаг, сайхан үе. Тэгээд ч бид үүр орноо, бас даавуун биет эздээ хамгаалах ёстой тэнхээлэг амьтад шүү дээ. Хоёр хөлтэй даавуун биетүүд чинь биднийг байхгүй бол турь хүчгүй улс хэмээн сургана. Сайрга тэд үүнээс олон юм ойлгожээ. Эх нь шөнийн турш цурамхийсэнгүй. Үе үе цавиндаа хошуугаа шургуулах авч чимээ чагнан сортолзоно. Бусад айлын ноход ч мөн энд тэндээс бөв бөвхийн чимээ өгч, дэл сул хэн хүн үүгээр түүгээр явааг нөгөөдөө дамжуулах бөлгөө. Зарим нэгэн нь үргэлж уяатай байдагтаа бухимдан уцаарлаж хэрүүл өднө. Бас эх нь, одоохондоо та нарын хараагүй байгаа нэг юм бий. Өсөж томроод үзнэ.

Тэр зүйлээс эзнийгээ маш сайн хамгаалах ёстой юм шүү хэмээн захижээ. Тийн байтал үүрнийх нь нүх сиймхийгээр бүдэг гэгээ цоочин тусав. Сайрга толгойгоо гадагш цухуйлгавал зүүнтээгээс мөөм шиг нь ягаахан гэгээ татаж үзэгдэнэ. Тэр ягаахан гэгээ ямар дотно энхрийлэм санагдсаныг хожмоо ч мартдаггүй юм. Гэгээ ормогц өөрийн эрхгүй гүн нойронд дийлджээ. Ходоод нь хонх ёнх хийхэд сэрж эхдээ ойртоод ягааханаа үмхэн ховдоглов. Эх унтсаар байна. Сайн цадсаны хойно гадагш гарвал өнөө бөндгөр шар нь айлуудын гэрээс гарч, тээр дээрээс илчтэйеэ төөнөж байна.

Тэр өөрийнхөө хөлрүү нэг,  бөндгөр шарруу нэг анивалзан ширтлээ. Хөл гэхээр юм алга. Тэгсэн атлаа яваад болчихдогийг нь санан хачирхана. Тэгж тэгж залхаад үүгээр түүгээр хэсэж, салхинд туугдан ирэх элдэв үнэрийн сэжүүрийг хайн бидрэв. Ингэж яваад банзан хашааны ёроолд байх бяцхан нүхийг нээжээ. Нүхэнд толгойгоо хийгээд ийш тийш болгоомжтой харав. Жаахан урагш зүтгэтэл бүтэн биеэрээ цаана нь гараад ирэх нь тэр. Гудамжны үзүүрт соньхон чимээ сонсогдоход тэр зүг хөл тавилаа. Зам зуураа мөн л элдэв үнэр шиншилсээр ойролцоох шонруу дөхөж очвол эхийн цавинаас үнэртдэг нялигар үнэр ханхийв. Тэгмэгц мөнөөх шонруу сайргар хөлөө өргөж байгаад сарьж  орхилоо.  Нэгэнтээ нялцгай шаварт унаж хаширсан болохоор дахин унахгүйн тул тойрон гарч байв.

Тэгтэл гэнэт хажуугийн хашаанаас том бадриун нохой хар хурхийн дайрсанд зүрхээ хагартал айж холдон зайлав. Тэр нохой маш ууртай агаад хэрэв хаалга онгорхой байсан бол сүйд хийх биз ээ. Сайрга айлын хашаанаас аль болох холуур тойрох болов. Айж явтал нүдний үзүүрт сонин дүрс тусаад орхижээ. Лавлан харвал шалбаагны уснаас нэг бөөвгөр  амьтан ширтэж байна. Сайрга балмагдлаа. Тэгээд холдохоор нөгөөх амьтан алга болж, ойртохоор нь гараад ирэх. Урд хөлийн сарвууг түүнд хүргэж үзэв. Тэгтэл мөнөөхөн усанд ойчсон шиг норчихлоо. Энэ чинь хэн ч биш би юм байна шүү дээ гэдгийг сая мэджээ. Өөрийн дүрс усанд ойчсоныг харахад, дүү нь чих хөхөхөд төрсөн эгдүүтэй сэтгэлэг төрлөө. Их юмны учир тайлсандаа баясаж, өөрийгөө удаан харав. Бусдаасаа ч их ялгарах юмгүйсанж. Цаашаа явжээ байтал өмнөөс нь жижигхэн цайвар амьтан яах ийхийн завдалгүй тулаад ирэв. Урьд үзээгүй тэр амьтнаас бэргэн, дороо зогсоод харцаараа дагуулан ажив.

Гэтэл нөгөөх бас л нэг төрөл нохой юм байжээ. Тэр харин их сайхан зантай юм. Сайргыг тойрч энд тэндээс нь үнэрлэн танилцлаа. Тоглох ч дуртай бололтой. Мяндас зөөлхөн үс нь бяцхан гөлөгт жигтэйхэн таалагдаж, хоёул баахан наадав. Цайвар үст хэдий бие жижиг авч насаар ахмад бололтой. Хуцалт зоримог, юм юмны учир тайлсан янзтай.

Сайргыг дагуулан, гудамжны үзүүр хүрэв. Хэрэв хамарт нь жигтэй содон, гашуун үнэр ирэхэд аюулын дохио төрөн, дороо хургана. Удалгүй дүнгэнэсэн их чимээ гарч, тоос татуулсан том бараан амьтан залгихаар ойртлоо. Энэ бол машин. Даавуун биетүүдийн унаа юм. Түүнийг ирвэл замаас нь зайлж холдоход л болно. Гэхдээ урдуур нь харайвал аюултай гэдгийг цайвар үст заажээ. Гудамжны үзүүрт жижиг том олон даавуун биет шороо пургиулан хөлхөнө. Холоос анхаарлыг нь татаад байсан нөгөө чимээ нь тэдний шуугиан гэдгийг мэдлээ. Жижигхэн даавуун биетүүд түүнийг бүчин хөл толгойгоор нь дураараа оролдон, дээш доош харуулан хамаг гэдэс дотрыг нь хөрвүүлээд хаячихлаа. Сайрга үнэн дургүй нь хүрч, тэдний гараас зайлах гэж хурд мэдэн харайвч  ганцхан үсрээд л бариад авна. Харин цайвар үстийг оролдсонгүй. Тэр ч Сайргыг харж харж, өрөвдсөн үү яасан яваад өгчээ. Оройжин даавуун биетнүүдэд элдэвлүүлж цуцаад өлөн гэдсээ шолчигнуулсаар дөрвөн хөл дээрээ арай ядан тогтсон амьтан үүррүүгээ шогшив. Өлсөж элдэвлүүлж ядраад буцах замаа олохгүй баахан будилжээ.

Аз болж, шонд үлдсэн эхийнхээ шээсний  үнэрийг хөөсөөр гэртээ ойртов. Саргар муу үүрнээс нь сүүний зөөлхөн үнэр ханхалж, эхийн ялдам хуцалт сонсогдоход баярласныг хэлээд юүхэв. Ийм их жаргал зөвхөн эхийн дэргэд л байдгийг голдоо ортол мэджээ. Орчлонтой танилцаж яваад ирсэн гөлөгтөө эх нь:

-Эргэн тойрон чинь чамд аяндаа танигдах болно. Харин эргэн тойрноо таних зөн мэдрэмжээ нээ. Аюул аврал, сайн мууг хэн ч та нарт заахгүй. Гагцхүү төрөлх зөн чинь л заана. Олноороо бужигнасан даавуун биетүүдээс зайлсхийж яв хэмээн сургажээ. Тэрбээр төрөлх зөнгөө сонсож чадсан бол цадиггүй жижиг даавуун биетнүүдээс холуур өнгөрөх байснаа одоо ойлгов. Бас даавуугаар биеэ ороосноос бус даавуун биетэй биш бөгөөд “хүн, хүмүүс” гэдэг нэртэйг мэдэх боллоо. Учир нь тэр шөнө байшингаас гэнэт хувцасгүй, бас ямар ч үсгүй шодгор хүн гарч ирээд дөрвөлжин “үүр”-энд сарихыг үзжээ. Ноход боргон, шөнийн аниргүйг эвдэнэ.

Дээр нь олон жижиг гэрэл анивалзан гялалзахыг Сайрга харав. Тэр анивалзуурууд од агаад зүг чигийг мэдэж болох ажээ. Бас нэгэн том гэрэлт бөмбөлөг гарч ирсэн нь гөлгийг цухалдуулав. Үзэж хараагүй тэр бөмбөлөг олон юмны учир зангилаа болох агаад эхийн нь “хожим та нарын үзэж харна” гэсэн тэр зүйлтэй нь тун холбоотой гэнэ. Сарны нууцлаг, аниргүй дүнсгэр нь Сайргыг тэр зүгт шөнөжин эгдүүцэн хуцахад хүргэв. Үүр цайхад  хоолой нь хатаж сааралтаад өөрийн эрхгүй ядран унтаад өгчээ. Хоёр завжаа бувгануулан унтаагаараа хөхөөд гэнэт нэг халуун юм завж даган урсахад цочин сэрлээ. Шүлсээ гоожуулсан нь тэр байжээ. Сэрэхэд эх хэдийн алга. Эхийг оройд л нэг хооллодог болохоор өдөртөө ягаахандаа сүү дүүргэх гэж хаашаа ч юм бэ явдаг байв. Гөлөг үүрнээсээ гарч, хашаанд нарлан тоглох ах дүүстээ очив. Бие биетэйгээ хөөцөлдөн, шороон дээр өнхрөлдсөөр пөөнийсөн саарал амьтад болчихож. Сайрга ч мөн тэдэн дунд орлоо.Тоглож байгаад хоншоороороо шороо хатган унатал аманд нь нэг жижигхэн хатуу зүйл тааралджээ.

Босоод нөгөө зүйлийг долоож үзэхэд хачин таатай амттай тул долоосоор байв. Тэгтэл өөрөөс нь том гөлөг ирээд нөгөө амттаныг долоож үзсэнээ шууд үмхээд авах нь тэр. Сайрга өөрийнхөө олсон амттаныг алдахыг хүссэнгүй тул буцаан авах оролдлого хийлээ. Гэтэл цаадах нь түүнрүү догшин хурц, нэг л аймшигтай нүдээр ширтжээ. Тэгэхэд л Сайрга энэ бол бидний ах, айж явах ёстой гөлөг юм байна гэж мэдэв. Ах нь амттаныг авч, буруу харан долоож хэвтлээ. Тэгснээ Сайргыг өрөвдсөн үү яасан тэндээ орхиод цааш эргэн явсан нь  амттанд эм гөлөгийн адил дургүйнх болой. Хэд хоногийн дараа эхийг эзгүй хойгуур өндөр том эзэн нь нэг хүн дагуулан үүрний дэргэд иржээ. Гөлгийг нэг нэгээр  нь сэрвээнээс өргөн сэгсэрч, цавьруу нь шагайж хараад хайр найргүй буцааж шидэв. Зарим гөлөг учиргүй гасалж, сүйд  болно. Сайргын ээлж ирэв. Айсандаа ч юм уу, ерөөс сүрдсэн үү дуу ч гарсангүй. Ийн дуугарсангүйд нөгөө хүн дахин хэд хэд сэгсчив. Сайргын дургүй хүрч өөдөөс нь хяламхийнэ. Тэр хүн :

-Энэ ч дориун нохой болох нь дээ. Даанч охин юм, золиг гэснээ чулуудаж орхив. Дахиад л дөрвөн хөлөө сарвалзуулан тэрий уналаа. Хамгийн сүүлд ахыг нь барьж авлаа. Тэгснээ:

-Танай жингэр ч гайгүй нохой бололтой. Гөлөгнүүд нь ямар шазруун амьтад вэ? Энэ гөлгийг би авъя!  Чи гайгүй өгчих юм байгаа биз дээ гэв. Эзэн нь:

-Одоо ч сайн эр гөлөг ховордсон шүү дээ! Тэгээд ч эх нь овчаркны эрлийз байгаа юм. Наадуул чинь хурлийз ч гэсэн шийртэй нохой болно гэлцээд ахыг нь тэврэн, цааш эргэв. Ах нь тэдний гарт сарвалзсаар холдохдоо, үүррүүгээ, бас бусадруугаа ямар уйтай ширтсэнийг Сайрга хожмоо ч мартдаггүй билээ. Ингээд ах дүү долоогоос нэг нь дутжээ. Хэрэв эх дэргэд байсан бол тэр хүн гөлгийг авах бүү хэл энэ хашаанд ч орж чадахгүй байхсан. Эх хамгийн түрүүнд гарсан гөлөг байхгүй болсныг мэдсэн ч яая гэх вэ? Гөлөгнүүд өдөр өдрөөр өссөөр бас цөөрсөөр байлаа. Эх идүүрийнхээ ёроолд заавал ч үгүй багахан хоол үлдээх болов. Тэд ч бяцхан биеийнхээ өчүүхэн бяраар тэмцэлдэн, хэн авхаалжтай нь иднэ.

Ингэж бусдаас өрсөж амиа тэжээх аргад суралцана. Өрсөлдөж байх үед хулмалзах, харц дальдчих төдий өчүүхэн алдаа гаргавал насан турш бусдын шавхруу хүлээж, зарим үед өчүүхэн ч хүртэж чадахгүй дарлагдах билээ. Иймээс хэдий багахан юман дээр сургуулилж байгаа ч хамгийн хариуцлагатай үе юм.

Харцаа аль болох нэг зүйл дээр удаан тогтоож, бас зоримог, яахаас ч буцахгүй ширтэх ёстой. Хэрэв өрсөлдөгч мөн тийм байвал буйл соёогоо ашиглан архирч, хамгийн түрүүлж  давших хэмээн сүрдүүлнэ. Энэ нөхцөлд хоолоо санаа зоволтгүй идэж болно. Сайрга энэ эрдмийг сайн сурчээ. Тэгэвч эр гөлөг бяраараа ямагт илүү. Харин Сайрга айхыг хэзээ ч мэдэхгүй. Эр гөлөгнүүдтэй ам уралцан, идүүрт хошуу дүрнэ. Гөлгөн нохой нас бие гүйцэтлээ өөрөөсөө давуу том нохойтой тэрсэж үл болох агаад тэгж зүрхээ үхүүлбэл мөн л тэмцэх чадалгүй дорой болох авай. Иймээс том нохдоос зайлсхийж явах өлзийтэй. Эхийг эзгүйд эзэн нь хүнтэй ирж, нэг нэгээр авч явсаар одоо гурвуул л үлджээ. Гурвуул болсоноос хойш өөр хэн ч ирсэнгүй. Төдөлгүй бор хоолонд орж, зуны халуунд сүүдэр бараадан, гэдсээ бондойлгон хэвтэж өнждөг болов. Нар буцаж, шөнөдөө сэрүүхэн хонодог болсон үед эх нь тэдэнд ягааханаа үлгүүлэхийг больж харамлан ярдаглах болов. Эх жингэр үлдсэн гурван охин гөлгөө торнитол хамт байсан болохоор өлсөж гуринхтахгүй байх олон юм заажээ. Хэдий тийм ч эр гөлгүүд илүү азтай амьтад аж. Цөм л эзэнтэй болж, үнэнч эрэмгий байвал ядаж цөхөлгүй хоолтой залгана. Харин үлдсэн гурвын хувьд өөрийн чадал заан амьдрахаас аргагүй. Эх шигээ азтай байвал айлын тогоо харж, зовлонгүй амьдарна. Гэвч бүү мэд. Намрын эхэн сарын тэр нэг үдэш эзэн нь тэднийг цадтал хооллоод бүрэнхий болсон хойно шуудайд хийн үүрээд явжээ. Эхээсээ тусламж хүсэн гийналдсан авч эх жингэр нь ёс төдий бөв бөв хийгээд цааш харан хэвтсэн билээ. Эзэн нь харанхуй гудамжаар түр тархийлгэн чулуу өшигчиж явсаар нөгөө цайвар үстийн заасан машин гээчид суув. Эхлээд чимээ донсолгооноос сүрдэн шээс алдан ядсан ч удалгүй дулаан таатайд нь эрхшээн зүүрмэглэж орхижээ. Машин зогсож, эзэн нэгийг нь аваад гарав. Цааш хэсэг яваад дахин зогсов. Хамгийн сүүлд Сайргыг шуудайнаас гарган тавилаа. Жолооч:

- Энэ гурвыг хамтад нь нэг газар хаячихгүй дээ гэвэл эзэн:

- Аан… гурвуулаа бол гэрээ олоод ирж мэднэ. Энэ их сэргэлэн гөлөг байгаа юм. Сайн холдуулахгүй бол нөгөө хоёроо дагуулаад харьчих байх гэж мар мар инээгээд машинд суув. Сайрга эзнээ тэмүүлэн машины араас хурд мэдэн харайсан ч гэрлээ улалзуулан холдлоо. Явсан зүгийг нь бараалан хэсэг шогшмоглоод арга буюу хоцров. Хаана ирснээ үл мэднэ. Гайхсандаа орчин тойрноо дэмий ширтэв. Баруунтаа сүглийсэн том оорцог овоо тусахад тэр зүг очив. Тэндээс сарчигнасан их чимээ гаран, зарим нэг нь ийш тийш нисэлдэнэ. Эхлээд сүрдсэн ч дэргэд нь  очмогцоо цаас, нийлэг ууттай хог хаягдал гэж мэдээд тоомжиргүй гишгэлэн нөмөрлөх газар хайн, баахан тонгочууллаа. Тэгсээр нэг муу даавуу таарны өөдөс олдоход цагариглан хэвтэв. Ойр хавь анир чимээгүй нам гүм. Алсад нохой хуцах бүгт чимээ гарах ч тэр зүг явсангүй. Өглөө болгохоор шийджээ. Эхийнхээ халуун цавь гэдсэнд хошуу шунган хэвтдэг цаг өнгөрчээ.

Үүрээр баахан жиндэж, дулаан үүрээ санан санан чичирч хонов. Нар дээр гарсан хойно сэрээд орчноо ажлаа. Ходоодондоо жаахан юм олж хиймээр байсан ч тэр хавийн үнэр авах юм алга. Тэртээд гэр хороололын айлуудаас цэнхэр утаа амгалан дэгдэнэ. Айлуудыг чиглэв. Гудамжин дундуурх нүх сиймхий сүвлэн, баахан явжээ. Шиншилчихмээр ч юм таарсангүй. Тэгж явтал нэг хашаанд хэдэн гөлөг тоглохыг үзэж баясаад гаднаас нь чимээ өгвөл тэд харайгаад ирлээ. Сайрга ч хашааны ёроол дагаж хурдалсаар бяцхан цоорхой олж тэдэнтэй нийлэв. Эх нь болох ёнгиносон цагаан жингэр түүний орж ирсэнийг анзаарсангүй бололтой. Сайргыг тэдэнтэй наадаж байтал өмнө нь гэнэт том гэгч мах унаад ирсэнд учиргүй баярлан зулгааж гарав. Гөлөгнүүд түүнээс хүртэлцэх гэсэн ч хоолойгоо хүржигнүүлээд ойртуулсангүй. Тэр чимээгээр эх жингэр давхин ирж ганц архиран, махыг булаагаад үмхчихэв. Тэгээд эргэн тойрныг шиншилсэнээ Сайргаруу дайран хашаанаас хөөлөө. Хашаа эзэнгүй агаад жингэр сахин үлдсэн юмсанжээ. Хамар хашааны нь улс олон гөлөгтэй жингэрийг өрөвдөн хооллодог. Энэ удаа ч  мөн мал гаргаад дэлүүг нь хашаа давуулан шидсэн байж. Сайрга тэндээс явахыг хүссэнгүй. Цагаан жингэрийн архиран хөөхийг зоригтой атлаа буулт хийсэн харцаар тэсвэрлэн өнгөрөөв. Цагаан ч шаггүй амьтан болохыг нь мэдээд зөнд нь орхив.

Үргэлжлэл бий…

Бичсэн Л. Гантуяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих