Р.Бурмаа: УИХ-ын 2004 оны сонгуулийн өмнө цэргийн хүч ашиглах нууц тушаал гаргахыг завдсан

Сонгогчдын боловсролын тө­вийн тэргүүн Р.Бурмааг “Ярил­цах танхим”-даа урилаа.

-Сонгуулийн ту­хай хуульд оруулах нэ­мэлт, өөрчлөлттэй хол­боо­тойгоор Сонгуулийн ерөн­хий хо­роо тодорхой байр суурь илэр­хийлэхгүй бай­на. Үүнийгээ “Бид УИХ-аас ба­тал­сан хуу­лийг биелүүлэх ёстой бо­лохоос бус санал илэр­хийлэх эрхгүй” гэдэг үн­дэс­лэлээр тайлбарлах юм. Тэ­дэнд ийм тайлбар өгөх эрх бий эсэхэд тодорхой ха­риулт өгөхгүй юү?

-Сонгуулийн ерөнхий хо­рооны бүрэн эрхэд санал өгөх эрхтэй гээд заачихсан бай­гаа. Хуулиар хийх ёстой аж­лынх нь жагсаалтад батал­чихсан байдаг. Өөрсдийн са­на­лыг олон нийтийн дунд нээлттэй хэ­лэлцүүлж, сон­гуульд оролц­сон бүхий л су­бъектийн са­налыг нэгт­гэж өгөх үүрэгтэй. Гэтэл тэр саналаа олон нийтэд хүргэхгүй зөвхөн хуулийн төслийн ажлын хэс­гийнхэнд л хүргүүлсэн бай­сан. Би хүргүүлсэн гэдгийг нь мэдээд хэлж байна. Түү­нээс бус гадагшаа гаргах бо­лохоороо “Бид тийм эрхгүй” гээд дуугарахаа больчихдог. Эндээс “Намайг энд томилсон нам, эрх мэдэлтнийхээ төлөө ажиллана” гэсэн зарчим баримтлаад байгаа нь харагддаг.

-Намаасаа түдгэлзсэн ч улс тө­рийн “гарал үүсэл”-ээ хамгаална гэ­дэг зарчим баримталдаг гэж үү?

-Сонгуулийн ерөнхий хо­роонд ажиллаж байхдаа би ганцаараа ир­гэний нийгмийг төлөөлдөг бай­­сан. Бусад нь бүгд Ар­дын намаас очсон. Тэд эрхэлж бай­гаа ажлаа алдчих вий гэдэг айд­саасаа үүдээд намаа хамгаалдаг байсан. Намынхаа төлөө сонгогчдын гомд­лыг авч хэлэлцэхгүйн дээр будилаан зо­хион байгуулна. Зөвхөн УИХ-ын 2004 оны сонгуулийн өмнө гэхэд л цэр­гийн хүч ашиглах нууц тушаал гар­гахыг завдаж байсан. Би тэр бүх­нийг мэднэ. Эрх баригч намаас хамаа­ралтай сонгуулийн бүтэц сонгууль зохион байгуулж байгаа цагт хэзээ ч шударга дүн гарахгүй л дээ.

-Олон хүн сонгуулиар буди­лаан гарсан гэхэд ойлгодоггүй. “Би өөрийнхөө саналыг өгдгөөрөө өг­сөн. Миний өгсөн саналыг тэнд хэн ч будилуулж чадахгүй шүү дээ” гэсэн бодолтой байдаг. Иймд сон­гуулийн будилаан гэдэгт ямар зөр­чил хамаарахыг сайн тод­руулах хэрэгтэй болов уу?

-Тухайн санал өгч байгаа хүний сана­лаар сонгуулийн дүн гардаг бол шударга л болчих гээд байгаа юм. Гэтэл тэгдэггүй. Ялагдсан талд гомдлоо барагдуулах эрх нь нээлттэй байх хэрэгтэй. Санал хураалтыг дахин тоолно гэхэд тоолох боломжтой байх ёстой. Тоолох явцад хийсэн видео бичлэгийг үзье гэхэд үзүүлдэг байх ёстой. Харамсалтай нь манайд тэгдэггүй. Гомдол гаргасан нэр дэвшигчийг хорьдог, цагддаг. Зөрчил байхгүй бол хэвлэлийнхний өмнө саналыг нь яагаад дахин тоолж болохгүй гэж. Болохгүй байна гэдэг чинь өөрөө сонгууль шударга бол­сон гэх баталгаа байхгүй гэдгийг нот­лоод байгаа байхгүй юу. УИХ-ын 2008 оны сонгуулийн бу­дилааныг манлайлж хийсэн хүн нь тухайн үеийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга гэдэг нь тогтоогдсон. Гэтэл буруутай нь нотлогдонгуут эх баригч нам Д.Бат­тулгыг “Эрдэнэт” үйлдвэрийн хамгийн өндөр цалинтай орлогч захир­лын суудалд суулгачихаж байгаа юм. Будилаан зөрчлийг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх тухайд огт ярьдаггүй, хариуцлага тооцох тухай ярьдаг хүн алга.

-Тэгвэл хуулийн төсөлд сайн, сайхан боломж харагдаж бай­на уу?

-Байхгүй. Ерөөсөө сонгуулийн шөнө чи өөртөө боломжтой луйвар хийж чадвал ямар ч шатны шүүхээр хянагдахгүй. Сонгуулийн дүнг хүссэнээр гаргана гэсэн бодлогоор боловс­руулсан хуулийн төсөл байна лээ.

-Ямар заалтаар тийм боломж олгоод байгаа гэж?

-Нэг заалтаар хэлэх боломжгүй. Бүхэлд нь уншиж, логик үндэслэлээр нь ойлгоход тийм дүгнэлт гарч бай­гаа юм. Тэгэхээр Сонгуулийн хороонд ажиллаж байгаа хүмүүс дур зоргоороо ажиллаж болно гэсэн үг. Ганц, хоёр нэр дэвшигч бус төрийн эрх барьж байгаа эрх мэдлээ ашиглан системээрээ хийдэг луйврыг баталгаажуулах боломжтой тийм хуулийн төсөл болсон.

-Улстөрчид сонгуулийн холимог тогтолцоог хэрэгжүүлэх ху­вил­бар дээр санал нэгдэж бай­гаа. Энэ шийдлийг ард түмний тусын тулд гэсэн тайлбар дагалдаж байх шиг байсан?

-Эрх баригч нам системээрээ луй­вар хийдэг саналаа батлуулах гэж оролдсонд Ардчилсан нам хаалт хийсэн. Энэ оны нэгдүгээр са­рын 17-нд оруулж ирсэн төслөө яаж ийгээд батлуулчих сонирхол Ардын намд байсан. Худлаа баахан мажоритар, пропорциональ гэх мэт хувилбар ярьж хүмүүсийн толгойг тэд эргүүлэхийг оролдсон. Үүнийг нь Ардчилсан нам зөвхөн систем ярьж байгаад баталж болохгүй гээд хойшлуулсан. Би үүнд нь найдвар тавьж байна.

-Хэнд вэ?

-Долдугаар сарын 1-нийг гаргахгүйн Ардчилсан намыг ажиллаж чадна гэж бодож байгаа.

-Таны хувьд аль хувил­барыг нь оновчтой гэж үзэж бай­гаа юм бэ. Жижиг намуудын хувьд холимог тогтолцооноос айж бай­на. Нэр хүндтэй улстөрчид мажоритар тогтолцоогоор сонгууль явуулбал  УИХ-ын гишүүн болчихно гэдэгтээ итгэлтэй байх шиг байна?

-Өөрийн тань асуулт бас тэр тогтолцоо тойрсон ярианд хөт­лөгд­чихсөн байх шиг байна. Гэтэл аль ч систем байлаа гэсэн сонгуулийн дүнг өөрсдөө захиалаад гаргачих со­нирх­лоо Сонгуулийн тухай тусгах гээд байгаад гол асуудал бий. Надад аль ч систем нь сонин биш. Систем чухал уу гэвэл чухал. Гэхдээ хамгийн чухал зүйл нь сонгуулийг шударга явуулах тухай асуудал байхгүй юу. Аль ч систем байсан эрх баригч нам хүссэн суудлаа авдаг. Хүн харахад зуун хувийн суудал аваагүй байхаар харагдуулахын тулд завсар зайнд ганц нэг чимэг оруулдаг болчихоод байгаа нь Монголын тусгаар тогтнолд аюултай. Гадаад, до­тоодын бүлэглэл ийм нөхцөлд за­хиалгаар өөрсдийн эрх ашгийг хам­гаалах төлөөлөл гаргаж ирэх бо­ломжтой. Үүнийг л анхаарах ёстой. Түүнээс бус энэ системээр тэр нам төдөн суудал авна. Энэ нам ийм тооны суудалтай болно гэдэг бол чухал биш.

-Шударга сонгуулиар эрх бариг­чаа сонгодог улс орны жишиг тэг­вэл ямар байдаг юм бэ?

-Бид шинээр дугуй хийх гээгүй. Олон улсад жишиг болсон шударга сонгуулийн жишиг гэж бий. Луйв­раас сэргийлэхийн тулд хуу­лиар зохицуулсан хамгаалалтууд байдаг. Гэтэл манайд тэр бүх зохи­цуулалтыг авч ашиглахыг хүсэхгүй байгаа нь асуудал. Зарим оронд сон­гуу­лийг будилаантуулах замаар тө­рийн эрх мэдлийг урвуулан авах юм бол улс орноосоо урвасан гэдэг зүйл ангиар хамгийн хатуу ял авдаг. Тайланд, Филиппин байна. Ер нь улс орнуудад тогтсон стандарт нь сон­гуулийн луйврыг шууд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого гээд Эрүүгийн хуулиараа 10-аас дээш жилийн ялаар шийтгэх зүйл, заалт­тай байдаг. Тэгэхдээ бүр хийсэн, хийлцсэн, үүрэгдсэн гээд бүх хүнийг нь хамруулдаг. Өөрийн чинь асуусан “Сонгуулийн луйвар гэж юуг хэлэх юм бэ” гэдэгт чинь хуулиараа тодорхой хариулчихсан байдаг юм.

-Намд нь оноох шийтгэл гэж байх уу?

-Сонгуульд дахин оролцох эрхийг нь хасдаг. Бүр цаашилбал намыг нь татан буулгаж, намын удирдлагад байсан хүмүүсийг нь 10-аас дээш жилээр ялладаг. Сонгуулиар мөнгө тараасан бол авсан, өгсөн хүнийг нь давхар шийтгэдэг. Харин мөнгө авсан хүн нь “Надад мөнгө өгсөн” гэд­гээ нотлоод шүүхэд хандвал ялаас чөлөөлдөг. Ингэж зохи­цуулдаг учраас сонгуулиар луйвар хийх боломж байдаггүй. Сон­гуулийн ерөнхий хороо нь аль нэг намд үйлчилсэн бол бас л эрүүгийн хариуцлага хүлээдэг. Яагаад ингэж хатуу шийтгэдэг вэ гэхээр ту­хайн улсын төрийн эрх мэдлийг луйв­раар авахыг улс орны тусгаар тогт­нолын эсрэг гэмт үйлдэл гэж үздэг. Тэгэ­хэд манайд сонгуулиар 1.5 сая төгрөг хууль зөрчин амласан нам яваад л байна шүү дээ. Энд ямар ч хүлээх хариуцлага гэж байхгүй.

-Ардчилсан нам ч гэсэн нэг сая төгрөг амласан шүү дээ?

-Ардчилсан намын тухайд нэг сая төгрөгийг шууд бэлэн мөнгөөр бус хувь хүртээнэ гэдэг утгаар мөрийн хөтөлбөртөө оруулсан. Энэ амлалт намын мөрийн хөтөлбөрт байгаа. Гэтэл Ардын намын амласан 1.5 сая төгрөг сонгуулийнх нь мөрийн хөтөлбөрт байхгүй. Мөрийн хөтөл­бөрт нь тэр амлалт байгаад Сон­гуулийн ерөнхий хороо түүнийг нь хүлээн авсан бол хууль бус гэж үзэх­гүй. Харин Ардын намын амлалт Сонгуулийн ерөнхий хороонд бүрт­гүүлсэн мөрийн хөтөлбөрт нь байх­гүй байхад яагаад зогсоохгүй, хариуцлага тооцохгүй байна вэ гэдэг бол хууль зөрчсөн хэрэг. Үүнээс үүдээд төрөөс эх үүсвэр нь байхгүй  805 тэрбум төгрөгийг ард иргэдэд тараах болчихоод байна. Энэ нь эргээд инфляци болж байна. Улс орон хөгжих үү, үгүй юү гэдэг асуудал гарч байна. Тэр мөнгийг  олж чадаагүй байж зээл авч тараах гээд байгаа нь асар их баялгаа үнэгүйдүүлж, хамгийн бага мөнгөөр урьдчилгаа авч өгөх зам руу түлхэж байна. Мөнгөний амлалт хуулиар хориотой юу гэвэл хориотой. Шүүх энэ асуудлаар яагаад ажиллахгүй байгаа юм бэ. Яагаад намд нь хариуц­лага хүлээлгэхгүй байна вэ.

-Ерөнхийд нь бол та Ардын намыг гэмт хэрэг хийж байна гэж хэлэх гээд байна уу?

-Ерөөсөө цэвэр тө­рийн эсрэг гэмт хэрэг.

-Тайландын жишгээр бол Ар­дын нам үүнийхээ төлөө өдийд та­тан буугдчихсан байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Сон­гуульд дахин орлцох эрхгүй бол­чихсон байгаа. Нэр дэв­шигчид нь дахин сонгуульд нэр дэвших бо­ломжгүй болно. Ганцхан Тайланд биш шүү. Олон улсад ийм жи­шиг бий.

-Манайх шиг сон­­гуулиар мөнгө ам­лаж, дараа нь төрийн мөн­гийг тараадаг жишиг дэлхийн улс оронд хэр олон бай­даг юм бол?

-Африкийн улс ор­­нуудад ийм жишиг бай­­даг. Африкийн жиш­гээр явбал ма­найд тун таагүй ирээ­дүй харагдана. Бу­сад улс орон зөв тог­­тол­цоогоор хөг­жөөд байна. Луйвраар сонгууль явуул­даг улс орны иргэд байн­га ядуу, иргэний дайн­тай. Цөөхөн хэдэн улс­төрчид нь л баян байдаг.

-Тэгвэл Ардчил­сан нам ялагда­хаа­раа л сон­гууль шударга бус бол­лоо гэж тайлбарладаг нэг жишиг ма­найд бас тогтчихоод бай­гаа юм биш үү. Ерөн­хийлөгчийн сон­гуулиар ялсан болохоор л шударга сон­гууль бол­сон гэж үзээд байгаа. Гэтэл удаа дараагийн сонгуульд ялагдах бүртээ “Сонгууль шударга бус болсон” гэж “оношлох” нь бас их зохимжгүй хэрэг биш үү?

-Сонгуулийн ерөнхий хорооны гурав­ны хоёр нь Ардын намын төлөөлөл байдаг. Орон нутагт ч ийм жишиг үйлчилдэг.  Судал­гааны урьдчилсан дүнгээр сонгогчдын саналын ерөнхий дүн гардаг. Гэтэл яг сонгууль болохоор өөр үр дүн гарчихдаг. Тэр бүхний дүнд сонгууль будилаантай болчихсон байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд Улаанбаатарт маш их будилаан гардаг учраас ихээ­хэн анхаарал тавьж, ажиглагчдад камер өгч, хяналтыг асар сайн хийсэн. УИХ-ын 2008 оны сонгуульд Сонгуулийн ерөнхий хорооноос камер тавьсан гэчихээд дараа нь үзүү­лээгүй. Баахан хөл авсан байна лээ. Камер гацаад бичлэг хийгээгүй гээд л аргацаагаад өнгөрсөн. Ерөнхий­лөг­чийн сонгуулийн үеэр маш их хүч тавьсан учраас дүн нь сайн гарсан. Ардчилсан нам ялагдахаараа баахан гомдол гар­гадаг гэдгийн тухайд гомд­лыг нь Сон­гуулийн ерөнхий хороо авч хэлэлцдэггүй байхгүй юу. Хэрэв Ардын намын нэр дэвшигч гомдол гар­гавал тэр даруйд нь шийдэж өг­дөг. Энд асуудал байгаа юм.

-Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд жижиг намуудын босгыг долоон хувиар тогтоох санал бий. Энэ заалт батлагдвал жижиг намуудад хаалт болох уу?

-Жижиг намуудыг хаахын тулд л ийм заалт санал болгож байгаа. Туркийн хуульд гэхэд жижиг намуудад тавих босго гэж байдаг. Тэдний хувьд салан тусгаарлахын эсрэг, жижиг үндэстнүүдээ барьж байх бодлогын төлөө босго тогтоодог. Үүнийгээ нийтлэг эрх ашиг, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд гэж тайлбарладаг юм. Манайд бол тэгж үзэх ямар ч шаардлага байхгүй. Жижиг намууд аль нэг аймгийг тусгаар тогтнох хэрэгтэй гэсэн шаардлага тавихгүй л байгаа биз дээ. Тэгэхээр тэгж босго тогтоох шаардлагагүй.

-Жижиг намуудын ту­хайд хоёр том намын саналд нө­лөөлөхүйц хэмжээний сонгуулийн оролцоотой байж чаддаг уу?

-Өнгөрсөн сонгуулиудын дүнгээс харахад жижиг намууд нэлээд олон суудал авах хэмжээний нөлөөтэй нь харагдсан.

-Сэрэмжлэх хэмжээний “аюул” байдаг гэсэн үг үү?

-Аюул ч гэж хэлж болохгүй л дээ. Энэ бол тэдэнд бодит боломж байдаг гэсэн үг. Тэр боломжийг хаахын тулд л босго тогтоохыг хичээгээд байгаа хэрэг. Хамгийн гол нь үүнийг эрх баригч нам аюул гэж хараад хаахыг хүсч байгаад асуудал нь байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих