Оросын сөрөг хүчнийхэн улс төрийн улирлаа муугүй дуусгалаа

Хэдийгээр бороотой, салхитай байсан ч Москва хотын Пушкины талбайд 18 мянган хүн жагсч өнгөрлөө хэмээн “Өглөө” сайтынхан мэдээллээ. Харин сөрөг хүчнийхэн 50 гаруй мянган хүн оролцсон гэв. Сөрөг хүчнийхэн өөртөө сайн үнэлгээ өгсөн нь дамжиггүй. Учир нь “Жагсаал цуглааны тухай” хууль чангарчихаад байхад ийм хэмжээний хүн гудамжинд гарна гэдэг гайхамшиг гэхээс өөр аргагүй юм.

“Засаг захиргааныхан өөрчлөлт эсвэл хатуу чанд бодлого явуулж чадахгүй гэдгээ бүрэн харууллаа. Тиймээс ингэж гуйвж дайвганаж байгаа нь эцэстээ сөрөг хүчнийхний дунд эрс шийдэмгий байдлыг бий болгож байна” хэмээн улс төрийн технологийн төвийн дэд ерөнхийлөгч А.Макаркин үзэж байгаа юм. Эрх баригчдын зүгээс сөрөг хүчнийг айлгах гэж оролдон гэр оронд нь нэгжлэг хийсэн бөгөөд үүнд нь блогч Навальный, нэвтрүүлэгч Ксения Собчак, Удальцов болон Яшин гэх мэтийн сөрөг хүчний тэргүүн нар өртсөн билээ. Нэгжлэгийн явцад Ксения Собчакийн гэрээс дугтуйнд хийсэн нэг сая евро, 480 мянган ам.доллар, 480 мянган рубль олджээ. Энэ их мөнгөнөөс татвар төлөгдсөн эсэхийг шалгахаар татварын албаныхан ажиллаж эхлээд байна гэх мэдээлэл тархжээ. “Ийм их хэмжээний мөнгийг 100 орчим дугтуйд хийчихээд юунд зарцуулах гэж байсныг тодруулах болно” хэмээн мөрдөн байцаах газраас мэдэгдсэн байна.

Ер нь л сөрөг хүчин болон засаг захиргааныхны хооронд үг хэлээ ойлголцоно гэсэн зүйл огтхон ч ажиглагдахгүй байна. Сөрөг хүчнийхэн жагсаал хийхдээ “Засгийн эрх мэдлийг ард түмэнд”, “Путингүй Орос” гэх уриа лоозон хашгирсаар гудамжаар явжээ. Тэд “Чөлөөт Оросын тунхаг бичиг” гэгчийг баталсан бөгөөд тэр нь дөрвөн шаардлагаас бүрдсэн байна. Үүнд, улс төрийн хоригдлуудыг суллах, сөрөг хүчинд тогтмол эфир олгох, гуравт сонгуулийн болон улс төрийн системийг бүхэлд нь өөрчлөх, Төрийн дум болон Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах зэрэг багтаж байгаа юм.

Сөрөг хүчнийхний гэрт нэгжлэг хийсэн явдалд АНУ ихээхэн сэтгэл зовинож байгаа бөгөөд Төрийн департамент нь ч энэ тухайгаа албан ёсоор мэдэгдсэн юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын ардчилал болон хүний эрхийн асуудал эрхэлсэн туслах Том Мелиа тун удахгүй Москвад очиж, сөрөг хүчний тэргүүн нарыг баривчилсан, гэрт нь нэгжлэг хийсэн талаархи асуудлаар Оросын удирдлагатай хэлэлцэх болно хэмээн тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Нуланд онцолсон байна.

“Нэг сая хүний марш” гэх хөдөлгөөнийг дэмжигчид АНУ-д цөөнгүй бий. Гэхдээ тэд ил тод энэ хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлэхгүй байна. АНУ Оросын сөрөг хүчнийхнийг санхүүжүүлж байна хэмээн Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэж, энэ нь таагүй байдлыг үүсгээд амжсан билээ. Тус улсын засаг захиргаанаас дотоодын гэхээс илүүтэй гадаад бодлогыг тэр дундаа Сирид зэр зэвсэг нийлүүлж байгааг нь шүүмжлэхээ урьтал болгож байна.

Харин АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл арай өөр байр сууринаас хандаж, Орост болж байгаа жагсаал цуглааны талаар багагүй зүйл бичиж шүүмжилж байгаа юм. “The New York Times” сонин “Эсэргүүцлийг дарах гэсэн Кремлийн санаархлыг” Путинд дургүй хүмүүс сөрж байна” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлүүлжээ. Түүндээ “Сөрөг хүчний долоон тэргүүлэгчийг эрүүгийн хэргээр гэнэт татлаа” гэж бичсэн байна.

Үүнтэй зэрэгцэн “Мөрдөн байцаах хороог эзэлье” гэх нэртэй үйл ажиллагаа эхлүүлсэн тухайгаа саяхан иргэний хөдөлгөөний идэвхтнүүд зарлав. Тэд мөн л улс төрийн хоригдлуудыг суллаж, иргэний хөдөлгөөний идэвхтнүүдийн эсрэг залхаан цээрлүүлэх арга хэмжээ авахаа больж, Мөрдөн байцаах хорооны тэргүүн Александр Бастрыкиныг огцрохыг шаардав.

Энэ үйл ажиллагааны үеэр хэнийг ч баривчлаагүй байна. Энэ бүхнээс харахад “сөрөг хүчнийхнийг айлгах гэсэн оролдлого бүтэлгүйтсэн гэдэг нь тодорхой. Тиймээс засаг захиргааныхан алдаагаа ухамсарласан бололтой дахиад л ухарлаа” хэмээн “Независимая газета” сонинд онцолжээ. “Магадгүй тэд дэндүү болчимгүй алхам хийж байгаа гэдгээ ухамсарласан юм болов уу”. Харин дараагийн арга хэмжээг сөрөг хүчнийхэн аравдугаар сарын 7-нд хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ нь В.Путины төрсөн өдөр гэнэ. Удальцов ч энэ өдөр бүх нийтийг хамарсан ажил хаялт зарлахыг уриалсан юм. “Орост наймдугаар сард ямар нэгэн юм битгий болоосой” хэмээн хүсэхээс өөр яах билээ. Онцгой үйл явдал болчихгүй бол улс төрийн шинэ улирал есдүгээр сараас эхлэхийг хүлээх л үлдлээ” хэмээн улс төр судлаач А.Макаркин онцлов.

Т.БҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих