Олигархийн зодоон

Судлаач Д.Ганхуяг
Олигархиудын зодооны “гол цэг” нь Ц.Нямдорж болов. Түүнийг “хусч” чадвал Ц.Элбэгдоржийн АН бүлэг ялна. “Үлдээж” чадвал МАН ялна. Өөр хувилбар байгаа ч манайхан “олж харахгүй”, харахыг ч “хүсэхгүй”. Аль ч тохиолдолд төр нурна. Нурж буй төр хачин сонин тэнэглэл хийдгийн сонгодог жишээ энэ болно байх…

Хоёр Э-ийн нөхөрлөл
Н.Энхбаяр Ц.Элбэгдорж хоёр олон жил “хамтран ажиллаж” ирсэн. Энэ тухай товч санаад үзье.
1998 оны 4 сарын 22-нд Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай хамтран “Ардчилсан Холбоо эвслийн” М.Энхсайханы Засгийн Газрыг огцруулж өөрөө Ерөнхий сайд болов. М.Энхсайхан тэр үед “сонгодог либерал”, Засгийн Газрын тэргүүн, Н. Энхбаярын “заналт дайсан” байв.
1998 оны 7 сарын 24-нд Ц.Элбэгдорж 80 дугаар нууц тогтоол гаргаж, төрийн өмчит “Сэргээн босголт”-ын банкыг татан буулгаж, хувийн өмчит “Голомт” банкинд нийлүүлсний учир огцорсон. Энэ үеэр Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийн “нүглийн баримтыг” олж авсан нь илт байдаг.
2000 онд Ц.Элбэгдорж АНУ-д суралцахаар явсан ч үнэн хэрэг дээрээ шоронд орохоос “зугтсан”. Тэдний хооронд ямар нэг “тохироо” байсан нь эргэлзээгүй.
2004 оны сонгуулиар “Эх орон” намын Д.Эрдэнэбат, Ардчилсан Намын М.Энхсайхан нарын байгуулсан “Эх орон-Ардчилал” эвслийн эсрэг Ц.Элбэгдорж идэвхитэй ажилласан. Гэсэн ч сонгуульд “Эх орон-ардчилал” эвсэл ялсан. Гэтэл Ц.Элбэгдорж эвслийг задалж, хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болсон. Үр дүн нь АН УИХ-д бүлэг байгуулах эрхгүй болсон. Эх орон нам бараг устсан. Ингэж МАН болон Н.Энхбаярт хамгийн “том тус” үзүүлсэн.
2006 онд УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ц.Элбэгдорж АН-аас нэр дэвшсэн боловч хугацаа тулган нэрээ татаж намаасаа “дахин урвасан” ба М.Энхболдыг өрсөлдөгчгүйгээр УИХ-ын гишүүн болгосон.
2008 онд 7 сарын 1-ийг Н.Энхбаярын хамт “зохион байгуулсан” гэж үзэх бүрэн үндэстэй.
Эндээс нэн тодорхой зүй тогтол ажиглагдана. Ц.Элбэгдорж ардчилсан хүчнээс олон удаа урваж, түүнийг “эвдэн сүйтгэж” байсан боловч “ардчиллын алтан хараацай” гэсэн нэрийг ямагт зүүж иржээ. Төр засаг үймсэн эгзэгтэй үед Ц.Элбэгдорж заавал “гарч ирдэг”. Одоо ч тийм байна…

Дайснаа дарах арга
“Хуучин” улс төрд Н.Энхбаяр гэсэн тиран (ганцаар ноёрхогч) Ц.Элбэгдорж болон Р.Гончигдорж нарын “анхны олигархи бүлэглэлийн” хамтаар монголын бүх улс төрийг “удирддаг” байсан.
Гэтэл 2004 оны сонгуулийн ялагдлын дараа улс төрийн хүчний харьцаанд өөрчлөлт гарсан юм. Энэ нь АН-ын бараг бүрэн задарч, МАН лидерийн тэмцэлд орж, иргэний хөдөлгөөн эрс идэвхжсэнтэй холбоотой. МАН-д гэхэд л М.Энхболд, С.Баяр нарын лидерүүд дараалан гарч ирэв. Харин АН-д лидерүүд бараг солигдоогүй юм.
Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн байр сууринаас “намуудыг үймүүлэх ажлыг” зохион байгуулсан ерөнхий дэвсгэр дээр 2008 онтой золгосон билээ. 2008 онд Н.Энхбаярын “аль ч намыг ялуулахгүй” үймүүлж байгаад Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэсэн эрмэлзэл Ц.Элбэгдоржийн “намаа ялагдуулахгүй” гэсэн хүсэлтэй чиглэлийн хувьд давхцсан юм.
Нөгөө талд нь С.Баяр намаа унагахгүйн тулд “хүчээр ялах” шаардлагатай тулгарсан ба энэ үед М.Энхболд нарын бүлэглэлийн С.Баярыг “хэт хүчтэй болгохгүй” гэсэн эрмэлзэл ихээхэн нөлөөлсөн. Монголын цагдаа дээр дурдсан лидерүүдийг даган “хэд хэдэн бүлэгт” хуваагдсан байсан учраас 7 дугаар сарын 1-нд “сайн” ажиллаж чадаагүй юм. Одоо 7 дугаар сарын 1-ний улс төрийн шалтгаан тодорхой гэж санана.
7 дугаар сарын 1-ний дараа нөхцөл байдал “ихээхэн хүнд” болсон тул Хамтарсан Засгийн Газар байгуулах “зүй ёсны” шаардлага бий болсон юм. Нөгөө талаар улс төрийн нам дамжсан бүлэглэл буюу “шинэ олигархи” анги бүрдүүлэх ёстой байв.

Байр солигдов
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “нам үймүүлдэг” тираныг унагах зүй ёсны шаардлага бий болов. Н.Энхбаяр үүнийг “мэдээгүй” ба Ц.Элбэгдоржийг өөрөө “амлаж барилдсан” нь баримт юм. Энд Ц.Элбэгдорж С.Баяртай “нийлж”, ардчиллаас 5 дахь удаагаа урваж байгааг бид харж байна.
Ийм “нөхцөлд” 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль болж Ц.Элбэгдорж “ялав”. Н.Энхбаяр “луйвардсан” гэж одоо болтол “үглээд” байдаг үнэний ортой…
2009 онд Ерөнхийлөгч болсны дараа улс төрийн нөхцөл байдал үндсэндээ өөрчлөгдөв. Үндсэндээ ч юу байхав, “нам үймүүлдэг” Н.Энхбаярын оронд Ц.Элбэгдорж гарч, тирануудын “байр” солигдов.
Одоо Ц.Элбэгдорж Н.Энхбаярын адил “үндэстний удирдагч” болохоор зүтгэж байгаа нь тодорхой байна. Тэр “үзэл суртал, онол” тасралтгүй санаачилж байна. Илтгэх чадвар бол “онол” гаргадаг биш, харин “бэлэн онол”-ыг тайлбарладаг гэдгийг тэр огт “ойлгохгүй” байна. Даанч түүнд “бэлэн онол” байхгүй. Ямар ч гэсэн Ц.Элбэгдоржоос “эстрад лекц” л гарна уу гэхээс ямар ч “онол” гарахгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна.
Үйл ажиллагааны салбарт тэр 2013 оны өрсөлдөгчдөө ээлж дараалан “устгаж” байна.
Эхнийх нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох ИЗНН-ын дарга Д.Энхбат байв. Түүний намыг бүртгэлгүй гацааж, намыг нь хэд хэдэн зэрэгцээ даргатай болгож саармагжуулав. Ингээд түүний “занал” дуусахгүй юм. Дараагийн алхам нь Д.Энхбатыг энэ сонгуулиар заавал “унагах” явдал болно. Та нар харж л байгаарай !!! Ц.Элбэгдоржийн “шударга ёс” гэж нэг ийм л балай юм байдаг юм…
МАН-ын хувьд тэр “олон үзүүртэй” тоглолт хийв. Энэ нь Н.Энхбаяр болон МАХН-ыг “дэмжиж” МАН-тай байлдуулах явдал байв. МАХН-ыг бүртгэлийг “хийж” өгснөөр үл барам түүний гэмт хэргийг мөрдөх явцад “саад хийж” байсан. Ингэснээр Н.Энхбаяр нэлээд амжилт олов. Н.Энхбаяр нь өөрийгөө “том хэвээрээ” гэж санаад УИХ-д МАХН-ын бүлэг байгуулах, сонгуульд “амжилт олох” том төлөвлөгөө хийсэн нь 2013 онд Ц.Элбэгдоржийн гол өрсөлдөгч болох бодит аюулыг бий болгов. Ингээд Н.Энхбаярыг “устгах” ажил эхлэв. Ахиад л хэд хэдэн “үзүүртэй” сценараар хийгдэв. Н.Энхбаярыг баривчилснаар “авилга багаслаа” гэсэн марзан дүгнэлтийг зөвхөн Ц.Элбэгдорж л хийж чадах билээ…

Ц.Элбэгдоржийн ресурс
Түүний мэдэлд Авилгалтай тэмцэх Газар, Цагдаагийн зарим хэсэг, шүүх болон прокурор байна. Энэ нь асар их хүч юм. Тэрээр 7 сарын 1-ний “цагдаагийн хэргийг” босгон ирж, цагдааг буулгаж авах, МАН-ыг айлгах ажил хийж байна.
Мөн Авилгалтай тэмцэх газраар УИХ-ын гишүүд, сайд нар, улмаар аймаг, дүүргийн засаг дарга нарыг “айлган сүрдүүлж” байна. Энэ нь их “амжилттай” байгаа. Зарим “улс төрч” сэтгэл санаагаар унаж, ажлаа ч зоримог хийж чадахгүй байна.
Энд гадна талаасаа “буруу юм” огт байхгүй. Авилгатай тэмцэхэд юу нь буруу гэж ?! Гэхдээ л энэ бол авилгатай хийж буй тэмцэл биш, харин нэг олигархи бүлэглэл төрийн гаж механизмыг ашиглан нөгөөгөө “даран сөнөөж” байна.
Нэг ч болсон олигархи” далд орвол” сайн л биз гэж монголоор “бодох” нь буруу, учир нь дэндүү тэнэг, зальхай олигархи гарч ирж байна.
Мөн гол “саад” болсон Ц.Нямдорж руу сэтгэл зүйн болон мэдээллийн дайралт чадмаг хийж байна. Асар удахгүй бүр том хэргүүд, жишээлбэл, С.Зоригийн хэргийг сөхөн гаргаж болзошгүй…
Энхбаярыг баривчилсан байдлаас үзэхэд зориудын “сүржин байдал” ажиглагдаж байна. Эхний удаад түүнийг “алдсан”, ийм “тэнэг” тохиолдол байхгүй. Дараа нь сүр хүч үзүүлэн баривчилсан. Энэ нь нэр хүндээ алдсан цагдаагийн нэр хүндийг өргөхөөс гадна ард түмнийг айлгах зорилготой нь тодорхой байна. Их том юмны эхлэл гэж үзэж болно.
Энэ үйл явдлыг МАН “мэдээгүй”, харин АН дэмжиж байгааг харахад дараа дараагийн “цохилтууд” МАН-ын эсрэг гарцаагүй чиглэнэ. Ц.Элбэгдорж “шударга” байгаагаа нотлох цаг ирж байна. Энэ “бүдүүвчээр” бол их олон хүн, голдуу МАН-ынхан дэс дараалан баривчлагдана. Үүнийг сөрөн зогсох гол хүн нь Ц.Нямдорж юм. Одоо бол МАН-ын “ганц аврал” Ц.Нямдорж юм. Тэгээд л түүнийг мэдээллийн хэрэгслээр “алж” байна.
Мэдээллийн хог новшноос шүүж үзэх юм бол Нямдоржид байрны асуудлаас өөр “ноцтой юм” алга байна. Тэгж амархан баригддаг “хашир чоно” гэж байхгүй л дээ. Харин Нямдоржийн “уур хүрвэл” өөрийнхөө барьсан шоронг дүүргэчихэж чадах л байх. Энд ч гэсэн Ц.Нямдоржийн “шударга ёс” гэж ямар хөгийн болохыг ойлгож болно.

МАН
МАН-ын дээд удирдлага ямар ч мэдээлэл гаргахгүй байна. Тэд ердөө л сүлжээндээ найдаж байгаа нь илт байна. Тэдний сүлжээ ямар ч тохиолдолд ажиллах чадвартай боловч нэг эвдрэл гарвал засч болохооргүй том эвдрэлд орох юм. Дунд тушаалтны дунд сонгуульд баттай ялах эсэхэд эргэлзсэн уур амьсгал илт байна.
МАН-ын дээд удирдлагад зөрчил илт байгаа бөгөөд тэрийгээ ихэд нууж байна. Ямар ч гэсэн сонгуулийн дараа Сү.Батболд У.Хүрэлсүх нар намын болон засгийн эрхийн төлөө зүтгэх нь тодорхой. Нэг “зовлон” нь Сү.Батболд “намгүй”, У.Хүрэлсүх “боловсон хүчингүй” юм. “Идэж уух” гэж байж ядан байгаа боловсон хүчний “зодоон” гарцаагүй болно. Ямар ч гэсэн “тарсан шагайг эвлүүлэх” ажил хийнэ байх. Энэ нь “шинэ сэтгэлгээгүй” бол бүтэхгүй ажил, ямар “ахиж шинэчлэгдэнэ” гэж балайралтай нь биш…Гэхдээ хүний “үг авдаг” хүн байгаа эсэх нь их эргэлзээтэй. Юу ч мэдэхгүй хэвтэж “нэг их томорсон” новшнууд байдаг юм.
МАН үзэл суртлын ажил муугүй хийж байна. Жишээ нь: “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны кино байна. Уран сайхан нь юу юм гэхээс түүх бол “авах юмгүй” болсон. Энэ мэт сүлжээгээр дамжуулан залуучууд, түүний дотор урлаг спортын оддыг олноор нь элсүүлж байна. Нөлөөллийн сэтгэл зүй, эдийн засгийн олон механизм тэдэнд байна. Хамгийн гол нь мөнгө ихтэй байна.
Энхбаярыг зайлуулсан нь МАН-д гол дайсныг зайлуулснаараа “ашигтай”. Гэвч МАН-ын бүлэглэлүүдийг шоконд оруулав. УИХ-ын нэр бүхий гишүүд Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Р.Раш нар екс ерөнхийлөгчийг “өмөөрч” байна. Эдний дээрээс Ц.Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Балдан-Очир, Я.Бадамсүрэн нарын гишүүд нэмэгдэх боломжтой. Байдал хурцадвал УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж болох юм. Ингэвэл МАН-д ихээхэн хүнд нөхцөл болно. Чухам үүнийг Ц.Элбэгдорж тооцсон байж таарна…
Гэхдээ энд нэр дурдсан хүмүүс бүгдээрээ аймхай, хулчгар, заавал лидер дагах зуршилтай бөгөөд “Энхбаяргүй МАХН”-д орвол их эрсдэл хүлээнэ. Одоохондоо нэр дэвших гэж л намаа “рэкетлэж” байгаа. Ялангуяа Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Загджав, Д.Тэрбишдагва мэтийн “сонгодог луйварчид” нэг их шударга амьтан болох энэ тэр шог л асуудал байхгүй юу…
Улс төрчдийн “зарчим”
Ер нь бол монголын улс төрчдийн “нэг зарчим” байдаг юм. Бүгдээрээ хоорондоо холбоотой учраас бие биендээ “хэт чанга” хандаж чаддаггүй. Ухаандаа Н.Энхбаярыг шалгаж буй хэрэг нь гэм хал багатай, ганц Энхбаяр л холбоотой, ач холбогдол багатай хэрэг юм. Харин банк, том объектын хувьчлал, лиценцийн наймаа зэрэг “том асуудлууд” бол бүгд хамт оролцсон учраас “чимээгүй” байдаг. Энэ утгаар Ц.Элбэгдорж Н.Энхбаярт хэт чанга хандаж чадахгүй л болов уу. Н.Энхбаяр тэнэг л биш бол М.Энхсайхан болон бусад хүмүүст “тодорхой мэдээлэл” дамжуулж амжсан байх ёстой…
Харин энэ удаад “зарчим” алдагдаж байна. Энэ нь өрсөлдөөн тун ширүүн хэлбэрт орж байгааг харуулж байна. Өөр нэг “тогтмол” хүчин зүйл байдаг юм. Монголын улс төрчдийн “бүх хэрэг” цагдаа болон хүчний байгууллагад “бүрэн хэмжээгээр” байдаг. Энэ нь монголын цагдааг хамгийн “хүчирхэг” болгодог.
2008 оны 7 сарын 1-нд шившгээ дэлгэсэн цагдаа одоо сүр хүчээ үзүүлэх цаг болов. Ингэвэл Монголд “цагдаагийн ардчилал” тогтоно. Цагдаа улс төрчдийг рэкетлэхдээ л “хүчирхэг” болохоос тэдний “төр удирдана” гэдэг бол лөөлөө л байхгүй юу…
Ц.Элбэгдоржийн “шударга ёс”-оор явбал Монголын 3-4 жилийн төсвөөр Ц.Нямдоржийн барьснаас олон дахин “том шорон” байгуулах ёстой ба дурын улс төрчийг “үзэмжээрээ” түүндээ суулгаад байх боломжтой. Ингэвэл “төр, засаг, нам” гэж юу ч үлдэхгүй болно. Энэ нь “дэндүү сайхан” хэрэг боловч Ц.Элбэгдорж хэзээ ч “ийм их” шударга байж чадахгүйд хамаг учир оршино…

Хувилбар
Одоо Ц.Элбэгдоржийн “төрийн машин” МАН-тай байлдаж байна. Учир нь Ц.Элбэгдорж “намгүй” байгаа юм. МАН-ыхан ч гэсэн “оочерлож” байгаад шоронд орох тэнэгүүд биш учраас “үзэж” л таарна. Ерөнхийдөө эдний хүч “тэнцэж” байна. Олигархууд бие биенээ “шоронгоор айлгах”-ыг “шударга ёс” сэргэлээ, төр “дээрээсээ цэвэр” болж байгаа гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй.
Энэ тохиолдолд зөвшилцөл хийдэг “ёс заншил” байдаг бөгөөд одоо бол зөвшилцөлд “аль хэдийн” орсон. Хэн хэн зөвшилцөнө гэж үү ?! МАН дахь “АН” болон АН дахь “МАН”-ын “төлөөлөгчид” зөвшилцөл хийнэ. Угаасаа ингэдэг “ёстой”…
Ингээд нэг удаа “энх тайван” тогтоож болох боловч тэр нь цаг ямагт хэврэг байдаг гэдгийг монголын ард түмэн сайн мэднэ. Сонгуулийн дараа гэхэд л зад үсэрч 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “уламжлан” дайн дажиндаа тулна. Учир нь Таван Толгой “будаа”, Оюу Толгой “будаа” болох нь баараггүй. Ингээд “хэн буруутайг” тогтоох “улс төр” хийх ба энэ нь монголчууд мөддөө “амар заяа үзэхгүй” гэсэн хэрэг болно…
Энэ бол төр нурж буйн баттай шинж юм. Тэгээд л би гарц яриад байгаа юм. Асуух хүн байхгүй нь “даанч сайхан”, ингэж байгаад “төрийнхөө нурангид” дарагдаж үхвэл хохь нь л биз. Миний хэлснийг манайхан голдуу 4-8 жилийн дараа “ойлгодог”.
Одоо бол Тусгаар Тогтнолоо алдчихаад “ойлгох” хэрэг нэг их гарахгүй л дээ…

2012 оны 4 дүгээр сарын 28.


URL:

Сэтгэгдэл бичих