Японы сумо болон Монгол үндэсний бөхчүүд нэгэн “дэвжээнээ” өрсөлдлөө

“Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолт Бөхийн өргөөнөө амжилттай болж өндөрлөлөө.

“Мон лаа” компани арлын орноос амжилт арвин яваа сумочид болон үндэсний бөхчүүд, урлаг соёлынхныг нэгэн дэвжээнээ өрсөлдүүлж чадсан нь үзэгч олны сэтгэлийг ихэд хөдөлгөлөө.

Сумочдоос Кёкүтэнхо Н.Цэвэгням, Харумафүжи Д.Бямбадорж Хакухо М.Даваажаргал, Какурюү М.Ананд, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар, Токитэнкү А.Хүчитбаатар, Асасекүрюү Дашням нарын тамирчид нэг баг болсон бол, үндэсний бөхөөс Монгол улсын даян аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын гарьд Н.Ганбаатар, улсын гарьд М.Баяржавхлан, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын арслан Д.Ганхуяг, улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын заан Д.Рагчаа нарын тамирчид нэг баг боллоо.

Баг тамирчид өөр өөрсдийн спортын төрлөөр өрөн мэндчилсэн нь үзэгчдэд тун ч таалагдсан. Ийнхүү Японы үндэсний сумо болон Монгол үндэсний бөхчүүд барилдахаар биш сагсан бөмбөг тоглохоор үзэгчдийн өмнө гарч ирсэн юм.

Ингээд тоглолт эхлэхэд сумочид илүү шаламгай, хурдтай байлаа. Кёкүтэнхо Н.Цэвэгням тоглолтын өмнө “сагс тоглохдоо ч муу даа” хэмээн инээмсэглэж байсан бол эхний тойргийн тоглолтын дараа даян аварга Г.Өсөхбаяр “манай баг хожих нь тодорхой” хэмээн тун ч ам бардам байсан.

Харин тоглолтын төгсгөлд Монгол үндэсний бөхчүүд илт давуугаар буюу 33:18 харьцаатайгаар ялалт байгууллаа.

Хэн ялах нь гол нь бус энэхүү шоу тоглолтын бүхий л орлого хүүхдүүдэд зориулах буяны үйлсэд зарцуулагдана. Өнөөдрийн энэ бүх үйл ажиллагааг “Мон лаа” компани зуун хувь ивээн тэтгэж, зохион байгуулсан юм.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих