Барилгын материалд хийдэг мэргэжлийн хяналт хангалтгүй

ЗТБХБЯ-ны Сургалт сурталчилгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны бүрэлдэхүүн хэсэг болон Барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн байгуулагдаад 3 жил болж байна.
Улсын хэмжээнд ЗТБХБЯ-ны Барилгын материалын сорил шинжилгээний лаборатори, Барилга архитектор корпораци, Техник инженерийн сургууль, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны лаборатори гэсэн барилгын материалын итгэмжлэгдсэн 4 лаборатори ажилладаг байна. Хүчин чадлын хувьд харьцангуй илүү яамны дэргэдэх лабориатори нь хуванцар цонхны шинжилгээ хийж салхины ачаалал даах, ус тусгаарлах чадвар ямар байгаад ангилал тогтоох туршилт хийж эхэлсэн ба бүх төрлийн хуванцар хоолойг өнгөрсөн жилээс эхлэн шинжилгээнд хамруулдаг болсон ажээ. Мөн сүүлийн үед ихээр баригдах болсон төмөр карказан барилгад хэрэглэдэг боолтын бат бэх байдлыг тодорхойлдог болжээ. Мөн дулааны дулааны хоолойд шинжилгээ хийж, өмнө нь барилгын материалын шинжилгээнд хамруулдаггүй байсан хар цаасыг шалгаж байгаа юм байна. Үүнээс гадна бүх төрлийн дулаалгын материал, паркетин шал зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулж байна.
Лабориаторийн шинжилгээг дэлхийн түвшинд хийхийн тулд 700 гаруй төрлөөр шинжлэх ёстой байдаг аж. Гэтэл манай улс энэ үзүүлэлтийн дөнгөж 18-20 хувийг л хангадаг байна. Манай лабораториуд барилгын материалын физик, химийн нарийн найрлага, шинж чанарыг тодорхойлж чадахгүй зөвхөн физик, механик шинж чанарыг тогтоох түвшинд ажиллаж байгаа. Хими, физикийн нарийн шинж чанарыг тогтоож чадахгүй байгаа нь хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгаа эсэхийг тогтоож чадахгүй байна гэсэн үг тул лабораториудын чадавхийг сайжруулах шаардлага тулгарч буй ажээ.
Энэ хүрээнд өнгөрсөн онд батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт урт хугацааны зорилт хөтөлбөр”-ийн хүрээнд барилгын материалын сорил шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, 21 аймагт сүлжээ лаборатори байгуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бол энэ онд Улаанбаатар, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах Барилгын эрдэм шинжилгээ, судалгааны төв ашиглалтад орох болжээ.
Манай иргэд барилгын материал худалдан авахдаа лабораторийн шинжилгээ хийсэн эсэхийг мэддэггүй. Уг нь иргэд барилгын материал худалдан авахдаа лабораторид шинжлүүлсэн шинжилгээний бичгийг нь заавал авч байх ёстой аж.
Я.Баяраа

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих