Э.Бат-Үүл гишүүн иргэдийн гараар могой бариулах нь

НИТХ-д нэр дэвшсэн Э.Бат-Үүл баатар хот төлөвлөлт гэж мэддэггүй юм байх даа. НИТХ-ын сонгуульд намаа удирдаж оролцоно гээд байгаа. Уг нь албан тушаалын шуналгүй улстөрч болж харагдах гэж л дээ. Саяхнаас сонгуулийн сурталчилгааны ажлаа эхэлсэн тэрбээр дүүргүүдэд иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулж явна. Хан-Уул, Багануур гээд алслагдсан дүүргээс гараагаа эхэлжээ.

Э.Бат-Үүл баатар нэлээд эртнээс хувийн сууц, хаустай болохыг иргэдэд уриалах болсон. Энэ удаа ч мөн л үүнийгээ ярьж, чухамхүү юу юугүй хэрэгжүүлэх шатанд нь ярьж яваа мэт сэтгэгдэл төрүүлж байгаа юм байх. Хан-Уул дүүрэгт болсон уулзалтын үеэр Э.Бат-Үүл « Бүгдээрээ хашаандаа амины орон сууц барьж, хананаасаа халуун ус гоожуулж, цэвэр бохир усны хангамжтай орчинд сайхан амьдаръя. Орон сууц гэдэг чинь амины орон сууцыг хэлдэг болохоос нийтийн орон сууцыг хэлэхгүй. Иргэд амины орон сууцанд эрх чөлөөтэй, тохилог амьдрахыг хүсч байна.

Харамсалтай нь, нийслэлийн удирдлага санаатайгаар гэр хороолол руу инженерийн шугам татахгүй байна. Яагаад гэвэл та нарын газрыг булааж, нийтийн орон сууцны бизнес эрхлэх санаа агуулж байгаа. Тиймээс та нар газраа битгий өг, бүгдээрээ хашаандаа хаусаа барьж амьдарцгаая» гэжээ.

Хэдий сонгуулийн сурталчилгаа эхэлсэн ч төрийн түшээ хүн ингэж ярих нь зүйд хэр нийцэх юм бол доо. Уг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хэмээх түм түжигнэж, бум бужигнасан их айл өнгөрсөн, одоо, ирээдүйд төлөвлөлтийн дагуу хөгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хотын бүхий л ажил, бүтээн байгуулалт төлөвлөлтийн дагуу явагддаг. Тав, 10, 15 жилээр ерөнхий төлөвлөгөөгөө гаргадаг шүү дээ. Түүний дагуу дэд бүтцийн асуудлыг шийдэж, эрчимтэйгээр хөгжүүлэхээр нийслэлийн удирдлагууд ажлаа хийж байна. Харин зарим нэг , иргэн газраа үнэ хүргэж зарах тухай буруу ойлголтоос болж бүтээн байгуулалтын ажил удааширдаг талаар бишгүй л ярьж, бичлээ.

Гэтэл дарин дээр давс цацаж, Үүл баатар үлгэр ярихдаа бусдыг турхирах хэрэг юу байна аа. Э.Бат-Үүлтэй хамт нэр дэвшиж буй «багийнхан» нь «Агаар нь цэвэр, аюулгүй тайван, авлигагүй, ажил орлоготой Улаанбаатар хотыг байгуулахын тулд гэр хорооллыг амины орон сууц­ны хороолол болгон өөрчлөх цаг иржээ. Хэрэв НИТХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлээр ахлуулсан баг ялалт байгуулбал гэр хороо­лол руу инженерийн шугам татах ажлыг яаралтай эхлүүлэхээр төлөвлөөд байна» гэжээ.

Түүнийхээр бол сонгогдонгуутаа шууд шийдвэр гаргаад, гэр хорооллын иргэдийн хашаанд инженерийн шугам татаж, гэртээ цэвэр бохир устай, дулаантай болгохоор бариад эхлэх юм биз дээ.Тэгвэл хэдэн жилийн өмнөөс төлөвлөсөн ажлууд хэрхэх болж байна гэх зэрэг асуулт ундарна. Үүнийг одоогийн УИХ-ын гишүүн, НИТХ-д нэр дэвшигч Э.Бат-Үүл мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харамсалтай нь иргэ­дийн эмзэг сэдвийг ашиглан явуургүй бодлого хэрэгжүү­лэх нэрээр сонгуулийн шоу хийж байна.

Орон сууцны хорооллууд сүндэрлэх газруудад иргэд хэдийнэ санал нэгтэйгээр газ­раа өгч оронд нь байр авна гээд гэрээгээ хийчихсэн. Харин дараа дараагийн хот төлөвлөлтийн ажлыг чөдөрлөхийн тулд иргэдийг ийн турхирч, хүний гараар могой бариулж, хөгжлийн хурдыг сааруулахаа болиосой.

Ж.Нарангэрэл

өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих