Ш. Сайхансамбуу: Шоронд зэрлэгшсэн арми бэлтгэгдэж байна

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа. -Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцээд буцаалаа. Санаачилсан хуулийн төслийг тань хэлэлцэж байхад та яагаад эзгүй байсан юм бэ?

-Өмнө нь энэ хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцүүлэхээр оруулахад хойшлогдсон удаатай. Тэр үед би бас байгаагүй. Саяхан намрын чуулган завсарлахаас өмнө Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд буцаасан байна. Энэ үед би өвчтэй байсан учир хэлэлцэхийг мэдэлгүй өнгөрчихлөө. Ганц Эрүүгийн тухай хууль ч биш Шагналын тухай хуулийг намайг байхгүй байхад хэлэлцсэн байсан. УИХ-ын гишүүн болоод энэ хоёр хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахаар өргөн барьсан юм. Өргөн барьсан гишүүнийг нь байхгүй хойгуур хэлэлцдэг. Би Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны гишүүн биш болохоор юу ч биш юм байна гэдгээ л мэдэрч байна. Мөнгө төгрөгтэй холбоотой, өөрсдөдөө хэрэгтэй хуулиа болохоор хурдан хэлэлцээд баталчихдаг. Нөлөө бүхий хэдэн хүнд таалагдахгүй бол нийгэмд тустай, иргэдийн эрх ашигт нийцсэн хуулийн төсөл байсан ч унагаад, хойшлуулаад, буцаачихдаг юм байна. Уг нь энэ том хуулийн төслийг хэлэлцэхдээ санаачилж өргөн барьсан гишүүдийг болон боловсруулсан ажлын хэсгийнхнийг оролцуулаад ярилцах ёстой баймаар. Эрүүгийн төрөлжсөн хуулийн төслийг манай хууль сахиулах байгууллагынхан нэлээд уншиж судалсан байсан.

Надад зарим нь албан бичгээр баярласан, талархсанаа илэрхийлж саналаа ирүүлсэн. Энэ хуулийн төсөл засвар багатайхан шиг батлагдчихвал шүүгч хүн хэргийг шүүчхээд бүтэн нойртой хонодог болох нь гэсэн байна лээ. Эрүүгийн хуулийн төслийг маш сайн боловсруулсан гэж бодож байгаа. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүй байхад санал хураагаад л Ц.Нямдорж сайдын үгээр, хэлэлцэх шаардлагагүй гэж шийдсэн байна. Би байнгын хорооны тэр өдрийн хурлын протоколыг авч үзэхээр санал тавьсан. Сая УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй орж уулзаж гомдол мэдүүлчхээд гарч ирлээ.

-Юу гэж байх юм?

-УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хаврын чуулган эхлэхээр Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн төрөлжсөн хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг хэлэлцэж санал хураалгана гэсэн. Тэр үед гишүүдийн олонх нь дэмжвэл хэлэлцэх болно. Гишүүд Эрүүгийн хуулийг шинэчлэхгүй бол болохгүй нь, сонгогчидтой уулзалт хийхэд гомдол их мэдүүлэх юм, 2002 оны Эрүүгийн хуулийг хэт хатуу хийсэн нь нийгмийг шоронжих байдал руу түлхэж байна гэцгээдэг юм билээ. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих байх гэж найдаж байгаа.

-Захын наймаачин байсан хүн Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулдаггүй юм гэж шүүмжилсэн байна лээ?

-Эрүүгийн төрөлжсөн хуулийн төслийг би санаачилсан болохоос биш академич С.Нарангэрэлээр ахалсан мэргэшсэн хуульчдын баг боловсруулсан юм шүү дээ. Бараг бүтэн жил сууж боловсруулж дуусгасан. Би бол энэ хуульчдын багт санхүүгийн туслалцаа үзүүлж, цалинжуулж, шаардлагатай техник, материалаар л хангаж өгсөн. Энэ хуулийн төсөл Оюу толгой, Таван толгой шиг бизнестэй холбоотой асуудал биш. Иргэдэд л хамаатай хууль. Хэт хатуу, ялгамжтай ханддаггүй хуулийн балгаар нийгэмд хор аюул бага хэрэг үйлдсэн хүнийг урт хугацаагаар хорьж хохироодгийг өөрчлөх хэрэгтэй биз дээ.

Түүнээс надад ямар нэгэн далд сонирхол байхгүй. Ер нь хэрүүл маргаан их дагуулах магадлалтай ийм хуулийг баргийн хүмүүс барьж авдаггүй, манай гишүүд ч зугтчихдаг. Мөнгө төгрөгтэй холбоотой эсвэл татвар энэ тэрээс чөлөөлүүлэх гэсэн хуулийн төсөл л боловсруулж өргөн бариад гүйлдээд байдгийг харж байгаа биз дээ. Миний санаачилж, өргөн барьсан хоёр хуулийн төсөл бол мөнгө төгрөгтэй ямар ч холбоогүй. Ард иргэд шагнал хавтгайрлаа гээд шүүмжлээд л байдаг. Тиймээс Шагналын тухай хуулийн төслийг өргөн барьсан.Нөгөөх нь Эрүүгийн төрөлжсөн хуулийн төсөл. Би энэ хоёр хуулийг сайжруулах гээд зүтгүүлэх гэхээр бяр хүрэхгүй юм аа. Ааш гаргаад явбал аль эрт батлуулчих л байлаа. Ном журмын дагуу хэлэлцэгдэх байх гэж хараад байтал элэг барьж “Энэ муу яадаг юм” гэж хандаад байх шиг байна. Дуугүй байгаад байхаар дээрэлхээд, мангар тэнэг гэж боддог бололтой.

-Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд ямар өөрчлөлт оруулах гээд байгаа юм бэ?

-Ц.Нямдорж сайд буруу ойлгоод байх шиг байгаа юм. Эрүүгийн хуулийг тэр чигт  нь өөрчлөх гээд байгаа юм биш, үндсэн концепци нь хэвээрээ, 30-35 хувьд нь өөрчлөлт оруулахаар л төсөл боловсруулсан байгаа. Ялыг ялгамжтай оноодог болоход л анхаарсан.

-Уг нь Хууль зүйн байнгын хороогоор энэ хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нар ажлын хэсэг гаргаад судлуулъя гэж санал гаргасан ч дэмжлэг аваагүй?

-Наад хоёр хүн чинь хуульч учраас авч үзэх шаардлагатай болсон гэдгийг мэдэж байгаа. Гишүүдийн боловсруулсан хуулийн төслийн талаар санал авах гэж Засгийн газарт хүргүүлдэг. Засгийн газар Хууль зүй, дотоод хэргийн яам руу явуулдаг. Ц.Нямдорж сайд бүгдтэй нь танил-цаад хариу өгнө. Ер нь бүх л хуулийн төсөл энэ хүний гараар ордог юм. Дэмжсэн эсэх зөвшөөрөл буюу “виз” өгдөг учраас албан тушаалдаа эрдчихсэн. Өөрийгөө мундаг, бусдыг юу ч биш гэж ханддаг юм байна.

-Эрүүгийн тухай хууль хэт чанга учраас нийгмийг шоронжуулж байна гэсэн шүүмжлэл гардаг. Үнэхээр тийм гэж үү?

-Эрүүгийн хуулийн төслийг боловсруулж эхлэхэд буюу одоогоос хоёр жилийн өмнө ялтны тоо 9000 орчим байсан бол одоо арван мянга давсан байна. Шорон нь хүрэлцэхгүй болж, хэдэн тэрбумыг төсөвтөө суулгаад шинээр барьж байна. Хүнийг шоронгоор хүмүүжүүлнэ гэж байхгүй ээ.Үүнийг би өөрийнхөө биеэр, амьдралаараа туулсан учраас мэдэлгүй яах вэ.

-Биеэрээ туулсан гэдэг нь юу гэсэн үг юм бэ?

-Хэрэгт холбогдуулан барьж, хорин хэлмэгдүүлсэн гишүүд зөндөө бий. Г.Батхүү, Л.Гүндалай, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, С.Эрдэнэ, би гээд л. С.Эрдэнэ сонгуулийн маргаанаас болоод 60-аад хоног шоронд суугаа биз дээ. Намайг хоёр удаа баривчилж, 14 хоног хорьж байсан. Тэнд хоригдож байгаа хүмүүсийн яриа хөөрөө ямар гэж санана. Нийгэмд хор аюул багатай хэрэг хийсэн болгонд олон жилийн ял өгөөд шоронд хийгээд байхаар зэрлэгшсэн армийг бэлтгээд байна. Тиймээс энэ Эрүүгийн хуулийн төсөлд дахин давтан, хүүхэд, эмэгтэйчүүд, анх үйлдсэн гээд хэргийг ялгамжтайгаар үзэж ял оногдуулдаг болгохоор нэлээд өөрчлөлт оруулсан юм. 2002 оны Эрүүгийн хууль маш хатуу, хуулийнхан “Ц.Нямдоржийн хар хууль” гэдэг юм билээ.

Ц.Нямдорж сайд хууль хатуу, чанга байх хэрэгтэй, олон жилийн ял өгөөд байвал хүмүүс хэрэг үйлдэхгүй, хүмүүжнэ гэж бодоод байх шиг байгаа юм. Гэвч амьдрал дээр тэгдэггүй юм байна. Юм л бол барьж хориод 7-9 жилийн ял өгсөөр байгаад шоронд асар том арми бэлтгэгдэж байна. Энэ бэлтгэгдсэн эрүүгийн бүлэглэл улам бэхжээд мафийн шинжтэй болсон гэж нэг шүүгч ярьж байсан. Шоронгоос rapcaн хүмүүс шоронд байгаатайгаа холбоотой ажилладаг болсон. Энэ үнэхээр аюул шүү. Шорон руу мөнгө төгрөг, архи дарс, хоол унд чөлөөтэй оруулж байна. Гар утсаар холбоо барьчхаж байна. Тэр нөхрийг очоод алаад ир гээд захиалга өгдөг ч юм билүү хэн мэдлээ. Хүн таван жил гадаадад сургуульд явахад хэл, эрдэм сураад ирдэг. Харин 150, 200 мянган төгрөгийн хулгайн ч юм уу хэрэг хийсэн хүн таван жил шоронд суугаад гарч ирэхдээ аймшгийн зүйл сэддэг, бүр ч эвдрээд гарч ирдэг. 150, 500 мянга, сая төгрөгийн хэрэг хийсэн хүнийг шоронд суулгаад ямар ашигтай юм. Өөр маягаар хүмүүжүүлэх олон арга байна шүү дээ. Албадан хөдөлмөр хийлгэх, мөнгөн торгууль ногдуулах гээд л. Иргэдтэй уулзалт хийгээд явж байхад нэгэн эмэгтэй миний хүү 500 мянган төгрөг хулгайлаад долоон жилийн ял авчихлаа, би яах вэ гээд уйлаад байсан. Энэ мэт гомдол мэдүүлдэг хүмүүстэй олон тааралдаж байна. Аравдугаар ангийн таван хүүхэд хамт явж байгаад нэг нь хүний малгай шүүрсэн байгаа юм. Гэтэл үүнийг бүлэг хэрэг гэж үзээд 7-9 жилийн ял өгсөн байсан. Ингэж болохгүй биз дээ. 10 мянган төгрөг хулгайлсан хүүхнийг давтан гээд 10 жилийн ял оноосон байсан нь шуугиан тарьж байсныг олон түмэн санаж байгаа байх.

Энэ байдлыг хараад Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахыг санаачилж, мэдлэгтэй, туршлагатай шилдэг хуульч нарт хандаж боловсруулан ялыг ялгамжтай ногдуулдаг болгохыг зорьсон юм. Харин хүний амь насанд халд-сан, хэрцгийгээр үйлдэгдэж байгаа, албан тушаал, хээл хахуулийн зэрэг хэргийг явуулдаг номоор нь, чанга ял шийтгэл оноох ёстой. Үүнийг өөрчилж зөөлрүүлэх биш харин ч чангатгахаар хуулийн төсөлд оруулсан байгаа. Баахан хүнийг шоронд хориод багталцаж шингэхээ байхаар нь ой тохиолдуулан Өршөөлийн хууль гаргаад олон хүнийг сулладаг. Нөгөөдүүл нь гарчхаад гэмт хэрэг үйлдэх нь олонтаа. Тиймээс асуудалд бодлоготой хандах ёстой. Одоо тусгаар тогтнолын, Хүннү гүрэн байгуулагдсаны гээд олон ой тохионо. Энэ үеэр олон ялтныг өршөөж суллана. Харж л байгаарай.

-Ялыг ялгамжтай ногдуулахаар тусгасан гэлээ. Ямар заалт орж байгаа юм бэ?

-Бүгдийг нь тайлбарлавал толгой чинь эргэх байх. Нэгийг нь иш татъя. Хахууль өгсөн авсан хоёуланг нь шийтгэнэ гэхээр авилгын хэрэг илэрдэггүй.Харин Эрүүгийн төрөлжсөн хуулийн төсөлд хахууль өгсөн хүн гэм буруугаа хүлээгээд ирвэл ялыг хөнгөрүүлэх гээд олон зүйлийг тусгасан байгаа.

Д.ДОРЖПАГМА


URL:

Сэтгэгдэл бичих