Хаян даргыг хаях цаг нь болж ээ

Өнөөгийн засгийн газар маань Монгол Улсын алт мөнгөнийхөө авдарны түлхүүрийг гаршсан хулгайч нарын толгойлогчид өгчихжээ. Нэгэнт хулгайч нарыг толгойлоод төсвөөс хусаад сурчихсан хүн бол тэсдэггүй гэдэг. Сангийн яамны авдарыг ч сайн гөвжээ хөөрхий. Хаян гэдэг нь одоогийн УИХ-ын гишүүн Сангийн сайд Д.Хаянхярвааг хэлж байна. Азаар түүнд идэж уух хэдхэн хоног үлдлээ.

Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Засаг дарга болуутаа санхүү хариуцсан даргаараа Э.Наранбаатар, Д.Нямхүү гэдэг туршлагатай том гарын хулгайч нарыг ажиллуулсан байна. Тодруулбал төсөв гэдэг олны хөрөнгийг зарцуулах эрхийг Хаян дарга эдэлж санхүүгийн дарга гарын үсэг зурж төсвийн мөнгө хөдөлдөг. Төсвийн мөнгөнөөс хусдаг томоохон хулгайчууд зохион байгуулалттай бүлэглэд орж зарим нь уудалж, зарим нь уургалж, хамгийн том нь төрийн сайд болон хаацайлан дээвэргэдэг юм. Хэрвээ төсвөөс олон зуун саяар нь хулгай хийчихээд, хулгайч нарыг хулгай хийх боломжийг олгон өөгшүүлчихээд баригдвал тэд удирдагч босстойгоо шоронд ордог нэг л зарчим байх ёстой. Хаянгийн хулгайчуудын багт Засаг даргын Тамгын газрын санхүүгийнхнээс эхлээд, төрийн сангийн  дарга, боловсрол цогцолбор, төсвийн байгууллагууд, сумын дарга, хадгаламж зээлийн хоршооныхон хамрагдсан байна. Хаянгийн хулгайчууд дандаа дээд боловсролтой. Албан байгууллагынхаа нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг цагаан захтнууд багтаж байсан байх юм. Гэмт бүлэглэлийн дээвэр Хаян нь Завхан аймгийн хүн бололтой. Завхан аймагт төрсөн хүмүүсийг данс бүртгэл зувчуулах, худлаа бичиг бүрдүүлэх зэрэг  хамгийн нарийн ширийн ажиллагаандаа Завханы гэх хүмүүсийг тавьсан байна. Хаянгийн бүлэглэлийн гэх тодотголтой  улсад 421 сая төгрөгийн хохирол учруулсан төсвийн бүлэг хулгайч нарын хэрэгт 30-аад цагаан захтнууд оролцжээ. Тэд тухайн үедээ Дархан-Уул аймгийн төсвийн мөнгөнд ёстой нэг хоттой хонинд орсон чоно шиг  самарч гарчээ. 2004 оны есдүгээр сарын 30-наас эхлээд л төсвийн хуваарилагдаагүй зардлаас хүртэл 15-28 сая хүртэл мөнгийг дуртай данс руугаа шилжүүлэн хүүдийлсэн байх нь итгэхэд бэрх ч баримтыг яалтай. Тэр ч байтугай хийгээгүй ажлыг  хүртэл хийсэн мэтээр мэдээлж ямар их мөнгө хусчихаа вэ. Хаянгийн бүлгийн хулгайчууд бүүр даварч  төсвийн мөнгийг 10, 25, 28  сая төгрөгөөр шилжүүлэн хусдаг байсан бол амташсан хэрээний үлгэрээр сүүлдээ 447 сая төгрөгөөр нь хусдаг болжээ.

Д.Хаянхярвааг Засаг дарга байхад Дархан хотод засмал зам тавих ёстой улсын хөрөнгө оруулалт 300 сая төгрөг, орон нутгийн хөрөнгө оруулалт 147 сая төгрөг, бүгд 447 сая төгрөг байлаа. Уг нь хууль ёсоор бол тендер зарладаг, ажлаа хийдэг. Хийсэн ажлынхаа үр дүнгээр тэр их мөнгийг авах ёстой юм. Гэтэл шороо хөдөлгөөгүй байж ажил хийсэн мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Хотын зам” нэртэй компаниар дамжуулаад нөгөө мөнгийг чинь авчихсан байна. Ийм хэмжээний ажил гүйцэтгэсэн гэж мөнгийг нь авч чадна гэдэг үнэхээр их зориг ямар мундаг “дээвэр” байгааг харуулдаг. Дарханы төсвийн хулгайчууд яагаад ч баригдахгүй, баригдсан ч  яагаад ч шийтгэгдэхгүй гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэвч энэ бүхэн баригдсан юм. Баригдсан ч гэсэн шийтгэлгүй өнгөрөх ганц боломж нь “дээвэр”-ээ баталгаажуулах явдал. Ингээд хулгайч нарын толгойлогч Д.Хаянхярвааг 2008 онд УИХ-д дэвшүүлэв. УИХ-ын гишүүн гэдэг бол толгойлогчийн хувьд хэн ч шалгаж болдоггүй хорогдох байр гэсэн үг. Гишүүн болсон Хаян дарга баригдсан нөхдүүдээ хамгаалах үүрэг оногдох нь мэдээж. Толгойлогч, аймгийн дарга Д.Хаянхярваа гишүүн гэнэтхэн цагдаа шүүхийн дарга нарт орон сууц өгүүлжээ. Яагаад шүүхийн даргад байр өгөх болсныг хойно өгүүлэв. Гэнэтхэн шүүх, прокурорын ажилтнуудад аймгийн удирдлага хайр зарлаж, гадаадад хичнээн ч удаа зугаалуулав. Эцсийн дүндээ баригдсан хулгайчуудаа хайцайлуулахын тулд шүү дээ. Гучаад холбогдогчтой энэ том хэргийн шүүх хуралдаан 2011 оны есдүгээр сарын 21-нд Дархан хотод болж Ц.Оч гэдэг шүүхийн дарга удирджээ. Төсвийн хулгайчуудын хэргийн дуулиан эхлэнгүүт Ерөнхий шүүгч Е.Рензааныг ажлаас нь гэнэт өөрчилжээ. Энэ бол эрхэм гишүүн болж томорсон “дээвэр”-ийн  толгойлогчийн зохион байгуулалт гэж байна.  Уг нь Е.Рензаан бол Дархан даяар танигдсан Монголд ховорхон байгаа шударга шүүгчийн нэг. Зайлуул Е.Рензаан Дархан хотын Ерөнхий шүүгчээр мөн ч олон жил ажилласан. Хань ижил нь нас барж одоог хүртэл түрээсийн байранд амьдарч байгаа гэнэ. Гэтэл Хаян толгойлогчийн хамтарсан хулгайчуудын хэргийг шүүлгэхийн тулд Ц.Оч гэх шүүгчийг тавьж түүнд байр өгсөн байна. Харин өдий олон жил шүүхийн ажил хийж зовлон зүдүүр амсч яваа Рензаан шүүгчид олдоогүй байр Хаянгийн хулгайчуудын шүүх хуралдааныг даргалсан Ц.Очид олдсон нь сонирхолтой. Шүүх хуралдаан болж төсвийн бүлэг хулгайч нарт ял өгсөн мөртлөө Өршөөлийн хуулинд хамруулаад өнгөрөв. Харин Хаян толгойлогч УИХ-ын гишүүн учраас ял завшжээ.

Хавтаст хэрэгт авагдсан материалуудаас харахад Д.Хаянхярваа гэдэг төсвийн ерөнхийлөн захирагчийг байцаасангүй тойрсон нь илт. Ардчилсан, хуулийг шударга хэрэгжүүлдэг улс оронд бол төсвийн хөрөнгө оруулалт зарцуулалтыг өдөр болгон хараад хянаад сууж байгаа төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг хүн хамгийн түрүүнд дээлээ нөмөрдөг юм. Гэтэл манайд хулгайч нарын толгойлогч нь гишүүн болоод бүүр Монгол Улсын Сангийн сайд  болон томорч улсын хэмжээний алт эрдэнэсийн түлхүүрийг атгачихаад явж байх ч гэж дээ. Энэ Засгийн газар ер нь сайд болох хүнээ ямар шалгуураар сонгон тавьдаг юм бол. Дандаа төрд ажиллаж байсан гэдэг имижтэй Д.Хаянхярваа сайдын хөрөнгө орлогын  мэдүүлгийг  сонирхлоо. Ядуу юмаа. Өөрөө жилийн орлого 12 сая төгрөг, гэр бүл нь найман сая төгрөгийн орлоготой автомашингүй. Гурван байртай, тэр байрууд нь бүгд нийлээд 212 сая төгрөгийн үнэтэй гэнэ. 37 сая төгрөгийн хадгаламжтай 27 сая төгрөгийн зээлтэй байдаг юм байна. “Газар өгөөж” гэдэг компанитай. Түүнийхээ 50 хувийг эзэмшдэг гэжээ. Дархан хотын Засаг даргын Тамгын газраас таван минут алхах газар хоёр давхар данагар хаус байна. Дарханд гурван байр нийлээд 200 сая төгрөг болдог байна. Дархан хотод  байр  тийм хямдхан юм байх даа гэж бодож зогслоо. Дарханы төсвийн хулгайч нарын толгойлогч нь Д.Хаянхярваа сайд гэдэгт би улам итгэлтэй боллоо. Дархан, Хонгор, мэдээлэл муутай байдаг гэр хорооллыхныг ч дарга нар нь цагаан цамцтай төсвийн хулгайчууд нь доромжлоод сурчихжээ.

Хаян даргын Хямдхааан хауусс. Энэ хаусруугаа улсын мөнгөөр засмал зам тавиулсан

Дараагийн удаа бүүр ч илүү баримтуудыг та бүхэнд дэлгэн харуулах болно. Хаян даргыг хаяхгүй бол Дарханаас хальж бүүр улсаас идэх гээд улайрч сууна.

Эх сурвалж: baabar.mn

http://apps.facebook.com/newsappmn/?code=AQBRAY_9V0bbixi6JV21HNc0_diGoDLyRjBDLkziB3mCweIY_DFzS2UrS5ahkniuB4SN5jfbG8BnMakSZDja1YhVTJCplR2TC7J323vuUPCQJ862u26eyUp7lYHKE78y07W9KiVjVDOAUqQ5r7Z64pTlzL-0EphSRIXeFhbOtZrXn0G6Amp6t7oBE3-LmikyiHU#_=_


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.