Нэгэн улстөрч онолдох гэж оролдов

Би ч мөн гэнэн хонгор юм билээ!

ТВ-9-д ажиллаж буй Төрмөнх хэмээх сэтгүүлчийг миний бие зүс таних юм. Өмнө нь ганц хоёр удаа уулзаж байхад либертари үзэлд их л талархалтай ханддаг хэмээн өгүүлдэг нэгэн байв. Тэгээд түүний урилгаар ТВ-9-ийн I сувгаар үндэсний үзлийн талаарх ярилцлагад улстөрч М.Энхсайхан, “Тэнгэр угсаа” гэсэн байх нэгэн нийгэмлэгийн тэргүүн Даваа гэсэн хүмүүстэй үндэсний үзэл, эх оронч үзэл, үндсэрхэг үзлийн талаарх ярилцлагад орлоо. Эсрэг тэсрэг байр суурьтай хүмүүсийн мэтгэлцээн юм болов уу гэж бодсон. Гэтэл тийм биш, М.Энхсайханыг сурталчлах зорилготой нэвтрүүлэг байсан юм билээ. Бичлэгтэй нэвтрүүлэг л дээ. Эфирт цацагдахаар нь үзсэний дараа надад яг л хүнд гүтгүүлж, гүжирдүүлчихсэн юм шиг сэтгэгдэл төрөв. Уг нь нэг их гүтгээд гүжирдчихсэн юм байхгүй. Гэхдээ эфирт гарахдаа миний ярьсан баахан хасагдаад, М.Энхсайханы ярилцлага яг хэвээр гардаг юм байна.

Анх нэвтрүүлгийн бичлэг хийх үеэс л нэг эвгүй сэтгэгдэл төрөөд явчихсан юм аа. Нэвтрүүлэг хөтөлж байсан сэтгүүлч хүүхэн “Дарга аа, дарга аа танаас асуух нэг асуулт байна”, “Таны бичсэн номноос харахад …”, “Чонон сүлд номын тухай таны өгүүлэлд …” гээд юм л бол М.Энхсайхан уруу хандраад микрофон надад олдохгүй шинжтэй болсон. Ингээд нэвтрүүлгийн ихэнх цагийг “дарга” яриад өнгөрөөсөн дөө, хөөрхий. Бүр сүүлдээ залхуу хүрээд гараад явчихмаар санагдсан шүү. Бод л доо, бичлэгт орохдоо л бага яриулах зорилго тавиад дараа нь эфирт цацахдаа монтажлан хасаад хаячхаар чинь надаас юу үлдэх вэ дээ. Үүнээс хойш монтажтай нэвтрүүлэгт тун болгоомжтой орохоор юм билээ. Тэр тусмаа улс төрчидтэй бол шууд ярилцлагад л орохоос өөр аргагүй.

Энэ нэвтрүүлгийн тухай найз нартаа хэлтэл тэд баахан инээлдсэн. Тэдний хэлж байгаагаар би мөн ч “гэнэн хонгор” юм билээ. Учир нь, очиж очиж ТВ-9-өөр ярилцлагад ордог. Энэ телевизийн цаад эзэн нь Н.Энхбаяр. М.Энхсайхан чинь Н.Энхбаяртай үй зайгүй найз гэдгийг мэддэггүй юм уу гэцгээв. Хоёрт, Сэтгүүлч Төрмөнхийн хийж буй нэвтрүүлэгт ордог нь яаж байгаа юм гэнэ. “Цаадах чинь М.Энхсайханы гарын хүн, ерөнхийлөгчийн сонгуулийн үед Энхсайханы хэвлэл мэдээллийг хариуцдаг байсан шүү дээ” гэж байна. Гуравт, Хамгийн гол нь улс төрчидтэй тэдний телевизээр гарах, монтажтай нэвтрүүлэгт хэзээ ч орж болдоггүй аж. Бичлэгтэй нэвтрүүлгээр бараг л хэлснийг хэлээгүй, хэлээгүйг хэлсэн, мэдсэнийг мэдээгүй, мэдээгүйг мэдсэн, муу логикийг хамгийн сайн, сайн логикийг хамгийн муу болгон харуулж болдгийг мэддэггүй юм уу гэж ирээд баахан сургаал айлдацгаасан. Нээрэн ч над шиг “гэнэн хонгор байхгүй юм байна” гэдгийг одоо хүлээн зөвшөөрч байна. Би бичлэгийг нь засаж янзлаагүй байхад нь СД дээр хуулаад авъя гэж Төрмөнх дээр очоод авч чадаагүй шүү.

Үндэсний үзлийн талаарх нэгэн “суут” бүтээлтэй танилцав

Үндэсний үзлийн талаар нэгэн ном гарсан гэдгийг би урьд нь сонссон байв. Гэхдээ тиймэрхүү сэдвийг сонирхдоггүй болохоор хойноос нь нэг их шимтэж хөөцөлдөөгүй юм. Харин энэ нэвтрүүлгийн дараа зохиогч нь нэр усаа тавиагүй тэр бүтээлтэй зориуд танилцлаа. Үнэхээр сул эд аж. Зохиогч санаагаа үндэслэхийн тулд сэтгэлгээний хамгийн муу аргыг ашиглажээ. Сонгодог логикт ярьж буй зүйлийнхээ мөн чанартай холбоогүй, зөвхөн хүний сэтгэл санаанд тааруулахын тулд ашигладаг argumentum ad hominem  гэдэг арга байдаг (харин хүнд хандсан ийм үндэслэгээний эсрэг юмсын мөн чанар дээр тулгуурласан үндэслэгээг argumentum ad rem гэнэ). Өөрөө ийм арга байдаг гэдгийг мэддэггүй, зөвхөн муу санааны үүднээс хүмүүст таалагдахын тулд сэтгэлгээний маневр хэрэглэсэн байж болох л доо. Гэхдээ үнэндээ энэ нь үндэслэгээ биш. Улс төрчид л хүнд таалагдах гэсэн энэхүү үндэслэгээ болон argumentum ad ignorium-ийг (энэ бол хүмүүсийн үл мэдэхүй дээр тоглож, элэг барьж даапаалсан үндэслэгээ) их хэрэглэдэг. Уг “бүтээл” 2010 онд хэвлэгдсэн бөгөөд Таны мэдэх ёстой үндэсний үзэл гэсэн нэртэй аж. Номон дахь үндсэн санаа М.Энхсайханы ярьж буйтай тун төстэй санагдсан. Бараг түүний бүтээл мөн байх. Зохиогч нэгэнт нэрээ тавиагүй учраас би “М.Энхсайхан энэ номондоо …” гэлтэй биш “Зохиогч эл бүтээлдээ …” гээд явахаас.

Зохиогч үндэсний үзэл, эх оронч үзэл хоёрыг эрс ялгаатай үзлүүд мэтээр тайлбарлажээ. Үгийн үндэс-этимологи, агуулгын талаар хамгийн алдаа мадаггүй бүтээл туурвидгаараа алдартай Оксфордын тайлбар толийг хараарай. Тэнд үндсэрхэг үзэл гэдгийг  еxtreme patriotism – туйлширсан эх оронч үзэл (электрон тайлбар толь дээр), exaggerated or aggressive patriotism – хэт буюу харгис эх оронч үзэл (цаасан хэвлэл дээр) гэж тодорхойлсон буй. Үнэндээ эх оронч үзэл, үндэсний үзэл, үндсэрхэг үзэл 3 нь мөн чанараараа нэг их ялгаатай үзлүүд биш. Энд эдгээр ойлголтыг огт өөр ойлголтууд мэтээр харуулахын тулд үгээр тоглосон нь илт байв. Бас үндсэрхэг ба үндсэрхэх үзэл гээд ялгасан ч байх шиг.

Шовинизм буюу үндсэрхэг үзэл гэдэг бол дэлхий нийтээр тогтчихсон ойлголт шүү дээ. Ийм хийрхүү үзэл яваандаа олны элэг доог, тохуу болдгийг түүх нэгэнтээ харуулсан. Напелеоны армид Шовин хэмээх цэрэг байж. Тэрээр 10 гаруй удаа шархадсан боловч армиас халагдалгүй үлдэж, Напелеоноос “Алдрын сэлэм”-ээр хүртэл шагнуулж байв. Францчууд эхлээд түүгээр бахархдаг байсан боловч 30-40 жилийн дараа хийрхүү, онгироо, дөвчин хүнийг Шовиноор дүрсэлж түүнийг шоолж тохуурхсан жүжиг хүртэл тавих болжээ. Зохиогч өөрийнхөө бүтээлдээ үндэсний үзэл сайхан, харин эх оронч үзэл муухай гэж үзүүлэхийг оролдсон байна. Эх оронч үзлээс гадуур байх үндэсний үзэл, үндэсний үзлээс салангид эх оронч үзэл гэдэг бол зүгээр үгэн жонглёр. Зохиогч ийнхүү эх оронч үзэл, үндэсний үзэл хоёрыг тэс хөндлөн зүйл мэтээр ярьж байснаа АНУ-ын тухайд болохоор энэ хоёр нь нэг зүйл мэтээр өгүүлж холион бантан хийжээ.

Үгээр тоглохоос гадна санаанд орсон зүйлээ асар их судлагдсан, батлагдчихсан зүйл мэтээр өгүүлсэн нь олонтаа. Тухайлбал, зохиогчийн үзэж буйгаар “Алтан ураг” гэдэг нь “хар хайрцагны” бодлого юм байх. Ахуйн төвшинд зөв ч юм шиг харагдах иймэрхүү хуумгай дүгнэлт дэндүү олон тааралдсан. “Шударга ёс” гэсэн категорийг хэрэглэхдээ justice, fairness гэдгийн аль утгаар ярьж буйг нь ойлгосонгүй. Justice гэдэг нь бүр Сократын үеэс философийн утга зохиолд орж  ирсэн философи, хууль зүй, ёс зүйн маш гүнзгий утгатай нэр томьёо, үүнийг “зүй ёс” гэж орчуулдаг (“ёс зүй” биш шүү), fairness нь болохоор ахуйн төвшинд яригддаг шударга ёс гэсэн ойлголтууд шүү дээ.

Номонд буруу зөрүү өгүүлбэр, томьёолол их байна. Ийм жижиг номонд яасан ч том алдаанууд гаргаа вэ гэж бодогдохоор. Жишээ нь, “Орчин үеийн эдийн засаг угтаа үндэсний үзэлд тулгуурладаг. Капитализмын амин сүнс бол үндэсний үзэл байдаг” гэжээ!!! Хаана байж байгаад ирэхээрээ, яаж сохрохоороо ийм ил тод зүйлийг хардаггүй байна аа. Орчин үеийн эдийн засаг, өнөөгийн капитализм нь хамгийн интернациональч үзэгдэл шүү дээ. Тийм ч учраас Жохан Норбэрг Даяаршиж буй капитализмыг хамгаалахуй (Улаанбаатар 2007 оны монгол хэвлэл) номондоо “Даяаршил гэдэг бол хачирхалтай нэр томьёо. Энэ чинь зүгээр л капитализмын тархалт шүү дээ” гэсэн юм.

Тэгээд цааш нь иймэрхүү бүх номонд байдаг нэг сэдэв болох дэлхийн талыг эзэлсэн Чингис хаан, түүний байлдан дагуулалтын тухай “нөгөө магтуу” бас байлгүй яахав. Өнөөгийн XXI зууны иргэд бид “байлдаагүй дагуулалт”, шинжлэх ухаан техникийн ололт, хөгжил, үндэстэн ястан нэгэндээ нээлттэй, энэрэлтэй хандан байж дэлхийг дагуулсан түүхийг яримаар байгаа юм даа, уг нь. Өдий төдий олон хүнийг дайн байлдаан уруу түлхэж байсан Чингис хаан, ард түмэндээ үйлчилдэг төрийг анх бий болгосон гэнэ. Мөн монголчууд дэлхий дээрх анхны үндэстэн юм байх. Ийм популист, эрүүл ухаанд огт таарахгүй дүгнэлт их хийжээ. Бүр байсаар дайныг зөвтгөсөн үндэслэл олох гэж оролдоод ч байгаа юм уу гэж бодмоор. Яахаараа орчин үеийн сэхээтэн хүнд ийм бодол төрдөг байна аа. Дайн бол аль ч үед бузар булай зүйл байсан, хойшид ч тийм байх болно. Дайныг зөвтгөх үндэслэл коммунистууд болон фашистуудад л олддог. Харин энэ удаа номыг зохиогч олчих шиг боллоо.

Тун бага хэмжээний энэ номонд гадаадын 3 хүний өгүүлэл багтсан нь номын талаас илүү зайг эзэлжээ. Гол нь энэ гурван өгүүллийн хоёроос үндэсний үзлийг дэмжсэн утга шууд харагдахгүй, тэр ч бүү хэл гурав дахь өгүүлэл буюу Л.Толстойн өгүүлэлд зохиогчийн яриад байгаагийнх нь  яг эсрэг утга байна гээч. Анхааралтай унших юм бол тэдгээр өгүүллээс Үндэсний Шинэ Намын эсрэг логик гарна. Гэтэл зохиогч андуурна, андуурна гэхэд хэт андуурч өөрийнхөө эсрэг өгүүллүүдийг номондоо оруулсан байдаг байна шүү. Зохиогч маань тексттэй харьцаж сураагүй хүн бололтой. Энэ гурван өгүүлэл болон номын эцэст хадсан зүйр, цэцэн үг нь ямагт өөрсдийнх нь шүүмжлээд байдаг гадаадын сэтгэгчдийн үгнүүд байх юм. Хэрэв мань мэтийг ном, нийтлэлдээ ийм олон Барууны хүний нэрийг оруулбал “Ингээд л эд, Барууны үзлээр толгойгоо угаалгачихсан байгаа юм” гэж загнана даа.

Бас нэг инээдтэй зүйл тааралдсан. Зохиогчийн бодлоор өрхийн тэргүүн л гэр бүлийн бүрэн эрхт эзэн гэнэ (Шууд ингэж хэлээгүй ч, логик нь яг ингэж уншигдаж байна лээ. Ер нь шууд хэлчихсэн гэхэд ч болно). Яг л Азийн патерналист уламжлал даа. Либертари уламжлалтай орнуудад бол өрх гэрийн гишүүд бүгд ижил эрхтэй байдаг. Ийнхүү зохиогч маань алхам бүр дээр либертари үзэлтэй зөрчилдөж байна. Номыг зохиогч өөрөө л гэртээ ноён зан гаргадаг байх. Ер нь тэгээд өрх гэр гэдэг чинь хувь хүмүүсээс тогтдог юм биш үү! Өрх гэрийг дээдлэх гээд байгаа хүн, хувь хүнийг үзэн ядаж болох уу!

“Хүчтэй төр” гэдэг ахуйн төвшинд их яригддаг боловч цаагуураа хамгийн харгис утга илэрхийлдэг энэ ойлголтыг зохиогч шууд хэрэглэсэн байна лээ. Төрийн хүний ямбыг нэмэхийн тулд тэдний хэрэгцээнд зориулсан төсвийг нэмэх, түшмэдийн орон тоог нэмж төрийг данхайлгах санааг ил тод хамгаалсан байх юм. Одоо ийм юм ярьдаг сэхээтэн байдаг л юм байна. Ёстой дур гутмаар. Үнэндээ, төр бол нийгэмд материал баялгийг бүтээдэг бус хэрэглэдэг ганц том хэрэглэгч. Тэнд “паразитууд” л үрждэг. Одоо Монголд төсвийн мөнгийг төр шиг их үрэн таран хийдэг институци байхгүй. Гэтэл төрийг улам бүр олон хүнтэй болгож, хүнд сурталтнуудын цалин мөнгийг нэмэх тухай ярьж байх ч гэж дээ. Бас тэгээд “төрийн өмч” гэж яриад байгаа юм шүү. Төрийн өмч гэж ямар юм байдаг юм бэ? Төр, олон нийтээс авсан мөнгөн дээр тогтож байдаг зүйл шүү дээ.

Цааш нь шашны, ахуйн, аль эсвэл улс төрийн ойлголт болох нь мэдэгддэггүй “Төв үзлийг” их таашаажээ. Энэ нь юмс үзэгдлийг товч тодорхой илэрхийлэхээс зайлсхийсэн үзэл байдаг. Номын үзэл санаа үнэхээр хоцрогдсон үзэл дээр тулгуурлагдсан байна лээ. Энэ ном бол зүгээр л сонгогчдодоо зориулж бичсэн сэтгэл татам уриа лоозун, хоосон үгийн цуглуулга.

Мэдээжээр, энэ номны нэг сэдэв бол Нууц товчоо байж таарна. Уг нь Нууц товчоо нь Платоны Софист, Парменид, Төр, Аристотелийн Улс төр, Метафизик, Физик, Никомахын ёс зүй бүтээлүүдээс 1000-гаад жилийн хойно бичигдсэн бүтээл шүү дээ. Тэгэхэд л дээрх бүтээлүүдийн дэргэд үлгэр домгийн шинжтэй, гэнэн гэмээр санаа илэрхийлсэн байдаг. Ер нь монголчуудын бүх зүйл дээр иш татаж байдаг энэ бүтээлийг “Утга зохиолын эх сурвалж бичиг” болох талаас нь баталсан ганц хүн байдаг бөгөөд тэр нь Ш.Гаадамба агсан. Харин түүх болон одоо яриад байгаа шиг философи, улс төр судлал, социологи, тэр ч байтугай математик, хими, физик, биологи, астрономийн эх сурвалж болохыг баталсан жинтэй бүтээл нэг ч гараагүй байгаа билээ.

Номын төгсгөл хэрд эх оронч үзлийг муулсан баахан афоризм зүүжээ. Эдгээр нь бас л нөгөө муулаад байдаг Барууны сэтгэгчдийн хэлсэн үг. Тууштай, нэг л логикоор сэтгэмээр юм. Номынхоо арын хавтсан дээр үндэсний үзлийг хамгийн гол үзэл хэмээн харуулах гэж оролдсон бололтой нэг зураглал тавьжээ. Тэр нь нийгмийн бодит байгууламж болон үзэл хоёрыг хольж хутгасан, мөн ойлголтын багтаамжийн хувьд нэг нь нөгөөдөө захирах, захирагдах харьцаатай ойлголтуудыг хольж хутгасан гээд мөн л зоргоороо зохиомжилсон зураглал харагдана лээ.

Миний бие энэхүү өгүүллээ хэвлүүлэхийн өмнө нэгэн танилдаа үзүүлэхэд “Арай хурц юм биш үү, наадах чинь цаанаа яг тодорхой эзэн, улс төрийн намтай холбоотой үзэл шүү дээ” гэсэн юм. Ийм ядруу бүтээлийг ядруу гээд хэлчхэж болдоггүй, ямар гээч оюун санааны орчин Монголд бүрдчихээд байгаа юм бэ? Иймэрхүү бүтээл аль ч нийгэмд байдаг, түүнд нь харанхуй масс татагддаг нь үнэн. Гэхдээ, манайд ийм бүтээлийг өөрсдийгөө сэхээтнүүд гэж нэрлэсэн тэр хүмүүс гаргаж байна шүү дээ. Энэ ном одоо Монголоор нэг дүүрчхээд буй дураараа донгоддог мэргэн түргэн, алс ирээдүйг хардаг, үүх түүх, нууц товчоо болон чингисизмээр өвчлөгсдийн бүтээл биш, үнэхээр нэг намын үзэл суртал юм биш үү. Бүр тодорхой хэлбэл ҮШН-ын М.Энхсайханы бүтээл болох нь ТВ-9-ийн дээрх ярилцлагыг эргэн санахад тодорхой болж байна. Ээ хөөрхий, бид чинь оюун санааны ямар ядууралд орчих оо вэ?

Урьд нь ч, би нэг удаа М.Энхсайханд сүрхий сүжиг буурч билээ. Энэ хүн нэлээд хэдэн жилийн өмнө одоогийн ингэтлээ үзэн ядаад, газар доогуур ортол нь муулж буй либерал үзлээ тэнгэрт тултал магтсан Либерализм хэмээх өгүүлэл бичиж сонинд тавьсан байсан юм. Үнэхээр сайн өгүүлэл байлаа. Овоо сэхээтэн юм даа гэж бодогдсон. Гэтэл хожим нь миний бие Людвиг фон Мизесийн Либерализм бүтээлийн монгол хэвлэлийг редакторлох болов. Уншаад эхэлтэл нэг л танил, яах аргагүй уншсан зүйлс тааралдаад болдоггүй. Гэтэл мань хүн Мизесийн уг номны гол санааг а,б-гүй хуулаад дээр нь нэрээ тавьчихсан нь тэр байсан юм билээ. Ер нь яасан туушгүй, барьцгүй оюун санаа гэж ийм байдаг байна. М.Энхсайханыг Айн Рэндийн номыг барьчихсан “энэ шиг гайхалтай ном алга” гээд явж байсныг харсан хүмүүс байдаг л юм билээ. ХХ зууны 5 том либертари үзэлтний нэг, хувь хүнийг магтан дуулагч нөгөө Айн Рэнд шүү дээ. Гэтэл одоо … Хүн өөрчлөгдөнө, өөрчлөгдөнө гэхэд ингэж өөрчлөгдөнө гэж байдаг л юм байх даа.

Дашрамд хэлэх үгс
Бид капитализмыг байгуулж байна. Капитализм өөрөө их интернациональч үзэгдэл. Нэг улс-үндэстний хүрээн дэх капитализм гэж байдаггүй. Орчин үеийн дэлхий ертөнц даяаршиж байна. Хэн нэгэн хүний хүссэн хүсээгүй энэ үйл явц үргэлжлэх болно. Ямар ч улс-үндэстэн өөр оронд оруулсан хөрөнгөө зүгээр хаячихна гэж байхгүй. Хувийн өмчийн үзэл санаа ч үүнийг зөвшөөрөхгүй. Нэг улс-үндэстний хүмүүс нөгөө үндэстнийхээ ололт амжилтаас суралцах, өөрийн оронд нутагшуулах үйл явц бүр ч хүчтэй явагдаж байна. Аль нэг үндэстний хүн гадаад хэл, шинжлэх ухааны ололт, технологийн амжилтаас суралцах маягаар нөгөө үндэстний соёлтой салшгүй холбогдож байна.

Нэг үндэстэн нөгөө үндэстний дэвшилтэт зүйлээс суралцсанаар өөрийн үндэстнийг орхичихно гэж байдаггүй. Хүн арьснаасаа мултраад явчихдаггүй юм. “Өөрөө бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор!” гэсэн хараал тусчихсан аятай байх юм бол бид улам бүр хохирох гээд байна. Монголчууд бид дэлхийн тэргүүний соёл, шинжлэх ухаан, технологийн дэвшилттэй танилцаж, түүнд суралцсанаараа өөрийн үндэстнийг бусдаас дутахгүй болохыг харуулахаар үл барам өөрийнхөө үндэстэнд ашиг авчирна. Бид хөгжилтэй орнууд дахь гайхамшигт бүтээн байгуулалт, инженерчлэлийн шийдэл, мэдээллийн технологийн ололт, нана-технологи, нөү-хау-г танин мэдсэнээр хар аяндаа тэр үндэстнийг хүндлэх сэтгэл төрнө. “Үүнийг бүтээх гэж энэ хүмүүс хэр их хөдөлмөрлөсөн, энэ гайхамшигт байгууламжийг яаж босгосон, энэ бүтээгдэхүүнийг хэрхэн хийсэн бол” гэсэн танин мэдэхүйн хүсэл шохоорхол уг үндэстэнд хүндэтгэлтэй хандахад хүргэдэг. Орчин үеийн нийгмийн энэ бүх ололт дэвшил тэнгэр бурханд мөргөөд, дэлхийн талыг байлдан дагуулсан гэсэн магтаалаар бий болоогүй. Бид бусад улс-үндэстэнтэй нээлттэй харилцаж, өөрийн үндэстний дутагдалтай талыг хайр найргүй шүүмжилж байж л хөгжинө. Өнгөрсөн түүхээ хоосон магтсанаар хөгжсөн улс-орон байдаггүй. Энэ утгаараа манай “үндэсний үзэлтнүүд” өөрсдөө улс-үндэстнийхээ дайсан болж байна.

Ойлгомжтой шүү дээ, хүн гэдэг чинь амьдарч буй орчноо үргэлж сайжруулж, илүү тохитой орчинд амьдрахыг хүсдэг. Үүнийг буруутгах аргагүй. Ийм тохилог ахуй болон улс төрийн орчинг Баруунд бүтээгээд байна. Тэд, бидэнгүй амьдарч чадна, үүнийгээ ч бодит байдал дээр харуулсан. Харин бид Барууны соёл иргэншлийн ололтгүй амьдарч чадах уу, чадах л байх. Гэхдээ тэднээс хамаагүй хоцрох гээд байна. Бидний хэрэглэдэг, хүсдэг, татагддаг бүх зүйл – гар утас, телевиз, машин, онгоц гээд бүгд Барууны соёл иргэншлийн ололт.

Бодит байдал ийм байхад бид өөрсдийгөө магтаж биш шүүмжилж өөдлөнө. Барууныг муулагсад өөрийн үр хүүхэд, хамаатан садан гээд бүх хүнээ Баруунд л очуулж, тэнд амьдруулахыг хүсдэг биз дээ. Энэ нь ч буруу биш. Гол нь өөрийнхөө, амьдрал дээр хүсдэг зүйлээ аман дээрээ бүү муулаач гэмээр байна. Ийм ядруу үндэсний үзлийг ном уншихаа больчихсон, амархнаар нь үндэсний үзэл, эзэн хаад, бөө мөргөл гэсэн юм ярьж явдаг хүмүүс л бичиж ярина. Жинхэнэ улс төрчийн популизм!!!

Үндэсний үзэл дээрээ тулгуурлаж хөгжсөн үндэстний тухай ярих болохоороо хүмүүс юуны түрүүнд Японыг жишээ татдаг. Үнэндээ, Япон нь түүхэндээ хоёр том үсрэлт хийсэн бөгөөд хоёулаа гадагшаа хандсан үед энэ дэвшил гарсан юм. Нэг нь, Мэйжигийн эрин үед Европын соёлыг нутагтаа авчирсан, нөгөө нь дэлхийн II дайны дараа Америкийн хөгжил дэвшлийг “хуулснаар” үсрэнгүй хөгжил гарсан билээ. Харин дээрх номонд тааралдсан ганц үнэн өгүүлбэр бол “Үндэсний үзэл дээр тулгуурлаж сайныг ч бүтээж болно, мөн саарыг ч бүтээж болно” гэсэн өгүүлбэр байлаа. Тийм ээ, Германы фашизм бол үнэндээ үндэсний үзэл дээр тулгуурласан үзэгдэл. Тиймээс ч нацизм гэж нэрлэгддэг.

М.Энхсайхан үндэсний үзэлтэй юм бол түүнийгээ тууштай баримталж, амьдрал дээр ч гэсэн харуулах хэрэгтэй. Дуучин Жавхлан шиг дээлээ өмсөөд, гэрт амьдрахад болохгүй юу байх вэ дээ. Дээл, гэр гэх мэт зүйлс нь яах аргагүй монгол соёлын томоохон ололт мөн. Гар утас, компьютер, телевиз, машин, онгоц, тэнгэр баганадсан байшин, далай дамнасан гүүр энэ бүгдийг чөтгөр шулам аваасай. Бүгд л харийнхан буюу муусайн Барууныхны хийсэн юм! Тэгээд Чингис хааны академийнхан, үндэсний үзлээрээ үргэлж бахархаж байдаг урлагийн сэхээтнүүд, нөгөө охид хүүхнүүдийн үсийг хусдаг залуус, мэргэн түргэн, тэнгэртэй харьцдаг элдэв авгайчуулыг туган доороо нэгтгээд Монголыг байлдан дагуулах хэрэгтэй.

Тухайн нэвтрүүлэгт оролцож байхад М.Энхсайханы амнаас сонссон, мөн энэ номонд тааралдсан хамгийн муухай үгс бол либертари үзлийг адласан үгнүүд юм. Тэвчье гэсэн ч тэвчих аргагүй. Улс төр, бизнесийнхэнтэй огт холбоогүй жирийн иргэн миний хувьд хамгийн дээдэлж явдаг үзэл бол энэ. Бакалавр оюутны курсын ажлаас томгүй энэ номыг сөхөөд үзэхэд либертари үзэлтэй бүр нэг үзэх санаа байна гээч. “Үндэсний үзэл бол төрөө хайрлах үзэл, эх оронч үзэл бол төрөлх нутгаа хайрлах үзэл” гэснээс харахад ч гэсэн зохиогч үнэхээр стэйтист үзэлтэн аж. Либертари үзэл уруу бүр нэг дайрах санаатай.

М.Энхсайхан либертари үзлийг өөрийнхөө улс төрийн өнцгөөс хараад байна, эсвэл зориуд мушгин гуйвуулж байна. Монгол хэл дээр үндэсний үзлийн талаар гарсан ямар томоохон бүтээл байдаг юм бол гээд сурвалжлахад олигтой ном олддоггүй юм билээ. Гитлерийн Миний тэмцэл-ийг л хэлдэггүй юм бол. Тэгвэл либертари үзлийн талаарх утга зохиолыг үзэх юм бол багахан хэмжээний номын сан болчхоор номыг бид англи хэлнээс зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй орчуулжээ.

Либертари үзэлтэй дэлхий даяар тэмцэж байна гэж үү! Либертари үзлийн талаар яаж ийм юм ярьж зүрхэлдэг байна аа. Энэ нөхөр монгол хэл дээрх либертари номнуудыг ер нь уншсан болов уу! Бараг л уншаагүй юм шиг санагдсан. Уншсан бол жинхэнэ утгыг нь ойлгосон болов уу! Тэр либертари номнууд дотор хоёр Нобелийн шагналтны ном байгаа шүү дээ. Бусад номнууд нь ч гэсэн маш ойлгомжтой, логиктой бичигдсэн. Либертари үзэлтнүүдийг АН-ын үзэл сурталчид мэтээр бичсэн байна лээ? Ёстой муухай доромжлол! Бид улс төрчидтэй ойртох тун дургүй, гэхдээ манай үзлийг улс төрдөө ашигладаг хүмүүс аль ч нам, тэр тусмаа АН-д их байдаг. Тэдний төлөө бид хариуцлага хүлээхгүй. Биднийг хувийн өмчтөн, том эздийн гар хөл гэж хэлэх гээд байх шиг? Бас л доромжилж байна. Бид хувийн өмчийг дээд зэргээр хамгаалж, үүнийг хүний эрх чөлөөний бодит илэрхийлэл гэж үздэг. Энэ утгаар нь либертари үзлийг өөрийн хөрөнгөө хамгаалах хэрэгсэл хэмээгээд либертари үзэлд өөр ямар нэг утга байдаггүй мэтээр үздэг бизнесмэнүүд байдаг. Тэднийг ч бас жинхэнэ либертари үзэлтэн гэж хэлж болохгүй. Хувийн өмч бүх хүнд байдаг. Хамгийн үгээгүй хүнд ч гэсэн өөрийн гэсэн оюун ухаан, бие бялдрын чадвар, авьяас гээд ашиглаж болох зүйлс байдаг. Эдгээрээ хувьдаа ашиглах эрх чөлөө байх ёстой.

Либертари үзэлд Ху намынхан дургүй байдаг юм. Шалтгаан нь ойлгомжтой, тэд зүүнтнүүд. Нийгмийн төлөө хувь хүнийг золиослогчид. АН-ынхан ч бас дургүй байдаг. Учир нь, тэд “биднийг засгийн эрх барьж байгаа цагт нийгэм сайн сайхан болно” гэж үздэг. АН-ын улс төрчдөд юмс үзэгдлийг “зөнд нь орхиод” хөндлөнгөөс оролцохгүй байвал юмс аяндаа маш сайн эмх цэгцэндээ ордог (spontaneous order) гэсэн ойлголт байдаггүй. Гэтэл ҮШН-ынхан гээд бас нэг “дайсан” гараад ирдэг байна. Аргагүй шүү дээ, либертари үзэл нь аль ч намынх  хамаагүй, улс төрчдөд халтай үзэл юм чинь. Ф.Бастиагийн хэлснээр, улс төрчид “бид л байхгүй бол энэ жирийн хүмүүс гэдэг чинь өмдөө ч товчилчхож чадахгүй, байцайгаа хэрхэн дарахаа мэддэггүй хүмүүс” гэж боддог. Улс төрчид бүгдээрээ л би л төрийн эрхэнд очвол улс-орон хөгжинө, жирийн хүмүүс миний төлөө санал өгөх тавилантай гэж боддог. Үүнийг нь эсэргүүцдэг учраас либертари үзлийг дарангуйлагч сэтгэлгээ хүмүүжилтэй, бие тоосон, бусдыг эс хүндэтгэдэг тийм л хүмүүс үзэн ядна.

Либертари үзлийн жинхэнэ мөн чанар нь шударга хөдөлмөрөөрөө амьдардаг, төсвийн мөнгөнөөс асар их хөрөнгийг хувьдаа зарцуулдаггүй жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалж байдаг. Хүмүүс либерал үзэл, либертари үзэл хоёр яг ижил биш гэдгийг ойлгохгүй байна. Либерал үзэл нь улс төрд ойр байдаг бол либертари үзэл улс төрөөс аль болох хол байхыг хичээдэг. Тийм ч учраас тууштай либертари үзэлтэн улс төрийн албан тушаалыг огт сонирхдоггүй юм.

Либертари үзлийн амин сүнс бол хувь хүн. Үндэсний үзэлтнүүд хувь хүн, түүний эрх, эрх чөлөөг үзэн ядчихаад үндэстнийг дээдэлнэ хэмээн хэрхэн ярьж чаддаг байна. Ёстой л нөгөө социализмын үе шиг “чи яах вэ, гол нь нийгэм, улс-орон” гэдэг шиг. Үндэстнийг хувь хүмүүс бүрдүүлдэг. Бүх иргэн хувь хүн, Энхсайхан ч хувь хүн, би ч хувь хүн, бидний дэргэд буй бүх хүн хувь хүн. Бид өөрсдийгөө, бие биенээ дээдлэхгүй бол нөгөө коллективист нийгэм болно. Бид ийм нийгмийг үзээгүй гэж үү! Коммунист коллективизмын харгис мөн чанарыг ханатлаа үзсэн биз дээ. Түүхэн дэх хамгийн коллективист нийгэм бол Германы үндэсний социалистуудын байгуулсан фашист нийгэм, Зөвлөлтийн ангич үзэлтнүүдийн байгуулсан коммунист нийгэм байлаа. Түүхэнд байсан хамгийн харгис нийгмүүд. Дахин хэлэхэд, либертари үзлийг АН-ын үзэл суртал гэж андуураад байна. Либертари үзэл бол жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалдаг болохоос улс төрийн аль нэг хүчинд үйлчилдэггүй.

Либертари үзэлд үндэсний үзлийг зориуд тусгайлан авч үзсэн нэгэн сэдэвт зохиол байдаггүй. Гэхдээ Мизесийн Либерализм зохиолд (М.Энхсайханы нөгөө хуулаад нэрээ тавьчихдаг бүтээл) хэрэв үндэсний үзлийн талаар асуулт гарах юм бол “бид өөрийгөө космополитэнүүд” гэж хариулах болно гэсэн байдаг (космо-политэн гэдэг нь хүн аль нэг улс-үндэстний хүрээнд хязгаарлагдах ёсгүй, дэлхийн олон улс-үндэстэн хоорондоо чөлөөтэй харилцах ёстой, бүх улс-үндэстэн адилхан, хүн бол дэлхийн иргэн гэсэн утгатай үзэл). Тийм ээ, либертари үзэлтнүүд бид космополитэнүүд, монголчууд бид ийм байж л дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадна.

Философийн ухааны доктор Б.Батчулуун


URL:

Нэр: Denver Geelan Огноо: 13 November 2019
Нэр: Аль аль нь том Огноо: 6 December 2019

Онолдоо бол Батчулуун том, улс төрдөө бол Энхсайхан том

Нэр: Аль аль нь том Огноо: 6 December 2019

Онолдоо бол Батчулуун том, улс төрдөө бол Энхсайхан том. Энэ хоёр хоорондоо ьөлхөлуөөд хэрэггүй дээ.

Сэтгэгдэл бичих