С.Ламбаа сайд худал амлалтуудаа юу гэж тайлбарлах бол…

С.Ламбааг анх Эрүүл мэндийн сайдаар томилогдох үед энэ салбарын талаар түй гэх мэдлэггүй хүн томилогдчихлоо энэ салбар ингээд сүйрэх нь энэ гэсэн шүүмжлэлүүд хөвөрч байсан. Урьд нь энэ салбарын сайдаар малын эмчээс арай дээхгүүр мэдлэгтэй  гишүүдийг  томилоод хэвшчихсэн манай улсын хувьд томилгоо нэлээн хүндээр туссан байх.

Гэхдээ ард түмэн С.Ламбааг нилээн бизнес сэтгэлгээтэй менежмент сайтай, Инженер эдийн засагч мэргэжилтэй учир хүнд суртал дампууралд идэгдсэн энэ салбарыг шавраас татаад гаргачих байх гэсэн найдлага тавьж байлаа. Сайдын сэнтийд заларсныхаа дараахан С.Ламбаа “Би” гэдэг төлбөртэй нэвтрүүлгээр өөрийгөө тултал нь рекламдаж, эрүүл мэндийн салбар үнэхээр доголдолтой байна. Энэ салбар ямагт ниргэсэн хойно нь хашгирав гэдэг зарчимаар ажилладаг. Тиймдээ ч Монголын маань ард түмэн үхэхээсээ долоо хоногийн өмнө л ямар өвчнөөр үхэж байгаагаа мэддэг. Энэ салбарт хийх нэн тэргүүний шинэчлэлт бол даатгалын тогтолцоог төгөлдөржүүлэх ажил байна. Иргэд маань сар бүрийн цалингаасаа даатгал төлдөг атлаа тэр төлсөн даатгалтайгаа дүйж очих эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байсаар байна гэхчилэн уран гоё ярьж ард түмнийг өөртөө итгүүлж чадсан. Үнэхээр ч тэр нэвтрүүлгийг үзсэн хүмүүс одоо л нэг юм эрүүл мэндийн салбар жинхэнэ утгаараа ажиллах нь хэмээн итгэж байлаа. Харамсалтай нь С.Ламбаа урьд сайдуудын адил хулхидчихжээ. Тэр тийм гээд хэлчихээр ямар ч дорвитой далайцтай, нөгөө яриад байсан ажлуудаасаа ядахнаа нэгийг нь ч хийсэнгүй. Эрүүл мэндийн салбарт гарсан томоохон хийсэн ажил чинь юу байна гэсэн сэтгүүлчийн асуултанд өнгөрсөн онд төрөхийн хүндрэлээр 56 эх нас барсан бол энэ жил 25 эх нас барж 56 хувиар эхийн энгдэгдэл буурлаа гээд ичихчгүй яриснаас өөр ямарч дэвшилтэй ажил ярьсангүй. Өө нээрээ 2010 онд 1000-аад хүн хоолны хордлого, эмийн хордлогоор эмчлэгдлээ. Гэхдээ энэ бүхнийг даван туулахын төлөө Эрүүл мэндийн салбар эрч хүчтэй ажилласан гэснийг орхих шахлаа. Харин С.Ламбааг сайдаар томилогдсоноос хойш Эрүүл мэндийн салбарт гарсан хэд хэдэн шинэ ноцтой зөрчил гарсан. 2009 онд Эрүүл мэндийн салбарын төсвийг төсвийн тодотголоор 10 хувиар буюу 23 тэрбумаар танаснаас тус салбар хүнд байдалд орсон. Тухайлбал  I төрөхийн эхчүүдээс шинжилгээг авдаг биохимийн лаборатори нь шинжилгээний бодис бусад зүйлс нь дууссанаас болж бүрэн зогссон бөгөөд тус эмнэлэг гэхэд эм болон бусад бүтээгдэхүүнээ хувийн байгууллагуудаас зээлээр авсаар 45 сая төгрөгний өрөнд унаснаас үйл ажиллагаа зогсоохдоо тултал доройтож байсан. Мөн тус онд H1N1 хэмээх шинэ төрлийн ханиад Монгол улсад дэлгэрч маш бонино хугацаанд 17 хүн нас барж цаашдаа 400 орчим хүн энэ өвчнөөр үхнэ гэсэн судалгаа гарч Монголчууд айдас хүйдэст живж байлаа. Харамсалтай уг өвчний эсрэг тарилга, вакцин нь өвчин тархаж, иргэдийг  алж дуусаад намсанаас хойш даруй 4 сарын дараа л Монголд орж ирсэн нь ЭМЯ үхэр тэрэгнээс удаан хурдаар ажилладаг гэдгийг нь нотолсон юм.
Түүнчлэн С.Ламбаа сайд нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Би Гүндалай шиг ДОХ-ын талаар яриад явахгүй. Одоогоор монголд 83 хүн ДОХ-оор өвчилсөн нь тогтоогдоод байгаа. Гэхдээ миний тооцоолсноор 100 бол байгаа. Үүний цаана 400-500 хүн ДОХ-той байх магадлалтай гээд дэлхийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тогтоосон. Би Гүндалайгаас хавьгүй том бодлогын чанартай ажил хийнэ гэж бодож байгаа. Тухайлбал даатгал төлдөг иргэд жилдээ 650000 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй. Тэр эрхийг олгодог болгоё”  гэж ярьж явсан боловч эцэст нь түүнийгээ ажил хэрэг болгож чадаагүй. Монголын бүх иргэд эмнэлэгээр үйлчлүүлэхдээ эм тариагаа өөрсдөө авдаг бөгөөд гагцхүү худалдаж авсан эмийн бүтээгдэхүүнээ биедээ шахуулахын тулд л эмнэлэг хэвтдэг. Тэгсэн атлаа жилдээ иргэдийн халааснаас нь булааж авдаг 80,7 тэрбумыг хэнд юунд зарцуулсан нь тодорхойгүй нуудаг. Жил бүрийн 11 дүгээр сараас 1 дүгээр сарын хооронд ханиад томууны тархалт туйлдаа хүрдэг бөгөөд энэ үед улсын эмнэлэгт хэвтдэг хүмүүсийн тоо эрс өссөнөөс үүдэн иргэд эмнэлэгийн корторт гудас дэвсэн хэвтдэг. Энэ бүхнийг эрхэм сайд нүдээрээ үзэж танилцдаггүй болохоор шинээр эмнэлэг барих асуудлыг огт авч хэлэлцдэггүй. Хүйн халдвараар хүүхэд эндсэний дараа төрөх эмнэлэг барих асуудал бол эрүүл мэндийн салбарын хамгийн чухал асуудал байж хэмээн баахан мөнгө төсөвт суулгасан боловч одоог болтол тус барилга нь ашиглалтанд ороогүй  байна.

ЭМЯ-ыг тойрсон асуудлууд ингээд дуусахгүй донорын цуснаас ДОХ-ын вирус илэрлээ, хүүхэд залуучууд маань яр, тэмбүүгээр ихээр халдварлаад байна. Цусны төв нөөцгүй болж, олон хүний хутганы ирэн дээр ирлээ гэх мэт асуудлууд цуварсаар л байгаа. Харин ирэх сонгуулиар сайд С.Ламбаа юу гэж худлаа ярьж гарч ирэх юм бол, манай гишүүд миний санаачилсан хуулиудын нэгийг ч дэмжээгүй бас санхүүжүүлээгүй гэж хэлэхгүй байх.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих