Оросууд Хятадад амьдрахаар нүүцгээсээр

ОХУ-ын Алс дорнодын оршин суугчид хөрш орондоо суурьшин амьдрахаар шийдэцгээх болжээ. Тэтгэвэртээ суусан болон суух нас нь ойртсон Оросууд Хятадыг анхаарч эхэлсэн байна. Бүр 30-40 мянган Оросууд Хятадад орон сууц худалдан авсан гэсэн мэдээлэл ч бий ажээ.

Хятадын засгийн газраас гарсан журам ёсоор бол хэн нэг гадаадын иргэн орон сууц худалдан авахаар бол өмнө нь Хятадад ямар нэг үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй байсан гэсэн албан ёсны нотолгоо гаргаж өгөх ёстой. Хятадад амьдарч буй гадаадын иргэд (түр эсвэл байнгын эсэхээс хамаарахгүй) зөвхөн өөрийн хувийн хэрэгцээндээ (түрээслэнэ гэж саналтгүй) нэг орон сууц авах эрхтэй. Гадаадын байгууллага бол мөн л зөвхөн бүртгэгдсэн хотдоо өөрийн үйл ажиллагаандаа зориулсан байр л авч болно. Энэ бүх арга хэмжээ нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах дээр үнийн хөөрөгдөл гаргахгүй байх зорилготой.
Хятадын төрийн зөвлөлөөс гаргасан хязгаарлалтууд сайн хэрэгжих юм бол 2011 онд Хятадын орон сууцны үнэ 20% буурна гэсэн тооцоог Хятадын ардын их сургуулиас хийжээ. Уг нь бол байрны үнэ өссөөр байгаа ажээ.
Хятад улс хотжиж хүн амын 47% нь суурин газар амьдрах болсон. Бээжин гэхэд оршин суугчдынх нь тоо сүүлийн арван жилд 30% өсч одоо 17,5 сая болоод байгаа.
2001 онд гадаадын хөрөнгө оруулагчид орон нутагт үл хөдлөх хөрөнгө авахыг Хятадад анх зөвшөөрсөн. Гэхдээ энэ нь бүх мужид хамаатай биш цэргийн үйлдвэр ихтэй Хятадын хойд мужууд хаалттай хэвээр байсан. Оросууд Хятадын хил дээр шууд виз авч болдог, нэг удаагийнх 1000 рубль, хагас жилийнх 4000 рубль байдаг байна. Хятадад хугацаагүйгээр байр эзэмшинэ гэсэн ойлголт байхгүй, хэдийгээр худалдан авлаа ч энэ нь 50 жилийн түрээс л гэсэн үг. Учир нь 50 жилийн дараа тэнд хүн амьдрах нөхцөлгүй болно тэгэхээр уг барилга хог л болж үлдэнэ гэж Хятадууд үздэг байна. 50 жилийн дараа уг байрны газрыг улс авч тэнд өөр барилга баригдана, оршин суугчдад хямдруулсан үнээр өөр байр авах эсвэл хэдэн цаас нөхөн төлбөр гэж аваад арилж өгөх л сонголт үлдэнэ. Энэ нөхцөл оросуудад таалагддаг бололтой тэд Хайнань арлаас эхлээд Шанхай, Харбин, Далянь зэрэг хотууд болон хилийн дагуу орон сууц авцгаах болжээ. Эдгээрийн ихэнхи нь Алс Дорнодын бизнесмэнүүд болон тэтгэврийнхэн байдаг гэнэ.
Угаасаа ч Приморск, Хабаровск, Амур мужуудын амьдрал болон бизнес нь өмнөд хөрштэйгээ нягт уялдаатай болсон байна. Хятадын хойд нутагт Оросоос хэд дахин хямд 50 кв. м орон сууцыг 20-30 мянган долларт авч болдог ажээ. Хятадад урт хугацаагаар байж бизнес эрхлэгчдэд байр хөлслөх юмуу буудалд байхаас энэ нь хямд тусдаг байна. Албан ёсоор зөвшөөрдөггүй боловч өөрөө байхгүй үедээ нутаг нэгтнүүддээ түрээсэлчихдэг. Нутаг нэгтнүүддээ түрээсэлсээр худалдаж авсан байрныхаа зардлыг хоёр жилд нөхөж авч чадсан тухайгаа нэгэн бизнесмен ярьсан байв.
Оросын IT-мэргэжилтнүүд, инженерүүдийг Хятадууд их үнэлдэг тул тэд ажиллахаар очдог ажээ. Хятадад өндөр технологийн үйлдвэрлэл төвлөрөх болсон тул чадварлаг мэргэжилтнүүд хэрэгтэй болсоор байгаа. Англиар ярьдаг дээр нь ойр зуурын Хятад хэлтэй бол сарын цалин америкийн дундаж цалингийн түвшинд очдог ажээ.
Хамгийн чадварлаг сайн мэргэжилтнүүд Оросоос Хятад уруу явж байхад зөрөөд мэргэжил ч үгүй Хятаддаа ч гологдсон нөхөд Орос уруу ирцгээх болсонд Оросууд санаа зовж эхэлжээ. Тэдэнд Хятадад олддоггүй ажил нь Орос оронд олдоод диплом ч үгүй хэл ч үгүй хэрнээ ахиж дэвжих бололцоо олдоод байхаар зүтгэхээс ч биш яахав.



URL:

Сэтгэгдэл бичих