Дээд хэмжээний айлчлалын тохиролцоог урагшлуулахад түлхэц болно гэж үзэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи өнөөдөр бараалхав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд  Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай хийсэн албан ёсны хэлэлцээ амжилттай болсонд баяр хүргэлээ.

Гадаад харилцааны сайдтай хийсэн хэлэлцээний үеэр олон чухал асуудлаар санал солилцож, тэдгээрээс хоёр талын харилцааг стратегийн түншлэлд хүргэх тухайд талуудын байр суурь ойр дөт байсныг сонслоо. Стратегийн түншлэлийн харилцааны гол агуулга нь улс төр, цэргийн итгэлцлийг улам бүр гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх замаар харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал гэж монголын тал үзэж байна.

БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг билээ. Энэ хүрээнд өнгөрсөн жил хийсэн төрийн айлчлал амжилттай болсон. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао манай улсад айлчилсан. Таны айлчлал эдгээр айлчлалаар тохирсон асуудлуудыг урагшлуулахад чухал түлхэц болно гэж үзэж байна. БНХАУ-ын дарга Ху Жинтаог Монголд айлчлахыг урьсан. Энэ айлчлал удахгүй хэрэгжиж хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргаснаа зарлах боломж бүрдүүлнэ гэж найдаж байна. Эдийн засгийн харилцаанд том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,  хамтын ажиллагааг өрнүүлэх шинэ боломж байгаа. Хятад улс бол Монголын хамгийн том хөрөнгө оруулагч, гадаад худалдааны хамгийн том түнш юм. Хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтын төсөл хэрэгжүүлэх боломж бий. Хамтын ажиллагааг Засгийн газрын түвшинд шийдвэрлэн ажиллахад дэмжлэг үзүүлэх болно. Хятадын Засгийн газар Монголын Засгийн газрын хүссэн хөнгөлөлттэй зээлийн асуудлыг нааштай шийдвэрлэж ирсэнд талархаж байна. Соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт харилцааг хөгжүүлэх нь хоёр ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал юм. Хятадын Засгийн газрын тэтгэлгээр сурах монгол оюутнуудын тоо нэмэгдэж буйд талархаж байна. Байгаль орчин, байгалийн гамшгийн асуудалтай холбоотой чиглэлээр ч хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай. Олон улсын асуудлаар ч бие биеийн санаачилгыг дэмжин ажиллаж байна. Сайд таны  айлчлал хоёр орны харилцааг шинэ зуунд шинэ агуулгаар баяжуулахад бэлтгэл болно гэж бодож байна хэмээн  Ерөнхийлөгч хэлэв.

Мөн Ерөнхийлөгч Хятад улсын дарга Ху Жинтаод мэндчилгээг минь дамжуулж өгнө үү гээд сайдын айлчлалд амжилт хүслээ.

Ян Жэчи сайд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд дээд хэмжээний айлчлалуудын тохиролцоог  хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээ хийж байгаагаа дурдан ярив.


URL:

Сэтгэгдэл бичих