Ийм замаар явах гэж татвар төлөөгүй шүү дээ

Удахгүй болох Үндэсний их баяр наадмын өмнө зарим замын засварын ажлыг яаралтай хийж дуусгахаар болсон. Тэд 47 зам, уулзварт 12720 ам метр тэмдэглэл, 1000 ширхэг тэмдэг хийж байгаа. 38 замын 25000 ам метр талбай, зургаан гүүрт урсгал засвар хийх юм байна.

Орон сууцны хороолол доторх 20 км авто-замыг шинэчлэх гэх мэтээр ажил их. Дээрх олон тоог дуулахад сайхан байгаа биз. Харин замын ажил чанартай болох эсэхийг цаг хугацаа харуулна.

Өнгөрсөн жилүүдэд зассан замуудаар одоо ч бид зорчиж байгаа. Бага хугацаанд чанаргүй хийсэн ажлын жишээ нийслэлд маш олон байна. Энэ удаа бид Баянзүрх дүүргийн замын байдлыг сурвалжиллаа.

Тус дүүргийн дөрөвдүгээр хороо, 15 дугаар хороолол орчмын замууд захаасаа үерийн усанд урсаад явчихсныг тэр хавийнхан бүгд мэднэ. 13 дугаар хорооллоос хойшоо эргэж Сансарын аюулгүй тойрог хүрэхийн тулд шинээр дэвсээд удаагүй байгаа туслах замаар ордог. Шороон замаас нэг их ялгаагүй. Та түүгээр зорчвол энхэл, донхолтой, том том нүх үүссэн байх вий. Нэг алхаад л цаашаагаа том том, нүхтэй, энд тэндгүй халзарсныг хараад шинэ зам гэж хэлэхийн тэмдэггүй болжээ.

Бүтээн байгуулалт нэрийн дор Сансарын тунел орчмын замыг өнгөрсөн намар эвдэж дууссан. Нэг ажлыг хийх гэж нийтийн эзэмшлийн зам, талбайг ингэж сүйтгэдэг жишээ нийслэлд дэндүү олон болов. Тэр зам одоо овоолсон шороо, хэлтэрхий хавтан, хайрганы үлдэгдэл гээд машинтай битгий хэл явган хүн явахад хэцүүхэн болжээ. Замын бордюр нь хэдэн тийшээ налчихсан. Гэр хорооллын замаас дутахааргүй барзгар зам тэнд байна.

Энэ туслах, гол зам өмнө нь ийм дүр зурагтай байгаагүй юм. Нүхэн гарц хийхээр тендерт шалгарсан компанийн ачаар Сансарын тунел орчмын тойрог зам, ногоон байгууламжтайгаа сүйтгэгдээд удаж байна. Энэ хавар засварлана хэмээн албаныхан ярьж байснаа мартжээ. Одоо тэнд зам засварын нэг ч машин техник алга, ямар ч ажилтан харагдсангүй. Нөгөө нүхэн гарц барих ажил ч сонгуулийн сүрэнд дарагдав бололтой.

За энэ ч яахав гэж орхиж болно. Сансарын тунелийн замаар машин тэрэг явах нь ховордож голдуу онгорхой байх болсон. Шугамнаас гарах ёсгүйгээрээ нийтийн тээвэр, таксинууд л тэр замаар явж үзэгдэнэ. Олон жилийн эдэлгээ даахаа болиод Сансарын тунелийн хоёр урсгалтай зам там болж, олон жолоочийн дугуйг хагалж машин тэргийг эвдэлж байна. Нэг метр гаруй газар яваад л онгорхой, цоорхой нүх харлана. Тэр болгонд хурдаа сааруулж, туг сүлжиж байгаа аятай явж байж тунел өнгөрнө. Ямар ч жолооч ийм замаар явахыг хүсэхгүй. Тийм болоод л жолооч нар Сансарын клонкийн хажуугийн замыг сонгож зорчих болсон. Өглөө, оройгүй энэ замд түгжирдэг болоод удаж байна. Хотын төвөөс дөрвөн км хүрэхгүй газарт л нүхээр дүүрсэн там шиг замтай байхад үүнээс цаашилбал ярих юм олдохгүй биз.

15,16 дугаар хорооллын замын талаар сөхөөд ч яах вэ. Техникийн захыг зорьдог хүмүүс ямархуу замаар явж хүрдгийг бүгд мэднэ. Устай, шавар шавхаатай, энхэл донхол цоорхой зам хаа сайгүй таардаг. Жилийн жилд өнгө төрх нь улам муудаж хүмүүсийн хувийн өмчийг муу зам эвдсээр байна.

Офицерүүдийн ордон уруудаад бас л асуудалтай зам угтана. Тэрэлж рүү амралтын өдөр бүр зүглэдэг дарга ангийнхан нисдэггүйгээс хойш энэ замаар эрх биш давхидаг байлгүй. “Ямар хэцүүхэн зам болсныг та бүхэн мэдэж байгаа байх” гэж Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг нийслэлийн шуурхай хуралдаан дээр өмнө нь мэдэгдэж байсан удаатай. Бид ийм замаар явах гэж татвар төлөөгүй шүү дээ.

Д.Мягмар

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.