Монголын залуус хаана явна вэ

Монголын эрчүүд хаана явна гэж бид бие биеэсээ асуух цаг аль хэдийнэ болчихож. Асуудлыг өдөр бүр ярьж, хөндөх цаг ч аль хэдийнэ болчихоод байгаа. Үнэндээ Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь иргэд байх ёстой. Тэр дундаа эрчүүд хамгийн үнэтэй баялаг байх ёстой юм. Эмэгтэйчүүдийг баялаг биш гэж байгаа юм биш. Цаанадаж улс орны эрх ашиг, тусгаар тогтнол, наанадаж өрх гэр, үр хүүхэд хань ижлийнхээ төлөө тэмцэх ёстой хүмүүс нь эрчүүд. Нөгөө “цэрэгт яваагүй ч хэрэгтэй цагт буугаа үүрээд явах эрчүүд минь” гэдэг чинь тоглоом юм шиг сонсогддог ч үнэн үг. Нөгөө талаар тэдэнд ийм үүрэг, хариуцлага байх ёстой гэж байгаа юм шүү дээ. Гэтэл манай залуучуудад, эрчүүдэд ийм хариуцлага алга байна. Бүгд биш л дээ. Хувиар тооцвол 70-аас дээшээ тоо гарах шахаж байна. Эрчүүд шийдвэр гаргах төвшинд олуулаа гэдэг ч нийгмийн бусад төвшинд эмэгтэйчүүд зонхилж байна. Боловсролын байдлаараа ч эмэгтэйчүүдээс доошоо орох шахчихаж. Өнөөдөр нөхөртэй мөртлөө өрх толгойлсон эмэгтэй шиг амьдарч байгаа хүүхнүүд дүүрэн байна. Энэ мэтээр бичээд байвал эрчүүд минь хаана явна вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирээд байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө ажлаар ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн үүдэнд өдөржин суулаа. Бүр тодорхой хэлбэл, бүхэл бүтэн 12 цагийн турш тэнд байсан юм. Гэтэл нэг өдрийн хугацаанд 20 сайхан залуу “аавын хаалга” татаж, төмөр торны цаана суухаар ирж байна. Ердөө л ганцхан өдөр, нэг хорих ангид 20 сайхан залуу хоригдохоор ирж байна гээд бодоод үз дээ. Долоо хоногоор, тэгээд Монголд байгаа шорон гянданг тоолоод үзвэл бидний хэд нь төмөр торны цаана сууж байна вэ. Нарийн хэлбэл, улсын хэмжээнд жирийн дэглэмтэй 10, насанд хүрээгүйчүүд болон эмэгтэйчүүд, баривчлах ял эдлүүлэх, дамжин өнгөрүүлэх, эмчилгээний тус бүр нэг, чанга дэглэмтэй долоо, онцгой дэглэмтэй нэг, гяндан нэг байдаг юм. Нэлээд өндөр тоо гарч ирэх болох нь. Хамгийн гол нь шоронд хоригдох гээд ирж байгаа залуус гавьяа байгуулсан юм шиг инээсээр, тамхи баагиулсан шиг явж байгааг нь харахад уур хүрмээр, нөгөө талаас элэг эмтэрмээр байсан. Дандаа л ид хийж бүтээх, зүтгэх, сайхан амьдралын төлөө тэмцэж явах ёстой 20-30 насны залуус төмөр гаваар гавлуулчихаад шоронгийн зүг инээгээд явж байна.

