Налайх, Тэрэлжийн сонгогчид Б.Батзоригийг дэмжинэ гэлээ

УИХ-ын 22-р тойрог Баянзүрх, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б. Батзориг бямба гаригт Налайх, Тэрэлжийн иргэд сонгогчидтой уулзлаа. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлснээс хойш Налайхын иргэдтэй 3 дахиа уулзаж байгаа нь энэ юм. Тус дүүргийн иргэдийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд төр засгийн бодлого, шийдвэрээс “гээгдсэн” хэмээн ярьцгааж байлаа. Гар аргаар нүүрс олборлож амьдралаа авч явдаг тэдний хувьд Б.Батзориг шиг орон нутгийн ажил амьдралыг сайн мэддэг эрч хүчтэй залуу хүнээр өөрсдийгөө төлөөлүүлэх гэж буйд ихээхэн талархалтай хандаж байсан. Өнгөрсөн сонгуулиар Баянзүрх, Налайхаас сонгогдсон Д.Ганхуяг уурхайчдын итгэлийг хөсөрдүүлснээс болж өнөөдөр налайхчуудын амьдрал сайнгүй байгаа хэмээн шүүмжлэх хүн ч байв. Уг нь Налайх бол хотод ойр, дулааны эх үүсвэртэй, барилгын материалын болон үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөцтэй зэрэг олон давуу талтай дүүрэг юм.

Гагцхүү үүнийг төрийн бодлого, хөрөнгийн эх үүсвэрээр дэмжүүлэх боломжийг ашиглаж чадалгүй дөрвөн жилийн алдсанд тэд маш ихээр харамсаж байсан юм. Үүнээс гадна дүүргийн төвийн хуучирсан орон сууцнууд нурахаас наахнуур болоод байгаад анхаарал хандуулах, газрын наймааны сүлжээ гаарч, хятадууд ирж суурьших нь хэрээс хэтрээд байгааг таслан зогсоож өгөхийг эндхийн иргэд нэр дэвшигчээс хүсэж байлаа. Дараа нь уулзсан тус дүүргийн зургадугаар хороо буюу бидний хэлж заншсанаар Тэрэлжийн сонгогчид ч Б.Батзоригийг иймэрхүү байдалтай угтсан юм. Аялал жуулчлалын гол бүс болсон Тэрэлжийн орчимд өдгөө 1000 гаруй хүн байнга оршин суудаг байна.

Энд ч мөн л өөрсдийнх нь саналыг авч УИХ-д гарсан гишүүдээ “хайсан” иргэд олон байлаа. МАН-аас нэр дэвшигч Б.Батзоригтой уулзахаар Болор, Мэлхий хад, Горхи зэрэг газруудаас хүртэл хүмүүс зорьж ирсэн байв. Тэрэлжийн иргэдийн хувьд оршин суугаа газар нь Хан Хэнтийн тусгай хамгаалалтай бүсэд хамаардаг учир өмчилж авч болдоггүй, УИХ-ын гишүүд байтугай Налайх дүүргээс ч төдийлөн анхаардаггүй зэрэг олон бэрхшээл байдаг аж. Тэгсэн хэр нь мөнгөтэй хүнд бол тусгай хамгаалалтай бүс гэлтгүй уулын амыг тэр чигт нь өгөх ч энүүхэнд гэв. Иймээс энэ удаа Налайх, Тэрэлжийн иргэд, сонгогчид тойрогт нь МАН-аас нэр дэвшиж байгаа Б.Батзориг болон түүний багт найдаж байгаа учраас 100 хувь дэмжихээ илэрхийлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих