Нийгмийн баялгийг бүтээгч нь оюунлаг залуус

Аль ч улс орны хөгжил цэцэглэлтийн суурь нь төрийн зөв цэгцтэй бодлого боловч оюунлаг, боловсролтой залуус нийгмийн баялгийн дийлэнхийг бүтээн бий болгодог. Ер нь хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улс орнууд мэдлэг боловсролд суурилан хөгжсөн нь хэнд ч ойлгомжтой. Харин манайд энэ бүхэн нэг л эсрэгээрээ. Хөлөө олсон хөрөнгөтэй компаниуд хэн нэгэн бөхийг л учиргүй тэтгээд байр сав, унаа машиныг хэд хэдээр нь ёстой сэтгэл харамгүй өгнө. Нөгөө хэдэн бөхчүүд нь жигтэйхэн их зантай тэнгэрийн амьтад болон хувирна. Бас болоогүй ард түмнийхээ хайр хүндэтгэлийг даахгүй элдвийн балмад занг хээв нэггаргана гээч. Харин мөнөөх компаниуд оюуны хөдөлмөр хийх хүсэлтэй залууст тун хөндий хандах нь харамсалтай. Гэхдээ бас ч гэж үндэсний хэмжээний гэгдэх зарим нэг томоохон компани болон банкууд цөөн хэдэн оюутанд нэрэмжит тэтгэлэг өгч байгаа нь сайн хэрэг авч хэтэрхий цөөхөн мэт. Угаасаа нийгмийн баялаг өөрөө оюунлаг давхаргаас л бий болдог. Үнэндээ хэдэн бөхчүүд, эсвэл дуу дуулдаг нэртэй хүмүүс нийгмийн баялгийг бүтээгчид, хөгжүүлэгчид байж чаддаггүй. Харин дэлхийн хэмжээний од болон гялалзаж чадвал ихээхэн баялгийг бүтээгээд зогсохгүй бүтээл нь ямагт мөнгө “ургуулж” байх уурхай болдог гэдэг нь бас үнэн шүү. Хамгийн наад захын ийм жишээ бол алдарт Майкл Жексон.

Нэгэнтээ байдал ийм байгаа юм чинь оюунлаг давхаргын залууст хөрөнгө мөнгө ахиухан хаяж хөхиүлэн дэмжих нь ирээдүйн баялгаа бий болгож байна аа гэсэн үг. Наанадаж л мэдээллийн технологийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд инженер боловсон хүчиндээ анхаарвал ирээдүйн долларын тэрбумтнууд төрөн гарч, Монголын эдийн засагт нэмэр болох нь дамжиггүй билээ.

Я.БАЯРБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих