РС-г донтож тоглосноос хараа, сонсгол муутай, нүүр нь татаж, хий юм хардаг хүүхэд олширлоо

Сүүлийн үед PC тоглоомд донтогчийн тоо өссөөр байгаа гэж Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв мэдээллээ. Тус төвийн статистик мэдээнээс харахад сүүлийн таван сарын хугацаанд хурц хэлбэрээр донтсон 18 хүүхэд ирж эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн 2011 онд 50 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлсэн байна.

Энэ талаар хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмч Д.Энхтуяа “Энэ өвчнөөр ихэвчлэн 10-18 насныхан өвчилдөг. Эмчлүүлж байгаа хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь сэтгэцийн эмч нарын санааг зовоосон асуудал болж байна. Мөн эмчлүүлж байгаа хүүхэд олон боловч цаана нь мэдэгдэхгүй, эмнэлэгт хандаагүй өвчтөн олон байгаа гэдэг нь ойлгомжтой” гэсэн юм.

Түүний хэлснээр компьютер тоглоомд донтох гол шалтгаан нь өсвөр насныхны сониуч зан, мөн удаан хугацааны стресс аж. Хүүхдүүдийн компьютерт донтож буй шинж тэмдэг нь худлаа ярих, хулгай хийх, уруу татагдах, ааш зан нь эвдрэх, айх мэдрэмжгүй болох, мансуурах байдлаар илэрдэг гэнэ. Мөн хүүхэд нь түргэн ууртай болж, толгой нь өвдөн, ядаргаанд орж байвал анхаарлаа хандуулахад гэмгүй ажээ.

Хамгийн эмгэнэлтэй нь РС-д донтохоос гадна сүүлийн үед хараа, сонсгол муутай, мэдрэлийн хэт ядаргааны улмаас нүүр, ам нь татдаг, ухаан алддаг, хий юм хардаг хүүхэдгүй айл байхгүй болсон гэхэд хилсдэхгүй.

Мэргэжлийн эмчийн хэлснээр насанд хүрсэн хүн өдөрт 40 минутаас илүү хугацаагаар компьютерийн урд суухад л мэдрэлийн эсүүд цочролд орж, судас нарийсдаг байна.

Одоогоос хэдхэн жилийн өмнө компьютер тоглоомд донтохыг сэтгэцийн өвчин гэж үздэггүй байсан. Гэтэл одоо дэлхийн хэмжээнд онц аюултай өвчний тоонд ордог болсон аж.

Мөн энэ өвчнөөр ихэвч­лэн бага болон өсвөр нас­ныхан өвчилдөг нь тэдэнд PC тоглоомоос өөр чөлөөт цагаа өнгөрөөх газар дутмаг байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

PC тоглож буй хүүх­дүүдийн яриагаар бусад төрлийн тоглоом, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газар цөөн, хэтэрхий үнэтэй учраас өөр сонголт байдаггүйгээс болдог. Харин РС-г анх тоглож байгаа хүүхдүүдийн хувьд тоглоом нэртэй учраас юу ч хамаагүй сонирхдог аж.

О.Батбилэг


URL:

Сэтгэгдэл бичих