С.Ганбаатар: Архи үйлдвэрлэгч УИХ-ын гишүүд энэ ёс зүйгүй бизнесээ болиоч, ичээч!

Өнөөдөр төрийн ордны Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндэсний оролцогчдын эвсэн ажиллах сүлжээ байгуулах арга хэмжээ боллоо. Энэ арга хэмжээнд уриалгыг дэмжин ажиллахаар ирсэн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай холбооны зүгээс архитай тэмцэх энэ аянд ямар байр суурьтай оролцож байна вэ?
-Ерөнхийлөгчийн зориг эхлүүлсэн санал санаачлагыг дэмжих төдий биш хариуцлагатайгаар оролцож байна. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд, үйлдвэрчний хорооны дарга нарт болон ажил олгогч эздэд хандаж тухайн ажлын байран дээр архидалттай баяр тэмдэглэхгүй байхыг уриалж байна. Энэ хүмүүст архидалт гаргахгүй байх талаар сургалт, сурталчилгааг хийнэ.

Архинаас болж үйлдвэрлэлийн осол гэх мэт зүйл бий болох вий. Архи тухайн өдрөөсөө гадна, маргааш, нөгөөдөр нь хүний биед сөргөөр нөлөөлдөг. Айлын эзэгтэй нар гэрт нь хүн ороод ирэхэд архигүй байхдаа ичихгүй байгаач. Юунд нь ичдэг юм бэ. Зочноо сайхан сүүтэй цайгаараа дайл л даа. Архигүй байх чинь бахархал. Монгол хүн бүхэн л энэ ажилд оролцмоор байна. Үзэгчийн байр сууринаас хандмааргүй байна.

-“Архи ууж байгаа хүмүүсийг биш архи үйлдвэрлэгчдийг архичин гэж нэрлэе” гэж хүмүүс ярьж байна. Иргэд нь архин далайд живчихээд байхад эцэс төгсгөлгүй мэт хэдэн мянган литрээр нь архи үйлдвэрлэж суудаг нөхөд УИХ-д хууль батлалцаад сууж байх юм аа. Энэ тал дээр?
-Архи үйлдвэрлэж байгаа хүмүүс бүгд хууль зөрчдөг. Хууль зөрчиж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бүтээгдэхүүнээ сурталчилдаг. Бидний нүдэн дээр биднийг басан доромжилж, хүчирхийлж байгаа. Архи сурталчилсан сурталчилгаа явуулж болохгүй гэсэн хууль байхад, түүнийг зөрчиж болдог юм гэдгийг архи үйлдвэрлэж байгаа хууль гаргагч УИХ-ын гишүүд өөрсдөө харуулж байна.

Өнөөдөр шийдвэр гаргах түвшинд, УИХ дотор дандаа архи үйлдвэрлэдэг хүмүүс орчихсон байна. Архи үйлдвэрлэдэг хүмүүсийн спонсорлосон гишүүд байна. Ичээч ээ. Энэ эрхэмүүд энэ ёс зүйгүй бизнесээ боль, эсвэл УИХ-ын шийдвэрт оролцдог ажиллагаагаа зогсоо. Ингэвэл биднийг арай “хүчирхийлэхгүй” байлгүй дээ.

-Саяхан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр найман нэрийн барааны дэлгүүрт олгох тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийг 10 сая төгрөг болгосон. Таны бодлоор энэ хэр зөв алхам бэ?
-Энэ асуудал дээр манайх мэргэжлийн дүгнэлт гаргана. Энэ бол архидалт гэхээсээ илүүтэй бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудал. Гол нь бизнес эрхэлж байгаа хүн өөрөө хууль дүрмэнд мугуйдалж орж байгаа нь шударга бус хэрэг юм.

Цаад утгаар нь харвал УИХ-д орчихсон архи үйлдвэрлэгч, худалдаалагч сүлжээ дэлгүүрийн томоохон монополиуд жижиг өрсөлдөгч нараа таслан зогсоох гэж байгаа алхам байхыг ч үгүйсгэхгүй. Тийм учраас үүн дээр мэргэжлийн дүгнэлт гаргах ёстой. Хамгийн гол нь шийдвэр гаргах түвшинд хүрчихсэн архи үйлдвэрлэгч ядарсан зүдэрсэн хүүхдүүдийн нулимсаар зооглож хоол идэж, баярхаж, морь уралдуулж байгаа ийм тансаг ичмээр нөхдүүд болиоч ээ, ичээч ээ гэдгийг л хэлмээр байна. Үнэхээр бухимдаж байна.

Ярилцсан О.Ариунбилэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих