Монголын үсчингүүд европын аварга боллоо

ОХУ-ын Санкт-Петербург хотын Ленэкспо цогцолборт 5-р сарын 18-20-нд Европын үсчин, гоо засалчдын аврага шалгаруулах тэмцээн зохиогдов. Энэ арга хэмжээнд Монголын үсчин, гоо засалчдын төлөөлөгчдийн баг амжилттай оролцож эрэгтэй заслаар аварга боллоо. Эрэгтэй классик төрлөөр оролцсон Норовцэмбэлийн Алтаншагай алтан медаль, Дорлигийн Урьдбаяр мөнгөн медаль хүртсэн бол креатив номинацид Сүхбаатарын Мөнхнасан техникээр мөнгө, хүрэл медаль, Дорлигийн Урьдбаяр мөн төрлөөр тусгай шагнал тус тус хүртэв. Энэ тэмцээнд Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, дэлхийн шүүгч Жандалын Довчинсүрэн, тус холбооны гүйцэтгэх захирал, дэлхийн шүүгч Догсомын Одхүү нар шүүгчээр оролцжээ. Монголын үсчид мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн гэдгээ харуулж, чансаагаараа дэлхийн түвшинд гарсан байна гэж Дэлхийн үсчин гоо засалчдын холбооны ерөнхийлөгч Сальваторе Фодера хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Байгуулагдаад арван жил болж байгаа тус холбоо өнгөрсөн хугацаанд гадаадын олон нэр хүндтэй тэмцээнд эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн оролцож иржээ. Үүний өмнө 2-р сард Японы Окинавад зохиогдсон ASIA CUP OPEN-2012 үсчин, гоо заслын Азийн аварга шалгаруулах тэмцээнд тус холбооныхон амжилтттай оролцсон юм. Сүхбаатар дүүргийн Д.Одонгоо захиралтай ВИДАЛ салоны Монгол Улсын мастер үсчин Н.Алтаншагай, Монгол Улсын мастер үсчин С.Мөнхнасан нар эрэгтэй кератив төрлөөр тэмцээнд амжилттай оролцож, багаараа 3-р байрын шагнал авсан бөгөөд Азийн аваргын хүрэл медалиар, ганцаарчилсан эрэгтэй кератив төрлөөр Монгол Улсын мастер үсчин Н.Алтаншагай тэргүүн байрт орж, Азийн аварга цол, Алтан медалиар энгэрээ мялаасан билээ.

Зураг дээр зүүн гараас үсчин Б.Баясгалан, дэлхийн шүүгч Д.Одхүү, үсчин Н. Алтаншагай, үсчин С.Мөнхнасан, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, дэлхийн шүүгч Ж. Довчинсүрэн, үсчин Д. Урьдбаяр, үсчин Б. Дагзалмаа

А.Огторгуймаа

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих