Цаазгүй ерөнхийлөгч, цайгүй экс, байргүй улстөрч, баялаггүй сайд…

Сонгууль дөхөхөөр юу эс болно гэх вэ… Саяхан л таван залууг буудаж алчихаад олимпийн аваргаа угтахдаа тэврэлдэн баярлалдсан эрхмүүд өнөөдөр бүгд тусдаа, бүгдээрээ үнэнч, шударга хүмүүс болчихож.

Үнэндээ тэдний хэнд нь ч итгэхийн аргагүй санагдана. Бүтэн хорин жилийн турш Монгол хэмээх жижигхээн гэрийн буурин дороос олдсон авдрын дайтай алт эрдэнэсийг эд нар нааш цааш нь цувчуулж өнгөрөв. Сонгуулийн өмнө талцаад хоёр талд гарчихна, сонгуулийн дараа нэгдээд нэг хөнжилдөө орчихно. Монголчууд бид ер нь насаараа л тэдний иймэрхүү шоуг үзэж суух хувь тавилантай юм болов уу.
Одоо нэг нь нэгийгээ шоронд хийж, оймсгүй өргөн оддог боллоо. Харин нөгөө нь шоронд өлсгөлөн зарлаж, үхэхээрээ айлгах болов. Бүгд л эх орончид. Төрийн тэргүүний суудалд заларчихсан Ерөнхийлөгч шударга ёс гэж хашгирна. Харин шоронд орсон хуучин Ерөнхийлөгч шударга ёс гэж уриална.
Өнөөх авдрын дайтай алтаа ухаж олсон мөнгөө ард түмэндээ гэсэн нэрийдлээр үр ашиггүй тараагаад өнгөрчихнө. Залуус түүгээр шоудаж, архичид нь ходоодоо баярлуулж, аргагүйдсэн айл нь гэдэс цувдайгаа авна. Харин маргааш тэрхүү хуваарилаад буй их мөнгөнөөс Монголд хэрэгтэй зүйл болсон нь нэг ч үлдэхгүй. Энэ 20 жилийн хугацаанд Монголд нэг өөдтэй томоохон үйлдвэр баригдсангүй. Монголчууд бид ийм юм хийж чаддаг шүү гэж дэлхий нийтэд харуулах, брэнд болгочихоор зүйл ч үйлдвэрлэсэнгүй. Аанай л урдаас бараа зөөж, улсын төсвийн мөнгийг албан тушаалтнууд нь идэж, хүнд суртал гарган, хувийн хэвшлийнхэн өр зээлэндээ баригдаж, Монгол улс авлигын эх орон болж хувирлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч болмогцоо Цахиагийн Элбэгдорж хэмээх эрхэм цаазын ялыг халах тухай яриа гаргасан. Тэгвэл илүү хүмүүнлэг болох юм гэнэ. Хүний амийг хөнөөчихсөн, өчнөөн хүчиндээд, хутгалаад алчихсан хүнийг төрийн мөнгөөр насаар нь тэжээж, шоронд хорих нь их хүмүүнлэг үйлдэл гэнэ. Тэгж байтал экс ерөнхийлөгч нь баригдаад, шоронд өлсгөлөн зарлаад эхэллээ. Тусгай ажиллагаа гэсэн сүртэй нэртэй “нусгай ажиллагаа” явуулсан газрынхан нэг хэсэгтээ л Монголдоо “баатар” болов. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэгсэн. Гэтэл хуучин ерөнхийлөгч хөлдөө гутал ч өмсөж амжсангүй.
Тэгж байтал олон жилийн турш төрд томоохон алба хашсан нэгэн эрхэм өөрийгөө өдий хүртэл орон байргүй явдаг тухай зарлалаа. Тэр байр түрээсэлж амьдардаг юм байна. Оюутан байхдаа айлын хажуу өрөө хөлсөлж, амьдарч байснаа санаад эрхэм улстөрчийн өмнөөс нэгэнтээ шаналж үзэв.
Тэгсэн болоогүй ээ, нэгэн эрхэм сайд томоохон стратегийн ордын хувийг эх орондоо өгсөн тухай зарлалаа. Уг нь хэдэн жилийн өмнө л дөө. Тэр сайдын аав, ээж нь тэр газарт алт эрдэнэсийг тарьчихаагүйгээс хойш Монголын баялаг л даа. Энэ мэтээр хавар болж, сонгууль дөхөхөөр Монгол улсад есөн шидийн зүйл “гэрэлтэж” эхлэв ээ.
Тэдний энд тэндээс тусгах нөлөөтэй толинд монголчууд бид тархиа алдаж, худал үгийг мянга хэлэхээр үнэ болдог гэдэг шиг эргээд л молиго үмхэж, эх орон ард түмнийхээ төлөө зүтгэсэн гэж үнэмших ёстой шиг.
Монгол улсынхаа хилийг найдвартай маначихаад хуцаж буй банхар ч тэднээс дээр л санагдана. Тэрнээс шударгын дүрд хувилж, үнэнчийн үлгэр исгэж, эх орончийн баг өмссөн өнөөх л хэдэн үл бүтэх хүмүүсийн үргэлжилсэн урт жүжгийг үзсээр бүр залхаж гүйцлээ.
Цаазгүй ерөнхийлөгч, цайгүй экс, байргүй улстөрч, баялаггүй сайдын тухай яриаг үлдсэн хэдэн хоногт бид өчнөөн сонсож, өөрсдөө аяндаа итгэж, нүдээ аньчихаад тэднээр хөтлүүлэн сонгуулийн байр руу алхах үлджээ…

Р.Гэгээ


URL:

Сэтгэгдэл бичих