Моорог байрлаж байсан өрөөнд өвчтнүүдийн цайны газар байгуулах гэж байна

Манай улсад ДОХ-ын халдвар авсан 18-55 насны 78 хүн бүртгэгджээ. Тэдний 60 хувь нь танталт судалгаагаар, 30 хувь сайн дурын үзлэг шинжилгээгээр, 20 хувь эмнэлэгт хандах явцад халдвар авсан болох нь тогтоогдсон гэнэ. Дээрх халдвартай иргэдээс арван хүн нас барсан бөгөөд 16 хүн ретровирусын эсрэг эмчилгээ хийлгэж байна. Энэ бол өнгөрсөн оны  долдугаар сард хийсэн судлагааны дүн. Гэвч энэ тоонд итгэх хэрэггүй. Үнэндээ өнөөдөр Монгол улсад хичнээн хүн ДОХ-оор өвчилж, хичнээн хүн нас барж байгааг мэдэх арга алга. Тэр ч бүү хэл бүхэл бүтэн эмнэлэг хүртэл ДОХ-той иргэнийг ханиад хүрсэн хатгаа авсан, сүрьеэ туссан хэмээн андуурч, оношилж чадсангүй. ДОХ-ын халдвар тээгч эмнэлэг ирж, эмч нараас тусламж авах гэж ирээд ямар өвчнөөр өвдснөө ч мэдэлгүй таалал төгссөн харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал,  хэдхэн хоногийн өмнө Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт дотоодын цэргийн ангид  ажиллаж байсан 52  настай Б гэгч эмчлүүлэхээр иржээ. Өндөр халуурч, ханиалгаж байсан уг өвчтнийг тус эмнэлгийнхэн эхлээд хатгаа авсан хэмээн үзэж, баахан эмчилгээ хийсэн аж. Эцэст нь сүрьеэ байж болзошгүй гэдэг таамаг дэвшүүлжээ. Гэвч ямар ч тусгаарлалт хийсэнгүй. Энгийн өвчтнүүд хэвтэж байсан нийтийн тасагт долоо хонуулж, эцэст нь биеийн байдал нь сайжрахгүй болохоор Халдвартын төвийн сүрьеэгийн тасагт шилжүүлсэн аж. Гэвч өвчтөн тус тасагт ирсэн өдрөө нас баржээ. Талийгаачид задлан шинжилгээ хийсний эцэст ДОХ-оор өвчилсөн байсныг нь тогтоосон аж.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэдэг том айл. Нийтдээ 200 гаруй эмч ажилчидтай, эмч нар нь цэргийн цолтой, хотын төвд байр байшинтай, 80 жилийн түүхтэй газар. Тэгсэн хэрнээ өнөөдөр тус эмнэлэг ДОХ-ын шинжилгээ хийлгүйгээр өвтнүүдийг хүлээн авч, хэвтүүлэн эмчилж, хууль дүрмээ сахиж чадахгүй сууж байна. Түүнээс гадна өвчтөн Б-г сүрьеэ туссан байж болзошгүй хэмээн таамаглаж байсан хэрнээ тусгаарлах ямар ч эмчилгээ хийсэнгүй. ДОХ-ын халдвараар нас барсан Б-тэй хамт дөрвөн хүн хэвтэн эмчлүүлж байсан аж. Мөн эмч, асрагч сувилагч нар ямар ч хамгаалалтгүйгээр тариа хийж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байсан аж. Хамгийн харамсалтай нь ДОХ-ын халдвар тээгч тус эмнэлэгт хэвтэж байгаад нас барсны дараа ч ариутгал үйлчилгээ хийсэнгүй, Халдварт судлалын үндэсний төвөөс тандалт хийж байгаа нэр зүүж, ДОХ-той өвчтөнд эмчилгээ хийж байсан эмч сувилагч нар битүүхэн айдас түгшүүртэй сууцгааж байна. “Өвчтнүүдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхээс өмнө заавал ДОХ-ын шинжилгээ хийлгэ” гэсэн дүрэм журам бий. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ч шинжилгээ хийх боломж бий. Гэвч тус эмнэлэг мөнгөгүй, бодис байхгүй учраас өвчтнүүдэд  шинжилгээ хийж чадахгүй байгаа гэнэ.
Энэ мэдээллийн дагуу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг зорьлоо. Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн тасгуудын байрыг буулгаж, хуучин суурин дээр шинэ барилга барихаар зураг төсөл нь батлагдсан юм байх. Тиймээс мэс заслын тасгуудын үйл ажиллагааг хураангуйлж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Клиникийн нэгдсэн хоёр дугаар эмнэлэг дээр тараан байршуулжээ. Харин дотор болон мэдрэлийн тасгууд нь өөрийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж байна. Хоёр зуун хүний ортой, зургаан тасагт иргэдийг хүлээн авч, хэвтүүлж эмчилдэг байсан том байраа буулгаад хуучин амбулторийн байранд, үзлэг хийдэг байсан жижигхэн өрөөнд өвчтнүүдийг шахаад хэвтүүлчихэж. Тус эмнэлэг 200 гаруй ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Эмнэлгийн байрыг  нурааснаар эмч ажилчдын ачаалал гурав дахин багассан ч гэсэн нэг ч хүнийг цомхотгосонгүй. Өөрөөрхэлбэл энд жар хүрэхгүй өвчтөнд 200 гаруй хүн үйлчилж байна. Тэртээ тэргүй цалин мөнгө нь улсын төсвөөс орж ирж байгаа учраас эмнэлгийн удирдлагууд үүнд нэг их санаа зовдоггүй бололтой. Тус эмнэлэг байраа нурааж, ажилчиддаа жаахан мод банз өгсөн, бусад барилгын материалыг нь цэргийн ангийн агуулахад аваачиж хураасан гэнэ. Харин хуучин эмнэлгийн суурин дээр шинэ эмнэлэг байгуулна, яаман дээр төсөв мөнгө нь орж ирсэн гэж тус эмнэлгийн удирдлагууд ярьдаг ч түүний үгэнд итгэх хүн тун цөөхөн байгаа аж. Өвчтнүүдэд шинжилгээ хийх сорьц авах, бодис нийлүүлэх мөнгөгүй болсон айл дахиж шинэ эмнэлэг барьж чадна гэдэгт итгэж чадахгүй байгаа юм. Хамгийн хачирхалтай нь Төрийн тусгай албан хаагчдийн эмнэлэг байр савны гачаалд орж, хуучин мооргийнхоо өрөөнд өвчтнүүдийн гал тогоог байрлуулахаар засвар хийж байгаа. Тэгсэн хэрнээ тус эмнэлгийн дарга  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг өглөөний 8:30-20:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллана,  манай эмнэлэг иргэдэд харьяалал харгалзахгүйгээр үйлчлэнэ. Эмчид үзүүлэхдээ Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авчирсан байх шаардлагатай” гэдэг зар тараажээ. Өнөөдөр тус эмнэлэгт  өвчтний түүх нээлгэж, гадуур эмчилгээ хийлгэж байгаа хүний тоог мэдэх хүн алга. Эмнэлгийн захиргаа Эрүүл мэндийн даатгалаас орж ирэх мөнгөнд л анхаарч байгаагаас бус эмнэлгийн үйлчилгээнд огтхон ч санаа зовохгүй байна гэж гомдоллох хүн ч нэг бус таарч байлаа. Монгол хүн сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг гэж ярьдаг. Тиймээс моорог байрлаж байсан өрөөнд цайны газар байгуулах гэж байгаад дургүйцэх хүмүүс цөөнгүй. “Хичнээн засвар хийсэн ч нэмэргүй. Хүн бие засч байсан хөтөвчөө угаагаад хоол хийж иддэггүй биз дээ” гэж ярих хүмүүс ч цөөнгүй байна. Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэг Хууль зүйн яаманд харьяаллагддаг. Энэ эмнэлгийн газрыг сонирхож, парламентийн ордон барихыг хүсэгчид л байхаас бус тус эмнэлгийн тоног төхөөрөмж, ажилчдын нөхцөл байдал, өвчтнүүдийн эрүүл мэнд ая тухыг сонирохдог хүн бараг байхгүй. Тийм ч учраас эмнэлгийн байшингийн талыг нь нурааж, хэсэгчилж хуваасан бололтой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.