Сүхбаатарчууд “Бодь”-ын М.Зоригтыг “хэдэн аавтай” болохыг ойлгохоо байжээ
“Бодь” группын М.Зоригт 2004 онд ИЗН-ын автортайгаар Дорнод аймгаас сонгогдон, дөрвөн жил УИХ-д сууж, 2008 оны сонгуулиар дахин Дорноддоо нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй юм. Дөрвөн жил нам гүмхэн байснаа 2012 оны сонгуулиар АН-ын хүн болчихсон Сүхбаатар аймгаас нэр дэвшив. Тэрээр сонгуулийнхаа сурталчилгаанд зориулан олон ангитай “Наран мандах нутаг” гэх кино хийлгэж, олны хүртээл болгосон гээд чамгүй мөнгө зарж байгаа. Гэтэл түүнд Сүхбаатарчууд “Дорнодын гологдлыг бид сонгохгүй” гэж хатуухан хандаж байгаа сурагтай. Түүгээр ч зогсохгүй “хүний хуучин дээлийн шинэ нь” гэдэг юм гэх хариуг ч өгч байгаа гэнэ. Эрхэм нэр дэвшигч Дорнод аймагт нэр дэвшиж байхдаа “манай аав Дорнод аймгийн Матад сумын уугуул” хэмээн ярьж явдаг байсан бол одоо Сүхбаатарчуудад “Миний аав Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул” гэж ярьж яваа юм байх. Тиймээс Сүхбаатарчууд М.Зоригт “хэдэн аавтай юм”, эсвэл “далан худалч” юмуу гэх эргэлзээнд ороод байгаа аж. АН-ын ялагдах эрхгүй сонгуульд Сүхбаатар аймгийг дааж авсан М.Зоригт нэр дэвшигч сурталчилгааныхаа арга барилд анхаарахгүй бол Дорнодод мултарсан шигээ Сүхбаатарт ч байгаа онохгүй байж мэдэх нь.
Э.Гэрэл www.shuum.mn
URL: