Б.Дангаасүрэнгийн үхэлд Канад, Австраличууд холбоотой гэнэ

“WikiLeaks” сайт дипломатуудын талаарх нууц мэдээллийг задруулахдаа Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга агсан  Б.Дангаасүрэнгийн үхлийн шалтгааныг дурьджээ. Тэдний бичсэнээр энэ хэрэгт Канад Австралийн уул уурхайн хамтарсан компаниуд холбоотой гэнэ. Харамсалтай нь материал мөн л хакерүүдийн дайралтад өртсөн байна. Иймээс компани болон нэр бүхий хүмүүсийн нэрийг устгажээ. Б.Дангаасүрэнд 2007 оны аравдугаар сар гэхэд уул уурхайн талаарх авлигын 600 гаруй баримт байжээ. Эдгээрээс хамгийн өргөн далайцтай нь Тавантолгой, Асгат, Оюутолгой, Дорнодын ураны ордыг ашиглах гэрээ байсан аж. Эдгээр ордыг ашиглахын тулд  Канад, Австралийн хувь нийлүүлсэн компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулсан байна.

Иймээс Б.Дангаасүрэнг хороож асуудлыг шийдэх нь дээрх компаниудын туйлын зорилго байв. Тэрээр 2007 оны аравдугаар сарын 26-нд Австралийн Сидней хотод ажлын айлчлал хийж байхдаа тодорхой бус шалтгааны улмаас амиа алдсан юм. Тухайн үед талийгаачийн цогцсыг эх оронд нь авчрахад хоёр нүд нь алга болсон, цээжин тус газарт гутлын мөр байсан нь уг хэргийн цаана томоохон шалтгаан байгааг илтгэдэг. Энэ хэрэгт цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаад Нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгожээ. Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурорын суудалд суухад талийгаачийн дүү Б.Дансал түүнд хандаж үзсэн байна. Гэвч хэргийг дахин шалгах боломжгүй хэмээн үзжээ.

Б.Дансал талийгаач ахынхаа үхлийн шалтгааныг тогтоохоор хоёр жил гаруй хугацааг зарцуулсан. Энэ хугацаанд ахтай нь хамт тухайн үед Сидней хотыг зорьсон журмын нөхөд нь эл хэргийн талаар өнөөг хүртэл нэг ч үг унагаагүй байна. Өнгөрсөн аравдугаар сард Монгол Улс НҮБ-ын төлөөлөгчдийн өмнө хүний эрхийн байдлаа тайлагнасан билээ. Тухайн үед зарим төлөөлөгч “Авлигатай тэмцэх газрын дарга агсны үхлийн шалтгааныг тогтоосон уу” хэмээн манай төлөөлөгчдөөс асуусан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.