Э.Бат-Үүл дөчин мянгатын хэдэн атаманаа мэддэг юм бол Г.Мөнхбаяр нийслэлийн амин судсыг андахгүй

“Улаанбаатар хот бол Монгол улсаас ч том. Тиймээс Улаанбаатар хотыг захирна гэдэг Монгол улсыг захирна гэсэн үг”. Иймэрхүү утга агуулгатай үг өнгөрсөн хавраас эхлэн хэвлэлээр цухалзах болсон билээ. Өнөөгийн улс төрийн үйл явдлын өрнөл ч Улаанбаатарыг эрхэндээ оруулсан нам илүү давамгай эрх мэдэлтэй байх болно гэсэн хандлагатай явж байна. Нэг ёсондоо Улаанбаатар хотын засаг захиргааг яаж ийгээд гартаа оруулчих юмсан гэдэг үзэл санаа нэвт мэдрэгдсэн ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Тиймээ. Улаанбаатар хоттой холбоотой болгон чухал гэдэг нь үнэн.

Үндсэндээ Монгол Улс маань хөдөө хийгээд Улаанбаатар гэсэн хоёрхон статустай болчихоод байгаа нь нууц биш. АН-ынхан “Цаг нь ирсэн учраас цагаан толгойтой, цагаан морьтой Бат-Үүл баатар нийслэл хотын дарга болохоор ирж явна” гэсэн сурталчилгааг гадуур хүчтэй явуулж байгаа. Гэвч хот хэмээх нүсэр их “айл” тэр тусмаа Метрополис хотын тоонд багтсан сая 300 мянга гаруй хүн амтай том хотын захирагч нь цал буурал толгойтой, улсын баатар цолтой хүн болбол цахилгаан хангамж нь доголдохгүй, дулааны шугам нь гэмтэхгүй, халуун хүйтэн ус нь тасрахгүй, зам нь түгжрэхгүй, хүн ард нь стресстэхгүй гэсэн хууль байхгүй билээ.

Улс төрийн ямар нэг нам эвслээс шалтгаалахгүйгээр, шуугиант нь амьдрал нь өөрийнхөө хуулиар тасрахгүй үргэлжилж байдаг их хотын дотно гаднах элдвийн бэрхшээл “Улсын баатар хүн хотын дарга болчихлоо” хэмээн айж бэргээд өөрсдөө цэгцэрнэ гэж бүр ч байхгүй. Баянгол дүүрэгт хагарсан усны шугам “Бат-Үүл хэлэмгий доломгой хүн шүү” хэмээн айгаад өөрөө битүүрнэ гэж лав үгүй. Баянзүрх дүүрэгт тас хөлдсөн дулааны шугам “Нээрээ хотын дарга чинь улсын баатар хүн шүү дээ” хэмээн сүрдэж эмээгээд өөрөө гэснэ гэж бүр ч байхгүй.

Тиймээс хот гэдэг их айлыг удирдах хүн улсын баатар байна уу, хэн байна уу огт хамаагүй. Харин хотын зүрх судас болсон сантехникийн болоод дулааны шугам сүлжээний ажлыг сайн мэддэг, хотын зам тээвэр түүнтэй холбоотой ээдрээтэй асуудлуудыг шийдэж чаддаг, гэрэл цахилгаанаас эхлээд хогны асуудалд хүртэл түүртэхгүй хотын иргэдийн амар амгалан амьдрах нөхцөлийг хангаж чадах тийм л хүн хотыг удирдаж тэргүүлж явах ёстой. Хотын анхан шатны нэгжээс ажлын гараагаа эхэлсэн Г.Мөнхбаяр бол тийм шалгуурт тэнцэх хүн гэдгийг Та бид өнгөрсөн хугацаанд харж мэдэрлээ шүү дээ. 1990-2000 оны хооронд нийслэл хот маань төсөв мөнгө муутай, газар доогуур явдаг утас шөрмөс, труба хоолойнууд нь гэмтэлтэй, нийслэлийн иргэд дулаан цахилгааныхаа төлбөрийг ч төлж чаддаггүй байсан гэдэг.

Тэгвэл энэ хүнд бэрх үеийг асар богино хугацаанд засч залруулсан хүн бол Г.Мөнхбаяр гэж олон хүн ярьдаг юм билээ. Товчхон хэлбэл хэцүү үед Улаанбаатар хотын газар доорх байгууламжийн бүхий л гэмтэл согогийг засч, ачааны хүндийг үүрч гарсан хүн гэж ойлгоход болох юм. Хотын даргын суудал руу улайм цайм зүтгэж байгаа Э.Бат-үүл баатар харин тэр үед хаана дулааны шугам хагарсан байна вэ, хөрөнгө мөнгийг нь яаж шийдэх вэ гэж ярих нь байтугай бодох ч үгүй Төрийн ордонд хэл амаа билүүдэж явсныг түмэн олон мэднэ. Нийслэл хотын захиргаанд слесарь хийж үүнээс хойш бүхий л шат дамжлагыг нь дамжсаар хотын захирагч болж бүхий л амьдралаа Улаанбаатар хоттой холбосон Г.Мөнхбаяраас өөр Улаанбаатарын өмнө тулгардаг үй олон бэрхшээлийг, үй олон тархи гашилгасан асуудлыг мэддэг, шийддэг хүн гэж үгүй.

Хотын иргэд өдгөө “Нар буцлаа. Удахгүй намрын сэрүүн орно. Тэгээд араас нь хахир өвөл залгана даа” хэмээн ярьж сууна. Гэхдээ тэдэнд “Бид халуун дулаан өвөлжинө” гэсэн бат итгэл байна. Аргагүй шүү дээ. Улаанбаатарын хаана аль дүүрэгт дулаан цахилгаан асуудалтай вэ. Хаана гэмтэл согог их гардаг вэ гэдгийг сайн мэддэг хүн хотыг удирдаж байгаа юм чинь. Тэрбээр энэ ажилтай насаараа зууралдсан учир хэрэгтэй үед оновчтой шийдвэр гаргаж, хөрөнгө хүчээ зөв хуваарилж нийслэлчүүдээ өвлийн хүйтэнд гал алдуулахгүй өвөлжүүлэх асуудлыг шийдсээр ирсэн хашир туршлагатай инженер. Хотын асуудлыг толгой өвдөхгүй хамтраад шийдэх гар нийлсэн багаа бүрдүүлсэн хүн.

Тиймдээ ч хотын иргэд сэтгэл амгалан байдаг юм. Харин Бат-Үүл баатар маань юу мэдэх билээ? Өөрөө Улаанбаатар хотын унаган хүүхэд юм болохоор тэнд байсан байшин одоо тийм болжээ гэх мэтийн юмыг бол ярих байх. Бас “Манай дөчин мянгатад тийм тийм атаманууд байлаа. Одоо тэд нь амьд үлдсэн, тэр атаман гайгүй томоожоод компани байгуулаад явж байгаа, тэр атаман их дэлгүүрийн хажууд покер тоглоод сууж байгаа, харин тэр болохоор архинд орчихсон” гэх мэт “хотын түүх”-ийг хүүрнэж мэдэх юм. Өөр түүнд ярих ч юм байхгүй, мэдэх ч юм байхгүй билээ.

Гаднаас нь харахад гял цял буусан өндөр барилгууд, шил толь болсон гудамж талбайнууд, олон янзын машин сүлжилдсэн цардмал замын доор жинхэнэ хотын амин судас нь лугшиж байдаг гэдгийг тэр огт мэдэхгүй. Хот байгуулалт, инженерийн байгууламжийн талаар ямар ч төсөөлөлгүй гагцхүү улс төрийн хийрхэлд автсан хүн улсын нийслэлийг захиран удирдаад явна гэдэгт би л хувьдаа эргэлзэж байна. Ганц нэг өрхийн гурван дөрвөн хүнээс эхлээд нэг сая 300 мянган иргэний тав тух, амар амгалан, эрүүл саруул амьдралын тухай асуудал яригдаж байгаа учраас ажлаа сайн мэддэг хүнийг л хотын даргаар сонгох ёстой билээ. Бат-Үүл баатрын үг яриа ч хот гэдэг их “айл”-ын тэргүүн байхад огт тохирохгүй, хотын даргын үүрэг үйл ажиллагааг огтхон ч мэддэггүй хүн юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа юм.

Хотын удирдлагууд мөнгө идсэн бол эртхэн шоронгоо бэлдээрэй ч гэх шиг. Мань хүн хотын даргын суудалд санаархаж байгаа атлаа Цагдаагийн ерөнхий газар ч юм уу, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар эсвэл Прокурорын байгууллагыг удирдах гэж байгаа юм шиг иймэрхүү сонин юм яриад байгаа. Хотын даргын хийж гүйцэтгэх ажил үүргийг андуу ойлгоод хадуурч яриад байгаа энэ хүнд яаж итгэж өөрсдийнхөө амьдралын нарийн ширийнийг даатгах билээ дээ.

Харин хотын дарга Г.Мөнхбаяр бол түүний хажууд шал өөр. Ажлаа ч мэддэг, амаа ч мэддэг хүн гэдэг нь шууд л анзаарагддаг юм. Тэрбээр нэг удаа “Хот бол хүн. Түүний судас нь замын хөдөлгөөн юм. Судсаар гүйх цусны эргэлт муудвал хүний бие өвчилдөг. Судас хаа нэг газраа бөглөрвөл амь насанд халгаатай болдог шиг хотын зам түгжирвэл хөгжлийн хурд нь удаашрна” хэмээн хот гэдэг хэзээ ч үл зогсох том механизмын тухай маш тодорхой ойлгомжтой зүйл хэлж байсан юм. Нийслэлийн захирагчийн албыг амраар сэтгэн тэмүүлээд буй Бат-Үүл баатар гэр хорооллын айл болгон руу дулааны шугам татаад, утааны болон орон сууцны асуудлыг шийдчихнэ хэмээн романтик асуудал дэвшүүлэн түүнийгээ хаа сайгүй ярьж яваа билээ.

Тэрбээр жаахан сийрэг ухаантай хүн байсан бол эхлээд “Гэр хорооллын айл болгон руу дулааны шугам татахад одоогийн цахилгаан станцын маань хүчин чадал дийлэх бил үү үгүй бил үү” гэж эргэцүүлэн бодох ёстой байлаа. Айл болгоныг дулааны шугамд холбож байна хэмээн бүхий л хүчин чадлаа шавхсаны эцэст нийслэл маань тэр чигээрээ халаалтгүй, эрчим хүчгүй болж орхивол яах вэ. Сэлэнгээс баахан трактор авчирч гэрлийг нь асаан гэрэлтүүлж өгөх үү. Тракторчдоор түрүү барих дуртай Үүл баатар ийм шийд гаргаж мэдэх л байх. Гэвч нийслэл хотын нэг сая 300 мянган хүний ахуй, амьжиргааны асуудал бол тракторчид цуглуулж жагсч тэмцэхээс шал өөр илүү нарийн зүйл шүү дээ. Үүнийг нийслэл хотын иргэн болгон хэлнэ.

Тиймдээ ч хотын захирагчийн албан тушаалыг улс төржүүлж эсвэл намчирхсан байдлаар шийдэж болохгүй харин ажлаа мэддэг, хийж ч чаддаг сайн инженер бас сайн менежер хүнийг л хотын дарга болгох хэрэгтэй гэж үздэг юм. Бат-Үүл баатар сурснаараа тэр улс төрөө л хийхэд яг тохирох хүн гэдгийг ч олон түмэн мэднэ. Тийм ч учраас Улаанбаатар хотын өмнө тулгардаг бэрхшээл болгоныг төвөггүй шийддэг Г.Мөнхбаярыг ахиад хотын даргаар сонгох шийдээ аль эрт гаргачихаад сууж байгаа гэхэд хилсдэхгүй. Түүнийг сайн мэддэггүй хүмүүс хүртэл хийж бүтээсэн ажлуудыг нь үнэлж “Энэ бүх ажлыг хийсэн хүнд л саналаа өгнө” хэмээж байгаа юм. Тэрбээр “Дүнжингарав” захын зүүн урд талд Туул голын хөвөөнөөс эхлээд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүртэл 183 га тэгшхэн газарт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах захирамж гарган мод бут тарьж, цэвэрхэн талбай засаад голд нь дээшээ 80 метр өндөрт оргилдог усан оргилуур хийсэн нь өнөөдөр хотын залуусын очиж саатах дуртай газрын нэг болоод байна.

Магадгүй Мөнхбаяраас өөр хүн хотыг удирдаж байсан бол тэр газар аль хэдийнэ зарагдаж, өндөр өндөр барилгуудаар дүүрчихсэн байх байсан биз ээ. Гэвч Мөнхбаяр дарга хотын иргэдэд юу шаардлагатай байгааг сайн мэддэг нэгэн учраас нийслэлийн голт зүрх, эрүүл уушиг болсон тийм нэгэн ногоон байгууламж, нам гүм орчныг бий болгож чадсан байна. Түүний хийж бүтээсэн ажлууд ганц үүгээр дуусахгүй. Амрах газар, амьсгалах цэвэр агаараар дутагдаж яваа хотын иргэдийн төлөө нэн ялангуяа ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө хийж бүтээсэн энэ ажлаар нь дүгнээд бодоход л тэр улсын баатар цолоос илүү том гавьяа байгуулсан хүн.

Өөрөө л сүр бадруулан цээжээ дэлдэж Бат-Үүлийн урдуур орж ярихгүй байгаа болохоос биш. Өнөөдөр газар сэндийлэн ухаж бохир цэвэр ус, дулааны шугам янзлах ажил ид өрнөж хүмүүс ухсан нүхний овоолсон шороон дээгүүр харайж явна. Зарим нь ч хараал тавин бухимдацгааж л байна. Гэвч энэ бол хараал тавьж бухимдах зүйл биш. Хотын захирагч Г.Мөнхбаяр элдвийн улс төр ярилгүйгээр сонин хэвлэлээр гарч цээжээ дэлдэлгүйгээр ирэх өвлийн бэлтгэл ажлаа аль эрт хийгээд эхэлчихснийг харуулж байгаа явдал юм.

Яруу найрагч Б.Галсансүх


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.