Даатгал нэртэй төрийн луйвар хэдий болтол үргэлжлэх вэ?

Хүний хөгжил сан”- гаас нийгмийн даатгалын санд есөн тэрбум төгрөг суулгаж өгөхөөр болсон нь хангалттай хөрөнгө оруулалт гэж Сангийн сайд хэлэв. Уг нь энэ дансанд 346 тэрбум төгрөг төлөх ёстой. Есөн тэрбум болон бараг 400 тэрбум хоёрын хооронд хэчнээн хол зөрүү байгааг хэн ч ойлгоно.

“Хүний хөгжил сан”- гаас сар бүр 21 мянган төгрөг хүртэх ч шаардлага алга. Учир нь энэ мөнгө бидэнд ямар үр дүн өгөх вэ. Хамгийн хямд “Атар” талхны үнэ хүртэл 1000-д дөхчихөөд байна. Тэгвэл энэ мөнгө хорин талхны л үнэ болж таарлаа. Түүнээс гадна хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг, архиддаг, хувцасладаг хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй эцэг, эх байгааг мартаж болохгүй билээ. Энэ тохиолдолд өнөөх 21 мянга маань хүүхдээс хэтэрхий холуур тойроод өнгөрч байна. Тэгвэл одоо яах вэ.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.3-т “Иргэнд хувь, хишиг хүртээхдээ хүртээмжтэй, тэгш, шударга, үр ашигтай, олон нийтэд ил тод байх зарчим баримтална” гэжээ.

Сангийн яамны 100 жилийн ой хэмээн С.Баярцогт сайд сэтгүүлчидтэй уулзалт хийхдээ “Монголчууд баяжихад бэлдээрэй” хэмээн сануулга өгсөн. Сайдын хэлээд байгаа өнөөх бэлтгэл нь хууль хэрэгжсэн цагт хангагдах нь тодорхой. Үндэстэндээ сар бүр өгч байгаа энэ хувь хишиг нь хуримтлал болох учраас тэрээр ийн хэлсэн биз.

Өнгөрсөн онд нийгмийн даатгалд 576 мянган хүн шимтгэл төлж, даатгуулагчаар бүртгэгдсэний 61 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, үлдсэн нь төсөвт байгууллагынх байжээ. Харин нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 360 тэрбум төгрөгт хүрснийг дээр дурдсан. Гэтэл 2010-2013 онд багтаан энэ мөнгийг төсвөөс гаргаж, даатгалыг бие даалгахаар болсныг эргэцүүлье.

Энэ мөнгө одоо хэр нь төлөгдөөгүй. Тэгсэн хэр нь энэ онд улсын төсөв анх удаа гурван их наяд төгрөгөөр тоологдож байна гэж дарга нар хэлэх үгээ олохгүй шагширцгааж байна. Тайваний үндэсний Ян мин их сургуульд эрүүл мэндийн даатгалын удирдлагаар суралцаж буй оюутан Э.Хүдэрбат “Эрүүл мэндийн даатгалтай хүн Тайваньд хоёр ам.доллараар шүдний бүх эмчилгээ хийлгэдэг” гэж ярьсан. Ийм л даатгал Монголчуудад хэрэгтэй байна. Тиймээс иргэд өөрсдөө хувь, хишгээ яагаад давхар даатгал бий болгоход зарцуулж болохгүй гэж.

Төрд даатгалаа төлөхийн хажуугаар давхар өөрсдөө хувийн даатгалын компаниудад даатгуулах боломж иргэдэд нээлттэй байна. Яагаад манай ахмадууд барууны орны хөгшчүүл шиг хувийн даатгалын томоохон компаниудад даатгуулсныхаа хүчинд өндөр тэтгэвэр авч, эсвэл төрөөс олгож байгаа тэтгэврээс гадна илүү их хуримтлал үүсгэж болдоггүй юм бэ.

Азай буурлууд маань, бас одоо даатгалд шимтгэл төлж байгаа залуучууд даатгалаараа хүссэн зүйлээ хийх боломж үнэндээ зөвхөн гадаадынханд заяасан “аз” биш гэдгийг төр нь Монголчуудад ойлгуулахыг хүсэхгүй байгаад л хамаг учир байна.

Яагаад ганц төрд даатгуулсан нэр зүүгээд, төр нь даатгасан нэрээр луйвраа үргэлжлүүлэх ёстой гэж. Үнэн хэрэгтээ ард нь ажил олгогч, хөдөлмөрчдийн хөлсөө дуслуулж олсон мөнгө төрийн халаасыг ийн түнтийлгэж байна. Бүх зүйлийг нь төр хариуцдаг энэ тогтолцоо хэзээ арилах вэ?

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих