Г.Жигжидсүрэн: Архи гээч зүйл үндэстнийг ч мөхөөх аюултай

Монгол Улсын ардын жүжигчин, найруулагч Гомбожавын Жигжидсүрэнтэй ярилцлаа.

-Тантай уран бүтээл болоод урлагийн тухай багагүй хөөрөлджээ. Харин энэ удаа арай өөр сэдвээр ярилцах гэсэн юм. Манай сонин  архидалтын эсрэг аян өрнүүлсэн. Зах зухаас нь та гадарлаж байгаа байх. Үүнд ямар бодолтой явдгийг тань эхлээд сонирхмоор байна?

-Уран бүтээлчийн талаас зүрх сэтгэлийг минь олон жил зовоож, тарчлааж, зарим үед уйлмаар болгодог зүйл Монголд нэвтэрчихээд байгаа архидалт. Энэ тухай би маш эртнээс бодсон, шаналсан. Үүний нэг том баталгаа уран бүтээл минь. “Хүний амь” гэж миний нэг кино байдаг. Одоогоос 35 жилийн өмнө хийгдсэн юм. Түүнд архидалт газар авч байгааг анх хөндсөн байдаг. Орчлонд хамгийн үнэтэй зүйл хүний амь юм гэх ойлголтыг нийгэмд төрүүлээд, хүнийг хүн биш араатан болгож, оюун ухааныг нь мунхруулж байгаа аюулт дайсан архины хор хөнөөлийн талаар өгүүлсэн. Архитай аль тэртээ далаад онд ингэж анх уран бүтээлээрээ тэмцсэн учир танай сонины явуулж буй бодлого загатнасан газар минь маажих шиг боллоо. Үүнийг хоёр гараа өргөн дэмжиж байна. Гэхдээ дэмжинэ гэдэг нэг хэрэг. Харин яаж хэрэгжүүлэх вэ гэдэг өөр хэрэг. Хэвлэл мэдээллийнхэн үүнд дуу хоолойгоо нэгтгэх ёстой л доо.

-Хэвлэл мэдээллийнхэн гэснээс нэг зүйлийг тодруулъя. Та Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлч. Гэтэл манай телевизүүд ерөөсөө хавтгайрсан архидалт, зугаа цэнгэл, найр наадам л гаргаад, олон нийтэд сурталчлаад байгаа?

-Наадах чинь үнэн. Арилжааны гэх тодотголтой телевизүүд архийг арай дэндүү сурталчилж байна. Манай телевиз олон нийтийн гэх тодотголтой учир архи сурталчилж болохгүй л дээ. Бид уламжлалт баяруудыг тэмдэглэж болно. Гэхдээ эх захгүй архиддагаа, баяраар далимдуулж шоу цэнгээн зохион байгуулдгаа жаахан  хязгаарлахгүй бол болохгүй нь. Арай дэндлээ. Манайх Бөхийн өргөөний хажуу талын байранд аж төрдөг. Тэнд аймгуудын сар шинийн золголт гэж нүсэр юм бараг л өдөр бүр болж байна аа. Ус нутгийнхан уулзаад золгож болно. Гэвч уулзалтаас гарч явааг нь харахад ихэвчлэн гуйвж дайвсан хүмүүс л байх юм.

Өөрчлөлтийг өөрөөсөө гэж үг бий. Хүн бүр архи гээч зүйлтэй тэмцэж, хор уршгийг нь ойлгож, жигшиж байж дараа үеэ тэгж хүмүүжүүлнэ. Түүнээс хичнээн хэлж яриад, сургаал айлдаад, хууль дүрэм боловсруулаад нэмэргүй. Үр хүүхэд, ирээдүй хойчоо одоо л архинаас холдуулахгүй бол Монгол Улс мөхлийн хэмжээнд хүрэх нь байна шүү.

-”Хүний амь” кинонд архины хор хөнөөлийн талаар тусгасан. Тухайн үед нийгэмд цочрол өгсөн болов уу?

-Уг киног үзэл суртлын хатуу цаг үед хийсэн. Соёлын яамны удирдлагууд үзчихээд “Социалист нийгэмд хүн хүнээ хөнөөж байгаа, архичдыг үзүүлсэн ийм кино гаргаж болохгүй” хэмээж байв. Харин уг бүтээлийг эхнээс нь дэмжиж, яамны хурал дээр хүртэл хамгаалж байсан хүн бол тухайн үеийн НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга, хошууч генерал Бүдрагчаа гуай юм. Тэр хүний хүчээр уг кино дэлгэцэнд гарсан түүхтэй. Бүдрагчаа гуай кино гарсны дараа таарчихаад “Чи бид хоёрын олонд хүргэх гэж зүтгээд байсан кино нийгэмд багагүй нөлөө үзүүлжээ. Архи дарсны хор уршгийг аль ч түвшний хүмүүсээс ойлгох  нэг нь ойлгожээ” гэж хэлж байлаа. Тэгэхээр ямар нэгэн хэмжээгээр нийгэмд үр нөлөөгөө үзүүлсэн болов уу.

-Баярын үеэр телевизүүд эх захгүй архидалт, хавтгайрсан найр үзүүлж байгааг та харсан л байх. Дурсамж дурдатгалын, хүний оюун ухаан, авьяас билгийг дээдэлсэн нэвтрүүлэг гарахаа болжээ. Телевизийн уран бүтээлчийн хувьд үүнд ямар хариулт өгөх бол?

-Бүх сувгаар даргатай, цэрэгтэйгээ хундага тулгаад гарч байгааг харсан. Харахаас ч яах юм. Ямар нүдээ анилтай биш. Анзаараад байх нь ээ, баярын үеэр ялангуяа шинэ жилээр шилдэг болоогүй байгууллага, шагнал аваагүй хүн гэж ховор болжээ.

Ер нь шагнал гэснээс та бүхэн анзаардаг л байх. Ямар нэг хүнийг шилдэг, тэргүүнээр тодруулж байгаа нь цаанаа цэвэр бизнесийн л ажил.

Удахгүй эмэгтэйчүүдийн баяр болно. Монголын бүх л салбарын бүсгүйчүүд шилдэг гэсэн тодотгол зүүнэ. Эмэгтэйчүүдийн нэг байгууллагаас над руу сүрхий ярилаа. Ээжид тань өргөмжлөл өгье гэж. Түүнээ ижийдээ очоод хэлтэл их баярлаж байна. Ингээд тухайн ёслол яг болохын өмнө зохион байгуулагчдаас яриад мөнгө нэхдэг юм. Ижийдээ хайртай бол та өг гэж байна. Өгөхөөс ч аргагүй байдалд хүрлээ. Ижийдээ очоод таныг шилдэг болгохоо больжээ гэлтэй биш. Манайхан ингэж л өвгөд хөгшдөөрөө бизнес хийдэг юм байна л даа. Өнгөн дээрээ баахан архидалт харагдаад байдаг. Цаанаа болохоор мөнгө төгрөгтэй холбоотой асуудал яригдаад байдаг.

-Тантай ижил ардын цолтон, урлаг соёлын лидер (Н.Жанцанноров, Б.Лхагвасүрэн)-үүд архи сурталчлаад байгаа. Үүнийг юу гэж ойлгох вэ?

-Наад асуудлаар чинь Б.Лхагвасүрэн бид хоёр саяхан яриад сууж байлаа. Түүн дээр архи дарс сурталчлуулах гэсэн хүмүүс их ирдэг юм байна. Тэр бүгдийг шууд буцаадаг болсон гэж байна лээ. Учир нь тэр “Монгол стандарт тогтооё” гэх рекламд архитай холбоотойг нь мэдэхгүй оролцчихсон байгаа юм. “Түүнээс хойш би гэнэдэхээ больсон” гэж байсан. Архины сурталчилгаа гэж хэлэхгүйгээр олны танил эрхмүүдийг рекламанд тоглуулчихсан юм билээ. Тийм нэг жишиг манайд хэдийнэ тогтчихсон. Архины үйлдвэрүүд их эзэн Чингэс хаанаасаа аваад хаад ноёд болон ард түмний сэтгэлд хоногшсон өлзий дэмбэрэлтэй үгсээр архиа нэрлэх нь бий. Юу нь үл мэдэгдэх реклам телевизийн сувгуудаар зогсоо зайгүй явах юм бол архи гэдэг нь ойлгогддог болоод байгаа.

-Монголчууд архинд ингэж их хавтгайрах болсон нь юутай холбоотой хэмээн та бодож байна?

-Хэзээнээс архинд ингэтлээ донтох болсныг сайн мэдэхгүй юм. Сархад гээч зүйл түүхийн ямар ч цаг үед байсан л зүйл. Оросуудтай нөхөрлөх болсон тэр үеэс монголчууд архинд ингэтлээ дурлах болсон болов уу гэж боддог юм. Миний хувийн л бодол шүү дээ. Аливааг угаах буюу ууж иднэ гэдэг ойлголт орос жишиг шүү дээ. Харин миний бие Орост таван жил суралцахдаа архи ууж сураагүй юм. Хүмүүс битгий худлаа маяглаад бай гэдэг. Үнэхээр тийм. Оросууд тэгтлээ их архинд дурлах болсныг дэлхийн нэг, хоёрдугаар дайнтай холбож ойлгодог. Ялангуяа хоёрдугаар дайнтай. Хоёрдугаар дайнд хань ижил, үр хүүхдээ, садан төрлөө алдаагүй гэр бүл байхгүй байж. Бүгд л уй гунигт автсан байж. Мөн шунган ирж буй сумны өөдөөс орос цэргүүд “ура” хашгираад дайрахдаа архины хүчинд л явж байсан гэдэг. Тэр тухай Жуковын дурдатгалаас уншиж байлаа. Оросуудын гунигаа тайлж, баяраа хуваалцаж байхдаа хүртдэг байсан архидалтыг монголчууд шууд л хуулбарласан шиг санагддаг. Архитай холбоотой нэг айхтар зүйл ихэд бодогддог боллоо.

-Юу тэр вэ?

-Үндэстнийг устгахад архийг хэрэглэдэг юм байна. Улс төрийн юм уу, цэргийн юм уу, дээд бодлогын түвшинд хэрэглээд байх шиг. Ухаандаа Туваг хар, хойд Буриадыг хар. Хамаа замбараагүй архидаад л байсан. Нэг л мэдэхэд бусдын өгөөш болчихоод байна шүү дээ. Ийм аюул манайд нүүрлээд байгааг хаана хаанаа бодолцохгүй бол болохоо байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч архины эсрэг тэмцэж байгаад уран бүтээлчийн хувьд, иргэний хувьд маш зөв зүйтэй алхам хэмээн талархан дэмжиж байна аа.

Н.ГАНТУЛГА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих