Монгол нэртэй “хогийн сав”-нд тавтай морил

Манай улс гаднаас хортой хүнсний бүтээгдэхүүн импортлож, хугацаа нь дууссан эмээр иргэд нь эмчлүүлж, химийн хорт бодисоо устгалгүй, өөрсдийгөө хордуулсаар олон жилийг үдлээ.

Энэ байдал үргэлжилбэл, Монгол Улс хүнсэндээ хордсон иргэдээр дүүрч, химийн бодисоор үүсгэгдсэн хавдраар өвчилч, хугацаа нь дууссан эмэндээ хордох нь. Сүүлийн үед хорт хавдраар өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсэн нь үүний бодит жишээ юм. Үнэндээ хугацаа нь дууссан эмийн зах зээл болж, химийн хаягдлаар дүүрсэн хогийн сав болсон гэлтэй.

Хортой хүнсний бүтээгдэхүүнийг “Монголд шахъя”

Өнөөдөр Монгол Улс өөрийн хүнсний бүтээгдэхүүнийхээ 80, аж үйлдвэрийн барааны 90, шатахуун, техник төхөөрөмжийн 100 хувийг тус тус гадаадаас импортлодог байна. Манай улсад өнгөрөгч онд 20 тэрбум ам.доллар эргэлджээ. Гэхдээ үүнээс үлдэж байгаа нь 200 сая ам.доллар.

Бусдаар нь хортой импортын бараа худалдаад авчихжээ. Аливаа улс хүнсний хэрэгцээнийхээ 30-аас дээш хувийг импортоор, түүний дотор 20-иос дээш хувийг нэг улсаас импортловол тухайн улсыг “хүнсний баталгаа нь алдагдсан, хүнсний хэт хараат байдалд орсон” гэж үздэг.

Гэтэл манай улс 1990-ээд оноос хойш хүнсний зарим нэрийн бүтээгдэхүүний ихэнхийг БНХАУ-аас импортлосоор иржээ. Өнөөдрийн байдлаар импортын хүнсний бүтээгдэхүүний 30 хувийг Хятадаас авч байна. Ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 40 орчим хувийг Хятадаас импортлоно.

Улсын хилээр жилд дунджаар 31 гол нэр төрлийн 550 мянга гаруй тонн хүнсний бүтээгдэхүүн импортлож байгаа юм. Үүний 40 гаруй хувийг МХЕГ-ын дэргэдэх лабораторит шинжлэхэд 53.6 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна. Мөн ил задгай зарагдаж байгаа ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс дээж авч шалгалт хийхэд 52 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 10 гаруй хувьд нь нитритийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарчээ.

Мөн бэлэн хоол, хатаасан жимс, даршилсан байцаа, нөөцөлсөн өргөст хэмх, гурил, цагаан будаа, ногоон цай, хатаасан үзэмд афлатоксин зеараленон зэрэг хорт бодис төмс, лууван, алим, цагаан будаанд пестицидийн үлдэгдэл, байцаа, өргөст хэмх, гадил, салатын навч, төмс зэрэгт нитратын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа юм.

Эмийн түүхий эдээ 100 хувь импортлож байна

Манай улс давхардсан тоогоор дотооддоо жилд 280 орчим нэр төрлийн 8.1 тэрбум гаруй төгрөгийн эм үйлдвэрлэдэг байна. Улмаар 30 гаруй орноос хоёр мянган нэрийн 60 гаруй тэрбум төгрөгийн эм бэлдмэлийг импортлодог.

Дэлхий нийтэд хуурамч эмийн асуудал хүчтэй тавигдаж байгаа өнөө үед эмийн хэрэгцээний 80-85, эмийн түүхий эдийн 100 хувийг импортоор авч байгаа улс манайхаас өөр байхгүй. Хоёр сая гаруйхан хүн амтай Монгол Улсад 1891 нэр төрлийн эм бэлдмэлийг хэрэглэхийг зөвшөөрч албан ёсоор бүртгэжээ. Үүнээс 170 нэр төрлийн эмийг түгээмэл хэрэглэдэг гэх судалгаа бий.

Түүнчлэн эмийн үйлдвэр 34, 190 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг байна. Харин эдгээр эмийн сан, үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын бүтээгдэхүүн эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй. Учир нь эм хийх бүтээгдэхүүнээ гаднаас их хэмжээгээр оруулж ирэн савлаж зарах, эмийн сангууд хувь хүнээс юмуу захаас эмээ худалдаж авах зэргээс хадгалалтын горим алддагддаг байна. Гэтэл иргэд хугацаа нь дууссан, баталгаагүй, хэрэглэхийг хориглосон, химийн хортой найрлагатай эмийг хоол шигээ “идсэн” хэвээр.

Бүр өвчнөө эмчлэх нэрийдлээр, дахин өвчин хурааж буй иргэд ч бий. Тухайлбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Очирваань” эмнэлэгт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй, хугацаа нь дууссан, ямар өвчинд хэрэглэдэг нь тодорхойгүй 180 нэр төрлийн 4013 хайрцаг эмийг улсын хилээр хууль бусаар оруулж ирээд, иргэдэд худалдаж байсныг цагдаагийнхан илрүүлсэн тохиолдол гарсан.

Эмийг хууль хяналтын байгууллагынхан битүүмжилсэн бөгөөд “Очирваань” эмнэлгийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэн, харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа. Гэвч дээрх шиг хэчнээн эмнэлэг цаана нь байгааг бид мэдэхгүй. Эмчлүүлж, хордсоныхоо дараа мэддэг хойно.

Химийн бодисоо хадгалж, өөрсдийгөө хордуулсаар байхуу

Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн 11 сая орчим нэр төрлийн химийн бодисын 60-70-аад мянга гаруй нь байнга хэрэглэгддэг байна. 200-1000  хүртэлх төрлийн  бодисыг жилд нэг тонноос дээш хэмжээгээр үйлдвэрлэж, ашигладаг аж.

Өнөөдрийн байдлаар cap тутамд 600-аас дээш, жилд 7000 гаруй шинэ нэрийн химийн бодис дэлхийн зах зээлд цоо шинээр гарч ирж байна. Харин манай улсад одоогийн байдлаар 2288 төрлийн химийн бодис бүртгэгджээ. 86 мянга 287 тонн үлдэгдэл нөөц химийн бодисоос 1562 нэр төрлийн 4326 тонн химийн бодис нь хаягдал болсон байна. Үүнийг хэрхэн яаж устгах нь одоог хүртэл тодорхойгүй, хадгалагдсаар байгаа юм.

Хадгалагдсан химийн хорт бодисууд нь эхнээсээ хөрс, агаараас илрэх болсон. Тухайлбал, Улаанбаатарын газрын хөрс хүнцэл, хромд бохирдсон болох нь шинжилгээгээр тогтоогдчихсон.  Мөн
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүнцэл болоод хромын үзүүлэлт зөвшөөрөгдөх хэмжээнээс нэлээд өндөр байсан тухай Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнгийн хийсэн судалгаанд дурьдагджээ.

Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүрэгт хүнцэл, кадми, хар тугалга, мөнгөн ус, хром зэрэг хүнд металл зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү байгааг ч мөн тогтоосон.

Дээрх бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү байгаа нь хүнийг хордуулах чадвартай гэдгийн баталгаа юм. Гэтэл бид дээрх хорт бодисуудаар амьсгалж, амьдарсаар, өөрсдийгеө хордуулсаар л…

Э.Цолмон
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих