Ардчиллын буяныг ханатлаа хүртэгсэд ханасангүй юу?

Төрөөс төрсөн тэрбумтан, түрийвч  түнтгэр олигархиудаа УИХ-д сонгуулахаар сойгоод байгаа АН-ынхан ард түмнээ эрээ цээргүй басан доромжилж байна. Монголчууд хүн шиг амьдраагүй, Монгол Улс улс шиг хөгжөөгүй юм гэнэ. Ардчиллын 20 жилд монголчууд дэлхий нийттэй хөл нийлүүлсэн, гадаад дотоодод чөлөөтэй зорчдог, ажиллаж амьдардаг болсон. Орон сууц, газар, малаа хувьчилж авсан, хувийн өмчтэй болж баяжиж хөлжсөн. Энэ бол ардчиллын гавьяа гээд л өөрсдийгөө дөвийлгөн магтаж яриад байдаг байснаа одоо ингээд бүгдийг нь үгүйсгэж орхилоо. Өнгөрсөн 20 жил Монгол Улс улс шиг хөгжөөгүй, ард иргэд нь хүн шиг амьдраагүйг АН-ынхан гэнэт мэджээ. Тэгээд гайхсандаа “Хүн шиг амьдаръя. Улс шиг хөгжье” гэж хашгиралдав. Нэг ёсондоо гүн шоконд орсон юм байна. Мэл гайхаж, цэл хөхөрсөн юм байна. За яахав, монголчууд бид хүн шиг амьдралгүй 20 жил болсон юм байж гэж бодъё. Тэгвэл АН-ынхан яасан хэрэг вэ. Ингэхэд өнгөрсөн 20 жил АН-ынхан хаана байсан юм бэ. Тэд бүгдээрээ гадаадад амьдарч байгаад ирэв үү. Эсвэл 20 жил гэрээсээ гараагүй юм уу.
АН-ынхны хэлж яриад байгаагаас ийм л асуултууд урган гараад байгаа юм. Өнгөрсөн 20 жил зах зээлийн хатуу ширүүн шуурганд өгсөж уруудаж, алдаж онож, унаж босч явж өнөөгийн төвшинд хүрээд байгаа монголчуудаа АН-ын олигархиуд тохуурхан ёжилж байна. Та нар хүн шиг амьдарч чадсангүй ээ хэмээн дооглож байна. Уг нь ардчилсан нийгэмд хөл тавьж зах зээлийн замаар зүтгэсэн 20 жилд алдаа оноо байгаа бол аль аль нь бүх монголчуудынх. Өнөөдөр монголчууд хүн шиг амьдарч чадахгүй байгаа бол АН-ынхан тэр бурууг үүрэлцэх л ёстой. АН-ынхан дандаа зөв, дандаа сайн, дандаа ариун явдалтай, бусад намынхан бүгд буруу, бузар юм гэнэ. Ингэж үзвэл ёстой инээдтэй хэрэг биз дээ. АН-ын дотор олигархиуд ч бий, авлигачид ч бий. Бүр увайгүй луйварчин ч бий. Үнэнч, шударга хүн ч бий. Тэд төрийн эрхийг дангаараа ч барьж байсан. Даанч ардчилагчид тогтвортой засаглаж чадалгүй дөрвөн жилд дөрвөн Засгийн газрын нүүр үзэж байлаа.

АН бас бусадтай хамтран засгийн эрх барьж, эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгийн бялуу ханатлаа хүртэж байсан. Тэд өмч  хувьчлалыг бантагнуулж, банкуудыг дампууруулж байсан. Тэр бүхний дүнд АН-аас олон олигархи төрсөн. Өнөөдөр цор цор гээд уран цэцэн яриад байгаа АН-ын улстөрчдийн олонхи нь төрөөс төрсөн тэрбумтнууд. Өмч хувьчлал будилаагүй бол З.Энхболд, Д.Одхүү тэргүүтнүүд баяжихгүй, АН засгийн эрх барилцаагүй бол Н.Алтанхуяг, Г.Батхүү, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар тэрбумтан болохгүй л байсан. Тэд ардчиллын буяныг ханатлаа амсч, ард түмний баялгийг цадталаа шимсэн. Хорь гаруй жилийн өмнө ардчилал ярьж гарч ирсэн залуучууд өнөөдөр бүгдээрээ олигархиуд болсон. Худлаа гэвэл дээр дурдсан УИХ-ын гишүүдийг өнөөдөр хэн болсон бэ гээд бодоод үз л дээ. АТГ-т танилцуулдаг хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хар л даа. Төрд шударгаар ажиллаад 20 байтугай 40 жилд ч олохооргүй их хөрөнгө мөнгийг тэд цуглуулж, хагартлаа баяжсан байна. Нохойгоо сайн чанарын пиццагаар тэжээж, сарын хоёр гурван  тэрбумын орлого олж, хувийн компаниудаа төсвийн мөнгөөр угжиж, үүндээ цадахгүй архи дарс, хүнс, шатахуун, барилга, авто замын бизнесийг тэр чигт нь атгаж, Билл Гейтс хүртэл атаархмаар тансаг амьдарч байна, манай АН-ынхан. Тийм болохоор тэд “Эксел”, “Аксент” унаж, ихэнх нь гэр хороололд, цөөнх нь сайндаа 40 ам метртэй нэг өрөөнд шахцалдан амьдарч байгаа, сарын 400-500 мянган төгрөгийн цалингаар бор амьжиргаагаа подхийтэл залгуулчихаад санаа амгалан, сэтгэл цагаахан яваа эгэл боргил ард түмнээ ичгүүргүйгээр басамжлан тохуурхаж “Та нар хүн шиг амьдраач” гэж тавлаж байгаа юм байна.
Үүнийг тэвчих  тэнэг хүн байх уу. Тиймээс АН-ынхныг өөрсдийг нь “хүн шиг амьдар” гэж хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл АН-ынхан өнгөрсөн 20 жилд ард түмнээсээ  хэт тасарч, авлига, хээл хахууль, хууль бус бизнес, олигаполь, монополиор хөлжиж, баяжсан. Тэд эгэл жирийн иргэд шиг биш дэлхийн тэрбумтнууд шиг амьдарсан. Өөрөөр хэлбэл тэд хүн шиг амьдраагүй. Одоо  тэрийгээ гэнэт мэдээд “Хүн шиг амьдаръя” гэж байгаа юм байна л даа. Тийм учир “Наад үгээ Дэлгэртээ хэл” гэдэг шиг “Хүн шиг амьдаръя” гэдэг наад үгээ өөрсдөдөө, УИХ-д нэр дэвшээд байгаа Г.Батхүү, Ч.Сайханбилэг, Х.Баттулга, Д.Зоригт, М.Зоригт, С.Баярцогт, Л.Болд, Л.Гансүх, Б.Наранхүү тэргүүтэй хагарч дэлбэрэх шахсан олигархиуддаа л хэл гэж АН-ынханд хэлье. Бас “Баяраа өөрөө л унасан юм билээ” гэдэг шиг “АН-ынхан та нар өөрсдөө л ард түмнээсээ хүн шиг амьдрах боломжийг нь булаасан юм билээ” гэдгийг бүр чангаар хэлье. Ийм бусармаг, булхайгаар баяжиж хөлжсөнийг чинь мэдэх болохоор ард түмэн Н.Алтанхуяг шиг амьжиргаадахгүй, Г.Батхүү шиг баяжихгүй, Ч.Сайханбилэг шиг сайжрахгүй, С.Баярцогт шиг хөрөнгөжихгүй, Х.Баттулга шиг хөлжихгүй, С.Эрдэнэ шиг шамшигдуулахгүй, З.Энхболд шиг зувчуулахгүй, АН шиг амьдрахгүй, авлигаар хөгжихгүй хэмээн ярилцаж байна.

С.Ууганбаатар


URL:

Сэтгэгдэл бичих