Энэ улсын эрчүүд шоронд орж байгаагаа гэртээ ирж байгаа юм шиг санадаг болчихсон хэрэг үү. Уг нь залуус амьдралынхаа хамгийн сайхан он жилүүдийг торны цаана өнгөрөөнө, хүний эрхэнд байна гэж бодохоос нулимс нь цувж, нүд нь харанхуйлмаар санагдах юм. Эцэг, эх, ах, дүү нарынхаа, эхнэр, хүүхдийнхээ өмнө түүнээс том ялтай санагдаж шаналах ёстой биш үү. Гэтэл юу ч болоогүй юм шиг инээх нь холгүй явж байгааг юу гэж ойлгох вэ. Залуус ингэтлээ шоронжиж, амьдралын төлөө тэмцэхээс шантардаг болчихоо юу. Өнөөдөр гэр бүл болж байгаа эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь өөрөөсөө боловсролоор бага эрчүүдтэй сууж байна. Энэ нь үл ойлголцлын нэг шалтгаан болж, гэр бүл салалт ихэссээр байгаа. Гэхдээ хариуцлагыг дандаа л эмэгтэйчүүд үүрч байна. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бага бай­на. Жилд нас барж байгаа хүмүүсийн 55 хувийг эрчүүд эзэлж байгаа. Нас баралтын шалтгааны ихэнх хувь нь зүрх судас, элэгний өвчлөл байгааг ч мэргэжилтнүүд хэлдэг. Энэ өнөөх архи, тамхины замбараагүй хэрэглээтэй холбоотой.

Энэ мэтээр зүгээр л энгийн статистик тоо баримт дурьдахад эх орон, айл гэрийн эзэн байх ёстой эрчүүд үүргээ биелүүлж чадахгүй, хаврын цас шиг “хайлж” байна шүү дээ. Өнөөгийн нийгэмд нүдээ бага зэрэг нээгээд, чихээ дэлдийлгээд явах юм бол бөөн асуудалд орсон, үр хүүхдээ тэжээх гэж ядсан, нөхөр хайсан эмэгтэйчүүд дүүрэн байна. Тэр болгоны цаана хэн нэг залуугийн хариуцлагагүй үйлдэл байсаар л. Юм болгон дээр эрчүүдийн буруу байна гэж юу байх вэ. Гэхдээ л хариуцлагатайгаасаа хариуцлагагүй нь олон болчихож. Түүнээс нь болоод эмэгтэйчүүдийн эр хүнд итгэх итгэл, хүндлэл өдрөөс өдөрт “шаварт хутгалдсаар”. Ийм цаг үед гадаадыг зорьж байгаа эрчүүдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Монголын аль л эрүүл саруул, идэвхи зүтгэлтэй, амьдралын төлөө тэмцэлтэй залуус Солонгос руу явж, зарц болсоор. Хэдэн жилийн дараа эргэж ирэхдээ эхнэрээсээ салчихсан, өрх тол­гойлсон эмэгтэй, хагас өнчин хүүхэд нэгээр нэмчихсэн, эх орондоо байр сууриа алдчихсан “нөхдүүд” л болж хувирдаг.

Тэд сайндаа л хэдэн cap Монголдоо амьдарч, халуун ногоотой хоол идэж, Солонгосоор харааж байгаад мөнгөө дуусахаар буцаад хоёр дахь “эх орон” руугаа явчихаж байна. Зарим нь бүр эргэж ирэхийг ч хүсэхгүй болчихсон. Эх орон, эхнэр хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээхээс айдаг, хэдэн төгрөг олж идэж, унтахаас өөрийг хүсэхгүй байгаа болохоор тэр шүү дээ. Уг нь Монгол Улсын нийт хүн амын 47 орчим хувийг эрчүүд эзэлж байгаа. Ингээд бодохоор монгол эрчүүд арай ч говийн баавгай шиг цөөрчихөөгүй байна. Тэгсэн мөртлөө “Улаан ном”-д орчихсон юм шиг цөөхүүлээ харагдаж байгаа. Тэр зуур гадныхан Монголд үүрлэж, охид бүсгүйчүүдийг нь хэрэглээ болгож, хэдэн халтар төгрөгөөр худалдаж авч байна. Монгол эрчүүд нь шоронд, Солонгост, бааранд, лонхонд байхад гадныхан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх байлгүй дээ. Эрчүүд минь бид гэр бүлээ хайрлаад, тэднийхээ сайн сайхны төлөө зүтгэхэд л улс орны хөгжилд, эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа хэрэг шүү дээ. Түүнээс биш хувь хүнээс хэзээ ч зам барьж, эмнэлэг барь гэж шаардахгүй. Бүгдээрээ туг барьж гүйгээд байна гэж юу байх вэ. Харин тугалын бэлчээрээс бага зэрэг холыг л харах хэрэгтэй байна.

Н.ПУНЦАГБОЛД

mongoliin medee


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих