Налайхын Б.Баяндэлгэр хуурамч дэвтрээр дор хаяж 150 сая төгрөг идсэн нь нотлогдов

Налайхад наймаас ч илүү хөлтэй, найраанд жигтэйхэн дурладаг, хууль ёсыг уландаа гишгэдэг, хуйвалдааны жинхэнэ ёсоор үйлддэг атгаалжин хар мангас байна гэнэ дээ цаана чинь.

Үлгэрт гардаг арван хөлтэй атгаалжин хар мангасыг одоогийнхоор бол Засаг ноёдууд нь дардаг байдаг бол одоо үед тэрхүү ард түмнийг нь дарамтлаад байгаа мангас нь Засаг ноён өөрөө байвал яах уу. Засаг дарга нь аймаг, сумдынхаа хөрөнгөөр туйлдаг, ард түмний ядууруулдаг, ядуу байлгахыг хүсдэг байвал яах вэ?

Ийм цэвдэг сэтгэлтэнгүүд өнөөдөр монголоор нэг дүүрч эхнээсээ АТГ-ын хаалгыг ташираараа татсаар байгаа. Харин эдгээр эдгээр дарга нараас нэр цэвэр гарч, хэрэг хийгээгүй юм шиг, идсэн ч идээгүй юм шиг гарах гээд байгаа хүн нь харин ч авилгын тор сүлжигч бүр мастер нь болчихсон байгаа нь баримтаар нотлогдсоор байна.

Налайхын Засаг дарга Б.Баяндэлгэр гэж буянаа барчихсан нөхөр байна. Иргэдийнхээ эрүүл мэндээр хөрөнгө босгож, өөртөө завшиж байгаа түүнийг дүүргийнхэн нь нэг нүдээрээ ч харахыг хүсэхгүй байна.

Тэрбээр Засаг дарга болохоосоо өмнө Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан нэгэн. Б.Баяндэлгэр энэхүү албан тушаалыг тийм ч цэвэрхэн хашиж байгаагүй бөгөөд төсвийн хөрөнгө мөнгийг хувьдаа завшсан хэргээр хууль хяналтынханд удаа дараа шалгагдаж байсан ямар нэгэн ял шийтгэлгүй үлдэж байсан “сүйхээтэй” эр билээ.

Гэвч мань хүн ам таших гэдгийг утгаар хэрэгжүүлж, Засаг дарга болсон хойноо ч эрх мэдлийнхээ хэрээр идэж уух бүх зүйлээ улам лавшруулж хөдөлж эхэлжээ. Засаг дарга болсныхаа дараах нь өөрийнхөө ойрын хамаатан болох Б.Өлзийсайхан гэгчийг Эрүүл мэндийн нэгдлийн даргаар томилж чадсан бөгөөд одоог хүртэл эрүүл мэндийн салбарын тооцооны ажилд хамаатан Б.Өлзийсайханаараа бамбай хийн улсын мөнгөнд гар дүрсээр байна.

Тухайлбал Монгол улсын иргэн бүр 3 жил дарааллан эрүүл мэндийн даатгалын хураамжаа төлсөн бол нэг удаа 30 мянган төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх эрхтэй байдаг билээ. Харин Засаг дарга Б.Баяндэлгэр хамаатан Б.Өлзийсайхан нар энэхүү хуулийг овжиноор ашиглаж, 2010 оны сүүл хүртэл лабораторын шинжилгээнд хамрагдсан иргэдийн эрүүл мэндийн даатгалын дугаар, овог нэрийг ашиглан 1 хуудас нь 30 мянган төгрөгөөр үнэлэгдэх оношилгоо, эмчилгээний төлбөрийн тооцооны хуудас 3000 гаруйг хуурамчаар үйлдэж, 150 гаруй сая төгрөгийг Засаг дарга Б.Баяндэлгэр, Нийгмийн даатгалын дарга Чулуунчимэг, магадлагч эмч Сувдаа, Эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Өлзийсайхан нар завшжээ. Нэг ёсондоо дүүргийнхээ гурван мянга гаруй иргэнийг 30 мянган төгрөгийн эмчилгээ оношилгооны шинжилгээнд хамрагдуулахааргүй хохироосон гэсэн үг. /хуурамч дэвтрийг хавсаргав/

Түүний луйвар үүгээр дуусаагүй. Амташсан хэрээ 13 дахихын үлгэрээр яг энэ үйлдлээ дахин давтаж, 2011 оны 11,12 дугаар сард хамрагдсан иргэдийн дэвтрийг хуурамчаар үйлдэж, мөн л тийм хэмжээний мөнгө улсаас завшсан гээд бодохоор Б.Баяндэлгэр гэх энэ дарга луйвар, хуйвалдаандаа хэр гаршсан болохыг хэлээд өгөх шиг.

Уг нь Б.Баяндэлгэр өөрөө Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан хүн иргэд оношилгоо, шинжилгээнд хамрагдах нь ямар чухал байдгийг мэдэхийн дээдээр мэддэг хүн ингэж луйвардсан нь өнөөгийн хурган дарга цэрэг нар хэр том толгойтой болсныг бас давхар харуулаад авав.

Мэдээж эдгээр луйврууд бүгд өөрийн хүнээ тохирсон албан тушаалд томилсоны хүчин явагджээ. Өөрөөр хэлбэл тус нэгдлийн удирдлагууд болох Б.Өлзийсайхан, Б.Оюунчимэг нар Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 27 дугаар зүйл заалтыг илтэд зөрчин өөрсдийн хамаатан саднаа гол гол албан тушаалд томилжээ.

Тухайлбал тус ЭМН-ийн санхүүгийн Тасгийн эд хөрөнгийн нягтлан болох Б.Энх-Эрдэнэ нь дарга Б.Өлзийсайханы ойрын хамаатан бөгөөд түүний аав нь тус нэгдлийн мал аж ахуйг хариуцдаг юм байна. Мөн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Оюунчимэгийн эгч нь даатгалын эмч Нэргүй бөгөөд Даатгалын ажилтан Т.Энхмаатай мөн л ойр дотны хамаатнууд аж.

Мөн энд дурьдахгүй өнгөрч болмооргүй бас нэгэн луйврыг илчилье. Төрийн мөнгөнөөс хэнэг ч үгүй авдаг гарууд Төрийн түшээдийг бас ч луйвардах нь энүүхэнд юм байна. УИХ-ын З.Алтай Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж шинэчлэхэд нь зориулж багагүй хэдэн төгрөг тус дүүрэгт шилжүүлжээ. Харин тус мөнгөнөөс нь 50 сая төгрөг хувьдаа завшиж чаджээ. Мөн түүгээр ч барахгүй 50 сая төгрөгийг хувьдаа завшчихаад 2009 оноос төрийн бус байгууллагуудаас хандивласан тоног төхөөрөмжүүдийг энэхүү мөнгөөрөө худалдаж авсан болж хуурсаар байгаа аж.

Энэ мэтчилэн нүднээс далдуур Налайхын “наймаалж” өөрийн хууль бус үйлдлүүдээ хийсээр байна. Налайх дүүрэг хэдийгээр нийслэлээс хол ч байдаг ч нийлж, бүлэглэж хийсэн гэмт хэргүүд ийнхүү иргэдийн сонорт хүрсээр байна. Хамгийн сонирхолтой нь өдгөө арав гаруй аймгийн Засаг дарга нарын ар, өврийн нь түнхэж, авилга авсан үгүйг нь шалгаж АТГ-ыхан үүнийг гэмт хэргийн шинжтэй биш хэмээн үзсээр байна. АТГ-ханд төрөөс мөнгө идэх, иргэдийг хохироох, найз нөхөд хамаатан саднаараа бүлэглэхийг гэмт хэрэг гэж үздэггүй юм бол ямар хэргийг гэмт хэрэг хэмээн тоож үздэг юм бол. Зарим хүмүүсийн яриагаар бол Б.Баяндэлгэр өөрөө АТГ-ыхныг аргалчихсан гэж ярьж явна лээ гэж байсан.

Тэгвэл АТГ-ыхантай Б.Баяндэлгэр үнэхээр тохиролцчихсон юм болов уу. Хэрвээ тохиролцсон бол шан харамж нь нэлээд өндөр байх нь гарцаагүй. Харин тэрхүү их хэмжээний мөнгийг Б.Баяндэлгэр хаанаас гаргасан байж таарах вэ? Бас л бодож, шалгаж үзмээр санагдана…

Б.Чухал
Chuhal.mn


URL:

Сэтгэгдэл бичих