Өнөө жилийн наадмын өнгө

Лондонгийн олимпийн дараа орох спортын их таавар дэнж хотойлгон дэлхий баясган цэнгэдэг хотлын наадмын зүлэг ногоон дэвжээ рүү нэгэнтээ хандаад байна. Аймаг, аймгийн бөхчүүд, сурчид, уяачдын гал наадмын бэлтгэлдээ гарч эхлээд байгаа энэ үед хүчит бөхийн дэвжээ рүү зурвасхан харья л даа. Ноднин жилийн наадмын түрүү, үзүүрийн хоёр буюу шинэ аварга Мөнхбат, арслан Эрхэмбаярыг нэлээд дээгүүрт ярьж байна. Гарьд Ганбаатарыгтүрүүлнэ гэж итгэл хүлээлгэсэн бөхийн хорхойтнууд байсаар л байна. Бараг шууд л түрүүлчихнэ гэж хотлоороо найдаж байсан ч заан цол хүртээд зогссон Санжаадамбын нэр ч түрүүлэх болов уу гэж найдвар хүлээлгэж байгаа бөхийн нэг хэвээрээ буй. Гэхдээ яг тэр түрүүлнэ гэж баттай хэлэх бөх алга. Нэгэн үеийн залуус тун тэнцүүхэн барилдаж байгаа учраас хэн нь ч түрүүлэх магадлалтай гэсэн үг. Улсын наадмын түрүү авч үзсэн арслан Ганхуяг, Мөнхбаатар, Ганбат нарын нэр ч шөвгийн дөрөв хавьцаа дуулдаж байгаа юм. Улсын наадмын дэвжээг өнгөлөх бөхчүүдийн энэ дээд ангилалд , даян аварга Өсөхбаярын нэр ч бичигдэх магадлалтай.

Бөхчүүд жилийн турш байнгын бэлтгэлтэй болсон, долоо хоногт нэгээс хоёр удаа томоохон барилдаан тогтмол явагддаг зэргээс барилдааны арга туршлага, ,дадал эрс сайжирсан нь илт мэдрэгдэх болсон шүү дээ. Зарим бөхчүүдийн хувьд зөвхөн үндэсний бөхөөр дагнаж барилдаж байгаа нь бараг мэргэжпийн тамирчин гэхэд болохоор болсон зэрэг нь наадмын салхи хаашаа ч эргэж болохыг өнгөрсөн жилийн наадам тод харуулсан шүү дээ. Тааврын дээд ангилалд гэнэт ороод ирэх бөхчүүд олон байгаа. Тухайлбал, гарьд Бат-Эрдэнэ, Содномдорж, Ганбаатар гээд эдний араас хэдэн хүчтэй заанууд бичигдэж байгаа юм. Улсын харцагууд ч гэсэн урагшилж мэдэх юм. Нэг жишээ татъя л даа, ойрмогхон болсон барилдаанд харцага Цацабшар шинэ аварга, арслан хоёрыг дараалуулаад л өвдөглүүлчих нь билээ. Харцага Бямбажав, Мөнгөнцоож, Даваабаяр гээд дээд цолныхоо эрэмбийг нэгэнтээ хадгалсан бөхчүүдийг тогтооход нэн бэрхтэй л дээ. Заан Соронзонболд, Өсөхбаяр, начин Өсөх-Ирээдүй, Баянмөнх, Гончигдамба гээд шөвгийн найм бүр адаглаад арван зургаад үлдэх хүчтэнүүд бас бий.

МБАТ-ний 13 дугаар спартакиадад түрүулээд байгаа “Алдар” спорт хорооны бөхчүүд өнөө жил нэгдсэн галд бэлтгэл хийж эхэллээ. Наяад оны үед цэргийн бөхчүүд нэгдсэн галд бэлтгэл хийж, наадмын дэвжээн дээр өнгөтэй байсныг зарим хүмүүс санаж л байгаа. Ерээд оны дунд үеэс бөхчүүд аймаг, аймгийнхаа галыг дагаж эхэлсэн ч өнөө жилээс “Апдар”-ын уламжлал сэргэж байгаа нь амжилт гаргах жим ч байж мэдэх юм. Улсын наадмын түрүү, үзүүрт тээр жил “Апдар”-ын хоёр буюу аварга Хадбаатар арслан Ганбаатар нар үлдэж байсныг залгамжлан даян аварга Өсөхбаяр, арслан Ганхуяг нар баталсан шүү дээ. “Алдар”-ын хоёр үзүүр түрүүнд зогсохгүй гэх газаргүй л наадам өнөө жил болно доо.

Улсын даян аваргатай, гурван арслан, нэг гарьд, гурван харцага, арав гаруй начин багтаасан “Алдар-“ын бөхийн галд тэдгээрээс дутахгүй олны анхаарал татаж байгаа аймаг, цэргийн арслангууд байгаа юм. Аймгийн хурц арслан Пүрэвдавга, Мөнгөнбаатар, Одгэрэл, Бүрэнтөгс, Ганзориг, Чимэддорж, Шинэбаатар, Батдорж нарын дундаас өнөө жилийн шинэ начингуудын нэр тодрох таамаглал нэн өндөр брйна.

Цэргийнхэн наадмын дэвжээн дээр бөхчүүдээсээ дутахгүй амжилт гаргаж, олны анхаарлын төвд байдаг нөгөө хоёр төрөл болох Үндэсний сурын гал ч нэгдсэн бэлтгэлд гараад байна. Улсын мэргэн, спортын мастер Норжмаа, улсын мэргэн, спортын мастер Баярсайхан, Энхтунгалаг, спортын мастер Мөнхгэрэл нарын тэргүүлсэн хорь шахам харваачдын дундаас наадмын мэргэчүүл тодрохыг хэн байг гэхэв. Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний нэр алдрыг өргөсөн шилдэг харваачид цөөнгүй тодорсон бөгөөд наадмын тэргүүн харваач ч төрж байсан удаатай.

Цэргийн уяачид ерээд оны дунд үеэс хурдан хүлгүүдийн тоосоор хийморио сэргээж, богино хугацаанд алдарт болон манлай уяачид төрж гарсан билээ. Дааган Ганбаа гэжалдаршсан уяач бий. Алдарт уяач Аюуш агсан, Бааст гээд цэргийн шилдэг уяачдын мөрийг залгаж олон уяач тодорсон. Өнөө жилийн наадмын хурдан морины уралдааны талбарт Манлай уяач хурандаа Ганбаатар, уяач хурандаа Ганбат, дэд хурандаа Балдан-Очир, ахпах дэслэгч Галавсамбуу, Галбадрах, Хандаа нарын уяачид хурдан хүлгүүдийнхээ тоосыг өргөхөөр уяа сойлгыг нь тааруулж байна. Жил, жилийн наадам өөр, өөрийн өнгөө өөрөө тодруулдаг. Өнөө жилийн наадмын өнгө төгөлдөр байж, цэргийнхэн одтой сайхан наадах болтугай.

П.Батнайрамдал

Эх сурвалж: “Соёмбо”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих