УИХ-ын гишүүн Х.Баттулгыг АТГ-т шалгуулна гэв

Монголын сэтгүүлчдийн эвлэл болон “Монголын үнэн” сониноос өчигдөр мэдээлэл хийв. “Монголын үнэн” сонины энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны дугаарт гарсан “Х.Баттулга: Н.Энхбаярын араас бусдыг нь явуулаач” гэсэн нийтлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга тус сониныг шүүхэд өгч, нэр төрд халдсан хэмээн 100 сая төгрөг нэхэмжилжээ. Түүнчлэн тус нийтлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга гүжир гүтгэлгийн нийтлэл бичиж, олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр уучлалт гуйж, бусад өдөр тутмын хэвлэлээр залруулга гаргахыг “Монголын үнэн” сониноос шаардсан байна. Тус сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат “Бидний зүгээс энэ их мөнгийг төлөх боломжгүй, тэгээд ч хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төр, эдийн засгийн цагдан хяналтад оруулах гэсэн оролдлого хэмээн үзэж байна. Тиймээс эрхэм гишүүний энэ үйлдлийн хариуд үнэн үг, үзгээрээ зэвсэглэдэг сэтгүүлчдийн жишгээр ажиллана. Ирэх даваа гаригт нэхэмжлэлээ татан авахгүй бол X.Баттулга гишүүнийг АТГ шалгуулна” гэдгээ энэ үеэр онцолсон юм. Түүнийг 17 чингэлэг спиртийн хэргээс эхлээд Худалдаа хөгжлийн банк, “Мах импекс” компанийн хувьчлалын асуудал сүүлд өргөн барьсан архи, спиртийн үйлдвэрийн эздийг сонгуульд оролцуулахгүй байх тухай хуультай холбоотой олон баримтыг бүх нийтэд дэлгэхээ мэдэгдлээ.

Д.ДАВААСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих