УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нар Өмнөговьчуудыг хулхидсаар л байна.

Иргэдээ өмөөрөх нь шударга ёсны наад захын хэмжүүр биз. Хэнээс, юунаас өмөөрөх тухай яриад байна гэж уншигч олон минь гайхах хэрэггүй. Шулуухан хэлэхэд Өмнөговьчууд бидний улс төрийн өндөрлөг өөд дэмжээд гаргаад ирсэн хүмүүс маань сүүлийн үед жаахан итгэл алдах гээд байна. Нутаг усныхаа нэрийг хөөдөх хүн ч бас цөөнгүй. Аймаг, сумын хөгжилд хувь нэмэр болох нь бүү хэл нэрмээс болж буй улс төрчдөөс өмөөрөх хэрэгтэй боллоо. Хөхөө өвлийн хүйтнээр цахилгаангүй суухад хүрсэний хариуцлагыг зөвхөн аймаг, сумын удирдлагатай тооцох уу. Ингэж болно л доо. Гэхдээ юманд учир, суманд гичир гэдэг үг бий. Аймгийн удирдлагууд цахилгаан станцаа сайжруулах талаар зөндөө ярьдаг. Ярих ярихдаа УИХ, Засгийн газрын түвшинд хүртэл яриад л байлаа. Аймгийнхаа иргэд сонгогчдын итгэлийг хүлээн УИХ-д сууж буй хоёр төлөөллөөрөө дамжуулан санал хүсэлтээ явуулж л байсан. Эрчим хүчний хангамжийг сайжруулах талаар УИХ-ын эрхэм гишүүд сонсдог, бас амладаг. Хөгжлийг цахилгаангүйгээр үнэндээ төсөөлөх аргагүй. Тиймээс аймаг орон нутгаа хөгжүүлье гэвэл юун түрүүнд эрчим хүчээ сайжруулахаас эхэлнэ.

Уг нь 1996-2000 онд нутгаас маань нэр дэвшиж УИХ-д суусан Ц.Баярсайхан анх хөөцөлдөж байгаад цахилгаан станц байгуулсан юм. Тэрээр чоно борооноор гэгчээр тэрхүү станцыг барихдаа нэлээд мөнгө хувьдаа завшсан гэх яриа үнэний ортой болов уу. Тоног төхөөрөмжийг нь хуучин муу зүйлээр хангасны гайг иргэд маань ханатлаа амсаж байна. Энэхүү хэл амтай станц нь байгуулагдсан цагаасаа эхлэн үйл ажиллагаа нь доголдсоор өнөөдрийг хүрлээ.  Тус станцын энэ өвлийн ээлжит зогсолтоор аймгийн төвийн албан газруудын халаалтын систем хагарч, сургууль цэцэрлэгүүд хаалгаа барив. Төрөх эмэгтэйчүүд маань эмнэлэгт жижиг халаагуурын дэргэд амаржиж байна. УИХ-д сонгогдсон Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нар иргэдтэйгээ уулзахдаа цахилгаан станцыг дахиад сайжруулна л гэдэг. Хөгжлийн том гараанд тулж ирээд газрын доорх баялгаа ашиглаж эхэлсэн баян аймаг иймхэн юманд хөл алдаад, хөрж хөлдөөд байх явдалгүй л юмсан. Өмнөговьчууд говийн хүний уужуу тайван зангаараа хэдий болтол энэ байдлыг тэвчиж тэсэхийг мэдэхгүй. Хөхөө өвлийн хүйтэнд гал алдан сууж байхад морилж очсон сайд Зоригт Хятадаас эрчим хүч авч аймгийн баруун бүсийн сумдыг хангаад санаа нь  амарч байх шиг байна. Гэтэл Өмнөговьд цахилгаан станц барих, шинэчлэх боломж байж л байгаа шүү дээ. Хятадад нүүрс зэрэг баялгаа маш хямд үнээр гаргаад цахилгаан эрчим хүчийг хэдий болтол авч сэтгэл зогоож суухав. Бид уг нь цахилгаанаа гадаадаас авах биш харин ч наад зах нь Хятадын хойд талын хэрэглэгчдэд худалдаж, мөнгөө хуримтлаад дараагийн үр ашгаа тооцоод явж байх ёстой юм. Оюутолгой, Таван толгойг ашиглахын ач тус адаглаад иймэрхүү ажлаас Өмнөговьчуудад мэдрэгдэх учиртай. Харамсалтай нь тэгж чадахгүй байна. Оюутолгойн гэрээ ч Монголчуудад ашиггүй болсон.

Уг нь уул уурхайн салбарт олон жил ажилласан Х.Бадамсүрэн энэ гэрээг ашигтай болгох боломжтой байсан. Яг энэ чиглэлээр ажиллах УИХ-ын ажлын хэсгийг ахалж байлаа шүү дээ. Эцэст нь юу болов. Ёстой холион бантан болчихоод байна. Фрийдланд гэдэг Канад эр УИХ, Засгийн газрын гишүүдэд овоо их авлига өгсөн бололтой. Үүнээс нь Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нар ч чамгүй хүртээ биз. Х.Бадамсүрэн УИХ-ын ажлын хэсгийг ахалж байсан болохоор хүртэхээс яахав. Ер нь мань эр Монросцветмет нэгдлийн захирал байхаасаа л авлигад амташсан юм шиг байна лээ. Ямартаа л “аав”-ынд морилох шахаж байхав. Монросцветмет нэгдлийнхээ дэргэд хууль бусаар охин компани байгуулж түүгээрээ дамжуулан тэрбум гаруй төгрөг угаасан гэх хэрэгт холбогдоод байхад нь тухайн үеийн МАХН-ын удирдага нь түүнийг уснаас хуурай гаргасан түүх хуучраагүй байна. Өөрөөр хэлбэл тэр өнөөдөр намдаа барьцаалагдсан гэсэн үг. Тиймээс ч Оюутолгойн гэрээний талаар Х.Бадамсүрэн олигтой ганц ч үг дуугарсангүй. Монгол даяар бөөн дуулиан болоод байгаа Оюутолгойн талаар УИХ-ын нэр бүхий цөөн хэдэн гишүүн л юм яриад байдаг. Гэтэл Ц.Баярсайхан тэр хоёр хүний урманд ам нээхгүй байсан. Амаа ингэж үдүүлснийг бодоход нэлээд авлига авсан болж таарч байгаа юм. Зүй нь Монголчуудынхаа том эрх ашгийн төлөө тэд дуугүй суух эрхгүй хүмүүс.

Өнөөдөр Өмнөговь аймгийнхаа хөгжилд ямар томоохон ахиц гаргав гээд бодоод үзтэл өөдтэй юм харагдахгүй байна. УИХ-аас батлаад өгсөн өнөөх нэг тэрбум төгрөгөөр юу хийв? Энэ мөнгөнөөс хэдийг нь эрчим хүчээ сайжруулахад зориулав? УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан энд бас ямар хувь нэмэр оруулсан билээ? Эрхэм хоёроос Өмнөговьчууд бид ийнхүү асуух цаг нь болжээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог толгойлж байсны хувьд Ц.Баярсайхан их ажил амжуулах боломжтой байсан байх. Даанч гавьтай юм хийсэнгүй. Мөрийтэй тоглоомоор л цагийг өнгөрөөдөг аж. Төрийн ордон дахь албан өрөөндөө ч бас компьютер дээр покер тоглоод сууж байдаг гэсэн. Томооохон авлига авч түүнийгээ покер тоглоомын газарт цацдаг бололтой дог. Өмнөговьчууд тэднийг сайн хууль боловсруулж батлалцаарай, улс орныхоо хөгжлийг зөв тодорхойлж даацтайхан ажил санаачлан өрнүүлээрэй гэж л УИХ-д сонгосон шүү дээ. Тиймээс ч Өмнөговьчууд маань энэ хоёр түшээг л харж байгаа. Ялангуяа Хүрмэнчүүд бүр илүү харж байна.  Яагаад гэвэл тэр хоёр хоёулаа тус сумын уугуул. Нарийн яривал мах цусны ах дүүс юм гэнэ лээ. За, тэр нь ч яая гэхэв. Хүрмэнчүүдээс ийм хоёр хүн төрийн жолоо атгалцаа л биз. Хамгийн гол нь Өмнөговь аймагтаа тэд бодитой ажил хийх, хөгжлийг урагшлуулах хэрэгтэй байна.

Аймгийн маань ихэнх газар нутаг ашигт малтмалын лиценз болоод дууслаа. Байгаль орчин сүйдэж эхэллээ. Өдөр шөнөгүй 100 тоннын даацтай ачааны машинаар нүүрс тээвэрлэсээр газрыг орвонгоор нь эргүүлж байна. Тавантолгой, Оюутолгой аль нь ч ялгаа алга. Бүтээхийн хажуугаар сүйтгэл өрнөсөөр. Ан амьтан ч нэгэнт ховорджээ. Үнэндээ төр, засгийн бодлого энд маш ихээр дутагдахын хажуугаар нутгаа гэх түшээдийн сэтгэл дутаж байна.

Аймгийн хөгжилд газрын доорх баялгаас гадна газрын дээрх баялаг, ялангуяа хүний хөгжил үгүйлэгдсэн хэвээр байгаа нь хэн ч маргахгүй бодит үнэн юм. Оюутолгой яахав. Өгөөжөө өгөх л байх, яваандаа. Өнөөгийн эрх баригчдын алдаа оноог тэртээ тэргүй ард нийтээрээ шүүгээд өгнө. Баялгаа харамгүй хайрласан өмнийн их говь минь эцсийн дүндээ хүн ардынхаа хөгжилд ач тусаа хүртээнэ гэж найдаад суух нь учир дутагдалтай юм. Хүний хөгжилд залуур зүйн зөв онолоор хандах, сүйтгэл, бүтээл хоёрын ялгааг ончтой тогтоож ажиллах нь хамгаас чухал болж байна. Сүйтгэлд хүмүүс бид өөрсдөө буруутай. Суудлаа олохгүй дарга нар бүр ч их буруутай. Ийм төрийн түшээд манай их говиос төрж гарсан нь бас тун харамсалтай байна. Дээдэх нь суудлаа олоогүй бол доор байгаа олон түмэн рүү мянгантаа хашгираад нэмэргүй. Иймээс УИХ-д Өмнөговьчуудыг төлөөлөн суугаа сэтгэлгүй эрхэм хоёроос төрөлх нутгаа өмөөрмөөр байгаа юм. Сонгогч олон тэднээс юу хийв гэдгийг нь асуух эрхтэй, мөн хийгээгүй ажлынх нь төлөөсөнд хариуцлага тооцох ч учиртай тул ийнхүү бичиж байна. Өмнөговийн газар нутгаас хэдэн хувь нь лиценз нэрээр харийнханд худалдагдав. Мазаалай, бөхөн, аргал угалз, янгирын сүрэг урьдынхаараа байж чадахгүй болсныг хэн хариуцах вэ. Бодлого тодорхойлох, түүнийгээ хуульчлах, хэрэгжилтийг нь хангуулах үүрэгтэй УИХ-ын гишүүдээс их зүйл шалтгаалах болж байна. Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан хоёр үнэхээр энэ нутгаас сонгогдсон л юм бол энэ бүхний талаар арай өөр дуу хоолой сонсогдох байлаа. Энэ хоёроос даанч олигтой авиа гарахгүй байна. Намчирхаж, улс төржихөөс цаашгүй тэд нутгийнхаа төлөө гаргасан иргэдийн санаачлагыг огт дэмжихгүй байгаа нь ч бас хачирхалтай.

Х.Бадамсүрэн нутгийнхаа урлаг, спортын сайчуудад автомашин, морь, мөнгө гээд их л юм амладаг. Угийн амлаж сурсан зангаараа сум бүхэнд амласан юмтай. Гэвч тэр бүгдийгээ огт өгдөггүй болохоор нь нутгийнхан түүнийг “Хулхи Бадмаа” хэмээн өргөмжлөөд байгаа.

Тиймээс “Говийн ургах нар” ТББ-аас Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нарын сонгуулийн амлалт, тэдгээрийн биелэлт ямархуу байгаа болон төсвөөс олгосон тэрбум төгрөгийн зарцуулалтын тайлан зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг бүрчлэн дэлгэрэнгүй нийтлэх юм байна. Энэ хоёр гишүүнээс нутгийн зон олон маань “Тавантолгойн ордыг ашиглахдаа бас Оюутолгой шиг боольхой зан бүү гаргаарай. Ашигт малтмалын төлөө хэт улайрч, цианит натриар хордсон зэрэмдэг хүүхэд дахиад бүү төрөөсэй. Бас нинжа нарын  асуудал, тэдний алтны төлөө хэрхэн амь амьдралаа золиослож байгааг та бүхэн очиж харсан уу” хэмээн захиж, асууж буйг энэ ялдамд дамжуулж байна.

Цаашдаа “Говийн ургах нар” ТББ нь Өмнөговьчуудын үзэл санааны чөлөөт индэр байх болно. Тус байгууллагаас Өмнөговьчуудынхаа хөгжлийн тулгамдсан олон асуудлыг дэс дараалан хөндөж, төр засгийнхан болон жинхэнэ ажил үүргийг нь хариуцсан хүмүүсийн амлалт, ажил хоёр хэрхэн биелж, нутгийн маань хөгжилд ямархуу хувь нэмэр оруулж байгааг хэвлэл мэдээлийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллана. Мөн тодорхой асуудлаар шаардлага тавж, биелэлтийг хангуулах талаар олон талт ажлыг зохион байгуулна.

“Говийн ургах нар” ТББ


URL:

Сэтгэгдэл бичих