Эрүүгийн хэргээр хачирлагдсан сонгуулийн буухиа

Сонгуультай холбоотойгоор эрүүгийн хэрэгт тооцогдох зөрчлүүд илэрч эхэллээ. УИХ-ын гишүүн З.Энхболд Ардчилсан намын сонгуулийн штабыг төлөөлж сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой хууль бус үйлдлүүдийн талаар баримттай материалуудыг дэлгэж мэдээлэл хийсэн юм. Эргэн сануулахад энэ сарын эхээр сонгогчдын нэрсийн жагсаалт тойргууд болон хэсгийн хороодод олон нийтэд нээлттэйгээр тавигдсан байгаа. Гэтэл зургаадугаар сарын наймнаас эхэлж нэрсийн жагсаалттай холбоотой гомдол Сонгуулийн бүртгэл мэдээллийн дэд хороонд ирж эхэлсэн. Тиймээс 18-наас өмнө уг байдлыг цэгцлэх хугацааг иргэдэд олгосон. Өөрөөр хэлбэл иргэд амьдарч буй хаягаа сольсон атлаа шинэ хаяг дээрээ бүртгүүлээгүй зэрэг зөрчлүүдийг цэгцлэх хугацаа олгоод байсан юм. Гэтэл сүүлийн үед үүнээс ч ноцтой гэмт хэргийн шинжтэй зөрчлүүд илэрсэн байна. Тодруулбал нэг айлын хаяг дээр 10-20 сонгогч бүртгүүлсэн. Энэ нь албан тушаалтнуудын хаяг дээр байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжтэй болж байгааг гишүүн хэллээ.

Тиймээс улсын хэмжээнд шалгах боломжгүй учраас энэ удаад Сүхбаатар дүүргийн хэмжээнд шалгасан байна. Шалгалтаар Сүхбаатар дүүргийн II хорооны СӨХ-ын дарга н.Бямбажавын хаяг дээр өөрийнх нь гэр бүлээс гадна дахин таван сонгогчийн нэр байжээ. Мөн дүүргийн I хорооны хэсгийн ахлагч Бүрэнжаргал, Дулмаа нарын хуучин хаяг дээр 15 хүний нэр байсан бол VII хорооны хэсгийн ахлагч Ганчимэг 13 сонгогчийн нэрсийг нэмж бичүүлсэн байх юм. Түүнчлэн СБД-ийн Засаг даргын Тамгын газрын дарга Цэрэндавгын ам бүл мөн л ам бүлээс нь гадна 12 сонгогч нэмсэн зэрэг 10-аас илүү сонгогчийн нэрсийг бичжээ. Энэ мэт албан тушаалтнуудтай холбоотой сонгогчийн саналыг хууль бусаар авах гэсэн оролдлого гарсаар байна. Дээрх албан тушаалтнууд бүгд МАН-ын гишүүд бөгөөд улсын хэмжээнд 1200 орчим хэсгийн болон хорооны албан тушаалтнууд бий.

Өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-ын гишүүн 3.Энхболд, С.Эрдэнэ нарын санаачлан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулснаар дээрх үйлдлүүд нь бүгд Эрүүгийн хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 82.1 зүйлийн бүлэг зүйл ангиар буруутгагдана. Уг зүйл ангид “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол Эрүүгийн хуулийн 821 дүгээр зүйлд (Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах) заасан гэмт хэрэгт тооцно. Хэрэв тус хэргийн улмаас хүний амь нас хохирсон, их хэмжээний эд хөрөнгийн болон бусад хор уршиг учирсан бол хүндрүүлэх нөхцөлөөр ял оногдуулна” гэж заасан байна.
Тиймээс дээрх албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргийг Тагнуул болон прокурорт шилжүүлээд байгаа гэсэн.

Сонгууль болоход 10 хүрэхгүй хоног үлдээд байгаа учраас шуурхай шалгуулж хариуцлага тооцох болно гэдгийг сануулсан юм. Хуулийн дагуу бол дээрх зүйл заалтаар албан тушаалтан хэрэг үйлдсэн нь тодорхой болбол ажлаасаа чөлөөлөгдөхөөс гадна хамгийн доод тал нь гурван cap хүртэл цаашлаад 10-15 жилийн хорих ял эдлэх учиртай аж.

Х.Хүслэн

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.