Д.БЯМБАСҮРЭН: СОНГУУЛИЙГ БУДЛИАНТУУЛАХ БҮХ НӨХЦӨЛ ХАНГАГДЛАА

Сонгууль угтсан улс төр идэвхжиж байна. Ийм цаг үед бид Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа. Болж буй үйл явдалтай холбогдсон түүний яриа уншигчдад сонирхолтой байна гэдэгт итгэж байна. -Танд өдрийн мэнд хүргэе. Ярилцах саналыг хүлээж авсанд баярлалаа. Монголын баялаг гадныхны мэдэлд очиж буй тухай бид байнга л халаглаж байна. Сүүлийн нэг сарын хугацаанд “Саус гоби сэндс” гэдэг компанийн хувьцааны наймаатай холбоотойгоор Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуу-лийн тухай ярьж эхэллээ. Гишүүд хоёр жилийн өмнө оруулж байсан хуулиа нэг их өөрчлөхгүйгээр дахин өргөн барьсан юм шиг байна. Манай дотоодын компаниуд харин дээрх хуульд жаахан мэд-рэмжтэй хандахгүй бол дотоодынхныхоо үйл ажиллагааг цуг хязгаарлах вий гэж санаа зовниж буй бололтой?

-Сүүлийн хоёр жилийн дотор нөхцөл байдал их өөрчлөгдсөн л дөө. Дэлхийн эдийн засгийн хямрал боллоо. Гол давалгаа нь Монгол руу орсон. Ер нь дэлхийд улс төр, эдийн засгийн аль ч талаараа орчин үежсэн шилжилтийн шат явж байна. Ийм нөхцөлд аливаа улс үндэстний төр засаг ганцхан өөрийнхөө эрх ашгийг хамгаалах нарийн бодлогогүй хол явахгүй байна. Фрийдландийн энэ хэрэг явдлаас бид том сургамж авлаа. Эхлээд ямар байлаа. Бурхан мэт шүтээд л , тэмээн поло зохион байгуулахад нь дагаж гүйгээд л, төрд нээлттэй хаалгатай болсон хүн байлаа. Тэгсэн толгой дээгүүрээ ар Монголыг сөхрүүлчихээд явлаа. “Айвен-хоу”-гийнхаа удирдах зөвлөлөөс хөөгдөж гарлаа. Үүнээс хойш болгоомжтой байвал зохих юм. Ийм асуудал үүсэх шалтгаан нь “Саус гоби сэндс”, “Айвенхоу”-гийн хувьцааны 57,6 хувийн хувьцааг Хятадын төрийн өмчит “Чалко” компани худалдаж авахтай холбоотойгоор үүслээ л дээ. Энэ байдлыг ажиглаж байхад манайхан нэ-лээд эргэлзээтэй байр суурьтай харагдаж байна. Ер нь дээрх компаниудын хувьцааны наймааны талаар өнгөрсөн сард ярьсан юм биш. Миний өөрийн мэдсэнээр бол гурван сарын өмнө интернэтээр энэ тухай мэдээлсэн. Монголын төр гэж байдаг бол тухайн мэдээллийг аваад цаад компанид нь “Та нар яаж байгаа юм, яах гэж байна” гээд дохио өгч болох байсан. Гэтэл цаадуул нь Монголын Засгийн газар энэ бүх үйлдэлд татгалзахгүй гэсэн маягтайгаар “Finincial times”-д мэдээ гарсан шүү дээ. Ийм байхад манай төр тэдэнд тохирсон хариуг нь өгөх ёстой байтал хоёр жилийн өмнөх төслөө гаргаж ирээд л хэлгүй, дүлий хоёрын яриа гэдэг шиг юм болж байна.

Одоо энэ хуулиар бол уул уурхай, дэд бүтэц, мэдээллийн салбарт л гадаадынхныг хязгаарлаж байгаа юм байна л даа. Гэтэл цаад талд нь Монгол Улсын хүнсний асуудал, газар шороо байна. Солонгосуудад газар өглөө гээд л шум тараад байгаа шүү дээ. Санаатай юм шиг эргэлзээтэй байдлаар цоорхой хуулиуд гаргаад байгаа нь сонин санагдаж байна. Монголд хөрөнгө оруулалт хийсэн компаниуд хувьцаагаа гадны хөрөнгө оруулагчдад худалдах тухайд Засгийн газраас зөвшөөрөл авдаг нийтлэг хууль гаргах хэрэгтэй. Гэтэл тэгж чадаагүй, зөвхөн стратегийн ордуудаар хязгаарлачихсан байх жишээтэй. Энэ нь алдаатай болдого юм. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах уу, дэмжих үү гэдэг маань мөнхийн асуулт. Нэг талаас хөрөнгө мөнгө дутагдалтай оронд гадаадын хөрөнгө оруулалтыг авмаар байдаг. Санхүүгийн эх үүсвэр, шинэ технологи, менежмент нэвтрүүлнэ гээд л хэрэгтэй зүйл.

Нөгөө талаас гадныхан гэдэг хувийн бизнесийн эрх ашгаа л боддог эрсдэлтэй салбар. Манайх гадаадын хөрөнгө оруулалтын талаар хуультай түүгээрээ янз бүрийн хөнгөлөлт өгдөг. Яахав шилжилтийн хүнд үед хөрөнгө оруулалт татахын тулд ингэсэн байх. Одоо Монголын баялаг руу дайралт эхэлсэн энэ нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтын хуу-лийг чангатгаж, дотоодынхоо хөрөнгө оруулагчидтай ижил нөхцөлтэй болгох хэрэгтэй байх, хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулагчид Монголд байхаараа манай хямд ажиллах хүчийг ашиглаж байгаа. Гэтэл нэгэнт бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшаар худалдаж байгаа учир ажиллах хүчнийхээ хөлсний зөрүүг тусдаа татварын хуультайгаар гаргаж авах ёстой. Ийм байдлаар хандвал эрүүлээр зохицуулж болно. Гэхдээ манай УИХ-ынхны одоо байж байгаа төвшин, лоббид идэгдсэнийг нь харах юм бол бүтэхгүй байх гэж бодож байна.

-100 тэрбум төгрөгөөс  дээш  зах зээлийн үнэлгээтэй  компанийн хувьцааг худалдахдаа  зөвшөөрөл авна гээд  байгаа.  Энэ босгыг манай үндэсний  компаниуд  бас шүүмжилж  харагдана лээ. Дээрх хуулийг   Австралиас  хуулбарласан нь манайд нутагшихад  хэцүү  гээд л?

-100 тэрбум төгрөг гэдэг  70 сая ам.доллар. Үүнийг хөрөнгө оруулалтаар  нь  бодоход Дарханы метталлургийн, эсвэл  Бороогийн алтны  үйлдвэрүүд  босохоор  юм.  Ийм том  обьектуудаас эхлэнэ гэдэг манайхны хувьд асуудал юм. Гэхдээ манай  гишүүд, Засгийн газрынхан 10  хүртэл  тоолж чаддагүй юм чинь дээ. Төсвөө хэлэлцэнэ. 7  их  наяд гээд оруулж  ирнэ. Чуулганы  танхимд  тэр  нь  6  болж  байх  жишээтэй. Нэг их наядын  алдаа  хүлцэх  алдаанд  ордог шиг  байгаа  юм. Австрали  бол  тив  улс. Монгол хоёр  их гүрний дунд  хавчигдсан орон. Тэгэхээр манай нөхцөл  илүү хүнд, нарийн  тооцоо  шаардана.

ӨМНӨГОВЬ ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАВСАРГА БОЛОХ АЮУЛ ТУЛГАРААД БАЙНА
-”Саус  гоби  сэндс” гээд  л  бид  шуугиад  байна.  Энэ яг  ямар хэмжээний  орд газар эзэмшдэг, хаанахын хүмүүс вэ гээд л жаахан дэлгэрэнгүй танилцуулга алга шиг  байна. Танд  энэ талаар мэдэж буй юм юу  байна?

-”Айвенхоу”-д  өгсөн газрын зураг гарсан  шүү дээ. Сонинд  ч  гарсан. Интернэтээр хайвал  олдох  л  байх. Ерөнхийдөө бол Фрийдландад  нийт 134 мянган километр квадрат  нутгийг лицензээр  өгсөн. Өмнөговь  аймаг бүхлээрээ 108  мянган  километр квадрат  шүү дээ. Яагаад энэ тухай  шуугиад  байна гэхээр  Өмнөговьд  байгаа  баялаг тэр  тусмаа  нүүрс бүгдээрээ  гадныхны гарт  орлоо. Оюутолгой “Айвенхоу”-гийн мэдэлд  байна. Хятадын  эдийн  засгийг тэжээх  эх үүсвэр болж байна. Оюутолгойд монголчууд  өөрсдөө  зэс хайлуулах  үйлдвэр  бариад цэвэр  зэсээ  дэлхийн аль ч зах  зээл  дээр борлуулж  болох. Гэтэл баяжмалыг  бол  зөвхөн Хятадад  өгөхөөс  өөр хаашаа ч гаргах боломж  байхгүй. Үүний  дараа Тавантолгой байна. Түүнийг  төрийн  өндөр албан тушаалд  байсан  хүмүүс өөрсдөө  хичээл  зүтгэл гаргаж “Дайцику”-д, дараа нь “Шинхуа”-д өглөө. Одоо  тэгээд Овооттолгойн ордууд “Чалко”-д очвол  Өмнөговь  аймгийн  байгалийн  баялаг  тэр  чигээрээ гадны  нэг  улсын хяналтанд  орж Хятадын  эдийн засгийн хавсарга болох  аюул тулгараад  байна. Үүнийг  анзаарч  холын  хараатай шийдвэр хэрэгтэй. Мэдээж  бид Хятад, Орос хоёрын  дунд байгаагаараа энэ хоёр  том зах зээлд  бүтээгдэхүүнээ  нийлүүлэлгүй яахав.  Харилцан бие  биедээ  туслалгүй ч  яахав. Гэхдээ  өөрийнхөө бүрэн эрхийг  алдах төвшинд хүртэл очиж  хэвтэх  хэрэггүй л юм  даа.

-Та  саяхан  гарсан Засгийн газрын мэдээг олж үзсэн байх. Шинэ  төмөр  зам   барих гэрээг өөрчлөх тухай мэдээ л дээ. Тэр  ер  нь  нөгөө  сайд  асан Х.Баттулгын  яриад  байсны эсрэг юм  болоод явчихсан уу?

-Ц.Нямдорж  сайдыг  огцруулахтай холбоотойгоор энэ тухай ярьж  байсан. Засгийн газрын  одоогийн  бодлого нь төмөр замын  суурь  бүтцийг  барих шинэ компани  байгуулах, тэдэнд онцгой  эрхийг нь өгөх тухай юм шиг  байна. Гэхдээ өмнө нь  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар өргөн царигтай төмөр замаар сүлжээгээ  бүрдүүлэх тухай асуудал  гаргаж  тавьсан. Гэтэл  одоо түүнийгээ  болиод цаанаасаа  Хятадын  царигтай  төмөр замыг нааш  нь  оруулах  талаар шийдэж байгаа бололтой. Их  олон талаас  нь  нухацтай  үзэхгүй бол  болохгүй асуудал л даа. Хятадын тал  төмөр замынхаа үзүүрийг  манай руу оруулсан  нөхцөлд  түүгээр хөдлөх  бүрэлдэхүүн, үйлчилгээ нь  гадныхны  оролцоотой болно. Манай улс төрийн хүчнүүд  сонгууль  ойртохоор янз  бүрийн  буулт хийх явдал  гарсаар өдийг хүрлээ. Сонгуулийн үед  том  буулт хийж  байна л  гэж  харж  байна.

-Эдийн  засгийн алуурчдын  тухай нэлээд хэдэн цуврал  ном манайд  орчуулагдсан. Гэтэл  сүүлийн  үед Монголд  эдийн  засгийн  алуурчид  жинхэнээсээ  оршин  тогтносон тухай ярих  боллоо. Тэд хууль  бус  үйлдлүүдээ  олноос төөрүүлэхийн тулд улсын Ерөнхийлөгчийг  хүртэл барьж,  хорилоо  гэсэн  шүүмжлэл  ч байна?

-Сүүлийн үед  ийм  нэр, томъёо  их  хэрэглэдэг  болж.  Уг нь  Хитмэн гэсэн үг л дээ. Магадгүй судлаачид, сурвалжлагчдад энэ  ойлголт  шинэ байж  болох.  Төрд  ажиллаж байсан, гадна  дотны  янз  бүрийн санаархагчидтай гар, биеэрээ  тулж байсан хүмүүс эртнээс мэднэ дээ. Энэ  ганцхан  одоо  байгаа юм биш. Социалист  нийгмийн үед “Танайхныг  хөгжүүлэх  гэж  байгаа юм” гэж  орж ирээд л  дараагаар нь  нугасладаг.  Капитализмд ч  байдаг. Наадуулын чинь хараа бодлого  их  өөр. Саяхан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг барьж шоронд  хийлээ. Янз янзын  санаа бодол гарлаа, улс төрийн хүчнүүд  байр сууриа  илэрхийлж байна. Үүн дотор  гадныхантай  холбоотой явуулга байхыг  ч  үгүйсгэхгүй.  Гэхдээ  хамгийн гол нь  Монголын дотоод улс төрийн тэмцэлтэй  холбоотой  гэж  бодож  байна. Баривчлах  ажиллагаа, түүнтэй  хол-богдуулан  Ц.Нямдоржийг огцруулах  асуудал гээд  нэлээд шуугилаа. Тэндээс  харахад  олон түмнээ хуурч мэхлэх, мунхруулах бодлого хүчтэй байна. Энэ нь дотоод улс төрийн хүчнүүдээс  болжээ  гэж ойлгож  буй.  Тухайл                                                                                                                                                                                                                                      -бал  Ардын намынхан ирэх сонгуульд Н.Энхбаярын  толгойлж  буй  МАХН санал хуваах учраас түүнийг устгах  ажлыг улайран хийж байна.  Бусад  улс төрийн хүчнүүдэд  Авлигатай  тэмцэж буй дүр  үзүүлэх сонирхол байна. Үнэн чанартаа Авлигатай тэмцэх тэмцлийн  нэр  төрийг  гутаах, харгис, хүчирхийллийн аргаар ард түмнийг айлган  цочирдуулах арга хэмжээ. Гуравдугаарт,  удахгүй болох  сонгуулийг  будлиан-туулах бүх  урьдчилсан нөхцөл  хангагдлаа. Гараар тоолохоос эхлээд нөгөө цахим бүртгэл гээд  одооноос будилж  эхэллээ. Тэгэхээр сонгуулийн дараа 2008 оных шиг  бужигнавал ингэж дарна шүү гэж  сүрдүүлэх  хэлбэр  юм уу даа. Эдийн засгийн хитмэнүүд  үүнд  оролцсон уу гэвэл үгүйсгэж  болохгүй.  Гэхдээ  нэг нааштай тал  нь “Айвенхоу” үндсэндээ “Рио”-гийн хяналтад орлоо. “Рио”-гийнхон “Айвенхоу” шиг дээгүүр  ажиллагаа явуулах  биш  итгэл хүлээсэн, тогтвортой нөхцөлд,  нэр  хүндтэй ажиллахын тулд Оюутолгой дээр  илүү  нааштай  хандах  байх гэж  бодож  байна.

Н.ЭНХБАЯРЫГ БАРИВЧИЛСАН НЬ ДОТООД УЛС ТӨРИЙН ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБООТОЙ
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарласнаас үүдэж  биеийн байдал нь  хүндхэн байгаа ч гэр бүлийнхэнд  нь түүнтэй  уулзах зөвшөөрөл олгосонгүй.  Өнгөрсөн амралтын өдрүүдээр Төв аймгийн цагдан хорих төвөөс  нийслэл дэх  хорих 461  дүгээр ангийн эмнэлэг рүү  шилжүүлэхдээ анх баривчилсан  шигээ  цагдаа нар дамжлан машинд хэвтээгээр нь хийж, буулгаж байгааг та харсан байх?

-Интернэтээс мэдээлэл харсан. Тэр хүний эрүүл мэндийн байдал хүндхэн байх шиг байна. Н.Энхбаяр шалгуулахгүй гээгүй, харин ч Ц.Нямдоржийг ажлаа өгчих, хоёулаа АТГ-т хамтдаа шалгуулж, шүүх, прокуро-роор үнэнээ тогтоолгоё гэж нэлээд эрт хэвлэлээр хэлж байсан санагдана. Тийм байтал хүнийг шоронд хорьж, элдвээр тамлаж болохгүй шүү дээ. Хэн ч байсан хүний ёсоор хандаж, бие нь муу байгаа бол ар гэрийнхнийг нь уулзуулахаас эхлээд хүнлэг сэтгэл хаана ч байх ёстой.

-”Миний өмнөх 11 Ерөнхий сайд хүний гарт амь үрэгдсэн.Монгол төрд ажиллаж байсан хүмүүст ингэж харгис хатуу ханддагийн гол үзүүр нь гаднын явуулга байдаг юм шүү дээ” гэж та нэгэн ярилц-лагадаа дурдсан байсан. Харин одоо Монгол Улсын өмнөх гурван ерөнхийлөгчийн тухайд юу хэлэх вэ?

-Тэр 11 Ерөнхий сайдын хувьд Да лам Цэрэнчимэд гуайгаас эхлээд тэр хүний хувьд нэгдсэн Монгол Улсаа байгуулна гэсэн бодлогод хатуу зогсч хойд, урд хөрштэйгээ санал зөрөлдөж байсан. Энэ байдал үргэлжилсээр яваад хүний гарт нухуулсан. Түүнээс хойш манай Ерөнхий сайдуудыг гадна, дотноос оролдож байсан. Тэгэхдээ ардчилсан хувьсгалын ач буянаар Монгол Улсын төрийн тэргүүнийг ямар ч байсан гадагш нь аваад явчихаагүй. Тийм ёс тогтсон юм. Гэхдээ анхны Ерөнхийлөгчийн үеэс эхлээд МАХН буюу одоогийн Ардын намынхан Ерөнхийлөгчийн буянгүй болчихож гэдгээ харуулж байгаа. Анхны Ерөнхийлөгчтэйгээ тэрсэлдэж, нэр дэвшүүлэхгүй гэсэн. Гэтэл тэр нь намаасаа гарчихсныг АН нэр дэвшүүлтэл гараад ирсэн. Дараа нь Н.Багабанди Ерөнхийлөгчийг хоёр дахь хугацааны үед нь элдэв өнгөөр гоочлоод л байсан. Тэр хүн одоо улс төрд оролцохоо болиод “Титэм үг” тэрлэж суудаг болсон. Гэтэл гурав дахийг нь шоронд хийлээ. Үүнээс харахад төрийн тэргүүн байсан хүмүүстэйгээ харилцах буян дутаад байгаа юм уу даа, улс төрийн хүчнүүдэд. Би ингэж ойлгож, харж сууна.

-Төрийн тэргүүн байсан хүмүүсийн хоёр нь уул уурхайн компанитай. Ямар нэгэн байдлаар холбоотой ажиллаж байна. Үүнийг зарим хүн “Ямар жишиг юм бол” гэж эргэлзэнгүй ханддаг юм билээ?

-Тэр үнэхээр харамсалтай асуудал.Төрийн тэргүүн байсан хүн эргээд уул уурхайн компаниудтай холбогдох асуудал байж таарамгүй. П.Очирбат Ерөнхийлөгчийн хувьд Монголын уул уурхайн ассоциоцид оччихсон тэдэнтэй нийлээд явж байна. Лицензийн наймаа ид гялалзаж байхад л тэнд ажиллаж байсан. Одоо Цэцийн гишүүн болчихсон сууж байна. Алтны уурхайтай гэж нэг хэсэг шуугиулсан. Түүнийг нь ч би мэдэх юм. Манай нутагт очоод байсан. Одоо тэр нь өөрт нь бий эсэхийг мэдэхгүй. Н.Багабанди Ерөнхийлөгч Оюутолгойн удирдах зөвлөлд ороод сууж байх юм. Мөнгөний талаасаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг төр тэтгээд явчихаж болох байх. Гэтэл бизнес сонгож байгаа нь тэр хүний эрх чөлөө, үзэл бодол, ёс зүйн асуудал. Түүнийг өөрсдөө дүгнэх биз.

-2012 оны сонгууль ойртлоо. 2008 онд санал луйвардсан хэрэг, долдугаар сарын 1-ний асуудал эцэслэгдээгүй байхад дахин сонгууль явуулах гэж байна. Сонгууль өмнөхөөсөө ялгаатай болж чадах болов уу?

