Д.ЯНЖИНДУЛАМ: ХЭДЭН ОЮУТОЛГОЙТОЙ ТЭНЦЭХ АШГИЙГ АУТСОРСИНГООС ОЛОХ БОЛОМЖТОЙ

Монголдоо “Силикон хөндий” байгуулахаар санал санаачилга гаргаж байгаа залуусын нэг болох судлаач, доктор Д.Янжиндуламтай уулзлаа. 30 ч хүрээгүй болов уу гэмээр залуухан бүсгүй тэрбээр Нидерланд дахь АНУ-ын салбар компанид программ хангамжийн ахлах судлаачаар ажилладаг бөгөөд эх орондоо амрах үеэрээ өнгөрсөн долоо хоногт “Монголын “Силикон хөндий” байгуулахад их дээд сургуулийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мэдээллийн технологийн үндэсний паркт зохиогдсон уг арга хэмжээний дараа түүнтэй ярилцлаа.

-” Силикон хөндий”-н загвар, стандартаар Монголдоо мэдээллийн технологийн бүс байгуулах тухай хэзээнээс ярьж байгаа вэ?
-Төр засгийн түвшинд бол нэг их удаагүй байх. Харин гадаадад энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа залуус нэлээд эртнээс ярьж, мөрөөдөх болсон. Би ч гэсэн анх программ хангамжийн мэргэжил эзэмшээд, түүнийгээ гүнзгийрүүлж суралцан, гадаадын компанид мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн тэр үеэс л Монголд маань “Силикон хөндий” байгуулагдаж, том том төсөл хэрэгжвэл ямар сайхан юм бэ гэж бодох болсон. Энэ талаар салбарын залуустайгаа ч нэлээн санал солилцдог болсон. Ер нь манай ай-ти салбарынхан хоорондоо холбоо харилцаа сайтай, дэлхийн аль ч өнцөг булангаас холбогдон мэдлэг туршлагаа солилцож, бие биеэсээ сурч байдаг. Хамгийн хурдан өөрчлөгддөг, хурдтай салбар болохоор хөгжлөөсөө хоцорчихгүйн тулд тэгэхээс ч өөр аргагүй. Миний хувьд л гэхэд “Цахим өртөө” холбооны залуус болох Британийн Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат, “USI” компанийн захирал Д.Буянцогтоо, Д.Сайнбаяр нартай үргэлж холбоотой байдаг. Тэд бол мэдээллийн технологийн чиглэлээр гадаадад нарийн мэргэжил эзэмшээд, сурч мэдсэнээ Монголдоо зориулж яваа залуус. Тэдний санал болгосноор би Монголд “Силикон хөндий” байгуулъя гэвэл их, дээд сургуулийн зүгээс юу хийх вэ гэдэг сэдвээр судалгаа хийж, илтгэл тавьсан.

-Таны илтгэлд томоохон их дээд сургуулиуд дэргэдээ хувийн хэвшлийн зөвлөлтэй байх хэрэгтэй гэж байсан. Үүнийг тодруулбал?
-Тиймээ, компаниудын удирдлагууд оролцсон орон тооны бус зөвлөл байвал зүгээр. Тэд жилдээ хоёроос доошгүй удаа цуглаж тухайн зах зээлд ямар мэргэжилтэн хэрэгтэй байна, сургууль тэр хэрэгцээнд нийцэх оюутан бэлтгэхийн тулд яах ёстой, ямар чиглэлээр түлхүү элсэлт авч, ямрыг нь түр хаах тухай хэлэлцэнэ. Манайд харамсалтай нь их сургууль, компаниудын харилцаа хөндий байдаг л даа. Ажлын байр байгаа үгүйгээ мэдэхгүй байж л сураад байдаг, ажил олгогчид нь болохоор дөнгөж төгссөн оюутанг биш ажлын туршлагатай хүн авах сонирхолтой байдаг. Тэгээд л баахан дипломтай ажилгүйчүүд төрдөг. Зүй нь бол оюутан байхдаа ажлын туршлага хуримтлуулаад төгсөхдөө зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болж бэлтгэгдэх ёстой. Монголд үүнийг цогцоор анхаардаггүй болохоор оюутнууд дадлагаа жинхэнэ “халтуурддаг”. Байгууллагууд ч тэдний хүчийг яаж ашиглахаа мэддэггүй. Сургуулиудын сургалт анхнаасаа зөв төлөвлөгдсөн, зах зээлээ мэдэрсэн, чанартай сайн байдаг бол оюутнаар цалин хөлсгүй ажлаа хийлгээд, хариуд нь дадал туршлага олгох замаар харилцан ашигтай ажиллаж болно.

-Өндөр хөгжилтэй орны том компанид программ хангамжийн судалгааны чиглэлээр ажилладаг хүний зүгээс дүгнэхэд Монголын мэдээллийн технологийн хөгжил хаахна явна вэ?
-Шууд харьцуулах боломжгүй ч харьцангуй сайжирсан. Мэдээллийн технологийн парк байгуулагдаж, аутсорсингийн чиглэлээр ажилладаг компаниуд ч олширчээ. Хэдийгээр бид хоёр том гүрний дунд байрладаг, барууны том зах зээл рүү нэвтрэхэд бартаа ихтэй ч энэ салбар бодсоноос хурдацтай хөгжих байна. Монголдоо сүүлийн арав орчим жил байгаагүй болохоор би бодит амьдралаас арай тасархай юм ярьж байж болно. Гэхдээ төр засгаас хүртэл оюутны хотхон байгуулах газрыг товлож, эхний ээлжинд их дээд сургуулиудыг нэгтгэж байх шиг байна. Тэгэхээр нэг их удахгүй Монголд мэдээллийн технологийн кластер байгуулагдаж, монгол залуус өндөр хөгжилтэй орны том том төсөлд ажилладаг болох байх. Ингэхийн тулд мэдлэгт суурилсан эдийн засгийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх их дээд сургууль, хувийн хэвшил, Засгийн газрын гурвалсан хамтын ажиллагаа хэрэгтэй байх. Ерөнхийдөө залуус бол юм хийх гээд “тэсрээд” байна шүү дээ.

-”Силикон хөндий” байгуулахад Монголд хамгийн их тулгамдаж байгаа асуудал юу вэ?
-Мэдээллийн технологи бол харьцангуй хийсвэр салбар шүү дээ. Хөндий гэхээр л хүмүүс хаа нэгтээ газар аваад, баахан байшин барилга барьж, дэд бүтэц байгуулахаас нааш бүтэхгүй гэж боддог. Яг үнэндээ энэ чинь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн жишиг загвар юм. Энэ загварыг улс орон өөрсдийнхөөрөө нутагшуулдаг. Ихэнх нь их, дууд сургуулийн хотхондоо суурилж, татвар, зээлийн бодлогоор дэмждэг. АНУ-ын “Силикон хөндий”-д дэм болсон гол гурван хүчин зүйл нь шинэ технологи, хөрөнгө оруулалт, сайн менежмент. Дээрээс нь энэ салбарыг маш сайн патентжуулж, хууль эрхзүйн орчинг хангалттай бүрдүүлж өгсөн. Монголын нөхцөлд үүнийг яг шууд хуулбарлах боломжгүй ч энэ салбарт хөрөнгө хаяж, өөрийн онцлогт тохирсон “Силикон хөндий” байгуулбал бааз суурь хангалттай гэж боддог. Компани, их сургуулийн уялдааг сайжруулж, маш олон төрөлд судалгаа хийхээс эхэлбэл дээр байх. Мөн мэдээллийн технологи сайн хөгжсөн АНУ, Энэтхэг, Хятадын төслүүдийг авч, хүнээ сургах хэрэгтэй. Эхний ээлжинд ашиг хөөх хэрэггүй, зах зээлд нэвтрэх нь л чухал. Аажимдаа аутсорсингийн компаниудад зээлийн хөнгөлөлттэй нөхцөл бий болгодог ч юм уу, эсвэл уул уурхайн томоохон төсөлдөө татан оролцуулж барьцаа нөхцөлгүйгээр ажил гүйцэтгүүлэх гэх мэт бодлогын түвшинд шийдэх асуудал их л байх. Хамгийн гол нь залуус өөрсдийгөө маш сайн боловсруулмаар байна. Хэлний мэдлэгээс эхлээд эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийн түвшинд өрсөлдөнө л гэж өөрийгөө бэлдэх хэрэгтэй.

-” Силикон хөндий” байгууллаа гэхэд монголчуудад зах зээл хэр байгаа бол. Мөн монгол хүний өрсөлдөх чадвар аль түвшинд явна вэ?
-Хүний нөөцөөс ихээхэн хамаарах болов уу. Эх орондоо байгаа чадалтай, мэдлэгтэй залуу хүмүүсийг харж байхад нэг бол улс төр хөөгөөд, эсвэл уул уурхай руу тэмүүлж байна. Аль аль нь тийм ч тогтвортой салбар биш. Уул нь дэлхийд тэргүүлэх салбаруудад өрсөлдөхөд монгол залуусын оюуны чадамж, бололцоо хаана ч гологдохгүй. Орчин нөхцлийг нь бүрдүүлээд л өгчихвөл монгол хүн юунд ч хүрэх чадвартай. Гадаадад албан ёсоор ажиллаж амьдарч байгаа монголчуудыг харахад тухайн салбартаа тодорхой хэмжээгээр манлайлж байдаг. Улс гүрнүүд нано, био технологи руу явж байгаа өнөө цагт өндөр мэргэжлийн хүмүүсийн эрэлт хэрэгцээ улам ихсэнэ үү гэхээс буурахгүй. Тэгэхээр зах зээл маш өргөн гэсэн үг. Байгалийн баялаг хязгаартай учир уул уурхай хэсэг зуур л Монголыг тэжээнэ, харин толгой доторх баялаг бол хэзээ ч хуучрахгүй гэдгийг хаана хаанаа сайн ойлгож, залуус хошууран орох нөхцлийг л бүрдүүлмээр байгаа юм. Манай хүн амын 70 орчим хувийг залуус эзэлдэг нь бидэнд асар том нөөц байгааг харуулж байна. Би залуу хүнийхээ хувьд эх орныхоо ирээдүйг өөдрөгөөр харж явдаг. Зөв стратегиэр явбал бидэнд үсрэнгүй хөгжил тийм ч хол биш байгаа. Үүнд хөгжилтэй оронд ажиллаж амьдарч байгаа залуусын дуу хоолой, санал санаачилга хэрэгтэй гэж бодож явдаг. Тиймдээ ч Нидерланд дахь монголчуудын “Өлзий” холбоо, Аялал жуулчлалын “Нидерланд-Монголын сан”-г байгуулан, үйл ажиллагаа явуулахад гар бие оролцож байна.

-Мэдээллийн технологийн бүс байгуулахад ер нь ямар хэмжээний зардал гарах бол. Тооцоо хийж үзсэн үү?
-Энэ бол ганц хүний ч юм уу, ганц салбарын хийчих ажил биш л дээ. Дээр дурдсан гурван талын хүчин зүтгэл, оролцоо хэрэгтэй. Гэхдээ төр засаг маань бодит байдалтайгаа ойртож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхийн тулд гадаад, дотоодод ажиллаж байгаа хүмүүсийн санаа оноо, зөвлөгөөг сонсож, мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй компаниуд дээрээ тулгуурлах ёстой юм шиг санагддаг. Зардал, хөрөнгийг нарийвчлан гаргахын тулд маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Үүнийг олон улсын судалгааны багаар хийлгэж болно. Ер нь дэлхий дахинд багаар ажиллахыг илүү үздэг. Зөвхөн програмист ч биш, албан ёсны бүх ажлын байр багаар ажилладаг. Миний ажиллаж байсан “Philips” болон одоо ажиллаж буй “Verage Logic” корпорациуд өндөр мэдлэг эзэмшсэн хүмүүсээр баг бүрдүүлсэн, түүнийгээ хадгалж үлдэхийн тулд нэлээд чармайлт гаргаж байгаа нь харагддаг.

-Тэгвэл аутсорсингоос жилдээ хэдий хэр хэмжээний ашиг олох боломжтой вэ?
-Нарийн тоо баримтыг судалгаанд түшиглэж байж хэлэх байх. Салбарт нь ажиллаж яваа хүний хувьд барагцаалахад ямартаа ч хэдэн Оюутолгойн дайны ашиг орлого орж ирнэ. Гол нь зардал багатай, байгальд халгүй, дэлхийд өрсөлдөх чадвар сайтай гэдгээрээ чухал ач холбогдолтой. Өөр мэргэжлийн хүмүүс мэдээллийн технологийг интернэт хэрэглээ, санхүүгийн ч юм уу ямар нэг хэрэглээний программ зохиох төдийгөөр л ойлгодог. Үнэндээ бол мэдээллийн технологи хэрэггүй нэг ч салбар байхгүй. Зах зээл, хэрэглээ нь өргөн учир “Силикон хөндий”-д бий болох ажлын байр жил ирэх тусам нэмэгдэнэ. Оюутнуудыг багахан цалингаар ажиллуулж, туршлага олгох байдлаар аутсорсингийн компаниуд хурдан хугацаанд хөл дээрээ босох боломжтой. Ер нь инновацийн үр шимийг хамгийн түрүүнд хүртэх салбар бол мэдээллийн технологи. Хийснээ патентжуулаад, сайжруулаад явах бүрэн боломжтой. Манайх хүмүүстээ бэлэн мөнгө тарааж, оюутнуудыг автобусанд үнэгүй явуулж байхын оронд 100 оюутанг ямар ч арын хаалгагүй шалгаруулаад, эргэж ирэх нөхцөлтэйгээр гадаадад сургачихвал тэд ирээд компани байгуулж, доороо хэдэн хүн ажиллуулна шүү дээ. Аутсорсинг бол хотын төвд байрлалтай том оффис, сандал ширээ шаардахгүйгээр аж ахуйн нэгж байгуулж, ашиг олж болдог салбар, “цүнхэнд” багтдаг компани шүү дээ. /инээв/

-Баярлалаа. Амжилт хүсье.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.