Хувьцаагаа бэлэн мөнгөөр сонгосон бол хүсэлтээ буцааж болно
“Эрдэнэс-Тавантолгой”-н нийт хувьцааны 20 хувийг иргэн бүрт эх орны хишиг болгон эн тэнцүү хүртээхээр болсон. Энэ дагуу Засгийн газраас 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахыг зохицуулсан 116 дугаар тогтоол гаргасан.
Ингэснээр Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу иргэдэд нэмж 536 ширхэг хувьцаа олгохоор болсон билээ. Улмаар хүн бүрт 1072 ширхэг хувьцааг сая төгрөгтэй дүйцүүлэн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг байхаар Засгийн газраас тогтоосон. Монгол улсын иргэн бүрт эзэмшүүлэх хувьцааг баталгаажуулж “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт бичилт хийх аж. Ингэснээр иргэд эх орны хишгээ бэлэн мөнгөөр нь авч болох бөгөөд хувьцаа хэвээр нь ч үлдээж болох аж. Одоогийн байдлаар хувьцаагаа бэлэн мөнгө болгохоор 1.5 сая иргэн хүсэлтээ ирүүлжээ. Гэвч энэ хүсэлтээ буцаая гэсэн иргэд олон байгаа талаар албаны эх сурвалж хэллээ. Иймээс бэлэн мөнгө авахаар өргөдөл өгсөн иргэд хувьцаа болгох хүсэлтэй байгаа бол харьяа дүүргийнхээ Нийгмийн халамжийн хэлтэст өргөдөл гаргаж болох юм байна.
Харин үндэсний аж ахуй нэгжүүдэд Тавантолгойн хувьцааны 10 хувийг худалдана. Энэ сарын 2-ноос хувь тэнцүүлсэн байдлаар нийт 41390 аж ахуй нэгжид 36240 ширхэг хувьцаа ноогдуулахаар болсон. Тиймээс аж ахуй нэгж, байгууллагууд харьяа дүүргийнхээ Татварын хэлтэст хувьцаа худалдан авах хүсэлтээ гаргах ёстой.
Хувьцаагаа бэлэн мөнгө болгох иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авч байгаа тул тэрхүү хувьцааг эргүүлээд аж ахуй нэгжүүдэд арилжих учиртай аж. Хэрэв иргэд хувьцаа авах бол аль нэг брокер диллерийн компанид хандан данс нээлгэх шаардлагагүйг холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Харин Тавантолгойн биш өөр компанийн хувьцааг эзэмших бол үнэт цаасны данс нээлгэх ёстой ажээ.
URL:













