Гадаадад суугаа монголчууд нь ухаантай гэж үү

Нээх дээр биш ээ, гишүүн З.Энхболд Америкт суугаа монголчуудтай уулзаж суугаад ихэд эгдүүцэн, “…та нар тийм л юм бол очоод тэр улсаа хөгжүүллэ. Энд л нэг их ухаантай болчихсон хүмүүс…” гэж хэлсэн тухай мэдээ байсан.
Өөрөө ч хүртэл сонгуулийн хооронд Америкт очиж суучихаад, 2008 оны сонгуулийн өмнөхөн буцаж ирээд “…интернэтээр мөнгө олж байна цаагуур чинь…” гэх мэтээр л гэгээрчихээд яриад байсан л даа.

Тийм ээ. Гадаадад амьдарч буй монгол хүмүүс ухаарал, бодлогошролыг үргэлж сэтгэлдээ тээж явдаг юм шүү дээ. Гадаадад амьдраад байгаа шалтгаан нь даанч ойлгомжтой болохоор энэ талаар юу гэхэв. Асуултын хариу нь эх оронд маань ажил нь олдоод, хөдөлмөрийн хөлс нь хангалттайгаа байг гэхэд амьдарч болоод байвал юугаа хийж хүний газарт хоёр дахь, гурав дахь ангилалд орж амьдрах билээ гэж хариу асуулт бүртээ сонсох нь мэдээж.
Хүний газар амьдрах амаргүй ээ. Харин ч өөрсдийгөө хөгжүүлээд, эх орныхоо эдийн засагт ихээхэн нэмэр хандив болоод явж байгаа хүмүүсээ янз бүрээр элдэвлэн хэлэх нь хүн чанаргүйн л гэрч дээ. Тийм л юм бол тэд нарыгаа эргүүлж авчрах таатай орчиныг нь бүрдтэл УИХ-ын гишүүд нь улс орны хөгжлийг залаад явчих нь яагаав.

УИХ-ын гишүүд нь өөрсдийгаа “эрхэм гишүүн тэр” гэж өргөмжлөн нэрлэсэн нь багадаад одоо бүр олон удаагийн Улсын Их хуралд удаа дараа сууж байгаа” мэргэшсэн гишүүн” гэж ярьцгааж суудаг боллоо. Үргэлжийн өндөр хангамж, тал зассан бялдуучлал, өөрийнхөө сүрдүүлгэндээ дассан хүмүүс жирийн иргэдийн хэцүүхэн амьдралыг төсөөлөөд ч ойлгохгүй болчихоод байгаа ш дээ. Тэгж байж яаж төлөөлөл нь болдог юм бэ, бүү мэд. Ёстой монгол хүн тулдаа л ингэж сонгоод байгаа байх даа. Энэ нь ч бас эргэлзээтэй л дээ.

Шулуухан хэлэхэд, хүн төрөлхтөний түүхэнд хүн амын хөдөлгөөн нь элбэг хүнс, эрх чөлөөг хайж хийгдсэн байдаг. Бүхэл бүтэн улс гүрэн байгуулагдсаны эхлэл нь энэ амьдралын таатай нөхцөл хайсан шалтгаан юм.
Монголчуудын хувьд ч, саяхны жишээ нь “32 оны эсэргүү хөдөлгөөн гэгчийн дараах улс төрийн их дүрвэлт”, “90-ээд оноос хойш эдийн засгийн цагаачлал” гээд илэрхий байж байна.

Эдийн засгийн дүрвэлт ч гэж дээ, нарийн сайн судалбал үнэн хэрэгтээ тухайн улсын төр засгийн дампуурал, авилгал, хээл хахууль, шударга бус нийгмийн байгууллаас үүдэлтэй ядуурлаас зугатаж яваа улс төрийн ч дүрвэлт гэж хэлж болно шүү.
Харин “та нар ардчиллын буянаар ингэж гадзуурч яваа шүү” гэж зандарч байдаг хүмүүс үнэхээр л ардчилал, хүний эрхийн талаар ярьдаг бодлоготой нам юм бол энэ хүмүүсээ сонгуульд оролцдог болгох талаар ажлаа хийвэл яасан юм бол доо? Тэр жил бүр авдаг тэрбум төгрөгөөрөө сонгуулийн санал хураалт явуулах боломж нөхцлийг нь бүрдүүлээд өгөх зардлыг нь гаргавал яасан юм бэ?

Гадаадад ажиллаж буй ДТГ нь цагтаа хүрвэл тэр хүмүүсийн саналыг хураахад ер түүртэхгүй ш дээ. Харин тэр нууцлал, саналын хайрцгийг хадгалах, хяналт, ажиглалтыг хэрэгжүүлэх хууль, журам нь нь байвал.

Хэрэг дээрээ тулбал, гадаадад байгаа хүмүүс сонгуулийн санал хураах зардлыг ч нэг их хүний гар харахааргүй нэмэрлээд ч өгөх байх. Гагцхүү хууль эрх зүйн хувьд хүчинтэй байлгах улс төрийн намуудын сонирхол л маш эргэлзээтэй байна. Даруй арав гаруй жил гадаадын монголчууд гэж яригдаж байна. Одоо тэд сонгуульд оролцож Үндсэнд хуульд заасан эрхээ эдлэх цаг нь болсон.
Мөнгө хураах дээрээ санал нийлээд байгаа тэнцвэртэй Улсын Их Хурал энэ мэт иргэний эрх ашигийн асуудлыг шийдвэрлэж чадмаар л юм даа.


URL:

Сэтгэгдэл бичих