Баатар Бат-Үүлийн үнэн “баатар” төрх

1989 оны 12 сарын 10-ны өдрийн Ардчиллын анхны цуглаан

Цуглааны бэлтгэлийг богино хугацаанд хийсэн гэхэд Ерөнхийдөө аятайхан бүтэв. Монутенталь чимэглэлийн уран бүтээлч залуучууд, гаднаас ирсэн зураачдын хамт ганцхан өдрийн дотор бүх уриа лоозонгуудыг бэлэн болголоо. …
Анхны цуглаад дээр Ардчилсан холбоог төлөөлж хэн хэн үг хэлэх вэ гэсэн асуудал гарсанд эхлээд Бошигт гуай, Бат-Үүл хоёрын нэр гарав. Гэтэл Бат-Үүл үг хэлэхгүй гэж зүтгэлээ.
-Эхнээсээ  энэ байгууллагыг санаачилсан хүмүүс нь л үг хэлсэн нь дээр. Би бол сүүлд ирсэн хүн. – гээд цахлаад суучихав. Зориг үүнийг нь дэмжиж:
-Бид энэ байгууллагад хэн хэн байгааг эхнээс нь задлаад хэрэггүй байх. Уран бүтээлчдийн зөвлөгөөн дээр сонгогдсон тэргүүлэгчдийн нэр аль хэдийнэ НАХЯ-д оччихсон байгаа. Яахав тэр хэвээрээ л байгаа гэж бодно биз- гэж байна.
-Тэр дэмий. Та нар тэргүүлэгччдийн хуралд суугаад л байгаа. Тэгэж ярих юм бол бидний бүгдийн нэр тэр НАХЯ-д чооихсон байж мэдэх л юм. Бат-Үүл чи айж байгаа бол шулуухан хэлчих. Уриалж хатгах болохоороо хамгийн түрүүнд байх мөртлөө яг гардаад хийх юман дээр элдэв шалтаг тоочиж байх юм – гэж ирээд л тал талаас нь загнасан чинь:
- За, за би хэлье – гэж нэг муухан дуугарав. Ингээд Дарь.Сүхбаатар, Энхээ, Амарсанаа, Бат-Үүл, ажилчдын төлөөлөл болгон Хэвлэх үйлдвэрийн ажилчин Аззаяа (одоо мансуурлын эсрэг төвийн тэргүүн) нараар үг хэлүүлэх болов. Бид хэд тус тусдаа сэдвээ сонгон үгээ бэлдэхээр болсон. Харин Азбаярын хэлэх үгийг тусад нь хэлэлцэж найруулсан.
Цуглааны үеэр энэ төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулан Баасан, зураач Арвис, Драмын жүжигчин Равдан нараар сэтгэгдлийг нь хэлүүлсэн бөгөөд АИХ-ын тэргүүлэгчдэд гардуулах шаардлагыг Энхтүвшин уншсан юм.
Энд Бат-Үүлийн тухай ярихаас аргагүй. Өглөө нь цуглаан эхлэхээс өмнө энд тэнд бөртөлзөөд байсан Бат-Үүл цуглаан эхэлснээс хойш үзэгдэхээ болилоо. Манайхны нэг нь түүнийг соёлын төв рүү орж байхыг харснаа хэлэв.
-Нэлээд дээр орж харагдсан, гарч ирээгүй л байна. Гэдэс нь эвгүйцсэн юм болов уу…
Цуглаанд ирсэн хоёр гурвын зэрэг халамцуу залуучууд бидний ярианд цөс нь хөөрч, үг хэлнэ гэж зүтгэх болов. Хэрэлдээд байх хэцүү, ихээхэн шургуу зүтгэсэн нэгнийг нь баганын араар оруулж байгаад ухамсарын чанартай ганц хоёр юм амсуулж холдуулсан боловч ойртсон болгоныг ингээд байх бүр хэцүү. Бат-Үүл өөрийгөө атаман байсан гэдэг болохоор бид үгүйлж, харцаараа хайж, асууж сурагласан боловч гарч ирдэггүй.
Яваандаа түүний үг хэлэх ээлж ойртож, олох хэрэгтэй боллоо. Ингээд би соёлын төв рүү оров. Хэд хоногийн өмнө хуралдсан газар болохоор бие засах газрыг нь мэдэхгүй биш, шатаар өгсөх чихтэй явсан чинь шатны дор байх хайрцагны цаанаас мань хүний малгай цухуйж байна. Очоод өнгийсөн чинь мань эр хайрцагны цаана хөөрхөн цомцойгоод суучихаж…
-Чи энд юу хийж суугаа юм бэ? Гараач гэсэн чинь нүүр нь улайсан мөртлөө
-Үгүй гэж байна.
-Яагаад, юу болоо вэ?
-Чи тэр зураг авч байгаа машинуудыг харсан уу?
Цуглааны үеэр биднээс нэлээд зайтай Сэлбэ голын далангийн хажууд зогссон нэг “УАЗ-469” машин дотор энгийн хувцастай хэдэн хүн суугаад цуглааны явцыг камераар бичиж байсан юм. Анх хэн нь харсаныг бүү мэд, цуглааны дундуур бид бүгдээрээ энэ тухай мэддэг болж, хэрэгт дуртай нэг нь дэнгүүн дүр үзүүлэн машины дэргэдүүр хүртэл явсан байна лээ. Гэхдээ энэ бол бидний хүлээж л байсан зүйл, мэдээж манай цуглааныг эрх баригчид сонирхохгүй, хэн ч тагнахгүй, мөрөөр нь хийлгэчихнэ гэж найдах хүн бидний дотор байгаагүй л дээ.
-Харсан. Зураг авч байгааг бид бүгдээрээ мэднэ.
-НАХ яамныхан чинь яг ингэж байгаад л барьдаг байхгүй юу. Одоо аягүй бол цагдаа нар хүрээд ирнэ байх.
-Тэгээд юу гэж? Хэмээн би үнэнээсээ гайхлаа. Хэдийгээр цуглааныг хийх зөвшөөрөл албан ёсоор бидэнд өгсөн ч гэлээ, цагаа тулахаар юу ч хийж болно гээд бид бүгдээрээ бэлтгэлтэй байсан. Бүр уовдаас ярьж ч байсан, тэр өглөө би хувьдаа дотуураа дулаан хувцсаа өмсөөд ирсэн л байсан. Нэг үгээр хэлэхэд сэтгэл санааны хувьд бүрэн бэлтгэлтэй байсан гэж болно. Гэтэл Бат-Үүл тэгээгүй юм байж:
-Чамд л гэж хэлэхэд “Шинэ үе”-ээс болж баригдсанаас хойш аавын бие тааруухан байгаа.  Эндээс намайг баригдаад явсан гэвэл бүр ч хэцүү болох байх. Чи аавыг мэднэ шүү дээ. Ээж ч гэсэн..- гэнэ. Бидэн дотор аавгүй, ээжгүй нь хэд билээ. Хатуухан үг хэлчихмээр загатнаад явчихлаа.
-Одоо тэгээд яая гэж, чи чинь үг хэлнэ гээ биз дээ?
-Базаррагчаа миний өмнөөс хэлье гэж гуйсаар байгаад аьсан гэж байна, нөгөөх чинь. Даанч энэ төвийн ажилтнууд нь, дарга нь хүртэл үүднийхээ дэргэд ирчихсэн байсан болохоор тэдний анхаарлыг дэмий юманд татаад яах вэ гээд тэсэж, дотроо хараал тавьчихаад гараад Базаррагчаа дээр галтайгаа буулаа.
-Бид бүгдээрээ ярьж байгаад Бат-Үүлээр үг хэлүүлнэ гэж тохироод байхад чи яагаад булаагаад авч байгаа юм бэ? Гэвэл нөгөөх маань над руу гайхан харснаа
-Би юу гэж  булаадаг юм, Бат-Үүл өөрөө гуйгаад. Та нартай ярьчихсан гээд байсан шүү дээ- гэлээ.
Нэгэнтээ ийм юм болсон болохоор Бат-Үүлийн үгийг Базаррагчаагаар хэлүүлсэн болоод салахаас өөр арга олдсонгүй. Цуглаан дуусаад “Хонхны дуу”-г дуулах үеэр Бат-Үүл гарч ирсэн боловч бидэнд ойртолгүй энгүүн сонирхож ирсэн хүний дүртэйгээр цугласан хүмүүсийн араархан эргэлдэж харагдсан.
Ардчилсан холбооны анхны цуглаан дээр авсан зургууд, кино хальсанд Бат-Үүлийн дүрс огт харагддаггүй нь ийм учиртай.

Ардчиллын 13-ын нэг Чимидийн ЭНХЭЭ-гийн “Ардчилсан хөдөлгөөн – хөшигний арын нууц” номоос…

http://dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=7383:2012-06-22-05-09-37&catid=28:2010-02-13-05-13-34&Itemid=300058


URL:

Сэтгэгдэл бичих