Ажил байна. Харин бид гологдоод байна

Колумбийн их сургуулийн эдийн засагч Жеффрей Сахын тэмдэглэснээр XVII зуунд шинжлэх ухааны хувьсгал гарах хүртэл хаана ч хүмүүс зөвхөн амин зуулгынхаа төлөө амьдарч байлаа. Харин дараалсан гурван шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжлийн үр дүнд зөвхөн амин зуулгаа бодох нь хүмүүсийн амьдралын хэм хэмжээ байхаа больжээ.

Машин, багаж хэрэгсэл, цахилгаан, компьютер, программ хангамж, интернэтийн сүлжээ нь аж үйлдвэрлэлийн хувьсгалыг, төд удалгүй үйлдвэрлэлийн дараах ажил үйлчилгээний хувьсгалыг эхлүүлсэн юм. Ингэснээр хувь хүн нийгэмд илүү бүтээгч хүчин болж амин зуулгын сэтгэлгээгээ ахиулжээ. Хөдөлмөрлөж бүтээх ухамсар хүн төрөлхтнийг хөгжүүлж, баялгийг бүтээж, биднийг адилтгахын аргагүй ондоошуулсан байна. Өдгөө амин зуулгаа дээд зэргээр эрэмбэлсэн нэгэн тэрбум тэрбумаар тоолох хөрөнгө эзэмшиж, нийгмийг, хүмүүсийг аясаараа хөдөлгөх эрх мэдлийг атгаж суухад нөгөө нь түүний гүйцэлдүүлэгч болсон нь хоёр туйл гэлтэй.

Бидний ажил, орлого ганц амин зуулгын хязгаар биш нийгэмд эзлэх байр суурь, зэрэг зиндаа, сайхан амьдралыг тодорхойлогч юм. Тиймээс ажлын байрны төлөөх өрсөлдөөнийг “дайн”-ы талбар дахь тэмцэлтэй зүйрлэж болно. Хэдийгээр мэдлэг боловсрол үргэлж чухалд тооцогдож ирсэн ч харин хэзээ ч өнөөдрийнх шиг чухлын чухлаар хөндөгдөж байгаагүй юм шиг. Цаг, минутаар хэмжигдэх хөгжлийн хэмнэл сатаарах, зогсосхийх боломжгүй урагшлах нь ямар цаг үед аж төрж буйг сануулна. Хөдөлмөрийн зах зээлд өнөөдөр амин зуулгаа залгуулах гэсэн мэргэжилгүй голдуу ажилгүйчүүд давамгайлж байхад нөгөө талд чадварлаг мэргэжилтний эрэлд гарсан ажил олгогчид бий.

Энэхүү хэрэгцээ шаардлага дунд өндөр цалинтай ажил эрхлэх хүсэлтэй чадварлаг мэргэжилтнүүд багахан хувийг эзэлнэ. Нэгэнтээ монголчууд мэргэжлээ ганзагын наймаагаар сольж байсантай харьцуулахад өнөөдөр ажил мэргэжлийн үнэ цэнэ эргэлтэд оржээ. Зурвас үед дээд боловсрол эзэмшвэл ажилтай байна гэсэн ойлголт ноёлсон нь хөдөлмөрийн зах зээлийг дипломтой ажилгүйчүүдээр дүүргэсэн юм. Бас л нэгэн сургамж. Одоо мэргэжилтэй ажилтан үнэд орж, ажил олгогчид чадварлаг мэргэжилтний эрэлд гарав. Ирэх жилүүдэд 40 мянган ажлын байр бэлэн зэхээстэй хүлээж байна. Энд та багтах ёстой. Энэхүү жагсаалтаас та Монголд хамгийн эрэлттэй буй 20 мэргэжлийг харж болно.

Ажил мэргэжлийн нэр

Далд ба ил уурхайчин
Хүнд даацын машин, том тэрэгний жолооч
Тариаланч ногоочин
Энэ ангилалд ороогүй үйлдвэрийн бусад ажилтан
Загасчин, түүгч/хураагч
Барилга угсралтын туслах ажилтан
Зочид буудал, албан контор, бусад байгууллагын цэвэрлэгч, туслагч
Үйлдвэрлэлийн ажилтан
Газар шороо, зам засварын болон түүнтэй адилтгах машины операторч
Бараа танилцуулан худалдаалагч
Уул уурхайн инженер, металлургич, холбогдох бусад мэргэжилтэн
Иргэний барилгын туслах ажилтан
Шаварчин, засалчин
Иргэний барилга байгууламжийн инженер
Сургуулийн өмнөх боловсрол олгох багш, сурган хүмүүжүүлэгч
Нарийн мужаан, холбогдох бусад ажилтан
Барилгын болон бусад цахилгаанчин
Зөөгч
Ерөнхий мэргэжлийн их эмч
Уурхай, металлургийн техникч

Монголын мянганы сорилын сангийн техник мэргэжлийн боловсролын төслөөс хийсэн судалгаанд 11 салбарын 1323 байгууллага хамрагджээ. Эндээс ойрын жилүүдэд Монгол Улсад өрнөх бүтээн байгуулалт, үйлдвэржилтэд ямар мэргэжилтэн түлхүү гар бие оролцох нь харагдана. Уул уурхайд түшиглэн ДНБ-ий хэмжээг хэд дахин өсгөж иргэдийнхээ амьжиргааг өөд татах гэж буй энэ үед нарийн мэргэжилтэй сэхээтнүүд, мэргэжилтэй ажилтан моодонд орлоо. Харин эрэлттэй мэргэжилтнүүдийн хүртээмж тун бүрхэг. Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, ажлын төлөвлөгөө баталж, салбар хороод байгууллаа.

Иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд төр тулхтай анхаарал тавих нь. Юун түрүүнд төсөл хөтөлбөрийн үр дүнд хэчнээн ажлын байр бий болж байгаа, ажилгүйчүүдийн тоо ямар байгааг нарийвчлан судлах үүрэг даалгавар өгчээ. Too бол тоо. Ямар ч тоо гарч болно. Ажилгүйчүүд хэд байгаад ч мэргэжилгүй, хийж чадах зүйлгүй, ажиллах чин эрмэлзэлгүй бол ажилгүйдэлд цэг тавьж чадахгүй. Ажил олгогчид хэчнээн ч ажлын байр зарлаад нэмэргүй. Манайхан ажил олдохгүй байна гэдэг ч үнэндээ бол ажил их байна аа, цаана чинь. Даанч бид гологдоод байна. Жишээ нь, “Говь” компани 300 хүн сургаж ажилд авах зар гаргахад ганц хүн ирээгүй гэдэг яриа Ерөнхий сайдыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр дуулдсан.

Ерөнхий сайд мэдээлэл ил тод, ойлгомжтой бус байна гэж шүүмжилсэн ч мөнөөх хөдөлмөрийн биржүүд, ажилгүйчүүд хаачив аа. Ямар идэвх чармайлтгүй юм бэ? Монголчууд маань дэндүү бэлэнчлэх сэтгэлгээтэй. Бас өөрчлөгдөшгүй залхуу. Ажилгүй нэгэнд ажил олоод өгөхөд шууд л өндөр цалин нэхнэ. Ажил тасална, хоцорно, хулгай хийнэ, худал ярина. Хөдөлмөрийн бүтээмж, цаг ашиглалт, хариуцлагаа ухамсарлах чадвар маш сул байдгийг ажил олгогчид шүүмжилдэг. Тийм ч учраас ажил олгогчид хариуцлагатай, чадвартай, найдвартай ажилтан олж авах нь өвсөн дундаас зүү хайхтай адил болжээ. Хэвлэл мэдээллийн салбараар жишээлье л дээ.

Сонин, телевизийн тоо олшрохын хэрээр сэтгүүлчийн эрэлт ихэссэн. Сэтгүүлч бэлтгэдэг олон сургууль бий ч харамсалтай нь, мэргэжилдээ тэнцэх сэтгүүлч ховорхон төгсөж буй гэнэ салбарынхан хүлээн зөвшөөрөх биз ээ. Авхаалжтай, мэдрэмжтэй, мэргэжилдээ дуртай залууст өргөн боломж нээлттэй. Төрийн болоод төрийн бус байгууллагуудаас эхлээд гадаадынхан, шашныхан хүртэл ажилгүйчүүдэд тусалж л байна. Гэтэл олонх нь тун анхиагүй гэнэ лээ. Мэргэжил олгох сургалт явуулахаар төд удалгүй алга болдог, техник хэрэгслийг нь эвдэлж, хулгайлаад зугтах нь ч байдаг аж. Ажилгүйчүүдийг давраах нөхцөлийг төр өөрөө бүрдүүлж өгчээ. Элдэв бусын мөнгөн халамж залхуучуудад хөнгөн амьдрах нөхцөл бүрдүүлж буйг үгүйсгэхгүй. Хүүхдийн 3000 төгрөг өгч байхад хөдөөд төрөлт нэмэгдэж, өгөхөө болиход багассаныг эмч нар ярьж байна.

Нэгэн засаг дарга сумынхаа хэдэн ажилгүй залууг жорлонгийн нүх ухуулах гээд бүр ядсанаа ярьсан. Нэг бол архидаад, нэг бол залхуураад байна гэнэ шүү. Иймэрхүү ажил голдог атлаа хийж чаддаггүй, аав ээжийнхээ тэтгэврээр тэжээлгэсэн, архи угжаастай залуус олон. Тэгэхээр “Ажил олдохгүй байна. Засаг надад ажил өгсөнгүй” гэж нэхэгсэд нэгийг бодох ёстой юм. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр ажилгүй алхаж яваа танд их учир байна аа гэсэн үг.

Л.Эрдэнэмаа


URL:

Сэтгэгдэл бичих