Дарга нарын хүүхэд л гадаадад сурдаг тогтолцоо хэдэн нийгэм дамжина вэ?

Суралцах нэрээр гадаадад “харлах” боломжийг хаах болжээ-

Монгол Улсын төр залуу боловсон хүчнээр цусаа сэлбэхийн тулд татвар төлөгчдийн мөнгөөр өндөр хөгжилтэй улсад сургадаг. Үнэхээр төр засагт мэдлэг боловсролтой залуус ус агаар мэт хэрэгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр монголчууд “Эрхэм баян эрдэм ном” хэмээн боловсролыг дээдэлдэг ард түмэн билээ. Тийм учраас залуустаа “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөж ирэх”-ийг төр засаг даалгадаг аж.

Өнөөдрийн байдлаар Засгийн газар хоорондын гэрээ, Сургалтын төрийн сангийн тэтгэлгээр 3000 гаруй оюутан гадаад улсад сурч байна.

1997 оноос эхлэн жилдээ 200-гаас доошгүй оюутныг АНУ, Англи, ОХУ, Энэтхэг, Украин, Польш, Шинэ Зеланд, Герман, Австрали, Казахстан зэрэг улсад сургадаг.

Эдгээр улсад суралцдаг оюутнуудын хэд нь эргэж ирдэг бол. Ийм асуулт тавигдах болсоор олон жил болов.

Нийтдээ 6000 гаруй оюутан гадаад улсын их, дээд сургууль төгссөн гэх боловч дөнгөж 30 хувь нь эргэж ирдэг баримжаа тоо бий. Хэдэн оюутан эргэж ирээгүй талаар төр засаг мэдээлэх дургүй байна. Дурамжхан байгаагийн учир төрийн мөнгөөр дарга нарын хүүхдүүд, дарга нар өөрсдөө сурдаг гэсэн мэдээлэл байдаг юм.

Засгийн газрын 2009 онд гаргасан “Зарим хүмүүсийн төрийн сангийн сургалт, түүний хүүний төлбөрөөс чөлөөлөх тухай” 242 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор 61 оюутан төгсч ирээд төрийн байгууллагад ажиллаж байгаа учир “өргүй” гэж зарласан. 1997-2010 оны хооронд суралцсан 61 оюутнаас бусад нь Монгол Улсдаа “өрөө” төлөөгүй л гэсэн үг. 61 оюутны жагсаалтад УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Нийслэлийн цагдаагийн газрын дарга С.Баатаржав, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нар бий.

Эдгээр нөхдүүд гадаадад “харлаагүй” сайн оюутнууд. Гэхдээ “Төлбөрийн чадваргүй айлын хүүхэд” гэсэн журамд нь хэр нийцдэг юм бол. Тухайлбал гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат Дуурийн театрын даргын албаа өгөөд, Ч.Сайханбилэгийн хувьд л гэхэд УИХ-ын гишүүний хугацаа нь дуусаад АНУ-ыг зорьсон байх жишээтэй. Хүн насаараа суралцаж бардаггүй нь ойлгомжтой ч эдгээр нөхөд төлбөрийн чадваргүй гэдэг нь эргэлзээтэй.

Өнөөдрийн тэрбумтан Сангийн сайд С.Баярцогт хүртэл улсын хөрөнгөөр суралцсаныг үзвээс дарга нар мэдлэг боловсролдоо анхаардаг нь илт. Нөгөөтэйгүүр дарга нарын хүүхэд сурах нь элбэг. Тухайлбал Б.Эрдэнэсүрэн БСШУЯ-ны дэд сайдаар ажиллаж байхдаа хоёр хүүхдээ төрийн сангийн мөнгөөр сургалаа гэсэн хэл аманд орж байсан. Үнэхээр мэдлэг боловсролтой залуус бол эцэг нь сайд гээд хааж, боож болохгүй л дээ.

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Сургалтын төрийн санд аудитын шалгалт оруулах яриа УИХ дээр гарсан. Гайхалтай нь УИХ-ын гишүүд шалгалт оруулахгүй байх дээр олонхи болсон юм билээ. Анх гадаад улс оронд магистрантур, докторантурт сургана гэж байсан боловч сүүлдээ утгаа алдаж аравдугаар анги төгссөн хүүхдүүдээ бакалаврт сургах болжээ. Ихэнх төгсөгчид буцаж ирсэн ч төр засагт ажилладаггүй. Өнөөдөр таван хэлтэй залуу гэрээр орчуулга хийгээд явж байна. “Чи ийм өндөр мэдлэгтэй, Герман, АНУ-д мэргэжил эзэмшсэн хэрнээ яагаад төрд ажил хийдэггүй юм бэ” гэхэд “Арай чүү гэж дотоодын хувийн дээд сургуулийн дипломтой нөхөр сайд дарга болчихсон цай зөөлгөж, албан бичиг шивүүлэх гээд байдаг юм. Улс төрийн намд хүчин зүтгэсэн этгээдүүд дарга, сайд болдог тогтолцоо өөрчлөгдвөл төрд ажил хийнэ” гэж билээ.

УИХ-ын гишүүн Н.Ганбямба гадаадад боловсрол эзэмшсэн залуусын төрийн бус байгууллагын тэргүүн. “Намдаа гомдогсод” гэдэг шиг төр засагт ажиллах сонирхолтой ч ажил төрөлгүй, гадаадад сургууль төгссөн залуусын бөөгнөрөл юм. Ихэнх нь гадаадын томоохон компаниудад өндөр цалинтай ажил хийж байсан залуучууд гэнэ лээ.

Эдгээр залуусын тод жишээг хэлье. ОХУ-ын Репины академийн урлаг судлалыг онц суралцаад ирсэн нэгэн төрийн албанд оржээ. Тэгээд Герман улсад суралцах шалгалтад ороод тэнцсэн байна. Тэгээд тус улсад мастер зэрэг амжилттай хамгаалтал сургуулийнх нь зүгээс “Та манай сургуульд мастер амжилттай хамгаалсан. Цаашид докторантурт суралцаач” гэсэн байна.

Ингээд тэрээр Герман улсад докторантуртын зэрэг хамгаалаад иртэл ажлынх нь орон тоо байдаггүй. Харин яамнаас нь “Та мастер хамгаалаад ирэхийн оронд докторантурт суралцаад ирсэн. Таныг буцаж ирэхгүй юм байх гэж бодоод орон тоон дээр өөр хүн томилсон” гэжээ. Ингээд ажил төрөлгүй болсон учир орчуулга хийж яваад УБИС-ийн шугам зургийн багш мэргэжилтэй залуугийн удирдлага дор ажиллахаас аргагүй байдалд хүрсэн гэнэ. Харин түүнтэй хамт сургуульд явсан Германы Элчин сайдын яамны ажилтны хүү эргэж ирсэнгүй.

Ерөнхийдөө эндээс явсан оюутнууд 2-4 жилийн дотор сургуулиа төгсөх ёстой гэнэ. Энэ хооронд Монгол Улсын төр засгаас тэтгэлэг явуулах үүрэгтэй. Оюутнууд тэр болгон 2-4 жил амжилттай суралцаад төгсөж чаддаггүй гэнэ. Тэгэхээр Засгийн газар тэтгэлгээ өгөхөө зогсоодог байх юм. Үүнээс үүдэн ихэнх оюутнууд гадаадад үлддэг болсон гэж тайлбарлах хүн бий.

Монгол Улсын нэрийн өмнөөс сурах нэрийн дор гадаадад гарч “харлах” нөхөд олширсон байна. Тэдэнтэй тооцох хариуцлага гэж алга. Солонгос улс руу ажиллах гэж дугаарлаж үйл тамаа үзэхийн оронд Засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах нь хамаагүй түргэн бололтой. Тийм учраас УИХ, Засгийн газрын гишүүдтэй танил тал байхад болно гэх хандлага бий болжээ.

Энд маш том авлига явагддаг гэсэн яриа ч бий. Ийм заваан юм хийж нэг оюутан л гэхэд татвар төлөгчдийн 1500-аас 80 гаруй мянган ам.доллар хүртэлх хөрөнгөөр гадаадын их, дээд сургуулиудыг тэтгэдэг байх юм. Засгийн газар “Монгол Улсыг боловсрол аварна” энэ тэр гэж баахан уриа лоозон дэвшүүлсэн болохоор оюутан сургах нь зөв л байх. Хяналт, шалгалт, арын хаалгыг нь хааж, жирийн иргэдийн сурах эрмэлзэл дүүрэн, эх орноо гэх сэтгэлтэй залуусыг явуулах юмсан. Аав ээжийг нь араас нь утасдуулаад, ажлын санал тавиад байвал залуус эргэж ирэлгүй яах вэ. Тэгээд ч дарга, сайд нарын хүүхдүүд гадаадад сурдаг гэх ялгаварлах байдал хэдэн нийгмийг давах юм бол доо.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих