“Жи-Мобайл” хувь хүний “нууцыг задруулдаг” уу

Үүрэн телефоны компаниуд хэрэглэгчдийнхээ мэдээллийг гадагшаа гаргадаг гэдэг. Манайд хандсан эх сурвалжийн мэдээллээр гэр бүлтэй нэг залуу “Жи-Мобайл” үүрэн телефоны хэрэглэгч. Гэхдээ үүнийгээ эхнэрээсээ нуудаг байжээ. Гэтэл “Жи-Мобайл” үүрэн телефонд ажилладаг эхнэрийнх нь найз нөхрийнх нь гар утасны орсон, гарсан яриа, хадгалагдсан мессэж гэх мэт  мэдээллийг гарган өгсөн байх юм.

Хэдийгээр ихэнх гэр бүл эхнэр нөхрүүдийн дунд нууц байх ёсгүй хэмээн үздэг ч “Жи-Мобайл” үүрэн телефоны компани хуулийн хүрээнд “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 1а-д зааснаар “Захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйл”, “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 3-т зааснаар “Хувь хүний өөрийн архив,хадгаламж,тэмдэглэл,битүүмжлэл болон тэдгээрт хамаарах дүрс, дуу бичлэгийг нууцалж болно”, “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 4-т “Хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно” гэсэн зүйл ангиудыг зөрчиж байгаа гэсэн үг юм. Хуулиндаа бол дээрх асуудал нотлогдвол “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлд заасанчлан хувь хүн гомдлоо шүүхэд гаргах эрхтэй байна.

Түүнчлэн, “Жи-Мобайл” үүрэн телефоний хэрэглэгчдээ хохироосон бас нэг асуудал бол хувь хүний сонгох эрхэнд халдаж хэрэглэгчдээ “луйвардаж” байна.

Тодруулбал,  9810, 9811, 9311, 9310 дугааруудад утасны яриа тарифт өөрчлөлт оруулж буйг мэдэгдсэн бичил захидал хэрэглэгчдэдээ түгээжээ. Өмнө “Жи-Мобайл”-ийн дараа төлбөрт дугаарын хэрэглэгчид бүх сүлжээнд 55 төгрөгөөр ярьдаг байсан. Гэтэл энэ сарын 1-нээс эхлээд сүлжээндээ үнэгүй, бусад сүлжээнд 200 минут үнэгүй гэсэн шинэ багц руу шууд шилжүүлж эхэлсэн. Өмнө нь энгийн тооцоолол хийж үзэхэд хуучин 55  төгрөгөөр ярьдаг байсан бол одоо бараг 110 төгрөгөө ярих болчхоод байгаа. Хамгийн гол асуудал нь тэд хэрэглэгчид биднээс ийм шинэ багц сонгох уу гэж огт асуугаагүй. Шууд л шилжүүлчихсэн. Тэгээд яаж байгаа юм гэхээр энэ дугаар таны нэр төрийн баталгаа ухааны юм яриад байдаг гэж эх сурвалж мэдээллээ.

Дээрхи эх сурвалжуудын мэдээллийг үндэслэн “Жи-Мобайл” үүрэн телефон компанийн Маркетингийн Б.Наранхүүгээс тайлбар авлаа.

Тэрээр “Манай хэрэглэгчийн гар утсанд орсон дуудлага, гарсан яриа,  хадгалагдсан мессежийн мэдээлэл операторуудад харагддаггүй. Үүнийг техникийн ажилчид хянадаг. Хэрвээ дээрх асуудал үнэн болох нь батлагдвал тухайн мэдээлэл гаргасан ажилчиндаа компанийнхаа дотоод журмын дагуу “хатуухан” арга хэмжээ авна. Манай компани хэрэглэгчийнхээ хүсэлтээр бичиг баримтыг нь үндэслэн хэрэглэгчийн утасны мэдээлэл /Bill/-ийг гаргаж өгдөг.

Харин шинээр нэвтэрсэн багцын үйлчилгээг зарим хэрэглэгчид маань сайн ойлгохгүй байна. Бид дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч нартаа гурван багцыг санал болгосон. Энэхүү гурван багцаас авахыг хүсэхгүй байгаа хэрэглэгчдийн хүсэлтийг хүлээж авч байгаа. Зарим хэвлэлээр ярьж байгаа шиг тийм хэрэглэгчдээ “шулсан” юм байхгүй. Харин ч ажлын бүтээмж, мөнгө хэмнэлтийг бий болгосон гэж үзэж байгаа. Манай ЖИ-1 багц гэр бүл, найз нөхөд, албан байгууллага, хамт олноороо болон Жи-Мобайлын бүх хэрэглэгчидтэй 0 төгрөгөөр хязгааргүй ярьж болно. ЖИ-2 багц Жи-Мобайлын сүлжээнд 20 төгрөгөөр дуудлага хийж, сар бүрийн суурь хураамжид дагалдах 400 минутын ярианы эрхтэй байдаг” гэсэн юм.

Б.Цэрэндэжид


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих