4х4 буюу Миний монголын хөтөлбөрт юу туссан бэ ?

УИХ-ын  ээлжит сонгуулийн сурталчилгаа албан  ёсоор эхэлж,  намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Ардын нам ард түмэндээ юу амлав гэдгийг  сонирхлоо.
АН-ын  нарийн  бичгийн дарга Я.Содбаатар: Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёсыг тогтооно


МАН-ын  мөрийн хөтөлбөрийн  гол  бодлого  нь  юу вэ?
Монгол Ардын Нам энэ удаад дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөртөө иргэн болгонд, айл өрх бүрт үр өгөөжтэй байх тийм бодлогыг шигтгэж өгсөн. Бид улсынхаа бүх аймаг, дүүрэг хороогоор орж, нэг сая орчим иргэдтэйгээ биечлэн уулзаж “Ард түмнээ сонсъё” аяныг өрнүүлсэн. Энэ аяны хүрээнд ард иргэдээс ирсэн санал хүсэлт, санаа бодлыг тусгасан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг гаргалаа. Ард иргэд сонгуулийн дөрвөн жилийн амлалтын бодлогоор улс орны хөгжлийн төлөвлөлтийг  зохицуулж болохгүй гэдгийг хэлж байна. Тиймээс бид 20 жилээр улс орны хөгжлийн хөтөлбөрөө боловсруулсан нь энэ. Ингээд ойрын, дунд, хэтийн төлөвлөлттэй, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатай  бодлогын баримт бичгийг гаргаж, үүнээсээ эхний дөрвөн жилийн хөтөлбөрийг энэ сонгуулийн мөрийн хөтөлбөрөө болгон дэвшүүлсэн. Бид ард түмнээсээ эрхээ аваад ирэх дөрвөн жилд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлвээс “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” хэрэгжих үндэс тавигдана. Ингээд улбаалаад үзвэл ирэх жилүүд монголчууд бидний хувьд нийгэм, эдийн засгийн таатай орчинд ажиллаж амьдрах сайн цаг ирж байна.  Энэ эдийн засгийн өсөлт, таатай орчинг монгол айлын гэрт, монгол хүнд баригдахаар, тэмтрэгдэхээр яаж бид зөв бодлого гаргаж зохицуулах вэ гэдэг асуудлыг л мөрийн хөтөлбөртөө тусгасан. Иргэн бүр хуулийн өмнө тэгш байг, хүн бүр бизнес эрхлэхэд тэгш боломжоор хангагдаж байг, сурах боломж нь хүүхэд залуус бүрт ижил тэгш байг гэсэн тийм бодлогын үүднээс “Иргэнд тэгш боломж олгож, Нийгэмд шударга ёсыг тогтооё” хэмээн уриагаа дэвшүүлж байна.  Монгол Ардын Нам байгуулагдсан цагаасаа эхлэн анхнаасаа ард түмэнтэйгээ цуг байж ирсэн. Анхнаасаа ардын нам гэж нэрлэгдэж,  монголын ард түмнээр хүрээлүүлж ирсэн нам. Ард түмэн бидэнд итгэвэл тэднийхээ төлөө, туурга тусгаар , үр хойч ирээдүйнхээ төлөө, улсынхаа төлөө зүтгэх тийм эрмэлзлэл, хийж хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаагаа бидэнд байна.

УИХ-ын  гишүүн Ц.Мөнх-Оргил: Албан тушаалаа урвуулан ашигласан бол улс төрийн хариуцлага хүлээлгэнэ


Хуульч мэргэжилтэй,  улстөрчийн хувьд  хууль  тогтоох эрх  зүйн  шинэтгэлийн  талаар  танай намын  мөрийн хөтөлбөрт  хэрхэн  туссан  тухай мэдээлэл  өгөхгүй юу?
Манай намын мөрийн хөтөлбөрт “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар парламентын тогтолцоонд шинэчлэл хийхэд мэргэжлийн хүний зүгээс тодорхой хувь нэмрээ оруулна. Төсөв, татвартай холбоотой хууль тогтоомжийг УИХ-ын гишүүн бус, Засгийн газар санаачилдаг байх эрх зүйн шинэ орчныг бүрдүүлнэ. Парламентын хууль тогтоох, бодлого боловсруулах чадамжийг нэмэгдүүлнэ. Албан тушаалаа урвуулан ашигласан албан тушаалтанд улс төрийн хариуцлага хүлээлгэж, энэ тухай олон нийтэд мэдээлдэг байх зарчмыг баримталж ажиллана” гэдгийг онцлон тусгасан. Энэ ажилд мэргэжлийн хүний хувьд идэвхтэй ажиллах болно. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, нийгмийн бодит хэрэгцээ шаардлагыг хангасан хууль батлахын тулд төслийг нь иргэдээр хэлэлцүүлж байж баталдаг болгоход мэргэжлийн ур чадвараа дайчлан одоогийн тулгамдсан асуудлыг шинэ шатанд гаргахын төлөө чадах бүхнээ хийнэ. Ялангуяа хуулийн байгууллагуудын хараат бус, авлигаас ангид, ил тод, нээлттэй, тэгш, шударга үйлчлэх тогтолцоог бий болгоход онцгой анхаарч, хууль, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, холбогдох хуулийг санаачлан боловсруулахад мэдлэг, боловсролоо дайчлан идэвхтэй ажиллана гэдгээ хэлмээр  байна.
УИХ-ын  гишүүн Д.Очирбат  Хөдөлмөр  хийсэн  хүнийг дэмжиж “төгрөг-20” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ


Та УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга байсан. Танай намын мөрийн хөтөлбөрт суусан нийгмийн чиглэлийн бодлогуудын талаар юу хэлэх  вэ?
-Манай нам зүүн төвийн үзэл баримтлалтай. Энэ нь нийгмийн хамгааллын бодлогоо явуулдаг. Эмч, багш, ажилчин, ахмадууд гээд бүх давхаргын нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, орлого, цалин, эрүүл мэндийг үзэл баримтлалынхаа төв болгож байдаг. Ер нь аль ч намын өмнө нь дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрүүд эдийн засагтай холбоотой асуудлаа тэргүүнд нь тавьдаг байсан. Харин энэ удаа манай нам хүнийхээ эрүүл мэндийг анхаарч, боловсролд нь санаа тавих ёстой гэдэг зарчмаар хандсан. Өнөөдөр зүүний чиглэлийн нам ажлын байр бий болгох, халамжийн тогтолцоог мөрийн хөтөлбөртөө илүү тусгах ёстой. Манай намын мөрийн хөтөлбөрт энэ чиглэл түлхүү тусгагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Монгол Улсын иргэн бүрт өндөр хүртээмж, цалин хөлс сайтай тогтвортой ажлын байртай болох боломжийг бүрдүүлэх зорилт тавьсан. Манай улс 2,8 сая хүн амтай. Түүнээс 280 мянга нь ажилгүй байдаг. Тиймээс 300 мянган ажлын байрыг шинээр бий болгох зорилтыг тавьлаа. Ингэснээр Монгол Улсын иргэдийн өмнө тулгамдсан ажлын байрны асуудлыг шийдэх юм. Түүнээс гадна ажил хийсэн хүнийг дэмжиж “төгрөг-20” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ хөтөлбөрөөр дамжуулан ажил хийж, цалин авч байгаа хүний  нэг төгрөг бүрт 20 мөнгөний урамшуулал олгоно гэсэн үг. Ингэснээр иргэдийн ажил хийх эрмэлзлэл нэмэгдэнэ.

УИХ-ын  гишүүн Д.Лүндээжанцан:  Тэтгэвэр  тэтгэмжийн хэмжээ   инфляцийн түвшинг  бүрэн  нөхөж байна

МАН-ын мөрийн  хөтөлбөрт  ахмадуудад чиглэсэн ямар  заалт  оров?

Манай намын мөрийн хөтөлбөрт ахмад  настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, Грентлогийн төвийг  аймаг  бүрт  барьж  боловсон  хүчин, техник хэрэгслээр хангана гэсэн  заалт  орсон. Монголын  нийт  хүн амын 7.3 хувийг 55-аас дээш  насны эмэгтэй,  60-аас дээш  насны эрэгтэйчүүд  эзэлж байгаа юм.  Энэ нь  200 мянга  гаруй хүн л  дээ. Эдгээр  хүмүүсээ хэрхэн  зөв  зохистой асарч хамгаалах  вэ, эмнэлгийн тусламж үйлчилгээг   хүртээмжтэй явуулах вэ гэдгийг  амьдрал  дээр харуулдаг  байгууллага нь Грентлогийн  төв  юм. Өөрөөр хэлбэл насжилттай холбоотой хүний эрүүл мэндэд  гарч байгаа өөрчлөлтүүдийг судлаад  зохих эмчилгээ,  сувилгааны оношлогоог өгдөг газар. Мөн  эрүүл  мэндийн  байгууллагад  эмчилгээний зааварчилгаа,  арга зүйгээр  хангадаг  байгууллага гэж хэлж болно.
Түүнээс гадна төрөл  бүрийн  чийрэгжүүлэлтийн болоод чөлөөт цагийн танхим, талбай,  цэцэрлэгт хүрээлэнгүүдийг аймаг сум  дүүрэг  хороо  бүрт  байгуулахаар  ажиллана. Мөн  ахмадын өдрийн  үйлчилгээний төвийг  байгуулна.  Энэ нь  юу вэ гэхээр  хүүхдийн өдөр  өнжүүлэх  бүлэг  гэдэг шиг  хоол  унд,  тохь тухтай, ахмадууд  ирээд  тааваараа өдөр өнгөрөөдөг газар  юм.  Үүнийг  зарим ахмадууд маань тоохгүй байх  л  даа. Гэхдээ зарим өрх,  айлууд  муу хөгшнийгөө гэртээ цоожилчихоод  явснаас өдрийн үйлчилгээний төвд  хүргэж өгчихөөд  орой  ажлаасаа тарахдаа аваад  харьчихдаг  бол  хэчнээн сайхан  билээ. Түүнээс гадна ахмадын хэрэгцээ,  чадамжид  суурилсан хөдөлмөр  эрхлэлтийг  дэмжих  талаар  мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийгээ дагаад  орлого  нэмэгдүүлэх  төсөл  хөтөлбөрийг  дэмжих  заалт орж байна.
Мөн манай намын мөрийн хөтөлбөрт  ахмадуудтай холбоотой орсон  нэг заалт бол  тэтгэвэр,  тэтгэмжийг  инфляцийн  түвшинг  бүрэн  нөхөх  хэмжээнд  нэмэгдүүлнэ. Энэ нь нэг  өдөр  пал  гээд нэмчихгүй,  жил бүр нэмээд  явна гэсэн  үг.

МАН-ын  нарийн  бичгийн дарга Д.Сарангэрэл:  “Залуучууд-Орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

МАН-ын мөрийн хөтөлбөрт залуучуудад чиглэсэн бодлого бий байх. Хамгийн чухлыг нь нэрлээч гэвэл та алийг нь онцлох вэ?
-Залуучууд руу чиглэсэн бодлогын төвд тэднийг ажлын байраар хангаж, байнгын орлоготой болгох  тусгай хөтөлбөр  хэрэгжүүлнэ. “Залуу¬чууд-Орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж нэг гэр бүлд 20-44 метр квадрат талбай бүхий орон сууцны хорооллуудыг барьж ашиглалтанд оруулах, гадаадад сурах боломжийг нээлттэй болгох гээд тэдний¬хээ хүсэн хүлээж буй арга хэмжээг авах заалт мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон. Цэргээс халагдаж ирсэн ханхайсан залуучууд ажилгүй гиюүрэх явдал элбэг. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжснээр тэд ажилгүй байх явдал үгүй болох юм.Ойрын жилүүдэд их бүтээн байгуулалт эхлэхэд ажиллах хүчнээ бэлтгэх, тэднийг сургах гээд олон тулгамдсан асуудал бий.Тэдгээрийн шийдэл нь мөрийн хөтөлбөрт туссан. Алслагдсан аймгуудад хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд бизнесийн таатай орчин бүрдүүлж ажлын байр нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахаар төлөвлөж байна. 40-өөс дээш насныхан ажлын байр олддоггүй талаар байнга гомдоллодог. Тэгвэл тэдэнд  ажилтай болох боломж бүрдэнэ.

Б.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих