Өнгөрсөн сонгуулийн цус, нулимс эгшээгүй байхад энэ сонгуулийн луйвар эхэлчихжээ

ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ЗОРИЛГООР СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БУДЛИУЛСАН БОЛ ТАВААС АРВАН ЖИЛ ХҮРТЭЛХ ХУГАЦААГААР ХОРИХ

Сонгуулийн луйвраас болж ямар эмгэнэлт үйл явдал болсныг Монголын түүх мартаагүй байгаа. 2008 оны сонгуулийн луйвраас үүдэлтэй цус, нулимс эгшээгүй байна. Шорон гяндан, хэрүүл зарга, гомдол, хорсол дуусаагүй ээ. 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлаас сургамж аваагүй улс төрийн хүчин бол МАН. МАН-ынхан “Долоон сарын 1″-нийг сонгууль луйвардаж гаршсан өөрсдийнхөө буруу биш, сонгуулийн дүн худлаа боллоо гэж жагссан иргэдийн буруу гэж өнөө хүртэл ойлгон ухуулсаар ирсэн юм. Харин иргэд дахин цус нулимс үзэхээс халширсандаа сонгуулийн шинэ хуулинд сонгуулийг луйвардсан хүн, улс төрийн хүчинд оногдох шийтгэлийг хатуу болгоорой гэж УИХ-д нийгмийн захиалга өгсөн юм. УИХ дахь АН-ынхан ч энэ захиалгыг хүлээн авч, шинэ хуулинд сонгууль санаатайгаар будлиулсан бол төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэж үзэж хэрэв сонгууль будлиулах оролдлого хийж баригдвал иргэнд 5-10 жилийн хорих ял оноож, захиалсан улс төрийн хүчнийг нь татан буулгах хатуу заалт орон одоо мөрдөгдөж байгаа. Гэтэл сонгуулийн хугацаа ойртох тутам сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр, айлд хүн байршуулдаг “царцаа” гэдэг луйвраа хийчихсэн нь баригдлаа. Энэ царцаа гэдэг луйвраар 2004 оны сонгуульд 120 мянган хүн, 2008 оны сонгуульд 136 мянган хүн нэмж бичиж луйвардан саналын дүнд нөлөөлснийг Сонгогчийн боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа хуулиар баталгаажуулсан байдаг. Сүхбаатар дүүрэг бол боловсролтой иргэд, сонгогчид олонтой. Дээр нь тус дүүргийн Ардчилсан нам сайн зохион байгуулалттайн дээр маш нягт ажилладагтаа “царцаа”-нуудаа хамгийн түрүүнд илрүүлж хуулийн байгууллагад өгчээ. Одоо хяналт шалгалт үргэлжилж байна. Уншигч танд үзүүлж байгаа эл баримтанд 21 айл дээр 266 иргэнийг бичиж нэрсийн жагсаалтад оруулжээ. Ийм жагсаалтын цуваа цаашид олон мянгаар үргэлжлэх шинжтэй. Одоогоор шалгагдаж байгаа мэдээллээр бол тус дүүрэгт 5680 царцаа суулгасан байх магадлалтай. Сүхбаатар дүүргийн 90 мянган сонгогч 20 хороо 160 хэсэгт харьяалагдан амьдардаг. “Царцаа” хэмээх нэмэгдэл сонгогчийг хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч зэрэг улс төрийн албан тушаалтан, Нийгмийн ажилтан, Иргэний бүртгэл мэдээллийн ажилтан, Халамжийн ажилтан, зохион байгуулагч зэрэг төрийн захиргааны албан тушаалтны болон тэдний ах дүү, хамаатан садны хаяган дээр бүртгэж санал өгүүлэх гэж байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай дүүргийн МАН-ын дарга, түүний 20 хорооны дарга нар намын үүрүүдийн дарга нар нь юм.

Энэ сүлжээгээр сонгуулийг зохион байгуулалттай будлиулан төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн ажиллагаа баригдлаа. Одоо шалгалтаар батлагдсан “царцаа байрлуулсан” албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгээд байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нийгмийн ажилтан Должингийн амьдардаг есдүгээр байрны 23 тоотод 13 сонгогчийн нэр бичсэн байна. Сүхбаатар дүүргийн  VII хорооны хэсгийн ахлагч нар болох Б.Бүрэнжаргал, А.Дулмаа нарын хуучин амьдарч байсан I хорооны ойн гудамж 3-179 тоотод 15 хүний нэр бичсэн байна. VII хорооны зургадугаар байрны 40 тоотод хорооны Засаг дарга Г.Ганчимэг амьдардаггүй боловч өөрийгөө бүртгэж, энэ хаалганд 13 хүний нэр бичжээ.

XVI хорооны иргэний бүртгэлийн ажилтан Д.Баттөгсийн амьдардаг Бэлхийн 33-3 дугаар гудамж 236 тоотод 17 хүний нэр бичигдсэн байна.

Тус дүүргийн IX хороо Алтайн дөрөвдүгээр гудамжны 108 тоот Тойсаны Баярсайхан нэг айл нэг сонгогчтой. Гэтэл уг хаяг дээр 29 хүний нэр бичигджээ.

XV хорооны Засаг дарга асан Д.Балжиннямын амьдардаг XV хороо Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны хоёр тоотод 30 хүний нэрийг нэмж бичжээ.

16 дугаар хорооны Засаг дарга Т.Нямхүүгийн амьдардаг гэх 16 дугаар хорооны Бэлхийн 30 дугаар гудамжны 258 тоотод 19 хүний нэрийг бичсэн байна. Ийм жагсаалт цааш үргэлжилнэ. Дүүрэгт оршин суудаг жирийн айл өрхүүдэд 2-5 хүний нэр бичигдсэн нь бол тоолж баршгүй олон, шалгахад ч төвөгтэй. Нэг хүн буюу нэг царцаа шингээхээс эхлээд 20-30 царцаа байршуулж чадвал урамшууллын механизм үйлчилдэг гэнэ. Царцаа байршуулсан айл 500 мянган төгрөгийн урамшуулал авна. Одоогоор батлагдаагүй байгаа мэдээллээр бол энэ мөнгийг царцаа байршуулагч царцаатайгаа хувааж авдаг. Зохион байгуулалттай олон хүн байрлуулбал шагналын механизм өснө гэнэ. Царцаа байрлуулсан МАН-ын хороо үүрийн дарга нар улс төрийн албан тушаалтны хувьд, ялыг нь хүлээнэ. Хамгийн муухай нь ингэж сонгуулийн луйврыг хийгээд баригдсан хороон даргаас доош төрийн албан тушаалтан наад зах нь таван жилийн хорих ял аваад шоронд явахад ийм луйвар хийх үүрэг өгсөн дүүрэг, хотын МАН-ын дарга нар, ИБМТ-ийн дарга нар инээгээд өнгөрөх үү. Сүхбаатар дүүргийн МАН-ын энэ луйвраас болж санал өгөгч иргэд хүртэл хуулийн хариуцлага хүлээхэд байг гэх газаргүй боллоо.

Г.ДАШРЭНЦЭН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.