Бүх нийтээрээ мод тарих хөдөлгөөн орон нутагт амжилттай өрнөж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ Өвөрхангай аймгийн Арвайхээр хот дахь Хүүхэд залуучуудын  паркийн ногоон байгууламжтай танилцлаа. Дэлхийн дулаарал  монгол орны газар бүрт сөргөөр нөлөөлж, хуурайшилт цөлжилт нэмэгдэхийн хэрээр хүмүүс дулаарлын эсрэг бүх нийтээрээ санаачилгатай ажиллаж, арга хэмжээ авч, мод тарьж байгаагийн жишээ Арвайхээр хотод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүх нийтээрээ мод тарих уриалгыг дэмжиж, мод тарих үндэсний өдрөөр аймгийн хэмжээнд 153 мянган мод тарьжээ. Харин хүүхэд залуучуудын паркдаа 24 мянган мод суулгасан байна. Мод цэцэг тарих сургалт явуулж, нийт 7 сумын 185 байгууллага, аж ахуйн нэгж хамрагдсан юм байна.

“Ерөнхийлөгч таны мод тарих хөдөлгөөн өрнүүлэх санаачилгыг манай аймгийн иргэд талархан хүлээж авсан. Мод тарих зарлиг гарснаас хойш  бүх нийтээрээ нийт 5 удаа мод суулгалаа. Энэ паркад  9 төрлийн мод бут, 200 м.кв цэцгийн мандал, 5400 м.кв зүлэгтэй болсон. Энэ бол хотоо ногоон болгох манай төлөвлөгөөний зөвхөн нэг хэсэг нь” гэж аймгийн хөгжлийн бодлогын газрын байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Анхтуяа ярилаа.  Өнгөрсөн жил тус паркт 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, услалтын систем, морин тойруулгатай болгожээ.

Аймгийн хэмжээнд  мод үржүүлгийн 7 газартай юм байна.

Өвөрхангай аймгийн иргэд хөдөлмөрлөж, бүтээн байгуулж байгаа жишээ ганц үүгээр зогсохгүй. Арвайхээр хот орон сууцны шинэ хороолол, 700 хүний суудалтай спортын цогцолбортой болжээ.

“Аймгийн боловсрол, соёлын салбарт сүүлийн 3 жилд нийт 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хүүхэд залуучууд сурч, боловсрон , спортоор хичээллэх боломж нөхцөл сайжирч байна. Мөн хөлбөмбөгийн талбайтай болж байгаад хүүхэд залуучууд их баяртай байгаа. Манай аймгаас энэ жил дунд сургуулийн 4 баг “Дуулиан 2020” заалны хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Бид шинэ тамирчидтай болсондоо их бахархаж байгаа” гэж аймгийн удирдлага ярив.

Дараа нь Ерөнхийлөгч Өвөрхангай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.


URL:

Сэтгэгдэл бичих