Арван нэгийн эргүүлэг

Хүн төрлөхтний оршин буй дэлхийн бөмбөрцөг маань наран төвт сансрын их эргүүлгийн нэгэн биет юм. Тиймээс тэрхүү их ертөнцийн “эргүүлэгийн” хуулиар оршин тогтнож байгаа билээ. Хүн, амьтан, ургамал байтугай хөрс шороот газар дэлхий өөрөө ч тэнхлэг дээрээ эргэж байдгийн улмаас дээрээ оршин аж төрж, урган цэцэглэж байдаг бүхэнд мөн л эргүүлэгийн журмаа “Мөрдүүлсээр” иржээ. Хүний зулайн эргүүлгэ, гар хөлийн хурууны эргүүлгэн хээнээс эхлээд ер нь эргүүлгийн шинжийг хадгалдаг болгоны тухай дээр үед “Эргүүлгийн тухай эргүүлгэ” гэдэг исээ нийтлэлдээ дурдсан тул нуршихгүйгээр өөр нэгэн талаас нь уг асуудлыг сөхөн үзье. Эргүүлгэ бас орон зайгаас гадна цаг хугацааны нарийн хэмнэлтэй үзэгдэл ажээ. Тэрхүү өвөрмөц үзэгдлийг манай өвөг дээдэс ажигч гярхай нүд, бясалгагч ухаанаараа эртэн цагаас танин мэдсэн ажээ.

“Оосор үгүй орчлонд
Уйтгар үгүй тэнэсэн
Сайн муугийн эргэлт
Салхинаас түргэн
Сансрын хүрдийн эргэлт
Түүнээс ч түргэн” гэж монгол ардын аман зохиолд гардаг нь их л учиртай үг ажээ. Монголчууд 60 жилийг нэг эрин гэж үзээд 11 жилийг нэг үе хэмээн хүний насыг хэмждэг эртний уламжлалтай юм. Тэгээд хүн эхээс төрөөд 11 жилийг үдэж 12 дахь жилтэйгээ золговоос нэгэн үе мултарч хоёрдахь үе эхэллээ гэж үздэг байсан нь өнөө цагг ч мартагдаагүй яваа билээ. 13-ны агт араа ургамагц эрийн цээнд хүрлээ гэж хөвгүүдийг, эхнэрийн зэрэгт хүрлээ гэж охидыг тооцдог байсан цаг дээр үед байжээ. Нэгэнт эрийн цээнд хүрсэн бол түүний насанд хүрсний ёслол хийдэг байжээ. Тэр ёслол нь (инициация) арван нэгэн нас хагастайд нь буюу 12 насны дунд үед үйлдэгддэг нэгэн сонин журам ажээ. Хөвгүүний үсийг үргээж, духан дээр нь тэвэг гэзэг үлдээж зүүн чихэнд нь ээмэг зүүж, тээрхийгий нь огтолж, албан ёсны нэр өгдөг байжээ. Багын нэрийг сольж өгөхдөө

“Алдар нэрийг нь би хайрланав
Алтан хонголцогийг нь би хайчилнав” гэж ахмад өвгөн хэлж хуяг дуулга, зэр зэвсэг өгч, хөлөг морь олгоод

“Эрийн сайнаар нөхөр хий
Эмийн сайнаар эхнэр хий” гэж ерөөдөг байжээ. Тэр ёслол хийсэн цагаас хойш балчир насны үе мултарч эр хүн болж шинээр төрөв гэж үздэг энэхүү заншил нэлээн дээр цагт орхигдон мартагдсан байна. Гэхдээ зөвхөн ёс суртахууны ч бус бас бие махбодийн (тэр үед хүний нас богино байсан ч байж мэднэ) онцлогийг тун нарийн харгалздаг байсан бололтой. Юун гэвэл, эмэгтэй хүн 11 хоногт нэг удаа (сард, үр боловсорч хүүхэд олоход бэлэн болоод өндгөн эс нь боловсорч нэгээс хоёр өдөр савны гуурсанд байдаг ажээ. Тэр хугацаа өнгөрвөл хүүхэд олохгүй болдог байна. Шинжлэх ухааны үндэстэй энэхүү 11 (арван нэг) хоног гэдэг бол нарны идэвхжилийн хугацаа, дэлхийн соронзон хэмнэлийн тогтолцооны 11 жил гэдэг хэм хэмжээний тусгал билээ… Тэгэхлээр энэхүү 11 гэдэг тоо хүний эрхшээлээс ангид юм.

Арван нэгэн жил дутамд хүний жил орж, бие, сэтгэлд нь их өөрчлөлт гардаг тэрхүү бичигдээгүй хууль мэт үзэгдлийн “цагны баадууг” нь нар бугай барьж чангалж суллаж байдаг ажээ. Гэхдээ манай бяцхан бөмбөрцөг дэлхийтэй харьцуулашгүй том бас цул улаан галнаас бүрдсэн нар бугай өөрөө бас арван нэгэн жилийн хэмжүүртээ баригдаж байдаг ертөнц юм. Арван нэгэн жил ирэх бүрийд нарны бие “халуурч” өөрийгөө тойрон эргэлдэж байдаг их бага есөн гаригийн зүг секундэд 400 километрийн (дэлхийн тойрогт) хурдтайгаар “халуун амьсгаагаа” цацдаг идэвхжилийн хэмтэй халуун ертөнц юм. Яг л хүнтэй адилхан арван нэгэн жил дутамд “бие нь эвгүйрч” идэвхжил нь сэрж тэсрэлт, дэлбэрэлт нь нэмэгдэж гал дөлөө цацлахад түүнийг тойрон эргэлдэгч гариг ертөнцүүд түүнд нь нэрвэгдэн цочиролд автагдаг гарцаагүй хуультай ажээ.

Улаан нүдэн гариг, цолмон гариг, Буд гариг, дэлхий энэ дөрөв наранд тун ойрхон тойрог замтай тул тэр их хапуун амьсгаатай ноётонгийн “аахилахыг” яах ийхийн зуургүй л мэдэрдэг байна. Нарнаас 149 сая километрийн зайд байдаг болохоор дэлхийд маань нарны “бие лагшингийн” өөрчлөлт ихээхэн хүндээр тусдаг билээ. Түүх, баримт энэ талаар сөхөөд байх шаардлагагүй. Зөвхөн өнгөрдөгудаагийн нарны жил орсон он буюу 2001 оныхыг аваад үзье. Хүний жил ороход “угтах үдэх” хугацаа бас байдаг шиг нарных ч мөн тийм тохиолдол гардаг байж мэдэх юм. Тэр жилийн нарны идэвхжил өмнөх оныхоо сүүлээс эхлээд 2001 оноо дайраад дараах жилиин эх хүртэл дэлхийд нөлөөлсөн ажээ. 2000 оны эцсээр (Х сард)

- Италид газар хөдлөж, үер бууж Турин, Милан хот орчим үерт автаж, үйлдвэр, сургууль, хаагдаж, тээвэр харилцаа тасарч, өндөр хүчдэлийн шугам ажилгүй болж, “Фиат” концерний гурван том үйлдвэр зогсож Италийн засгийн газар баруун хойт гурван муждаа онц байдал зарласан…

- Швейцарьт Рона, Италийн По мөрнүүд дошгирч, Францын тээврийн сайд жилийн өмнө хаасан Монблан уулан дотуур өнгөрдөг гарцыг (тунель) түр нээхээр зарлаж, Италийн хойт хэсэгт хүрэх замыг ажиллуулсан…

- Грек, Турк, Японд газар хөдлөж, японы газар хөдлөлт 7.3 бал хүрч дахин идэвхжсэн

- Сальвадор, Гватемалд 7-н баллаар газар хөдлөж 1200 хүн сураггүй болж 270 хүн амь алдсан…Газар дороос хүмүүс хашгиралдах нь сонсогдож байсан.

- Оросын “Курск” гэдэг усан доогуур шумбагч онгоц живж сүйрэв.

- Угандад “Эбола” вирус ахин тархаж, эмчилгээ авдаггүй энэ өвчин зөвхөн Африкт (Замби, Судан, Заирт) гардаг…

- Европд (ялангуяа Англид 2001 оны эхээр) Үхрийн галзуу өвчин гарч эдийн засгийн их хохирол үзэж, олон мянган үхрийг нядлан устгасан…

- Пакистан, Энэтхэг, Хятад, Орос, Япон, Умард, Өмнөд Солонгост цаг агаар муудаж, цасан шуурга тавьж 113 хүн амь үрэгдэв.

- Монголын тухайд гэвэл мөн зуд болж олон мал үхэж, 8 хүн осгосон бол Өвөрмонголд 160 мянган мал үхэж 23 хүн амь үрэгдэв.

- Увсын Малчин суманд “МИ-8” онгоц унаж есөн хүн амь үрэгдсэний дотор Отгонбилэг зэрэг нэртэй зүтгэлтнүүд амь алдав.

- Газар хөдлөлтийн тухайд бол Баян-Өлгий, Төв аймаг, Өмнөговь, Говь-Алтайд 5.1 бал хүртэл их бага хэмжээгээр газар хөдөлсөн…

Энэчлэнгээр нарны дохиогоор дэлхий даяар элдэв гамшиг болсон бөгөөд Энэтхэг, арван нэг, хоёр жилд болдог “Нүгэлээ угаах” ёслол болж Ганга, Жамна мөрөнд 70 сая хүн угаал үйлдсэнээр “нарны жил” оролтыг үдсэн билээ. Арван нэгэн жилийн тэртээ болсон ийм хэрэг явдлуудыг хүмүүс
мартаж амжаагүй байгаа тул энэ удаагийн “жил оролтыг” дотроо бодолтой, дороо суурьтай байж өнгөрүүлэх нь чухал юмсанж.

“Нарны жил нь ороход” үе үе халуун галаар тургин дүрс дүрс хийх, галт цагираг шидпэх, 200 мянган километр хүртэл хөндлөн голчтой бараан толбо үүсгэх (бараан гэдэг нь халууны хэмжээ багахан буурснаас бусад орчноосоо баргар харагддагаас биш пад хар өнгө биш) соронзон шуурга дэгдээх, цацраг идэвхийт долгион үелзүүлэх зэргээр “олон ааш” гаргадаг нь цөмөөрөө манай дэлхийд нөлөөлдөг бөгөөд хамгийн удлаа гэхэд л найман секундийн дотор 149 сая километрийн зайг нэвт гарч чадах жишээтэй юм. Ийнхүү наран ноёны ааш араншин “жил орох үедээ” буюу арван нэгэн жил дутам хувисч тэр лүгээ заяаны холбоотой дэлхийн бие чилээрхэж газар хөдлөх, үер ус буух, цаг агаар муудах улмаар хүн байтугай ургамал ногоо, ой мод тэр ч байтугай ан амьтан, өт хорхойнд ч нөлөөлдөг ажээ. Зүрх судасны өвчин гаарах, сэтгэлийн тав тух алдагдах, алдаа эндэгдэл гаргах, уур уцаар, хууч өвчин хөвлөх зэргээр хүний бие сэтгэлд нарны идэвхжилийн нөлөө тусдаг нь мэдээж болсон зүйл юм. Тийм үед улстөрийн ноцтой үйл явдал: бослого гарах, жагсаал цуглаан болох, хувьсгал болон дайн дэгдэх ч тохиолдол гарсаар иржээ. Харамсалтай нь тэр бүхнийг сэтгэл зүйчид байтугай улс төрчид төдийлөн анзаардаггүйгээс сонгууль мэтийн олон нийтийг хамарсан чухал үйл явдлуудыг ч зохицуулахгүй суудгаас өнөө жил гэхэд л маш олон орны парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль тохиоход хүрсэн бололтой.

Сансар хорвоо арван нэгэн хэмжүүртэй (магадгүй 11.5) гэдгийг өнгөрсөн гурван хэмжигдэхүүн, нэг зааглагч өнөөгийн гурван хэмжигдэхүүн, нэг зааглагч, ирээдүйн гурван хэмжигдэхүүн, бүгд нийлээд 3+3+3+1+1=11 хэмээн тайлбарладаг билээ. Эх хүн сардаа арван нэг хоногт хүүхэд олоход бэлэн болж өндгөн эс нь боловсордог шиг эхээс төрсөн хүүхэд арван нэгэн насандаа хүний зэрэгт хүрч ирээдүйд хэн болох нь ямар авъяас нь давамгайлах нь тодордог байна. Тэр онцлогийг харгалзан өрнөдийн орнуудад “арван нэг хагасын улсын шалгалт” (elewen plus exemanation) буй болгоод арван настай (11.5) хүүхдийг шалгаруулж цаашдын оюун эрдмийнх нь чиглэлийг тодорхойлодог болсон байна. Энэ тухайд буюу боловсролын тогтолцоо, шинэчлэлийн талаар “Дал” сонинд нэг биш удаа бичиж нийтэлсэн боловч манай боловсролын зүтгэлтнүүд арван нэгэн нас хүрээгүй байгаа бололтой, ямарваа хариу мэдрэмжгүй явцгаасаар ажээ.

Манайхан “улсын шалгалт” гэхээр нэг их сүр бадруулан элдэв асуулт зохион сугалуулаад баахан данхгарууд ширээний цаана эгнэн суугаад хүүхдийг сүрд даруулан тэвдүүлдэг. Гэтэл “Арван нэгхагасын шалгалт” бол нэгэн танхимд хөгжим, шатар, эвлүүлэх тоглоом, цахим хэрэглүүр зэрэг олон янзын зүйлийг нэг нэг ширээнд өрөөд шалгуулах хүүхдүүдийг орж ирэхэд юунд дуртайгий нь асуугаад шатар гэвэл шатарчин ах дуудан шатар тавьж, хөгжимд гэвэл хөгжимчин ах хөгжим тоглохыг урьж, бас цахим хэрэгслүүд сонирхдогийг нь мөн тийм юм бүхий ширээнээ суулгаад тоглож, наадах зуур юм асууж ярилцан хөгжимдөж байгаад уул хүүхдийн хүсэл зориг, авъяасыг судлаад дараа нь эцэг эх, багшид нь хүүхэд тус бүрийг ямархуу авъяас хандлагатайг нь хэлдэг. Тэгээд инженерийн сэтгэлтэй гэвэл тэр чиглэлийн тоглоом, ном зэргийг хүүхэддээ авч өгөх, үзэсгэлэн музей үзүүлэх зэргээр сонирхлыг нь дэвжээж цаашдын замд нь чиглүүлэх жишээтэй ажилладаг тул арван нэгэн настны авъяас, сонирхолыг зөв мэдэрдэг байгаа тэр наснаас хэтэрвэл олон тийшээ сониучласаар яг оноход бэрхтэй болчихсон байдаг нь цөөнгүй юм.

Эртний Энэтхэгийн гүн ухаантнууд хүний биеийн эрчим хүчний төвүүдийг бас арван нэг гэж тогтоосон байдаг. 11 дэхь төв нь духан дээр байдгийг мянган навчит удвал цэцэг гэдэг ажээ.

Жилийн 12 сарын аль нэгний 11-ний өдөр (бас 20-29-ний өдөр төрсөн хүн сайхан сэтгэлтэй, тэсвэртэй, тайван, мэдрэмж сайтай байдаг) гэж үздэг байна.

Ямар ч байсан арван нэгний эргүүлгэ гэдэг нь оосор үгүй орчлонд ноёрхож байдаг нэгэн ноцтой хууль мөн ажээ.

Л.Түдэв


URL:

Сэтгэгдэл бичих