Нам, үзэл бодлоосоо ухардаг Г.Уянгад итгэж болох уу?

“Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөн”-ий дэд тэргүүн Г.Уянга, “Орифлэйм”-ийн Ц.Оюунгэрэл нар “МАХН-МҮАН Шударга ёс эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж байгаа. Г.Уянгыг үзэл бодлоосоо эрс урваж Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай яагаад хүзүү, сээрээрээ холбогдох болов гэж хүмүүс гайхаж сууна. Цагтаа сэтгүүлч Г.Уянга Н.Энхбаярыг хамгийн их муулж, АНУ-д хаустай гэх мэтээр бичиж, улмаар шүүхдэлцэж байсан.

Н.Энхбаяр гэхээсээ илүүтэй МАХН-ын дарга байсны хувьд, энэ намын бодлого чиглэлийг шүүмжилж хатуу үгийг хэлж явсан нэгэн. Учир нь энэ үед Г.Уянга болон түүний нөхөр А.Баатархуяг нар АН-д ажиллаж, АН-ын нарийн бичгийн дарга болон тодорхой алба хашиж байв. АН-ын хэвлэлийн пиарыг хийж МАХН-ын өөдөөс боргож явсан Г.Уянга өнөөдөр МАХН-ыг гэнэтхэн дэмжих болов. Энэ нь ердөө хувийн эрх ашиг хийгээд нэр дэвших боломж тэнд гарсантай нь холбоотой юм.

Улс төрд хаана боломж байна тэнд үзэл бодлоосоо ухарчихсан эсрэг тэсрэг зүйл яриад явдаг хүмүүсийн нэг бол хүний эрхийн хуульч М.Ичинноров, Г.Уянга нар гэдгийг хүмүүс бүр андахаа ч байж. Нам сольж болох ч хүн чанар, үзэл бодлоосоо амархан ухарчихдаг хүнд сонгогчид итгэл үзүүлэх нь юу л бол. Цагтаа Н.Энхбаяраас муу хүнгүй гэж байсан бол өнөөдөр Н.Энхбаяраас өөр сайн хүн гэж энэ хорвоод алга гэж байгаа. Харин өнөөдөр ард түмний эрх ашгийг хамгаална гэж пиардаж буй Г.Уянга маргааш ард түмний эсрэг явахгүй гэх баталгаа алга. Тэгээд ч мөнгө, эрх ашгаас үзэл бодлоо сольж чадаж буй хүнд итгэл үзүүлж болох уу. Ард түмний нэрийг барьж яваа Г.Уянгыг байр суурин дээрээ бат зогсдоггүй. Мөнгө, эрх ашгийн төлөө өөрийгөө, үзэл бодлоо худалдаж чадаж байгаа юм чинь өндөр албанд очих юм бол эх орноо ч худалдаж магадгүй дээ гэх яриа гадуур тархаад байна.

Ер нь Г.Уянга аль ч сонгуульд АН, МАН, МАХН гээд өөрт аль ашигтай газар дагаж гүйж явдаг гэгддэг. Үнэндээ Г.Уянга өнөөдөр ард түмний амлалтыг нэхэх хөдөлгөөн байгуулж, төрд хоточ нохойн үүрэг гүйцэтгэнэ гэж хэлж, ярьж байгаад итгэх арга алга. Одоо бол улс төрийн багаа зүүчихсэн, ард түмний элчийн дүрд яваа. Гэтэл амлалт нэхэх хөдөлгөөн нэрээр Засгийн газартай тохирч Оюу толгойн гэрээг гадныханд өгөхөд хувь нэмрээ оруулалцсан гэдэг. Амлалтаа нэхэж байгаа царайлангуут Засгийн газар амлалтаа биелүүлдэг хүн болж Оюу толгойн гэрээг алдаатай яаран баталсан нь үнэн. Оюу толгойн гэрээ бол Монголын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн засч болшгүй урхагдагуулсан “муу” гэрээ болсон. Г.Уянга сая намынхаа дарга Н.Энхбаярыг баривчлахад ямар хүн бэ гэдгээ тодхон харуулсан. Хөөрхий Н.Энхбаярыг АТГ-аас баримт нотолгоотойгоор шалгах гээд баривчлагдахдаа тулахад Н.Энхбаярын тойрон хүрээлэгчид нэр төр, намаа үл огоорч ил хамгаалж хайцаалцгаасан. Тэд өөрсдийгөө эрсдэлд оруулж нэр хүндээрээ дэнчин тавиад хамт байж л таарсан.

Харин Г.Уянга Н.Энхбаярын гэрийнх нь үүдэнд камертай ирээд зургаа авахуулж сонгуулийнхаа пиарын бичлэг хийчихээд яваад өгснийг хэвлэлийнхэн харсан. Тухайн үед нийгэм даяараа Ерөнхийлөгч байсан хүнийг чирээд гаргадаг арай ч дээ гэж өрөвдөн халаглаж байхад Г.Уянга эмгэнэлт кадрыг ашиглаж сонгуулийнхаа пиараа хийгээд явчихсан хэрэг. Улмаар “Ийгл” телевизээр ярилцлага өгч шоу тавьсан нь хэтийдсэн гэж хүмүүс ярьж байсан. Ер нь ард түмний тархийг яаж ч угааж болно гэдгийг Г.Уянгын жишээнээс харж болохоор. МАХН-МҮАН Шударга ёс эвсэлд Г.Уянга шиг хаана сул орон зай байна тэнд гол дүр бүтээгээд явдаг хүмүүс олон бий. Намдаа жийгдэж, тэр дотроо УИХ-ын сонгуульд нэр дэвших тойроггүй болсон гишүүд МАХН руу дагаар орцтоосон. Ер нь энэ намд өшөө хорсол тээж, хувийнхаа эрх ашгийг хамгаалахын тулд юу ч хийх, юу гэж ярихаас буцахааргүй нөхдүүд УИХ-д суудал горилоод орж ирсэн нь олонхи.

Б.НАРАН

medeemn


URL:

Сэтгэгдэл бичих