С.Эрдэнийг эс сонгохын учир

Их хурлын ширүүн гаруудын нэг нь эрхэм гишүүн С.Эрдэнэ гэдэгтэй хэн хүнгүй санал нийлнэ. Хийсэн хэрэг, зүүсэн нэр нь тийм юм хойно “Эрүүгийн элемент” нэртэйгээ эвлэрээд, идсэн ууснаа шингээхээ бодохгүй, ирэх дөрвөн жилд дахин суудал бөглөнө хэмээн улаан нүүрээ улалзуулан, улсын маань нийслэлийн самбарууд дээр дүрээ малийлгах юун. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг гэнэт ухаан орсон мэт аяглаж, сүүлийн хоёр жил хуулийн төслүүд санаачилж байгаа нэрийдлээр хэдэнтээ дөвчигнөснөөс өөр Баянголчуудынхаа төлөө хийсэн зүйл түүнд байна уу?. Гарт баригдах, нүдэнд үзэгдэх зүйлийг оршин суугч би лав олж үзсэнгүй. Тийм байж, төрд намайг сонгож, түшээ болгоорой хэмээн гуйх нь ариун явдал уу? Нэртэй төртэй албыг хашиж явсан, Монголын үнэт ЭРДЭНЭ хэмээн өөрийгөө дөвийлгөн сурталчлах түүний балгыг зөөлнөөр цухас дурсья. Тэртээ 2004 онд Нийгмийн Даатгалын Даргын албыг хашиж явахдаа хөлсөө дуслуулж олсон хэдээс минь хайр найргүй суутгаад авчихдаг,өтгөст тэтгэврийн мөнгө, өрөөлд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ болж хүрдэг гэгддэг шимтгэлийн мөнгийг ханатлаа идээд цадаагүй. Харин ч нэг харуулъя гэсэн мэт хөлжсөн мөнгөөрөө хүүхдийн тоглоомын талбайг хуу татан сэндийчиж, хувийн үл хөдлөх хөрөнгөө Модны 2-н “Түндэмүн саун”-ы ойролцоо босгоод авсан. “Хүүхэд наадах, салхилах талбайгүй, хүн зөрөх зайгүй болгосноо хүн шиг амьдрах орчныг бүрдүүлсэн гэж байгаа юм уу? Хол очиж мөөрөөрэй” хэмээн хөгшид, эцэг эхчүүд хилэгнэн уурсч байна лээ. Мөртөө ч үгүй, саяхан Таймс.мн сайтад өгсөн ярилцлагандаа “…Нийгмийн Даатгалын салбарыг хариуцаж байсан хүний хувьд зовлонг нь ойлгож явдаг …” хэмээн тоох ч үгүй ярина лээ. Үнэндээ С.Эрдэнэ ойлгодог хүн мөн үү? “Хүн шиг амьдаръя, хүн шиг амьдаръя гээд гуагчаад байх юм! Бид өмнө нь нохой шиг амьдарч байсан юм болж байна уу” гэх хүмүүс ч байна. Нохой гэснээс тэрээр бусдыг нохой шиг байлгах дуртай нэгэн. Ноомой дуугай байлгаж, номлосон ёсоор нь гүйцэтгэхийг дүүргийн намын удирдлаган доор байх хэдэн авгай нартаа үүрэг болгоод, нөгөө муу хэдээ нүдний харцаараа хөдөлгөдөгийг оршин суугчид мэднэ. Дүүргийн намынхан гэж ах дүүс, хамаатан садных нь бүлэглэл байдаг гэсэн. Аргагүй л Эрдэнийгээ үнэт эрдэнэ мэт хайрладаг юм байх. Үе үе цухалзах “нах” гэх үгнээс нь уйдаж залхсан зарим гишүүн хуруугаа сараалжилж, шоронг билэгдэн, хэлэх ч үггүй болгоно. Хусавч үл арилах муу нэр, хүсэвч үл олдох сайн нэр ээ гэж… Одоо яалтай ч билээ. Цэрэгт байхдаа журмын нөхөртөө гар хүрч, цагтаа хайртай дуртай хэмээн хөл алдан гүйж байсан эхнэрээ цаг бусаар үхэхэд хүргэж байсан гэдэг нь ч хэн бүхний мэдэх “нууц”. Дарамт шахалтыг нь даалгүй, есөн давхарын тагтнаас үсрэн, амиа хорлохыг сонголтоо болгосон хөөрхий эхнэрийн хувь заяанд харамсмаар. 2008 онд санал хулгайлах баг бүрдүүлж, өрсөлдөгч Н.Баяртсайханыхаа саналыг улаан цайм луйвардсан нь ч ил болсон. Луйврын ажиллагаанд нь идэвхи санаачлагатай оролцсон нөхдүүдийнх нь нэг н.Үүрийнтуяа гэгч мөн л энэ жил өөрөө сонгуульд нэр дэвшээд байгаа. Баянгол Дүүргийн Засаг Дарга, УИХ-д мөн л нэрээ дэвшүүлээд байгаа Л.Амгалантай ил, далд хэлбэрээр мөнгөөр холбогдож, нилээдгүй асуудал үүсгэж,нийлж идсэнийг нь илчилсэн дүүргийн намын гишүүн н.Баярсайхан гэгчийг гүтгэн, шүүх цагдаад өгч, аавын хаалга татуулах гээд бүтэлгүйтсэн. Түүнчлэн, Хандгайтын амралтын газар, “Гурван тамир” Дээд Сургууль, Хорооллын Тумбааш дэлгүүр, “Өргөө” кино театрын арын том талбайг мэдэлдээ авсан тэрээр өөрөө “Өнөөдрийн тойм” сонин, “За” телевизийн эзэн хэрнээ өнөө муу хэдэн сэтгүүлчиддээ баавар. Хэвлэлийнхэнд халтай гэдгийг нь ч хэн хүнгүй батлан өгүүлдэг. Ийнхүү С.Эрдэнийг эс сонгохын учрыг тоочоод байвал тоолж барахгүй олон. Тиймээс баргийн нөхөрт барьц алдахааргүй Баянголчууд түүнд энэ удаа итгэл хүлээлгэх нь юу л бол. О. Сор www.UNEN.mn


URL:

Сэтгэгдэл бичих