-Энэ сонгуулийн хувьд хоёр нөхцөл байдал нэлээд хүндэрнэ. Нэг дэх нь юу гэвэл, Монголын баялагт шунасан гадаадын хөрөнгө оруулагчдын лобби бүлэг энэ сонгуульд урд урьныхаас хүчтэй оролцоно. Нөгөө талаас 2008 оны сонгуульд улс төрийн хүчнүүдийн өгсөн амлалт биелсэнгүй. Ардын намын 1.5 сая төг-рөгийн амлалт хэрэгжсэнгүй, Ардчилсан намын нэг сая төгрөгийн хувьцаа ч шийдэгдсэнгүй. Тэгэхээр олон түмэн итгэл алдарч байна. Гэтэл амлалт дахиад үргэлжилж байна шүү дээ. Ардын намыхан 2016 он гэхэд хүмүүсийн цалинг 1.3 сая төгрөгт хүргэнэ гээд л дахиад амлалт гаргалаа. Одоо төрийн албан хаагчдын дундаж цалин 300 мянган төгрөг байна гэж бодоход түүнийгээ 2-4 дахин нэмэх тухай ярьж байна. Гэтэл хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн орлого нэмэгдэж чадах уу гэдэг асуудал гарна. Ингээд бодоход худал амлалтаар ард түмнээ мэхлэх явдал үргэлжлэх юм шиг байна. Хэрэв ийм байдлаар сонгууль болвол будлиан гарахгүй гэх нөхцөл алга. Сонгуулийн үр дүнг будлиангүйгээр тоолж гаргах механизм шийдэгдсэнгүй. Сонгуулийн хууль гэж баахан маргалдаж, маргалдаж саналыг машинаар тоолох тухай ярьж байснаа бүтэхээ байлаа гэсэн. Гараар тоолж багц багцаар будлиан тарьдаг явдал хэвээр үргэлжлэх хандлагатай болчихлоо.

-Манай улс нүүрсээ 250 ам.доллараар зарж урьдчилгаа авсан. Дахиад ч бас мөнгө авсан. Түүнийгээ 21 мянган төгрөгийн эх үүсвэр болгоод тараачихсан. Хоёр нам халамжийн хууль батлахаасаа өмнө сонгуулийн амлалт өгөхгүй, ийм хууль батлахгүй байхад санал нэгдэе. Энэ бол улс орныг хөгжүүлэх боломжит хувилбар биш гэж ярьсан. Гэтэл Ардын нам бага хурлаараа 21 мянгын халамжийг үргэлжлүүлье гэж ярьчих шиг болох юм?

-Наадах чинь цэвэр сонгуулийн асуудал. Үргэлжлүүлэх эдийн засгийн ямар ч боломж байхгүй гэдгээ өөрсдөө ойлгож байгаа шүү дээ. Түрүүчийн 70 мянгыг “Айвенхоу Майнз”-аас авсан мөнгөөрөө тараасан. Гэтэл сая Хятадаас урьдчилж зээл аваад 21 мянгыг өгчихлөө. Одоо дахиад мөнгө зээлэх тухай ярьж байна. Ингэж улс төрийн асуудлаа гаднын мөнгөөр шийддэг улс орон дэлхийд ховор байх. Би байхгүй байх гэж бодож байна. Үүнээс харахад Ардын намынхан ямар ч хамаагүй байдлаар төрийн эрхийг авахад улайрч байгаа нь харагдаж байгаа. Энэ улс төрийн хүчин ер нь эерэг үүрэг гүйцэтгэх чадвараа алджээ. Буух цаг нь болчихож гэхээс өөр хэлэх үг алга. Монголчууд үүнийг ойлгох байх гэж найдаж сууна.

-Монголын 2.7 сая иргэнийг асуухгүйгээр маш их хэмжээнйи өрөнд унагаж байна гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Хойч үеэ өөрсдийн эрх ашгийнхаа барьцаа болгоод тавьчихаж байна. Ардын намынхан өөрсдийгөө залж, ямбалахын тулд ингэж байна шүү дээ. Би түрүүнд хэлсэн. Энэ улс төрийн хүчин нийгэмд эерэг үүрэг гүйцэтгэж чадахгүй.

-Хэдийгээр ийм боловч улс төрийн гуравдагч хүчин манайд гарч ирж чадахгүй олон жил боллоо. Хоёр нам ээлжилж эрх барьж ирсэн. Юутай холбоотой юм бол?

-Монголд улс төрийн хүчний орон зай бий юу гэвэл бий. Хамгийн наад захын жишээ хэлэхэд, байгаль орчноо хамгаалах, байгаль орчинтойгоо хамт хөгжих Монголын ногооны улс төрийн хүчин үгүйлэгдэж байна. Энэ талаа авч үзвэл, Иргэний зориг ардчилсан үзэлтэй нам байсан бол Ногоон намын нэг хэсэгтэй нийлж ИЗ-НН-ыг байгуулаад болох байсан. Ц.Нямдоржийн асуудал, Н.Энхбаярыг баривчилсан талаар энэ намын илэрхийлж байгаа байр суурийг харахад үндэсний улс төрийн хүчний хэмжээнд төлөвшилд хүрээгүй гэдэг нь харагдаж байна. Дэндүү хөөрхийлэлтэй байдалд байна шүү дээ. Зарчмын байр сууриа жаахан чангахан бариад явбал гуравдагч хүчний асуудлыг шийдэж болох зүйл. Гэхдээ одоогоор Монголын улс төрийн га-жуудлыг засч чадах гуравдагч хүчин үгүйлэгдэж байна. Одоо ганц итгэл, найдвар 1990 онд ардчиллын тугийг өргөж явсан Ардчилсан холбоогоо эргэж харах байх даа.

-МАХН гуравдагчийн өнцгөөс гарч ирсэн нь болж өнгөрсөн үйл явдалд нөлөөлсөн гэж зарим хүн үзэж байна?

-Тэр ч тийм. МАХН-д олонхи болох хүч байхгүй. Гэхдээ МАХН Ардын намын дампуурсан ноёрхлыг бууруулахад хүчтэй үүрэг гүйцэтгэж болох байсан. Одоо УИХ-ын гишүүд МАХН-д орж байна. Тэнд улс төрийн хүчтэй цөм бий болох найдвар бий.

-Хятадын “Винсвей” нүүрсний зах зээлийг атгачихсан. Мөн хилийн цаана боловсруулах үйлдвэрүүд барьсан гэлцдэг. Гэхдээ яг барьсан гэсэн мэдээлэл дуулдаагүй. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна?

-Интернэтийн хэмжээнд мэдээлэлтэй байгаа. “Винсвей” Монголын нүүрсний нийлүүлэлтийг бүхэлд нь барьж байгаа нь үнэн. Өөрсдөө нүүрсээ нийлүүлж болох байтал хүнээр дамжуулдаг нь яаж байгаа юм бэ. Бодвол цаад талд нь том хуйвалдаан байдаг. Түүнийг л харуулж байгаа. Нөгөө талаас тэд Нарийн сухайтын боомтын цаад талд бүхэл бүтэн туузан дамжуулагч барьсан. Хилийн хамгаалалтын шугамд гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулна гэж юу гэсэн үг вэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь юугаа харж байсан юм бэ. Хил хамгаалах газар нь ч юугаа хамгаалж байсан бол таарах вэ. Энэ дэндүү харамсалтай асуудал. Их хурлын гишүүд нь тэнд очоод орж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь хэний нутаг дээр юу болоод байгаа юм бэ. Эндээс харахад “Винсвей” компанйин асуудлыг тусад нь сөхөж, томоор тавихгүй бол Монголын бүрэн эрхэд шууд заналхийлсэн, хутгалдсан болоод байгаа юм. Аягүй бол манайхан цаад талд нь оролцоод цохиж л яваа. Оюутолгойн асуудлыг шийдэхэд хэдэн сайдууд нь гүйлдээд л, Сангийн сайд нь орчихсон явж байсан. Миний бодоход авлигатай тэмцэхийг чухам үүнээс эхэлсэн бол улс орондоо ч өгөөжтэй байсан, ард түмэн ч ойлгох байсан. Гэтэл ном хэвлүүлж, телевиз байгуулсан ч гэнэ үү нэг жижиг асуудал яриад Ерөнхийлөгч байсан хүнээ шоронд хийгээд сууж байгаа нь хөөрхийлөлтэй харагдаж байна. Улс орноо худалдсан хүмүүс наана нь эрхтэн дархтан болоод сууж байна шүү дээ.

10 БИШ ХОЁРХОН ҮЙЛДВЭР БАРЬЧИХАД Л ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЭД ИРНЭ -Монгол орон баялаг. Хаа сайгүй алт, зэс, нүүрс тонн, тонноор гарч байна. Зөвхөн Оюутолгой, Таван-толгойгоо ашиглаад бусдыг нь хаачихаж болдоггүй юм болов уу?

-Оюутолгойгоос Монголд юу ч үлдэхгүй, тэр дундаас нэг грамм алт ч үлдэхгүй. Бүгд баяжмал хэлбэрээр урагшаа ачигдаад гарна. Харин түүнээс олсон ашгаасаа Хятадаас эргүүлээд худалдаж авах тухай яриа гарч мэднэ. Уул уурхайн баялагаа бүрэн ашиглавал өгөөжтэй л дээ. 2000 оны гуравдугаар сарын 14-нд Японы Элчин сайд Танада надад “Ганцхан Эрдэнэтийг Японы технологиор боловсруулбал, монголчуудын амьдралыг Японы төвшинд хүргэж болно гэсэн тооцоог ах нь хийлээ” гэж хэлж байсан. Түүнээс үзэхэд нэг их олон уурхай ухаж, сэндийчих шаардлагагүй. Жаахан эрүүл ухаанаар хандах юм бол зөвхөн боловсруулсан бүтээгдэхүүн гадагш нь гаргана, түүхий эдээ болвсруулна гэсэн бодлого баримталбал зөв байх.

-Боловсруулсан бүтээгдэхүүн гаргана гэхээр хөрөнгө мөнгө, хүн хүчний асуудал гэдэг шүү дээ, манайхан? –

Оюутолгойг бодоод үз л дээ, эхлээд 2.5 тэрбум гэлээ, дараа нь гурван тэрбум гэлээ, одоо зургаан тэрбум гэж ярьсан. Нэг ёсондоо Оюутолгой арав гаруй тэрбумаар босч байна. Манайхан 34 хувийг нь эзэмшинэ гэж баялгаа бусдад найр тавьж өгөөд гурван тэрбумын өрөнд орлоо шүү дээ. Тэр гурван тэрбумын нэгээр нь .Оюутолгойн зэсийг хайлуулах үйлдвэр барьж болно шүү дээ. Нөгөө талаас, Дорнодын нефтийг аваад үзье. Нийт дөрвөн сая гаруй тонн нефть урагш гаргачихлаа. Гэтэл эндээ боловсруулах үйлдвэр барихад 800 сая ам.доллар л хэрэгтэй. Жил болгон 800 сая ам.доллар бэлнээр нь барьж, Оросоос шатахуун гуйж авдаг. Түүний оронд нефтиэ өөрсдөө боловсруулж, дотоодын хэрэгцээгээ хангачихаад үйлдвэр барьж болно. Энэ асуудлуудаа зориуд шийдэхгүй байгаа юм. Одоогийн төр, засаг Сайн-шандад нефтийн, зэсийн үйлдвэр барина гээд баахан худал ярьж сүржигнэсэн. Үүний цаана нефтийн үйлдвэр барихгүй гэсэн том сонирхол явж байгаа. Ардын намын бизнесмэнүүд бүгд нийлээд корпораци болчихсон нефтийн чиглэлд ажиллаж байгаа. Гаднаас нефть оруулах наймаагаа хийхийн тулд дотоодын үйлдвэрүүдээр Эрдэс, баялаг, эрчим хүчний яамныхан явж бойкот хийгээд сууж байна. Дотоодын хөрөнгө оруулагч нь “Бид юм гуйхгүй, өөрсдөө хөрөнгөө гаргая” гэж байхад төрийн байгууллага зөвшөөрөл өгөхгүй гурван жил болж байгаа. Энэ бол Монголын эдийн засгийн эсрэг санаатай явуулга. Монголын эдийн засгийн алуурчид бий болчихсон байна, цаана чинь.

-Ардын намын мөрийн хөтөлбөрт 10 мянган үйлдвэр барина гэсэн байна лээ?

-Энэ бол сонгогчдоо доромжилсон, юм мэдэхгүй гэж басамжилсан амлалт. Түүний оронд зэс хайлуулах, нефть боловсруулах үйлдвэр барьчихвал эдийн засаг сэргээд ирнэ. Нефтийн үйлдвэр өөрийгөө цахилгаанаар хангачихна шүү дээ.

Ө.БАТХҮҮ  Ч.ОЛДОХ


URL:

Сэтгэгдэл бичих