Мaкpo эдийн засгийн буруу бодлого Монголыг хямрааж байна

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ядуурлын хэмжээ 1998 онтой харьцуулахад долоохон хувиар буурчээ. 1990-ээд оны сүүлээр ядуурал хөдөө орон нутагт 39.4, улсын хэмжээнд 36 хувьд хүрч тухайн онд бараг 50 хувь хол давахаар байв.

Саяхан Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар “Ядуурал 29.4 болтол буурлаа” гэсэн. Харин 2003-2008 он хүртэл Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсч эхлэв. Харамсалтай нь төрийн түшээдийн тооцоогүй бодлогоос болж төсөвт орж ирж байгаа хөрөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр тарааж, төдөлгүй дэлхийн эдийн засгийн хямрал гэгчтэй золгосон.

УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа ядуурал 10-аад хувиар буурсан гэдэг ч үнэн хэрэг дээрээ олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар ганцхан хувиар буурсан байдаг. Дэлхийн банкны “Өрхийн эдийн засгийн судалгаа”-аар 2003 онд ядуурал улсын хэмжээнд 36.1 хувь байсан бол 2007 онд 35.2 хувь буюу ердөө нэг нэгжээр багасчээ.

Манай улс Мянганы хөгжлийн зорилтод нийт ядуурлыг 50 хувиар бууруулна гэж бардам амласан гэж байгаа. Гэтэл одоогоос дөрвөн жилийн өмнө шинээр хөгжиж буй орнуудын олон улсын чуулга уулзалт болоход хандивлагч нэгэн орноос “Танайх ядуурлаа бүтэн таван жилийн дотор ганцхан хувиар бууруулчихаад хэзээ 50 хувиар бууруулна гэж бид хүлээх вэ” гээд санхүүжилт өгөхөөс татгалзаж байсан талаар хуралд оролцогчид ярьж байсан удаатай.

Энэ бүхний дараа Монголын эдийн засаг хурдацтай өсч эхлэв. Улсын төсөв нь ганцхан жилийн дотор 62 хувиар нэмэгдлээ. Дэлхий даяар Монголын тухай ярилцах болов. Олон улсын валютын сангийн судалгаагаар 2006 онд 62 хувь, 2007 онд 36 хувиар улсын төсөв тэлсэн байна. Гэнэт их мөнгөн дотор хөрвөөх болсон тухайн үеийн Засгийн газар, УИХ-ын эрхэм гишүүд орж ирсэн орлогыг хаана яаж үрэхээ олж ядан нэлээд толгойгоо гашилгасны эцэст нэгэн гайхамшигт санаа сэдэв. Үүнийг “хавтгайрсан халамж” гэнэ.

Тэд иргэдэд хавтгайруулан мөнгө өгснийхөө хариуд улс төрийн эрх мэдэлтэй болно хэмээн санасан биз. Ингээд макро эдийн засгийн бодлогыг нийгмийн халамжид төвлөрүүлжээ. Тэдний сонгодог арга бол хүүхэд бүрт 10 мянган төгрөг, шинээр гал голомтоо бадрааж буй залууст 500 мянган төгрөг, шинээр мэндэлсэн хүүхдүүдэд 100 мянган төгрөг, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд 50-100 мянган төгрөг, тэжээгчээ алдсан 16 нас хүрээгүй хүүхдүүдэд cap бүр 30 мянган төгрөг, түүнийг асран хамгаалагчид нь 24 мянган төгрөг, ахмад дайчдад саяар хэмжигдэх бэлэн мөнгө, байр олгох гээд ёстой энэ дэлхийд ард түмнээ жаргаасан цорын ганц орноор өргөмжлөгдөхүйц гайхамшгийг бүтээв.

Хавтгайрсан халамжийн үр дүнд инфляци өсөв. Монголд 2006 онд инфляци зургаан хувь байсан бол 2007 онд 12 хувьд хүрлээ. Харин жилийн дараа энэ тоо хоёр дахин нэмэгдэж 23 хувь болов. Улстөрчид сандрав.

Үүнтэй зэрэгцээд Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас Монголын шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, удирдлагуудад төсвөө хумих саналыг удаа дараа тавьсан. Гэвч дэмжигдсэнгүй. Гэтэл Женевийн Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Ойрын 8-10 жилд Монгол Улсын макро эдийн засгийн буруу бодлогын уршиг арилахгүй” хэмээжээ.

Одоогийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа. Монгол Улс газрын доорхи баялгийнхаа буянаар дэлхийд маш том байр суурийг эзлэх болсон. Хямрал уул уурхай, зээлийн салбараас үүддэгийг олон улсын шинжээчид байнга анхааруулдаг.

Өнгөрсөн 2008-2009 оны эхний улиралд алт, зэсийн үнэ олон улсын металлын зах зээл дээр 60 гаруй хувиар унахад уул уурхайгаас хамааралтай улс орнуудын эдийн засаг хамгийн ихээр доройтолд орсон. Дээрээс нь манай улсын макро эдийн засгийн бодлогод хамгийн том орон зайг бэлэн мөнгөний тэтгэмж олгох хувилбар эзэлж байна.

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих