Дарга нь задарч, цэрэг нь зүдэрсэн онцгойгийнхон

“МИ 8”-ын осол эрх баригчдыг цочроосонгүй

“Хүн хэлэхээс нааш ухаар­даг­гүй, цаас чичихээс нааш цоор­доггүй” гэж үг бий. Хэлэхгүй л бол ухаардаггүй гэсэн үг л дээ. Онцгой байдлын албаныханд бол энэ үг тохирохгүй, харин ч бүр “Гамшиг болсон ч, хүн үхсэн ч ухаардаггүй” гэж харааж зү­хэхэд болохоор болж. Хэзээ ч гамшиг болохгүй юм шиг назгайрч байгаад өртсөнийхөө дараа гэнэт сэхээрч “Тэрнээс ч боллоо”, “Ингэх ёстой байсан”, “Ингэх хэрэгтэй байж” гэсэн хэрүүл маргааныг бид дахин харж байна. Сая Дорнодод бол­сон эмгэнэлт хэрэг сүүлийнх нь. Таван жилийн өмнө болсон Ми 8 нисдэг тэрэгний осол эхнийх нь. Тэр үед амтай болгон нь “Бэлэн гоймонгоос өөр хоолгүй, хятад гуталтай, гар хоосон” гэлцэн хэдэн аврагчдаа эвийлж, эрх мэдэлтнүүд “Арга хэмжээ авна, сайн сайхан болно” гэлцэж байсан билээ. Гэтэл таван жил өнгөрчихөөд байхад амь насны даатгал хийлгэдэг болсоноос өөр сайжирсан юм огт байхгүй байгаа нь ил боллоо. Сэлэнгэ аймгийн Мандал су­манд асч байсан гал түймрийг унт­раахаар явж байсан аврагчид 10 литрийн баллонтой ус шахагч тө­хөөрөмж, шүүрнээс өөр зэвсэг­гүй явсан бол сая Дорнодод бол­сон эмгэнэлт явдлын үеэр нөгөө л “алдарт” шахуургатайгаа явсан байх юм. Төр засаг ОБЕГ-ыг ан­хаар­на гэж худлаа хэлсэн болж таа­рав. Таван жилийн дотор ажилч­дын хангамж, материаллаг бааз огтхон ч нэмэгдсэнгүй. Энэ хугацаанд харин П.Даш, Л.Ал­тан­­гэрэл тэргүүтэй цөөнгүй ал­­бан тушаалтан хагартлаа баяжиж, эцэст нь авлигын хэр­гээр ял сонс­­сон байна. ОБЕГ эх оронч ав­рагч­дын нэр барьсан олигар­хиу­дын оромж болж хувирчээ. Жинхэнэ эх оронч хөвгүүд нь харин хэдэн ар­ваараа, ганц нэгээрээ цувран нө­гөө ертөнцөд одож, эсвэл эрхт­нээ­сээ хагацаж байна. Аврагч, гал сө­нөөгчдийг Онцгой гэх атлаа төр засгаас онцгой анхааралгүй өдий хүрлээ. Дэлхийн улс орнууд ул­сын төсвийн 5 хувийг Онцгой байд­лын албандаа зарцуулдаг жи­шиг байдаг юм билээ. Гэтэл ма­найд 1 хувь ч хүрдэггүй.

Төрийн хувцас нүгэл нимгэлдэг гэж үү

Онцгой байдлын албан хаагчид маш хүнд хэцүү нөхцөлд албан үүргээ гүйцэтгэдэг. Гэсэн ч тэр бүг­дээс халшралгүй төрийн сүл­дэн­дээ найдаж, төрийн хувцас өмсч байгаа хэмээн сэтгэлээ засч яв­даг юм билээ. Гэтэл хөрөнгө мөн­гө хэмнэхийн тулд төрийн хув­цас ч хааж чадахааргүй нүг­лийг үйлдүүлсэн тохиолдол цөөн­гүй гарч байлаа. Улаанбаатар хо­тын ойролцоох аж ахуйнуудад шу­вууны ханиад гэх айхтар өвчин гарч, олон мянган тахиаг яаралтай уст­галд оруулсан талаар мэдээгүй хүн байхгүй болов уу. Тэр олон мян­ган тахиаг онцгой байдлын ал­бан хаагчид улаан гараараа уст­гасан гээд төсөөлөгтүн. Цус нөж болсон тахиа газраар нэг гүйл­дээд нүд хальтирам байдал үүс­сэн гэдэг юм. Олон мянган та­хианы орилолдох нь сүүлдээ хүн аврал эрэн хашгирч байгаа юм шиг санагдаж байсан гэсэн. Гэ­сэн ч тангараг өргөсөн албан хааг­чид та­хианы хүзүүг хуга муш­гиж зог­сохдоо төрийн хувцас нүглийг нь нимгэлнэ гэж найдаж байсан. Харин төр нь тахиануудыг бөө­нөөр устгах хор, химийн бодис өгөл­гүй хатуурхжээ. Монгол бурх­ны шашинтай орон. Хэн ч амьт­ны амь таслахыг хүсэхгүй. Онц­гой байдлын албанд хуваа­рил­даг төсвийг хасч танадаг эрх мэдэлтнүүдийг өөрсдөөр нь амьт­ны амь таслуулсан бол яах бай­сан бол оо. Үнэндээ онцгой байд­лын албан хаагчид харамч эрх мэдэлтнүүдээс болоод амь насаа битгий хэл хойд насаа ч гаргуунд нь гаргаж, сэтгэл амар нүд аних боломжгүй болж байна. Төрийн хувцас нүгэл нимгэлдэг гэж үү…

ОБЕГ амьд үлдсэн аврагчдад эмчилгээний зардал гаргаж өгөхгүй байна
Дорнодын Баяндунд гарсан түйм­рээс амьд үлдсэн А.Болор­сүх, Г.Багабиш нар ГССҮТ-д хэв­тэн эмчлүүлж байгаа билээ. Эмч нар нь хөөцөлдсөөр шефийн хол­боо­той ажилладаг гэх Солонгос эмнэлэгт эмчлүүлэхээр бол­сон ч эмчилгээний зардлыг шийд­вэр­лээ­гүй хүнд­рэл үүсээд бай­гаа аж. ГССҮТ-ийнхөн эмчилгээ­ний зардлыг нь гар­гуулахаар ОБЕГ-т хандсан ч өчигдрийн байдлаар ямар ч ха­риу өгөөгүй байгаа гэсэн. Тэ­дэнд ул­саас 10 сая төгрөг гар­гаж өг­сөн нь үнэндээ юу ч биш гэ­дэг нь эндээс харагдаж байгаа юм. Энэ асуудал анх олны анхаар­лыг татаж байх үед ОБЕГ-ын удирд­ла­гууд ээлжилж утсаар яриад их л анхаарч байгаа гэсэн мэ­­дээ­лэл цацагдаж байсан. Гэвч яг бодитоор анхаарсан нь үгүй бо­лол­той. Ийм байвал хэн онцгой байд­лын албанд ажиллах билээ.
Онцгой байдлын албан хаагч­дын амь насны даатгал 20-40 сая төг­рөг байдаг юм байна. Эх орны­хоо төлөө алтан амиа өргөсөн Ч.Нам­жилдаш, Ж.Одбаяр, С.Бат-Эр­дэнэ нарын ар гэрт Засгийн газ­раас 69.6-80.3 сая төгрөгийн нө­хөн олговор олгосон байна. Хү­ний амь насны дэргэд мөнгө юу билээ гэж байсан мөртлөө амьд үлдсэн хүнээ аврахын төлөө ху­руу­гаа ч хөдөлгөхгүй байгаа эрх мэдэлт­нүүдийг юу гэж үзэх вэ.

Х.БАТСАЙХАН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих